Ногоон карт алсын мөрөөдөл болов уу?

Ногоон карт алсын мөрөөдөл болов уу?

Ногоон карт алсын мөрөөдөл болов уу?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт ногоон карт буюу байнгын оршин суух эрх авах өргөдлийн үйл явцад өөрчлөлт оруулжээ. Тодруулбал АНУ-д оршин сууж буй гадаадын иргэд хүсэлтээ батлагдах хүртэл тус улсаас явах шаардлагатай болсон байна. Сүүлийн 70 гаруй жилийн турш ногоон карт хүсэгчдийн ихэнх нь  хүсэлтээ батлагдах хүртэл АНУ-ын нутаг дэвсгэрт байх боломжтой байв. Энэ нь 1952 онд Конгрессоос баталсан Цагаачлал ба иргэншлийн тухай хуулийн дагуу хэрэгжиж ирсэн практик юм. Харин АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны (USCIS) шинэ журмын дагуу “онцгой тохиолдлын хөнгөлөлт” олгогдоогүй бол өргөдөл гаргагч нь АНУ-аас гарч, ногоон картын ярилцлага болон баталгаажуулалтаа гадаадад хийлгэх шаардлагатай болно. Энэ үйл явц нь тухайн хүний гарал үүслийн улс, өргөдлийн төрөл, жил бүрийн квот зэргээс шалтгаалан хэдэн сараас хэдэн жил хүртэл үргэлжилж магадгүй.

"USCIS"-ийн төлөөлөгчийн хэлснээр, энэ өөрчлөлт нь цагаачлалын тогтолцоог хуульд заасан байдлаар ажиллуулах, хуулийн цоорхойг багасгах зорилготой бөгөөд АНУ-д хууль бусаар үлдэх хүмүүсийн тоог бууруулахад тусална гэжээ. Гэхдээ цагаачлалын хуульчид болон хүний эрхийн хамгаалагчид энэ шийдвэрийг огцом өөрчлөлт гэж үзэж, олон хүн, гэр бүл, ажлын байранд хүндрэлтай байдал үүсгэнэ гэж анхааруулж байна. "Simon, Choi & Tuohy" хуулийн фирмийн удирдах түнш Николь Саймон хэлэхдээ, хүмүүс заавал удаан хугацаагаар гадаад явах шаардлагатай болж байгаа бөгөөд ярилцлагын тов хэзээ гарах нь тодорхойгүй тул энэ нь эдийн засагт хүндрэл үүсгэнэ гэжээ. Түүний хуулийн фирмд санаа зовсон үйлчлүүлэгчдээс ирэх дуудлага, имэйл аль хэдийн эрс нэмэгджээ.

ШИНЭ ЖУРАМД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?

АНУ-д хууль ёсны байнгын оршин суугч болох өргөдөл гаргаж буй хүмүүс тус улсаас гарч, консулын үйл явцаар дамжуулан өргөдөл гаргах ёстой. Өргөдөл гаргагч нь АНУ-ын консулын газарт өргөдөл гаргахын тулд өөрийн эх орон руугаа явах ёстой. Энэ нь АНУ-ын консулын газаргүй орнуудын хүмүүст асуудал үүсгэж болзошгүй гэж Саймон онцолж байна. "Үндсэндээ өмнө нь хуулиар боломжтой, өргөн хэрэглэгддэг байсан ‘АНУ дотор байж байгаад статусаа өөрчлөх’ боломжийг одоо маш хязгаарлагдмал болгож байна. Одоо энэ боломжийг зөвхөн онцгой, ховор тохиолдолд л олгодог зүйл болгож өөрчилж байгаа гэсэн үг" гэж тэрбээр хэлжээ.

1980 оноос хойш ихэнх хууль ёсны цагаачид АНУ-д байхдаа “status adjustment” гэдэг журмаар ногоон карт авч ирсэн. Энэ нь өргөдөл гаргагчыг АНУ-аас явах шаардлагагүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх боломжоор хангаж байв. Гэвч энэхүү үйл явцыг өөрчилснөөр хууль эрх зүйн маргаан ч гарах төлөвтэй байна. Саймоны хэлснээр, "H-1B" өргөдлийн хураамжийг 100 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн журам зэрэг Трампын засаг захиргааны цагаачлалтай холбоотой бусад журмыг эсэргүүцсэн шүүхийн нэхэмжлэл аль хэдийн гараад эхэлжээ.

"USCIS"-ийн мэдээллээр 2024 онд Филадельфи хотод 16,800 гаруй хүн АНУ-д байх хугацаандаа ногоон карт авах хүсэлт гаргажээ. Улсын хэмжээнд авч үзвэл, 500 мянга гаруй хүн ижил журмаар ногоон картын хүсэлт гаргасан байна. Хэрэв эдгээр хүмүүс ногоон картын хүсэлтээ АНУ-аас бус, гадаадад байх консулын газруудаар дамжуулан гаргах шаардлагатай болбол консулын ачаалал эрс нэмэгдэж, одоо байгаа хүлээгдэл, саатал улам ихсэх болно. Саймоны үзэж буйгаар энэ бодлого яаж хэрэгжхээсээ шалтгаалан үр дагавар нь маш ноцтой байж мэднэ. Энэ нь зөвхөн цагаачдад бус олон АНУ-ын иргэн, ажил олгогч нарт өргөн хүрээнд нөлөөлөх болно.

НОГООН КАРТ АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛОН ӨРГӨДӨЛ НЬ ХЯНАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА ВЭ?

Цагаачлалын хуульч Саймоны хэлснээр, ногоон картын өргөдөл нь хянагдаж байгаа хүмүүс болон ногоон карт авах талаар бодож байгаа хүмүүс өөрийн өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэрэв өмгөөлөгчгүй бол найдвартай, лицензтэй цагаачлалын хуульч олох нь чухал. Мөн тухайн хүний нөхцөл байдалд тохирсон чиглэлээр мэргэшсэн хуульч сонгохыг зөвлөж байна. Саймон үйлчлүүлэгчдэдээ "USCIS"-ийн ажилтнууд цаашид илүү нарийн шалгалт хийх бөгөөд АНУ-д байхдаа яагаад өргөдөл гаргаж байгаа шалтгаанаа тодорхой тайлбарлах шаардлагатай болно гэж хэлжээ. Тухайлбал:

  • Ажлаа 1–2 жил эсвэл тодорхойгүй хугацаагаар орхихыг хүсээгүй.
  • Гэр бүлийнхнээ орхиж явахыг хүсээгүй.
  • Хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байсан зэргээр тайлбарлах хэрэгтэй аж.

Саймон хэлэхдээ "Бид сандрахгүй байхыг хичээж байна. Энэ бодлого хууль ёсны биш гэж бид үзэж байгаа бөгөөд шүүх эцэст нь хүчингүй болгоно гэж найдаж байна. Гэхдээ одоогоор маш их тодорхойгүй байдал байгаа тул хамгийн зөв зүйл бол итгэлтэй хуульч эсвэл өмгөөлөгчтэй хамтран ажиллах явдал юм" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-03 202.9.40.102

Монголдоо л сайн хан амьдарцгаа. Гадны оронд цагаач нэр зүүж гадуурхагдан амьдраад яана вэ. Тэнд очсон монголчууд удам судраа гээж хүүхдүүд нь аав ээждээ хөндий хүйтэн барууны зан заншилтай болж байна.АНУ-д амьдарсан хүүхдүүд хэзээ ч монголд амьдрахгүй, АНУ-г өөрийн эх орон гэж үздэг. Монголын хөгжилд тэд ямар ч хувь нэмэр оруулахгүй. Цөөхөн хүн амтай манай улсад хүн хэрэгтэй. АНУ бол хүнээр дутаагүй. Монгол улсыг монголчууд л хөгжүүлнэ.

Avatar

Зочин 2026-06-03 66.181.184.151

Одоо Амeрикийн цагаачдад ээлтэй үe ард хоцорч байна. Бичиг баримтгүй бол ажилд авахгүй болсон. Урьд нь ажилтнаа алдахаас айдаг байсан бол одоо цагаач нар их болохоор ажилтан дээр санаа зовох юмгүй болсон. Хэдэн жилийн өмнө авдаг цалин нь амьжиргаанд хүрдэг байсан бол одоо үгүй. За тэгээд эрүүл мэндийндаатгалын асуудал гээд зөндөө асуудлууд бий. Яахав очоод олон жил болсон хүмүүс нь арга эвээ олчихсон болохоор давгүй амьдарч байгаа байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж