Юкатаг эргүүлэн авчрах халуун зун

FASHION

Юкатаг эргүүлэн авчрах халуун зун

Юкатаг эргүүлэн авчрах халуун зун
Japanese woman wearing yukata

Японы зуны улирал аагим халуун гэдгээрээ алдартай. Чийгтэй, халуун цаг агаар гадныханд төдийгүй япончуудад өөрсдөд нь ч амаргүй байдаг бөгөөд бүх эрч хүчийг нь сордог гэдэг. Гадаадын иргэд тэр нохой гаслам халуун өдрүүдэд албан хувцастай, заримдаа бүр хүрэм, өмд өмссөн яваа япончуудыг хараад гайхдаг аж. Японы том компаниуд ажилтнуудаа улам бүр халж буй цаг агаарт яагаад ингэж тав тухгүй байлгахыг шаарддаг юм бол гэж тэд өөрийн эрхгүй боддог гэнэ.

Эндээс нэг дүгнэлт гарсан нь япончууд юкатаг эргүүлэн авчирч, зуны хувцаслалтдаа эрс өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн ойлголт юм.

Японы үндэсний хувцас болох кимоногийн зуны хувилбар бол юката. Сэрүүхэн, сул юкатаг ихэвчлэн хөнгөн даавуу эсвэл маалингаар хийдэг. Юката гэдэг үг нь шууд утгаараа усанд орохдоо өмсдөг хувцас гэсэн утгатай бөгөөд хүмүүс анх халад маягаар өмсдөг байжээ. Цаг хугацааны явцад юката нь өдөр тутмын энгийн зуны хувцас болсон юм.

Өнөөдөр хүмүүс юкатаг өдөр бүр өмсдөггүй. Гэсэн ч зуны улиралд болдог янз бүрийн баяр наадам, арга хэмжээнүүдийн үеэр түгээмэл өмсдөг. Өөрөөр хэлбэл, юката зөвхөн онцгой тохиолдлын хувцас болсон. Япончууд зундаа юкатагаас гадна өвдөг хүрсэн шорт болон сул цамцнаас бүрдэх жинбэй гэх хувцас өмсдөг. Жинбэйг бодвол юката нь илүү албаны шинжтэй хувцас юм.

Японы уур амьсгал бүс нутгаасаа хамаараад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тухайлбал, өмнөд хэсгийн Окинавад цаг агаар дулаан, чийглэг байдаг бол хойд нутгийн Хоккайдод бараг туйлын гэмээр хүйтэн уур амьсгалтай байдаг. Хэдий тийм ч Японы ихэнх хэсэгт зундаа халуун, чийгшил өндөр байдаг бөгөөд гадаа гарах нь саунд орохтой л адил байдаг.

Жилийн хамгийн халуун сар болох наймдугаар сард өдөртөө агаарын хэм дунджаар 30 хэм давдаг. Үүн дээр чийгшил нэмэгдэхээр хүмүүст улам илүү халуун болсон мэт мэдрэгддэг аж.

Япончууд 1800-аад оноос цаг уурын бүртгэл хөтөлж эхэлсэн. Угтаа бол Японы зун ердийн халуун зунд тооцогддог байсан ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улам л халах болжээ. 2025 оны зун түүхэн дэх хамгийн халуун зун болж, хэт халалтын улмаас 100 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Энэ нь 2024 оноос гурван хувиар өссөн үзүүлэлт байв.

Зуны халуун улам нэмэгдсээр байгаа ч ажлын байрны хувцаслалтын соёл бараг өөрчлөгдсөнгүй.

Өөрөөр хэлбэл, "Cool Biz" буюу Японы олон компанийн ажилтнууддаа мөрдүүлдэг хувцаслалтын журам одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр. "Cool Biz" нь хагас ханцуйтай цамц өмсөөд, зангиа зүүхгүй байхыг хэлнэ. Японы Байгаль орчны яам энэ хувцаслалтын дүрмийг эрчим хүч хэмнэхийн зэрэгцээ зуны халуунд дасан зохицох зорилгоор анх нэвтрүүлж байжээ.

"Cool Biz" хувцаслалт нь халуун зуныг даван туулахад нэмэр болдог ч гэлээ оффис ажил хийдэг эрчүүд шорт өмсөх боломжгүй, эмэгтэйчүүд банзал доогуураа заавал трико өмсөх шаардлагатай хэвээр байна. Мөн сандаал өмсөхийг зөвшөөрдөггүй.

Хүмүүс хэдэн мянган жилийн турш халууныг даван туулахын тулд сул загвартай, хөнгөн даавуу болон маалинган хувцас өмсөж ирсэн. Гэтэл орчин үед бизнес загварын хувцаснууд ихэвчлэн синтетик материалтай болсон. Ялангуяа хослолыг ноосон даавуугаар хийдэг тул хүйтэн цаг агаарт л тохиромжтой байдаг.

Япон хэлэнд хэт их ажилласнаас үүдэлтэй нас баралтыг кароши гэж хэлдэг. Карошиг бууруулъя гэвэл ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах хэрэгтэй гэдэг. Гэтэл олон эмэгтэй одоо ч 30+ хэмийн халуунд нейлон материалтай трико өмсч байна. Угтаа бол барууны хэв маягаар хувцаславал хүмүүст илүү амар. Барууны хувцас өмсөхийг эсэргүүцдэг хэв маягаа япончууд "өв уламжлал" гэсэн нийтлэг тайлбараар хамгаалдаг.

Цаг хугацааны явцад Японы уур амьсгал, өдөр тутмын амьдралд зориулан хөгжүүлсэн юката зэрэг хувцаснууд баяр наадам, ёслол болон онцгой арга хэмжээний хүрээнд л шахагдан үлджээ. Ажил олгогчид үнэхээр тав тух, эрчим хүчний хэмнэлтийг хүсч байгаа бол, япон уламжлалаа үнэхээр хадгалж үлдэхийг хүсдэг бол юкатаг зуны оффис хувцаслалт болгох нь зөв санаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж