“Венецийн кино наадам” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

“Венецийн кино наадам” өндөрлөлөө

Италийн Венеци хотноо дэлхийн кино урлагийн нэр алдартай одод хуран цугларч, 67 дахь удаагийн “Венецийн кино наадам” сүр дуулиантай эхэлж, арав хоногийн турш үргэлжлэн өнгөрсөн бямба гаригт шилдгүүдээ шалгарууллаа.
Нэр хүндээрээ Оскарын наадмын дараа бичигддэг, мэргэжлийнхэн төдийгүй сонирхогчид оролцох боломжтой байдгаараа онцлог бүхий энэхүү наадамд энэ жил АНУ, Франц, Итали, Япон зэрэг кино урлагаараа дэлхийд тэргүүлдэг арав гаруй орон оролцож, дээд шагнал болох “Алтан арслан”-гийн төлөө 24 кино өрсөлдлөө.
Холливуудад өөрийн өвөрмөц шийдэл, этгээд сонин найруулгаараа алдаршсан нэрт найруулагч Квинтин Тарантино энэхүү наадмын ерөнхий шүүгчээр ажилласан. Тиймдээ ч тэр үү энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс тэс өөр болж чадсан хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Шүүгчид шилдгүүдээ тодруулах эцсийн мөчид ихээхэн санал зөрөлдөж, олон янзын шүүмжлэл дагуулан байж шийдвэрээ гаргасан тухайгаа хаалтын ажиллагаан дээр дурьдаж байлаа. Үнэхээр ч энэ жилийн кино наадамд ирсэн бүтээлүүд зохиол, найруулга зэргээрээ өөр хоорондоо тэс ондоо, харин чансаагаараа эн тэнцүүхэн байлаа. 

София Коппола “Алтан арслан”-гийн эзэн боллоо

Оскарын шагналт зохиолч, найруулагч София Копполагийн “Хаа нэгтээ” хэмээх кино энэ жилийн Венецийн кино наадмын дээд шагнал “Алтан арслан”-г хүртлээ. Энэхүү кинонд тансаг зэрэглэлийн зочид буудалд амьдран, өрөөний үйлчилгээгээр бүх хэрэгцээгээ хангадаг Холливуудын жүжигчин залуугийн амьдралын тухай өгүүлэх ба шоу цэнгээн, архи дарс, бүсгүйчүүдээр дүүрэн түүний амьдралд 11 настай бяцхан охин нь орж ирснээр орвонгоороо эргэнэ. Тэр жинхэнэ эцэг болохын тулд хичээж хөгжилтэй бас бүтэлгүй оролдлогуудыг хийнэ.
Олны танил хүмүүсийн хязгаарлагдмал, үргэлж бусдын нүдэнд ил байдаг амьдралын хэцүү талыг хөнгөн байдлаар харуулж, хэдий хамт амьдарч байгаагүй ч зөн совингоороо биенээ мэдрэх эцэг охин хоёрын сэтгэлийн нандин холбоог уран нарийнаар илэрхийлсэн хэмээн энэхүү бүтээлийг шүүгчид өндрөөр үнэлжээ.
София Коппола урлагийн алдартай гэр бүлээс гаралтай, гурав дахь үеийн найруулагч юм. Түүний аав Форд Коппола нь “Загалмайлсан эцэг” киног найруулсан алдартай найруулагч.
Тэрбээр шагнал гардуулах ёслол дээр “Надад бүгдийг зааж сургасан өвөөдөө, аавдаа, гэр бүлийнхэндээ баярлалаа” хэмээн хэлсэн билээ.
Удаах байрын шагнал болох “Тусгай арслан”-г Америкийн найруулагч Монте Хеллман “Хаа ч хүрэхгүй зам” романтик киногоороо хүртлээ. Энэхүү кино үзэгчдээс төдийлэн өндөр үнэлгээ авч чадаагүй. Бодит байдал, уран зөгнөл хоёрыг хоршуулан үзүүлсэн ба кинонд өрнөж буй үйл явдлуудийг аль нь бодит байдал, аль нь уран зөгнөл гэдгийг ялгахад тун бэрх. Толгой эргэм олон үйл явдал эхний удаад үзсэн хэнд ч ойлгомжгүй хоцроно. Харин хоёр дахь удаагаа үзвэл уг киноны “амт”-ыг бүрэн утгаар нь мэдэрч чадна хэмээн найруулагч нь тайлбарласан байна.
Харин шүүгчид киноны найруулга, өрнөлийг өвөрмөц арга барилаар гаргаж чадсан бүтээл хэмээн дүгнэжээ.
Шилдэг найруулагчид олгодог “Мөнгөн арслан”-гийн эзнээр Испанийн найруулагч Алекс де ла Иглесия "Сүүлчийн цирк" хэмээх бүтээлээр хүртсэн юм.
Бусад номинацийн ялагчид:
Шүүгчдийн тусгай шагналыг Польшийн найруулагч Ежи Сколимовский “Төгс аллага” киногоор
Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг “Төгс аллага” киноны гол дүрийг бүтээсэн Польшийн жүжигчин Винсент Галло
Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг "Attenberg" киноны гол дүрийг бүтээсэн Грекийн жүжигчин Ариан Лейбэд
Шилдэг залуу жүжигчин шагналыг “Хар хун” кинонд тоглосон Америкийн жүжигчин Мила Кунис нар тус тус хүртлээ.
Ингээд та бүхэндээ дээд шагналын төлөө өрсөлдсөн 24 киноноос заримыг онцлон хүргэе.

“Хар хун”

Наадмын нээлтийн ажиллагааг 2008 оны “Алтан арслан”-гийн эзэн Даррен Аронофскийн “Хар хун” хэмээх сэтгэлзүйн триллэр бүтээлээр эхлүүлсэн. Өдгөө 41 настай Америкийн найруулагч Даррен Аронофски нь сэтгэлзүйн чиглэлийн кино бүтээлүүдээрээ нэрд гарсан нэгэн. Тэрбээр гарын арван хруруунд багтахуйц цөөхөн кино найруулсан ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч томоохон кино наадмуудаас дээд шагналыг нь хүртдэг.
Энэ удаагийн наадмын нээлтийг түүний киногоор эхлүүлсэн нь Дарреныг хэр зэргийн чансаатай уран бүтээлч болохыг нь гэрчилсэн хэрэг юм.
Киноны гол дүрд залуу од Натали Портман тоглосон ба энэ дүрээрээ жүжигчний дараагийн карьераа эхэллээ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Киноны үйл явдал Нью-Иоркын нэгэн театрт "Хунт нуур" бүжгэн жүжгийг тайзнаа тавихаас эхлэнэ. Тус театрын залуу бүжигчид болох Нина, Лили хоёр энэхүү нэрт бүжгэн жүжгийн цагаан хунд тоглохыг хүснэ. Гэвч хэн нэг нь цагаанд сонгогдож нөгөөх нь хар хунд тоглох ёстой. Үүгээр тэдний тэмцэл эхлэнэ. Дотны найзууд байсан хоёр бүсгүй ийнхүү дүрийн төлөөх цусгүй тулаанд орох ба эцэст нь Нина ялж, цагаан хунд тоглоно. Гэвч түүний дотоод сэтгэл аль хэдийнэ хар хун болсон байна.
Хүн чанараа авч үлдэх гэсэн байгалийн зөн, хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө юуг ч няцлан хаяж чадах догшин шунал, дотоод сэтгэлийн хурц зөрчилдөөнийг онц сонирхолтойгоо гаргасан энэхүү кино тэргүүн шагнал хүртэх хамгийн магадлал өндөртэй бүтээлээр нэрлэгдэж байсан юм. Харин Лилигийн дүрийг бүтээсэн Мила Кунис шилдэг залуу жүжигчний шагналын эзэн болсон.

“13 алуурчин”

Японы дэлхийд танигдсан найруулагчдийн нэг Такеши Миике самурайн түүхийг өгүүлсэн сонгодог бүтээл болох “13 алуурчин” киногоороо оролцлоо.
Киноны үйл явдал 1844 онд Японд өрнөнө. Улс орноо удирдахаар хаан сэнтийд заларсан залуу эзэнтэн өөрийн эрх сүрээ өргөхийн тулд хаан төрийн эсрэг боссон хүн бүрийг хайр найргүй алж, цуст хядлага хийнэ. Энэ нь шудрага журам, тэгш эрхийг хүсэмжлэгч самурайн бүлгийн хорсолыг төрүүлж, тэд хааныг алахаар шийднэ. Гэвч тэдний хүсэл тийм амар бүтэхгүй. Хааны шадар туслахууд, цэргийн жанжингууд яг л “махны машин” шиг зогсохыг үл мэдэн ядуу тариачин, гэм зэмгүй хүүхэд эмэгтэйчүүдийг хядсаар.
Энэ киноны хамгийн сэтгэл сэрдхийлгэм хэсэг болох тариачдын бослогыг удирдсан нэгэн тариачны охиныг нүцгэн зогсоож байгаад гар хөлийг нь тас цавчдаг хэсэг. Үүгээрээ найруулагч Такеши Миике зөвхөн харгислалыг харуулахыг зориогүй ба тухайн үеийн нийгэмд өрнөж байсан эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцэл хэрхэн гар, хөлгүй болон дарагдаж байсныг илэрхийлэхийг зорьсон аж. Мөн одоогийн нийгэмд ч хүний эрх члөө, хүсэл зоргийг хүчээр хөл гаргүй болгож буй дарангуйлал байсаар байгааг сануулахыг зорьжээ.
Энэхүү кинонд харгислал, аллага зэргийг ихээр харуулсан ч илэрхийлэх гэсэн философи нь өдөр тутам бидний амьдрал дунд байдаг энгийн зүйл аж.

“Зуурдын жаргал”

Францын найруулагч Антони Кордьегийн бүтээл “Зуурдын жаргал” кино Венецийн кино наадамд франц маягийн уянгалаг хайрыг мэдрүүлж, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдсэн.
Энэхүү киногоороо хайр сэтгэлийн тухай хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн хэмээн найруулагч Антони Кордье онцолсон юм. Үнэхээр ч киноны үйл явдал толгой эргэм бас гайхмаар. Учир нь энд хоёр хүний хооронд үүссэн хайр сэтгэлийн тухай биш дөрвөн хүнийхийг илэрхийлжээ. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй. Тэд нийгэмд тогтсон ёс зүй, дүрэм журмыг үл хайхран, зөвхөн өөрсдийн аз жаргалтай байгаа тэрхэн мөчөө л мэдрэхийг хүснэ. Гэвч тэдний энэхүү “гаж” харилцааны төгсгөл тааварлашгүй бүрхэг.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж