Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж, УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Ерөнхий сайдын зүгээс энэ төслөөр олон жил ярьсан тэтгэврийн шударга тогтолцооны асуудлыг эцэслэж, цэг тавина гэж мэдэгдсэн. Хуулийн төслийг боловсруулахад судалгаа тооцооллыг хэрхэн хийсэн бэ?
-Би хоёр Засгийн газар дамжин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар 11 дэх сардаа ажиллаж байна. Ерөнхий сайд Н.Учралын хувьд 2020 оноос эхлэн нийгэм хамгаалал, нийгмийн даатгалын чиглэлээр ажиллаж байсан бол түүний өмнө ажилласан Г.Занданшатар дарга ч мөн адил нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр зорин ажиллаж байсан юм. Иргэдийн зүгээс тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлыг өөрчлөх боломжтой гэж шүүмжилдэг бол зарим нь эсрэгээрээ энэ асуудалд ул суурьтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг. Ахмад настнуудтай уулзаж явахад “Насаараа хөдөлмөр эрхлээд, шударга бус тэтгэвэр тогтоолгосондоо гомдолтой явдаг” тухайгаа хэлж, ярьдаг. Дан ганц ахмад настнууд гэлтгүй залуус хүртэл “Биднийг тэтгэвэрт гарах үед нийгмийн даатгалын тогтолцоо шударга болсон байх ёстой” гэж санал бодлоо илэрхийлж байна. Энэ мэтчилэн иргэн бүр энэ асуудалд янз бүрийн байр суурийг илэрхийлж ирсэн. Мэдээж хэрэг нийгмийн шударга бус тогтолцооноос болж, хэн ч хохирох ёсгүй. Нийгмийн даатгалын шинэчлэл бол МАН эсвэл АН, ХҮН, ИЗНН-ын ярьж, шийддэг асуудал биш. Энэ нийгмийн суурь асуудал. Дэлхийн хэмжээнд төрөлт буурч, хүний насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын шинэчлэлтийг хийж эхэлсэн. Монгол Улсад нэг жилд 80 мянга гаруй хүүхэд шинээр төрдөг байсан бол 2025 оны байдлаар 58 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талдаа эмэгтэй хүний нас 20 орчим насаар нэмэгдсэн бол эрэгтэй хүний 13 насаар нэмэгдлээ.
Эдгээр үзүүлэлт нь иргэд олон жил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгааг нь харуулж байна. Тиймээс нийгмийн суурь асуудлыг олон жил судалж, гадна дотны экспертүүдийг ажиллуулж, хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын эрх ашгийг тусгахыг хичээсэн. Жишээлбэл, ажил олгогч, ажилтан залуус, тэтгэвэр авагчид гэх мэт бүх талыг багтаасан байх ёстой. Салбар яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны гол бодлогыг зохицуулж байгаа учраас хэрхэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих вэ гэдэг талаас нь харах ёстой. Ингэхдээ өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг дордуулах ёсгүй. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа залуусын нийгэм хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байх үүднээс бүх талд боломж олгосон хувилбарыг санал болгож байна.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд даатгуулагчийг 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана гэсэн. Хуулийн төсөлд өөр онцлох ямар зохицуулалт байгаа вэ?
-Уг хуулийн шинэчлэлээр ажил олгогч талдаа ямар нааштай зохицуулалт байна вэ гэхээр, ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна. Зарим улстөрчид нийгмийн даатгалын шимтгэл бол татвар гэж хэлж, шүүмжилдэг. Энэ бол татвар биш. Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа бүхий л иргэдтэй холбоотой асуудал. Ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл ажилтныхаа нийгмийн хамгаалал руу чиглэж байдаг. Тиймээс энэ шимтгэл дарамт болж байгаа бол ослын даатгалыг 0.1-0.9 хувиар бууруулж өгч байна. Үүнээс гадна тав хүртэлх жилийн бүртгэлтэй аж ахуйн нэгж таван ажилтантай бол гурвыг нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжтой. Мөн их сургуульд суралцаж байгаа 15-22 насны оюутнуудыг хүсвэл ажил олгогчтой тохиролцон нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж болно. Яагаад хүсвэл гэж тодотгож байна вэ гэхээр, хотод суралцдаг 20 настай оюутан өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж болно. Харин уурхайд ажилладаг 20 настай ажилтан нийгэм хамгааллаа дордуулж болохгүй, шууд ажлын ачаалалтай ажиллаж байгаа учраас тэтгэвэрт гарах жилээ тооцуулах нь зүйтэй. Харин үйлчилгээний байгууллагуудад цагийн ажил хийх хүсэлтэй оюутан залуус буюу нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажиллах хүчийг санал болгож байна гэсэн үг.
Үүнээс гадна Монгол Улсад огт нийгмийн харилцаанд оролцдоггүй, албан бус секторт ажилладаг 500 мянга орчим хүн байна. Энэ хүмүүсийг хөдөлмөрийн харилцаанд яаж оруулах вэ. Та огт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй юм бол 24 сарын хугацаатай 50 хувийн хөнгөлөлт үзүүлье.
Та 50 хувиа төлөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болно. Огт хөдөлмөрийн харилцаанд оролцдоггүй иргэддээ урилга өгөх маягаар оруулж байгаа юм. Мөн давхар хөдөлмөр эрхэлдэг их дээд сургуулийн багш, олон улсын байгууллагын мэргэжилтэн, барилгын ажлыг нэг дор хийдэг бригадууд зэрэг иргэдийнхээ хийсэн ажил болгоноос нь нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахгүй. Та өөрт ашигтай хоёр ажлаа сонгон авч, бусдаас нь шимтгэл авахгүй гэдэг зохицуулалтыг тусгасан байгаа. Ингэснээр иргэн олон ажлыг гэрээгээр гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Бид мөн тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломжийг санал болгож байна. Өнгөрсөн 1999 онд батлагдсан хуулиар 1979 оноос хойш төрсөн иргэдэд нэрийн данс нээгээд явж байгаа. Судалгаа хийж үзэхэд, 1999 онд батлагдсан хуулийн хүрээнд 270 гаруй мянган иргэнээс наймхан хүн нь нэрийн дансаар тэтгэвэрт гарах сонголтыг хийсэн байна. Тэтгэвэрт гарах иргэдээс “Цалинд суурилсан тооцооллыг хийлгэх үү, нэрийн дансаар бодуулах уу” гэдэг сонголтыг хийлгэдэг. Гэтэл нэрийн дансаараа бодуулах хүсэлтэй найман хүн байжээ. Учир нь нэрийн дансны хуримтлалыг тооцоолж, тэтгэврийн томъёоллоор 200-300 мянган төгрөг болдог. Өнөөдөр иргэдийн хүсч байгаа 1-1.5 сая төгрөгийн тэтгэврийг нэрийн данснаас авах боломжгүй байна. Тийм учраас нэрийн дансыг халж, оронд нь баталгаат тэтгэврийг санал болгож байгаа юм. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэддээ ажилласан жилээс нь шалтгаалаад 100-300 мянган төгрөгийг шууд нэмнэ. Та 10 жил ажиллаж, нийгмийн даатгал төлсөн бол 769 мянган төгрөгийн тэтгэвэр дээрээ 100 мянган төгрөг нэмнэ. Хэрэв 20 жил ажилласан бол 969 мянган төгрөг авна. Энэ бол тэтгэврийн эхний нэмэгдэл.
Хоёрт, инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмдгээрээ нэмнэ. Онолын хувьд тэтгэвэр нэмж байна гэж тайлбарлахад хэтэрхий явцуу ойлголт. Өнгөрсөн жилийн 1000 төгрөг энэ жил 800 төгрөгтэй тэнцэж байгаа учраас иргэдийнхээ худалдан авах чадварыг бууруулахгүй байх бодлого хэрэгжүүлнэ. Гэсэн хэдий ч бодитой нэмэгдэл мөн.
Гуравт, тэтгэврийн итгэлцүүрийн зөрүүг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл, 1.4 сая төгрөгөөс тэтгэврээ бодуулдаг байсан иргэд маань хоёр өөр тэтгэвэртэй болсон. Зарим иргэд “Миний удирдлагад ажиллаж, бага цалин авдаг байсан иргэн надаас өндөр тэтгэвэр авч байна” гэж хэлдэг. Тэтгэврийн итгэлцүүр бодох жилүүд янз бүр байсан учраас бид1.4 сая төгрөгийг 2.4 сая төгрөг болгон тэгшитгэж байгаа юм. Тэтгэвэр дээр өнөөдөр 2.4 их наяд төгрөгийг реформыг хийх гэж байна. Хэрэв өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг барьж чадахгүй алдвал энэ шинэчлэл хайран болох учраас үнийг хүчээр барих механизмаа заавал ажиллуулах шаардлагатай гэдэг саналыг миний зүгээс илэрхийлсэн.
-Тэтгэврийн тогтолцоог хийхийн тулд төсөвт 2.4 их наяд төгрөгийн ачаалал нэмэгдэнэ гэлээ. Энэ мөнгийг ирэх намраас төсвийн тодотголоор тусгаж, оруулж ирэх үү?
-Тэтгэврийн итгэлцүүрийн зөрүүнээс болж хохирсон, шударга бусаар тэтгэвэрээ тогтоолгосон 141 мянган иргэн байна. Бид 520 мянган тэтгэвэр авагчаа 141 мянган иргэний тэтгэврийг итгэлцүүрээр нэмж, шинэчилнэ. Ингээд үндсэндээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настны тэтгэвэр бодитоор 900 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг хүрч нэмэгдэнэ гэсэн үг. Одоо зарим иргэдийн хэлж байгаагаар 1-1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ард иргэддээ хожоотой байдлаар шийдэж, тогтолцоогоо шинэчлэх ажлыг хийх гэж байна. Бидэнд 2027 оны улсын төсөвт 2.4 их наяд төгрөг шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар төсвийн нөөц боломжоо ярилцаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтсон.
Товчхон хэлэхэд, бид өнөө маргаашийн галыг унтраах байдлаар хоёр их наяд төгрөг зарцуулахаас илүүтэй ирээдүйд ажил олгогч, ажилтнаа дэмжсэн реформын шинж чанартай өөрчлөлтийг хийх гэж байна. Мэдээж хэрэг үүнтэй уялдуулан Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуримтлалын тогтолцоог бий болгож өгөх гэж байна.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжих эсэхийг нь хэлэлцсэн. Уг хуулийн төслөө УИХ-аар хэлэлцэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс түрүүлж батлуулах юм. Ингэснээр нийгмийн даатгалын улсын тогтолцоо нь сайжирна. Нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байж тэтгэвэр авдаг хүмүүс бий. Тодруулбал, цэргийн алба хаагчид, малчид, урлагийн зарим мэргэжил, төмөр замын цэрэгжсэн хамгаалалтын ажилтнууд зэрэг иргэдээ улсын төсвөөс мөнгийг нь өгдөг учраас халамжийн тэтгэвэр гээд тусдаа явуулах саналууд орж ирсэн. Харин тэрний ард талд нь НДС гэдэг зүйл цэвэр шимтгэлд суурилсан сан байвал илүү шударга байх юм биш үү гэдэг санал ч яригдсан. Нэг далайлтаар бүх өөрчлөлтийг хийх боломжгүй учраас эдгээр тэтгэвэр авагчдаа Нийгмийн даатгалын сан дотроо үлдээж, огт хөдөлмөр эрхэлж байгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй 7900 иргэнээ Халамжийн сангаас тэтгэвэр авдаг болгоно. Ингээд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг урьдчилсан байдлаар УИХ-аар хэлэлцэхэд бэлэн боллоо.
-Зарим иргэд Нийгмийн даатгалын сан их хэмжээний өртэй байхад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой эсэхэд эргэлзэж байна. Салбарын сайдын хувьд НДС-гийн өр төлбөрийн асуудал дээр мэдээлэл өгөөч?
-Жишээлбэл, цэргийн тэтгэвэр авдаг 23 мянган иргэн байдаг. Энэ тэтгэврийг 100 хувь төрөөс даадаг. Нийт 500 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Мөн улсаас малчдад тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлдэг. Эрэгтэй малчин 55 нас, эмэгтэй малчин 50 насандаа тэтгэвэртээ гардаг бол төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даадаг. Энэ мэт нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс авч, НДС-даа хийгээд тэндээсээ хуваарилж байна гэсэн үг.
Өр ширний асуудлыг ярихад, өнгөрсөн хугацаанд зарим арилжааны банкуудад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хийж, алдсан явдал гарч байсан. Бид долоо хоног бүр өр төлбөр барагдуулах ажлын хэсэгтэйгээ хуралддаг.
Жишээлбэл, “Капитал” банкинд анх 104.2 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол одоо 51 тэрбум төгрөг үлдсэн. Мөн “Чингис хаан” банкинд 103.5 тэрбум төгрөг байсан бол 70 тэрбум төгрөг үлдсэн. Өр барагдуулах ажлаа хийж байна. Бид одоо системийн хүчтэй арилжааны банкуудтай “Манай чөлөөт үлдэгдэл 300 тэрбум төгрөг байна” гээд хэн хамгийн өндөр хүү амалсанд нь мөнгөө хадгалуулж байна. Өнөөдрийн байдлаар 700 тэрбум төгрөг буюу 15.11 хүүтэйгээр арилжааны банкууд дээр хадгалагдаж байна. Энэ мөнгө нь хэмнэж үлдсэн ослын даатгалын чөлөөт үлдэгдэл юм. Бид сар бүр хүүгийн орлогоо бүрдүүлж, чөлөөт үлдэгдлээ банкинд байршуулж байна. Өмнөх шиг арилжааны банкуудад мөнгөө алдана гэдэг ойлголт байхгүй болсон.
-Өнөөдөр тэтгэврийн зөрүү ямар байна вэ. Хамгийн доод болон хамгийн өндөр тэтгэвэр авагч хэдэн төгрөг авч байна вэ?
-Өнөөдөр дөрвөн сая төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн байна. Ахмад настнуудын ихэнх нь 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ маань бидний зорьж буй реформын хэмжээнд шударгаар олон жил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол шударгаар ажилласан жилийнхээ тэтгэврийг авах ёстой. Иргэд нийгмийн даатгалын тогтолцоо шударга байхыг хүсч байна. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоо шударга байж, ар өврийн хаалгаар өндөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болно.
"ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ, БАТЛАН ДААЛТЫН САНГААС БАТАЛГАА ГАРГАЖ ӨГНӨ"

-Үүнээс гадна та Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслөөс гадна хэд хэдэн чухал хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн шүү дээ?
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль, Халамжийн тухай хууль зэргийг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барилаа. Халамжийн тухай хууль болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулиар юу шийдэх вэ. Монгол Улсын төсвийн зарлага талдаа 2.4 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Зарим нь “Халамжийн улс болчихсон” гэж шүүмжилдэг. Гэтэл 2.4 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хүүхдийн 100 мянган төгрөг эзэлж байна. Энэ мөнгө халамж бус төрөөс явуулж буй хүн амын бодлогын дэмжлэг. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүд төдийлөн хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Төрөөс гэр бүлийг дэмжсэн бодлого явуулж байгаа юм. Тэр утгаараа Гэр бүлийн хөгжлийг дэмжих тусдаа бие даасан хуультай болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд “Цалинтай ээж” гэх мэт тэтгэмжүүд илүүтэй гэр бүлийг дэмжсэн зардлуудаа Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуульдаа тусгаж, Монгол Улс анхдагч бие даасан хуультай болно.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль нь илүүтэй зөрчлийн шинж чанартай харилцааг зохицуулах бол манай яамнаас өргөн барьсан хууль бол гэр бүлийн бат бөх байдлыг дэмжих юм.
Хуулийн төслийг анх боловсруулж байхдаа гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлын эцэг эхийн аль нэгийг нь Хувь амын орлогын албан татвараас чөлөөлөх тухай тусгасан. Энэ хуулийн төсөлтэй зэрэгцээд Татварын багц хуулийг хэлэлцэж байсан. Төсөлд Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнийг 792 мянган төгрөгтэй тэнцэх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шууд ХАОАТ-аас чөлөөлсөн учраас дахиад ийм агуулгатай хуулийн заалт оруулж ирэх нь татварын санд ачаалал үүсгэж байсан учраас заалтаа хассан. Харин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд оочергүй хамруулж, батлан даалтын сангаас баталгаа гаргаж өгөх тухай тусгасан.
Мөн бид Халамжийн хуулиараа зорилтот бүлэг рүүгээ буюу үнэхээр халамж шаардлагатай иргэд рүүгээ чиглэнэ. Дэлхийн бүхий л улс орон халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Хөдөлмөр эрхлэх боломжгүй, бүтэн өнчин үлдсэн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэн асрах вэ. Тийм учраас яг Халамжийн хуулиараа зохицуулдаг зардал 640 орчим тэрбум төгрөгийг зорилтот бүлэг рүүгээ чиглүүлнэ. Энэ зардлыг нь салгаснаар халамж хэрэгтэй байгаа зорилтот бүлэг рүүгээ оновчтой чиглэсэн, зардлаа хэмнэсэн байдлаар зохицуулж явахаар салбар яамнаас өнгөрсөн хугацаанд долоо дахь хуулиа боловсруулаад, өргөн барьж байна. Мөн Дохионы хэлний тухай хуулийг өргөн барьж, анх удаа дохионы хэлний дүрэмтэй болох юм. Сонсголын бэрхшээлтэй 17 мянга орчим иргэндээ зориулсан хуультай болж байна. Энэ мэт маш чухал нийгмийн суурь болсон хуулиудыг өнгөрсөн хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна.
"ИРЭХ НАМАР ЦАЛИНГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА"

-Салбар яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого явуулна гэлээ. Гэтэл бодит амьдрал дээр хөдөлмөрийн насны залуусын хөдөлмөр эрхлэлт буурсан үзүүлэлттэй байгааг албаныхан мэдээлж байна. Иргэдийн зүгээс эрүүл саруул залуус нь гадаадад ажиллахараа явж байна гэдэг шүүмжлэлийг хэлдэг. Эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа болон гадаадад ажиллаж, амьдарч буй залуусын тоон статистикийн зөрүү хэр байна вэ?
-Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт тийм ч муу биш. Салбар яамны судалгаагаар энэ оны ид бүтээн байгуулалтын улиралд 82 мянган ажлын байранд ажилтан хэрэгтэй байна. Үүнээс 74 мянган ажлын байр нь байнгынх, үлдсэн 9000 нь түр ажлын байр байна. Бид эдгээр ажлын байр руу залуусыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан төлбөртэйгөөр зуучилдаг үйлчилгээг эхлүүлсэн. Гэхдээ нэг үеэ бодоход залуус өөрсдийн хүссэн ажилдаа ордог болсон байна.
Нөгөө талдаа залуусын хөдөлмөр эрхлэх сонирхол төдийлөн сайн болохгүй байна. Ний нуугүй л яръя. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна.
Ялангуяа Баян-Өлгий аймагт ажилгүйдлийн түвшин өндөр байна. Орон нутагт залуусын хөдөлмөр эрхлэлт доогуур хувьтай байдаг. Бид энэ ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг гадаад, дотоод гэхгүйгээр зохицуулах ёстой. Зарим нь гадаад руу ажиллахаар явсан залуусыг шүүмжилдэг. Гэтэл зөвхөн монгол залуус гадаад руу тэмүүлдэггүй. Японы залуус Австралид очиж ажиллаж, амьдрахыг мөрөөддөг бол Өмнөд Солонгосын залуус АНУ болон Канадад амьдрахыг хүсдэг. Монгол Улс хүн эх орондоо амьдрахын аргагүй хэцүү, дорой болчихоод гадаад руу явж байна гэж бодохгүй байна. Тэр хүний хүсэл сонирхол шүү дээ. Мэдээж үүнд цалин хөлс нөлөөлж байгаа юу гэвэл тийм. Жишээлбэл, Чех улсын цалин Монголоос 30-40 хувь өндөр байна. Тийм учраас гадаад улсыг зорьж байгаа залуусаа зэмлэхээсээ илүү бид улсын төсвийн байр байдлыг харж байгаад ирэх намар цалингийнхаа шинэчлэлийн бодлогыг оруулж ирэхээр төлөвлөж байна.
Сая боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмлээ. Гэтэл байгаль хамгаалал, нийгмийн хамгааллын салбарын гээд бусад салбарын ажилчдын цалинтай харьцуулахад нэлээд зөрүү гарч байна. Бид бусад салбарын цалингаа өргөх шаардлагатай болсон. Боловсролын салбарт нягтлан бодогчоор ажиллаж байгаа хүний цалин 1.7 сая төгрөг байгаа бол нийгмийн хамгааллын салбар дахь нягтлангийн цалин 1.2 сая төгрөг байх жишээтэй. Тийм учраас бага цалингаас их цалин руу тэмүүлэхгүй яах вэ. Энэ нь манай яамны хариуцсан ажил. Мөн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулахын тулд цалингийн бодлогыг оруулж ирнэ. Цалин хоорондын зөрүү нийтдээ 1.3 их наяд төгрөг. Энэ бодлогыг Ерөнхий сайдад танилцуулж, төсвийн асуудлаа харж байгаад заавал шийдэх ёстой гэж харж байгаа. Монгол Улсын бүх салбар тэгш цалинтай байх ёстой. Ганцхан төрийн байгууллагад ажиллаж байгаа 220 орчим мянган хүний асуудал биш. Төрийн цалин нэмэхээр хувийн хэвшлийн цалин өсөх шаардлагатай болно. Бид өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гээд уралдаж цалин тэтгэврээ нэмээд байж болохгүй. Тиймээс Монголын төрд өргөн хэрэглээний барааны үнийг хүчээр барьдаг механизм заавал байх ёстой. Мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр гээд дөрөв, тавхан бүтээгдэхүүний үнээ барьж, нөөцөө бэлтгэн зах зээл дээр нийлүүлдэг байх ёстой.
Гадаадаас өнөөдөр 27 мянган хүн ажиллаж байгаа бол Монгол Улсын 100 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж байна. Гадаадын ажиллах хүчний бодлого манай яаманд байдаг. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх тоогоо барьж байна. Үйлчилгээний салбар руу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах саналыг зарим улстөрчид илэрхийлдэг. Бид гадаадаас Монгол Улсад ажилладаг иргэнээс нэг сард авдаг татвар шимтгэл 1.5 сая төгрөг буюу 450 ам.доллар. Их өндөр татвар авдаг ч томоохон бүтээн байгуулалт дээр хуулиараа концессын гэрээ, гадаадын зээл тусламжийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа 27 мянга орчим иргэн бүртгэлтэй байна.
-МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурлаар ярилцсан нэг чухал асуудал бол Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Өөр ямар асуудлыг хэлэлцэв. Эрх баригч намынхан төрийн ажлыг Их тэнгэрт хуралдаж, шийддэг боллоо гэх шүүмжлэл дагуулаад амжлаа?
-Яахаараа төрийн асуудлыг нам шийдэх ёсгүй гэж. Улс төрийн нам шүү дээ. Хоёрт, Монгол Улсын парламентын засаглалтай тогтолцоо өөрөө олонхыг бүрдүүлсэн нам төрийн шийдвэрээ гаргаад явдаг. Гэхдээ бид Нийгмийн даатгалын хууль дээр АН-ын Б.Түвшин нарын санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй уялдуулж, саналыг нь хүлээн авч ажилласан. Бид олонх болсон учраас манлайллаа үзүүлээд явах ёстой. Миний хэлснээр нийгмийн даатгалын тогтолцоо аль нэг улс төрийн хүчний асуудал биш болсон шүү. Нийт монголчуудын асуудал учраас аль нэг нам гэхгүйгээр Монгол Улсын парламент гэдэг субъект шийдэх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Би хувьдаа ХАОАТ-ын шимтгэлийг нэг хувь болгох хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Зарим гишүүд бүр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэ гэж байна. Юу гэсэн үг вэ. Тэгвэл таны нийгмийн хамгааллын асуудлыг хэн хариуцах юм бэ.
Улс төрийн оноо авч л байвал юу ч хамаагүй ярьдаг байж болохгүй. Төр улс хэвээрээ үлдэх учраас хэн нэгэн дуртай зүйлээ ярьдаг байж боломгүй. Маш ухаалгаар шийдэх ёстой. Намайг тэтгэврийн асуудлыг шийдэхгүй, удаашруулж байна гэж зэмлэдэг иргэд бий. Энэ асуудлыг ул суурьтай хандаж, шийдэх шаардлагатай учраас урт хугацаанд судалж байгаад шийдэж байна. Ерөнхий сайд энэ асуудлыг маш сайн ойлгодог учраас зоригтойгоор барьж авч шийдвэрлэлээ.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар байгуулахаар тохиролцсон. Энэ асуудал юу болж байна вэ?
-Энэ гайхах юм биш шүү дээ. Монгол Улсын консул БНХАУ-ын Эрээн, Хөх хотод байрладаг. Иргэд олноор төвлөрсөн газар консулын газрыг байгуулдаг. Энэ жишгээр Казахстаны консул байгуулах асуудлыг тавьсан. Манайхан Баян-Өлгий гэхээр л их гайхаж хүлээж авдаг. Ний нуугүй хэлэхэд, 1992 оноос хойш давхардсан тоогоор 60 орчим мянган Монгол Улсын казах иргэн Казахстан улс руу шилжсэн бөгөөд өнөөдөр хоёр талд ажиллаж, амьдарч эдийн засгийн маш том урсгалыг бий болгож байна. Энд ажлын байр олдохгүй бол Казахстанд очиж ажилладаг. Өнөөдөр Баян-Өлгий яаж хөгжиж байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Ер нь хүн ам зүйн хувьд маш зөв зүйл гэж харж байгаа. Зуухан мянган хүн хоорондоо гэр бүл болсоор байвал юу болох юм бэ. Салбарын сайдын хувьд би буруу гэж бодохгүй байна.
Консул гэдэг чинь тухайн улсын иргэддээ үйлчилгээ үзүүлдэг газар. Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж, хоёр улсын парламент хэлэлцээрийг соёрхон баталснаар 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс иргэдийн тэтгэвэр ,тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд Монгол Улс гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг хамгаалах ёстой. Энэ хүрээнд найм дахь улстайгаа нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хийсэн. Долоо дахь улс нь Казахстан улс байсан бол найм дахь нь Австри улс байлаа. Сүүлд бид Чех улсад ажиллаад ирлээ. Миний хувьд Чех, Монголын комиссыг даргалдаг. Тэнд Монгол Улсын 15 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Чех улсын засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, тэдгээр иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд зогсохгүй гэнэт ажлаас халагдвал тэтгэмж олгоно. Жишээлбэл, зургаан эмэгтэй Чех улсад “Алдарт эхийн одон”-г авч байна. Тэр ээжүүд төрсний дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг авах шаардлагатай.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,595.72





















































Зочин 2026-06-15 202.9.46.129
тооцооллоо яаж хийх гэж байгаагаа жишээн дээр тайлбарлаж үзүүлэхгүй болохоор ойлгомж муутай л байна. Жишээн дээр үзүүлбэл хүмүүс саналаа хэлэх боломжтой болно.
Нэргүй 2026-06-15 202.9.46.185
Тэтгэврийн насыг 65 болгоод өгөөч.65 хүртлээ ажиллах чадвхр ихэнх хүнд бн.Дундаж нас ихэссэн.400.50.55 тай гарахаар хэрэг алга.
ахмад 2026-06-15 103.168.34.9
141000 хүн биш ээ бүгд байгаа.
Зочин 2026-06-15 66.181.178.117
Ер нь тэтгэврийн доод хэмжээ 769000 авч буй хөгшчүүлийн тэтгэврийг нийтэд нь 1200000 болгочихооч хамгийн бага тэтгэвэр авч байгаа хөгшчүүл чинь ямар ч ар өврийн хаалгагүй жинхэнээсээ л явж байгаа хүмүүс шүүдээ зарим нь ажилласан газруудаасаа ч бичилт хийлгэж чадалгүй шууд хөдөлмөрийн дэвтэр дээрхи бичилтээр орсон байгаа шүү ер нь энэ бүгдийг дахин нэг нягтлах хэрэгтэй шүүдээ маш олон хөгшчүүл НД талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй байсан шүүдээ.769000 авч байгаа хөгшчүүлийн тэтгэврийг нь шууд
Нэргүй 2026-06-15 103.57.95.80
Нийгмийн хамгааллын сангуудыг яагаад казакуудад өгөөд байна. яагаад баян өлгий хамгийн их тэтгэмж авдаг аймаг болсон бэ
2 2026-06-15 202.55.188.115
MAN garuudad heleh ug oldkuumaa
Нэргүй 2026-06-15 103.57.94.18
Үнийг хүчээр барина гээд энэ хүн юу яриад байнаа ?
Нэргүй 2026-06-15 103.229.177.3
Зэрлэг капитализмыг хүмүүс чинь тэсвэрлэхгүй байнаа хө