БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. 2025 оны гуравдугаар сарын 27-нд шав тавьснаас хойш бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж байгаа бөгөөд анх төлөвлөж байсан хугацаанаас бага зэрэг хойшлон 2026 оны есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Төслийн хэрэгжилтийн талаар тус номын сангийн захирал Д.Индрагаас тодруулахад, барилгын гадна ажлууд үндсэндээ дуусаж, одоогоор дотор заслын болон инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байгааг онцоллоо. Анх 2026 оны зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч бохирын шугам болон бусад инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажлууд, мөн дотор заслын ажлууд хойшилсноос шалтгаалан ашиглалтад орох хугацаа өөрчлөгджээ.
Шинээр баригдаж буй дөрвөн давхар, 2500 ам метр талбай бүхий энэхүү номын сангийн хамгийн том онцлог нь хүртээмжтэй орчин юм. Давхар бүрд тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, орох гарах гарц, хөдөлгөөнд саадгүй орчны шийдлүүдийг тусгасан байна. Түүнчлэн харааны болон сонсголын бэрхшээлтэй, онцгой хэрэгцээтэй иргэдэд зориулсан тусгайлсан өрөө гаргахын оронд бусад уншигчдын адил бүх үйлчилгээг тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарчээ.

1-Р ДАВХРЫГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН ТОХИЖУУЛЖЭЭ
Номын сангийн давхар бүр өөр өөр зориулалттай байх аж. Нэгдүгээр давхрыг бүхэлд нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан тохижуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ ирж үлгэр унших, номтой танилцах, соёлын үйлчилгээ авах боломжтой орчин бүрдэх юм. Хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон тавилга, уншлагын булан, тоглоомын хэлбэртэй суудлуудыг байрлуулахаар төлөвлөжээ.
Харин хоёрдугаар давхарт бүх нийтийн уншлагын танхим ажиллах бол гуравдугаар давхарт дижитал буюу цахим уншлагын танхим байрлана. Энэхүү хэсэгт цахим ном унших, компьютер ашиглах, хүүхэд залуучуудад зориулсан кино үзвэр, видео үйлчилгээ болон бусад цахим үйлчилгээг үзүүлэх юм.
Мөн мини кино театрын зориулалттай хэсэг байгуулж, хүүхэд залуучуудын боловсрол, соёлын хэрэгцээнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Харин дөрөвдүгээр давхарт сургалт, хөтөлбөрийн өрөөнүүд ажиллах бөгөөд зөвхөн ном уншихаас гадна соёл, урлаг, боловсролын чиглэлийн сургалт, арга хэмжээ, уулзалт, хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй зохион байгуулах зорилготой аж. Үүнтэй холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлыг номын сангаа албан ёсоор хүлээн авсны дараа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Шинэ барилга нь одоогийн Нийтийн төв номын сангийн өргөтгөл хэлбэрээр ажиллах тул одоо ашиглаж байгаа уншигчийн карт хүчинтэй хэвээр байх аж.
Өөрөөр хэлбэл, өмнө нь номын сангийн карттай байсан иргэд шинэ байранд нэмэлт бүртгэлгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Харин шинээр уншигч болох иргэд нэг картаар Нийтийн төв номын сан болон нийслэлийн бусад салбар номын сангуудаар үйлчлүүлэх боломжтой юм.














ЗОХИОЛЧИД БОЛОН ИРГЭДЭЭС НОМ ХАНДИВЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Сан хөмрөгийн хувьд шинэ номын санг илүү баялаг номын цуглуулгатайгаар нээх зорилт тавьжээ. Төсвийн хүрэлцээ хязгаарлагдмал учраас олон мянган шинэ номыг шууд худалдан авах боломжгүй боловч одоо байгаа нөөц сангаа ашиглахын зэрэгцээ хэвлэлийн компаниуд, зохиолчид, эрдэмтэн судлаачид болон иргэдээс ном хандивлуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлийн бүтээлүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ажээ.
Шинэ номын сан ашиглалтад орсны дараа долоо хоногийн долоон өдөр өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байна.
Олон нийтийн зүгээс номын санг 24 цагаар ажиллуулах хүсэлт түгээмэл байдаг ч хүний нөөц болон аюулгүй байдлын шалтгаанаар нийтийн номын сангуудыг тасралтгүй ажиллуулах боломж хязгаарлагдмал байдаг талаар албаныхан тайлбарлав. Өмнө нь 24 цагийн үйлчилгээ туршиж үзэхэд согтуугаар үйлчлүүлэх, зориулалтын бусаар ашиглах зэрэг хүндрэлүүд гарч байжээ.
Мөн номын сангийн тухай хуульд заасны дагуу номын дэлгүүр ажиллуулах боломжтой бөгөөд уншигчдад зориулсан кофе, цай, хөнгөн хоолны үйлчилгээ үзүүлэх хэсгийг номын сан өөрөө хариуцан ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Үүнээс гадна дөрвөн давхарын бүх хэсэгт үнэгүй интернэт ашиглах боломж бүрдэх бөгөөд гуравдугаар давхрын цахим уншлагын танхимд компьютер болон интернетийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Одоогийн байдлаар Нийтийн төв номын сангийн салбаруудаар хамгийн идэвхтэй үйлчлүүлдэг бүлэг нь оюутан залуус байна. Харин бага насны хүүхдүүд эцэг эхийн хамт ирж төрөл бүрийн хөтөлбөрт хамрагддаг бол ахмад настнууд мөн тогтмол үйлчлүүлдэг аж. Түүнчлэн тус номын сан нь Монгол Улсад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ тогтмол үзүүлдэг цөөн байгууллагын нэг бөгөөд NVDA дэлгэц уншигч, монгол брайль сан хөмрөг зэрэг тусгай үйлчилгээг олон жилийн турш хөгжүүлэн ажиллаж байна.
Шинэ номын сан бүрэн ашиглалтад орсноор өдөрт дунджаар 300-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд цаашид ачаалал нэмэгдэхийн хэрээр хүний нөөцөө сургаж бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Номын санчийн мэргэжлийн хүний нөөцийн хувьд улс хэмжээнд тодорхой хэмжээний дутагдалтай байгаа ч одоо ажиллаж буй боловсон хүчнээ чадавхжуулах, мөн монгол хэл, уран зохиол, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдийг давтан сургаж ажиллуулах бодлого баримталж байгаа аж.
Төслийн санаачилга анх 2019 онд боловсруулагдаж байсан бөгөөд өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж буй нь номын сангийн хамт олны хувьд томоохон амжилт болж байна. Энэхүү барилга нь зөвхөн дөрвөн давхар номын сан бус, харин хүүхэд залуус, гэр бүлүүд, оюутан сурагчид, ахмад настнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх соёлын төв болох зорилготой юм.
Барилгын ажлыг БНСУ-ын Соёлын яамны ODA төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд тендер нь БНСУ-д зарлагдан, Солонгосын “Moo Young” компани үндсэн гүйцэтгэгчээр шалгарчээ. Харин Монголын “Молор” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд ашиглалтад орсноос хойш эхний гурван жилийн хугацаанд барилгын чанар, баталгаат засвар үйлчилгээний асуудлыг хариуцах юм.
Ингэснээр Улаанбаатар хот удахгүй олон улсын жишигт нийцсэн, хүртээмжтэй, орчин үеийн шинэ номын сантай болж, иргэдийн боловсрол, соёлын хэрэгцээг хангах шинэ төвтэй болох гэж байна.




















ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,576.26






















































Зочин 2026-06-03 66.181.183.209
Ийм гоё номын сантай болж байгаад үнэхээр их баярлаж байнаа. Амралтын өдөр ч гэсэн орой 8 хүртэл ажилладаг бол бүр гоё.
Нэргүй 2026-06-03 103.10.21.28
gamtai bgaarai peezniduud
Нэргүй 2026-06-03 202.126.89.92
ашгүй хүүхэд очиж хичээл хийх газартай болж байгаам байна
Dalai 2026-06-03 66.181.178.17
ugluu 6,7d needeg boloosoi. ajlaasaa umnu ochij suuh huseltei humuus zunduu bgaa bha, ajliin tsagaar neegeed haachihaar zunvhun amraltiin udur ochih hereg garna.
Нэргүй 2026-06-03 202.126.90.79
Ажлын цагийг 7 юм уу 8-с орой 9 юм уу 10 хүртэл байвал гоё юм даа.
зочин 2026-06-03 124.158.105.2
70115704 утас руу залгаж ном хандивлахаа асуугаарай
Нэргүй 2026-06-03 72.229.161.235
Bravo Ajil baina. Bayar hurgeye.
Cochin 2026-06-03 72.229.161.235
Bravo Ajil baina. Bayar hurgey.
З 2026-06-03 202.9.46.33
шинжлэх ухааны ном хандивлая. ямар дугаарт хандах вэ
Нэргүй 2026-06-03 202.9.46.33
шинжлэх ухааны ном хандивлая. ямар утасны дугаарт хандах вэ