Н.Учрал: Ардаа хамгаалалттай бүтээмжийн менежерүүд зовлон болж байна

LiveН.Учрал: Ардаа хамгаалалттай бүтээмжийн менежерүүд зовлон болж байна

Н.Учрал: Ардаа хамгаалалттай бүтээмжийн менежерүүд зовлон болж байна
16 : 48
2026-6-19

"Төрөөс тэрбумтан төрж байгаагийн жишээ Төрийн банкны захирал"

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.


УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Төрөөс тэрбумтан төрдгийн жишээг Төрийн банк харуулж байгаа.

Ерөнхий сайд аа, танай намын даргынх нь үеэл тэнд захирлыг нь хийдэг. Дөрвөн жилийнх нь цалин нийлээд нэг тэрбум төгрөг болдог. Төрөөс тэрбумтан төрж болдогийн жишээ энэ.

Төрийн банк, Хаан банк хоёр гараанаас ижил нөхцөлөөр гарсан, өнөөдөр Хаан банк хоёр их наядын буюу Монголын хамгийн том компани болчихсон явж байна, Төрийн банк хамгийн жижиг хэвээрээ байна.

Тэгэхээр та бүхэн хариуцлагатай байж, энэ мэт төрд ашиг өгдөггүй, хувийн хэвшилтэй өрсөлдөх шаардлагагүй Төрийн банк зэргийг хувьчлахгүй бол төрийн өмчит аж ахуй нэгжийн 90 их наядыг Б.Цэнгэл дарга удирдаж байна, 33 их наядыг нь Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагчтай нартайгаа хамт удирдаж байна. Энийгээ нэг талд нь гаргаж ажиллах шаардлагатай.

Ерөнхий сайд та зоригтой ажиллана гэсэн, одоо танд намар хүртэл хугацаа байна. Өөрийн намаасаа эхэлнэ гэсэн. Сүүлийн 10 жил танай нам дангаараа Засаг барьсан.

Намар гэхэд ямар хүмүүстээ хариуцлага тооцоод хулгайчаасаа салсан байх вэ. Ямар төрийн өчийг нийтийн болгох юм. Энэн дээр маш хурдтай, зоригтой ажиллаарай.

16 : 08
2026-6-19

Н.Учрал: Ардаа хамгаалалттай бүтээмжийн менежерүүд зовлон болж байна

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Б.Уянга:

-2025 оны байдлаар төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн орлого нь хэд байв, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ. Орон нутгийн өмчит компанийг олноор байгуулж байна. 2023 оны байдлаар 275 хуулийн этгээд 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг мэдээлэл байна. Ашиггүй компанийг татан буулгах тал дээр ажлын хэсэг дээр ямар санал хэлэлцэгдээд чуулганаар хураагдахаар бэлтгэгдсэн байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төрийн өмчит компани дээр шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй юм байна лээ. Төрийн өмчит компанийн захирлууд бүгдээрээ хамгаалалттай.

“Эрдэнэс Монгол”-ыг Чингис хаан баялгийн сангийн хуулийн дагуу ажиллуулаад 14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 64 тэрбум төгрөгийг хэмнэсний дараа утасны дуудлага тасрахаа больсон.

Бүтээмжийн олон алдарт менежерүүд ардаа хамгаалалттай учраас зовлон болж байна. Тийм учраас энэ хуулийг УИХ баталж өгөөч гэж хүсэж байна. ТУЗ өөрөө хараат бус болно. Босго шаардлагыг давах, улс төрөөс хамаарал бүхий хүмүүс олдохгүй болно. Төрийн өмчит компани ашигтай ажиллахын тулд мэргэжлийн удирдлагаар хангах ёстой. Төрийн өмчит компанийг цэгцэлнэ гээд байдаг ч нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр ажлын хэсэг хуулийн төслийг анх орж ирснээр нь батлуулаад өгчих хэрэгтэй.

101 төрийн өмчит компани байна, орон нутагт болоод салбар яамдын дэргэд энэ олон төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газартай. Ашиг орлого олдоггүй. Хараат бус байх нөхцөл бүрддэггүй.

Компанийн удирдлагыг мэргэжлийн хүмүүсээр соливол бодитой өөрчлөлт гарна. Энэ хууль батлагдсанаар орон нутагт дур дураараа компани байгуулах боломжгүй, УИХ-аас зөвшөөрөл авна.

Намар энэ хуулийн дагуу төрийн өмчит компани дээр баримтлах Засгийн газрын үндсэн чиглэлийг өргөн барихдаа зэрэгцүүлээд компанийн хэдэн хувийг нь нээлттэй болгох юм, хэдэн хувьд IPO гаргах юм, хэдэн хувийг иргэдэд эзэмшүүлэх юм, орон нутагт нь эзэмшүүлэх юм уу хувьцааг нь арилжаалж болох юм уу, бүгдийг нээнэ.

Чингис хаан баялгийн сан нэгдэлд тун удахгүй олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компанид менежментийг нь өгнө. Тэр менежментийн компани үнэлгээ аудитаа хийсний дараа төсөвтэй зэрэгцүүлээд IPO хийх эрхээ УИХ-аас авна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын Удирдлага зохицуулалтын хэлстийн дарга н.Баяр-Эрдэнэ:

-2025 оны мэдээллээр 69 толгой компани, 101 хуулийн этгээдтэй байна. Нийт 54.5 мянган хүн ажилладаг. 2025 онд төрийн өмчит компанийн нийт зардал 22.6 их наяд , цэвэр ашиг 1.8 их наяд болж 2023 оныхоос буурсан. Борлуулалтын орлого нь 25.3 их наяд болсон.

2025 оныхыг 2023 оныхтой харьцуулахад ашигт ажиллагаа буурсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн.

Орон нутгийн өмчит 390 орчим компани байна, үүнээс 120 орчим нь Улаанбаатар хотын харьяа.

Орон нутгийн өмчит компанийн 50 хувь нь ашигтай, 50 хувь нь алдагдалтай ажилласан. Орон нутгийн өмчит компаниудын дийлэнх нь нийгмийн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд.

Ажлын хэсэг, УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Орон нутгийн өмчит 283 компани байна. 2025 онд 3.4 их наяд төгрөгийн орлоготой, нийт зардал 3.1 их наяд, цэвэр ашиг 222 тэрбум.

Нийт авлага 214 тэрбум байгаа. 22,047 ажиллагсадтай. Цалингийн сан 668 тэрбумд хүрсэн. Зарим асуудал дээр орон нутагт нийтлэг үйлчилгээг хүргэхээс аргагүй байгаа, хувийн хэвшил сонирхдоггүй. Зардал өндөр шаарддаг үйл ажиллагаанууд дээр хувийн хэвшил ордоггүй. Тарифын зохицуулалт гэж юм байна. Улаанбаатар хот зэрэг хүн ам ихтэй газарт эрчим хүч дулааны станц барилаа гэхэд ашигтай ажиллах боломжтой бол хүн амын төвлөрөл багатай газарт боломжгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Төрийн болон орон нутгийн өмчит компаниас тэрбумтан төрдөг болсон. Энэ хууль батлагдсанаар засаглал хэрхэн сайжрах вэ, компанийн удирдлага улс төрөөс хараат бус байж чадах уу. Сонгон шалгаруулалтыг яаж хийх вэ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн захиралд ялсан намаас нөлөө бүхий этгээдүүд хүн зүтүүлээд байна гэж дуулддаг. Тэр нь явсаар байгаад батлагдаад захирал болдог. Төрийн болон орон нутгийн өмчит компани бүтэц орон тооны хувьд үрэлгэн, замбараагаа алдсан. Олон төрлийн худалдан авалтыг төсвөөс гадуур хийдэг. Ашиг сонирхлын зөрчил үүсгэж, авлигын гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж байгаа. Мерит зарчмаараа л байх ёстой. Улс төрөөс үл хамаарсан, мэргэжлийн,  ажлын байрны шаардлага хангаж байгаа хүн л очих ёстой.

Аудитын дүгнэлт үнэн зөвөөр гарч чаддаг уу. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн санхүүгийн ил тод байдлыг нээлттэй болгохгүй бол төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нэр хоч зүүсээр л байх болно.  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлага ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг үү. Мэдээлэл өгөөч?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон:

-Хуульд төрийн өмчит компанийн засаглалын талаар нарийвчилсан зохицуулалт орсон. Улс төрөөс хараат бус байх шаардлага хамгийн тэргүүнд тавигдаж байгаа. Гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлд тавигдах шаардлагыг дэлгэрэнгүй оруулсан. Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр удирдлагыг томилохоор оруулж ирсэн. Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/ зохион байгуулна.

Ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн суругулийн багш Г.Давааням:

-Компанийн тухай хуулиас гажсан шинжтэй буюу төрийн байгууллага тодорхой удирдамж чиглэл өгөөд өөрсдөө шийдвэрээ гаргаад үр дагавраа өөрсдөө хариуцдаг компанийн зарчим ажиллах болможгүй болчихсон байсан. Энэ хуулиар компанийн эрх ашгийн үүднээс шийдвэрээ гаргана. Компанид хохирол учруулсан тохиолдолд хувьцаа эзэмшигч болон ТӨБЗГ-аас Компанийн хуульд заасан төлөөлөл нэхэмжлэл гаргах замаар гэрээнд заасан хариуцлагыг хүлээлгэх боломжтой байдлаар оруулж ирсэн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл:

-ТӨБЗГ-т зөвхөн хяналт шалгалт хийдэг бие даасан хэлтэс ажилладаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Төрийн өмчит болон төрийн оролцоотой үйлдвэрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дэргэд бие даасан аудитын хороо ажилладаг. Нийтлэг зөрчил дутагдал гарч байгаа нь худалдан авалттай холбоотой. Зардлыг хэтрүүлэх зөрчил дутагдал гардаг. Энэ бүгдэд арга хэмжээ авч холбогдох хариуцлага тооцож хурлаар оруулж тогтоол гаргаад хэрэгжилтэд хугацаа заагаад үр дүнг тооцож ажиллаж байгаа.

Хуулийн төсөлд 6 дугаар бүлэгт компанийн аудитын тогтолцоо ямар байх вэ гэдэг зохицуулалтыг оруулсан.

 

13 : 22
2026-6-19

Чуулган: Төрийн өмчит компанийн ТУЗ-өөс чөлөөлөгдөхөд тэтгэмж олгохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.19/ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү хуулийн төсөл төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд  улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, үр ашигтай байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил тод байх, компани төр, эсхүл орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагыг хэрэгжүүлэхэд үр ашиггүй зардал гаргахгүй байх, мэргэжлийн байх, санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах, хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх зарчмыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээс үзэхэд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас ТӨХК-48, ТӨХХК-23, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11, төрийн өмчит үйлдвэрийн газар-17 байна. Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.

Иймд цаашид хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахаар тусгасан.

Мөн үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдолтой салбарт зайлшгүй үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн өмчийн компани байгуулахаар хуулийн төсөлд тусгасан аж.

Мөн хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компанийг эзэмшлийн хувь хэмжээгээр нь буюу төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн компани, төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэсэн хоёр төрлөөр компанийг ангилахаар тусгасан.

Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон нэг этгээд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн, хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, компанийн засаглалд оролцох хүрээ, хязгаарыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, чөлөөлөх, төрийн өмчийн компани үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хувьцааг худалдах, шилжүүлэх, төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудлаар Засгийн газарт санал оруулах, төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээтэй хувь тэнцүү тооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх санал гаргах зэрэг бүрэн эрхтэй байхаар тусгасан юм байна. 

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавих шаардлагыг олон улсад тогтсон шаардлагаас доогуур тогтоож, төрийн захиргааны албан хаагч, эсхүл улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь компанийн засаглалыг сулруулах, мэргэжлийн бус томилгоо, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна.

Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагын дарга, мэргэжилтнийг оруулж байна. Тухайлбал, аймаг, сум, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч гэх зэрэг албан тушаалтныг томилох байдал нийтлэг байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргадаг Төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалын зарчим, аргачлалд “Төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хүндэтгэн, төлөөлөн удирдах зөвлөл хариуцлагаа үүрэхийг нь зөвшөөрөх, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх, төлөөлөн удирдах зөвлөл тодорхойлсон зорилтдоо хүрэхээр хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахыг Засгийн газар зөвшөөрөх нь зүйтэй” гэж, мөн 7 дугаар бүлэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг, үүнд төрийн албан хаагч эсэхээс үл хамааран мэдлэг, чадварын мерит зарчимд үндэслэн нэр дэвшүүлж, томилох, бүх гишүүд хуулийн адил хариуцлагатай байх нь зүйтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалын хувьд төлөөлөн удирдах зөвлөлд томилох бус, мерит зарчимд тулгуурлан тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах нь компанийн засаглал сайжрах, төлөөлөн удирдах зөвлөл мэргэжлийн, чадварлаг болоход эерэг нөлөө үзүүлэх болно.

Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, хүлээх үүрэг хариуцлага, томилох, чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тусгасан.

Төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүртэлх гишүүнтэй байх бөгөөд тусгай шаардлагыг хангасан нэр дэвшигчийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын үндсэн дээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, томилох зохицуулалтыг тусгасан.

Судалгаанаас харахад, орон нутгийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 3-9 тооны гишүүнтэй байна. Орон нутгийн жижиг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо их (9) байх нь удирдлагын зардлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа тул тухайн компанийн хэмжээ, нөхцөл байдлаас хамаарч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог тодорхойлох, жижиг хэмжээний компанид 5 хүртэлх сондгой тооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар тусгалаа.

Түүнчлэн, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөхөд аливаа хэлбэрийн тэтгэмж олгохгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-19 66.181.188.166

бүтээмжийн менежер гэж Данхын хулгайч нар шүү дээ бүгдийг нь хал

Avatar

Нэргүй 2026-06-19 103.212.117.192

хийж бүтээж чадахгүй худлаа амлалт, бас зовлон тоочсон шалчигнасан даргатай болчихвоо бид.

Avatar

Өвгөн Балдан 2026-06-19 103.229.122.197

Сэлмээ эргүүлэх зориг, ухаан л дутаж байна даа.Төрөөс тэрбумтнууд төрөөд байна гэж халаглахын оронд тэр гэмтнийг ингэж цээрлүүллээ гэж дугарахгүй юм даа.

Avatar

Өвгөн Балдан 2026-06-19 103.229.122.197

Тухайлбал Солонгосын Ким, Пак, Хятадын Дэн, Сингапурын Ли нарын түүх намтрыг судалмаар юм. Хятадын шинэ эзэн Си жин пин авлигатай хэрхэн тэмцээд амжилт олж байгааг дууриаж болдоггүй юм уу? Чадахгүй байгаа бол сайн дураараа ажлаа өгөх хэрэгтэй. Улс төрийн зориг дутаж байна гэсэн үг. Бүх эрх мэдэлтнүүдийн ард шударга төрийн хамгаалалт байх ёстой юм биш үү. Та гартаа эрх мэдэл гэдэг хамгийн том сэлэм байгаа шдэ.

Avatar

Өвгөн Балдан 2026-06-19 103.229.122.197

Ерөнхий сайдаа та ч гэсэн ардаа хамгаалалттай хүн биш үү. Арай өөр өнцгөөс хар даа, бич дээ. Бүгд л нам, эвсэл, фараакц гээд бүлэг хэсгүүдийн тэмцэл, зөрчил дунд явцгааж байна шүү дээ. Ер нь тэгээд шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг л байдалтай байна шүү дээ. Зовлон гэж ярихын оронд өөрийн үзэл зарчмаа өөрөө тодорхойлоод, уриа лоозонгоо тунхаглаад, арга барилаа сонгоод явчихаж болдоггүй юм уу. Өөрийн орны лидерүүддээ итгэдэггүй юм бол гадны том улс төрчдийн арга барилыг уншиж судлаач.

Avatar

Зочин 2026-06-19 192.82.92.42

Данхайсан терее цэгцэлж чадваржуульяа. Шинжлэх ухаан, дээд боловсролыг тереес челеелье!!!

Avatar

Ай... 2026-06-19 180.188.172.187

Ай Манай Монгол улс нэг бол Коммунист орон ч юм шиг, эсхүл сүрхий Ардчидсан улс ч аятай альч биш Завсрын улс. Нийтээрээ Хөдөлж Хөдөлмөрлөдөггүй зүгээр Ам Хэлний Үйл ихтэй болохор Үр Дүн алгодоо хөөрхий

Avatar

ИРГЭН 2026-06-19 66.181.189.214

Учирал уг нь үнэнээр нь хэллээ, төрийн өмчийн компаниудын ард МАН мафиууд дийлдэхгүй бн гэж!! Учирал түүхэнд муухайгаар цолуулахгүйн тулд МАН -АН мафиуудын тогтолцоог үүрд зогсоох ажилыг эхлүүлэх, гэвч өөрийг нь ерөнхий сайд болсон МАН мафиууд шүү дээ!!! ккк Төрийн тэргүүн нь байж байгаа, УИХ- дарга нь үхширсэн МАН мафи хэцүү!!

Avatar

Бослого 2026-06-19 60.227.192.194

иргэд босч хуйгаар нь цэвэрлэгээ хийж устгахгүй бол төр нь дийлэхээ байсан юм бна

Avatar

Нэргүй 2026-06-19 66.181.161.153

чиний сайд ч дээ хэдэн менежер дийлэхгүй алиа бацаан

Avatar

Нэргүй 2026-06-19 103.212.118.70

Улс орны тэр тусмаа нийслэлийн маань хөгжил дэвшил дэд бүтцийн зам харилцааны хөгжлөөс хамааралтай .Тэгвлэл ЕС Учралын Туулын хурдны замын төсөв 2,32 тэрбум төгрөгийг боловсролын салбарт шилжүүлье гэсэн саналыг дэмжихгүй байна.ЕС Учрал удирдагч хүнд байж боломгүй зөрүүд өширхүү хүн биш байгаа.Хотын захирагч Нямбаатарыг илт үндэслэлгүй шалтгаанаар халсныг бүгд гайхаж шүүмжлэж байгаад дүгнэлт хийлгүй хурдны замын санхүүжилтэд зөрүүдлэж байгааг зөтгөж болох уу

Avatar

Ж.ЭНХБАЯР 2026-06-19 122.201.31.248

МАН ХУЛГАЙЧД

Avatar

Нэргүй 2026-06-19 103.57.94.47

Төрөөс тэрбумтан төрж болдог юм байна, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д гэмт хэрэг үйлдсэн нь 3 шатны шүүх буюу дээд шүүхээр гэм буруутай нь тогтоодчихсон, ялаа эдлэх ёстой хүн жишим ч үгүй суугаад байж болдог юм байна тийм үү???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж