Ажлын байрыг нэгдүгээрт тавьсан бодлого

Ажлын байрыг нэгдүгээрт тавьсан бодлого

Ажлын байрыг нэгдүгээрт тавьсан бодлого

Жером Пауэлл АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүний албан тушаалаасаа найман жилийн дараа өнгөрсөн сард буусан. Түүнийг 2018 онд албан тушаалаа авах үед АНУ-ын инфляц болон хүүгийн түвшин хэт бага, мөн хангалттай олон хүн ажилгүй байгаад эдийн засагчид санаа зовж байв. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Тэгвэл "NEWS" агентлагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа Пауэлл Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажилласан хугацаанд болсон онцлох үйл явдлуудийг хүргэж байна.


"Covid-19" цар тахлын дараа инфляц огцом өсөж, Холбооны нөөцийн сангийн зорилтот хоёр хувийн түвшнээс таван жил гаруйн хугацаанд өндөр хэвээр байна. Ингэснээр орон сууцны түрээс, автомашин, хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд дарамт болсон юм. Инфляцыг бууруулахын тулд Холбооны нөөцийн сан 2023 онд бодлогын хүүгээ сүүлийн хорь орчим жилийн хамгийн өндөр түвшинд хүргэж нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин сүүлийн 50 жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Пауэлл албан тушаал хаших хугацаандаа ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлийг хэдэнтэй хүртсэн. Гэсэн хэдий ч тус улсын олон эдийн засагт Пауэллын удирдах арга барил, чадварыг цар тахал, өндөр инфляц болон улс төрийн дарамтаар тодорхойлогдсон хүнд үед амжилттай байсан хэмээн үнэлжээ. Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач Дэвид Уилкокс хэлэхдээ, Пауэлл маш хүнд нөхцөлд өндөр түвшинд ажилласан бөгөөд АНУ ийм удирдагчтай байсан нь азтай хэрэг гэж онцолсон байна.

73 настай Пауэлл өмнөх олон Холбооны нөөцийн сангийн тэргүүнээс ялгаатай нь мэргэжлийн эдийн засагч биш юм. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд санхүүгийн салбарт ажиллаж байгаад 2012 онд Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлд томилогдож байжээ. Даруухан зан чанараараа танигдсан тэрбээр өөрийгөө ихэвчлэн “Жэй” хэмээн танилцуулдаг бөгөөд гитар тоглох дуртай нэгэн юм. Түүний өвийг эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулсан болон Холбооны нөөцийн санг улс төрийн нөлөөллөөс хэр зэрэг хамгаалж чадсанаар нь үнэлэх төлөвтэй байна.

ИНФЛЯЦ ТҮР ЗУУРЫНХ БИШ

Пауэллын Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажилласан хугацаанд учирсан хамгийн том сорилтуудын нэг нь "Covid-19" цар тахлын дараах инфляцын огцом өсөлт байв. Тодруулбал, инфляц 2022 оны зургаадугаар сард 9.1 хувьд хүрч, сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд очсон юм. Цар тахлаас өмнөх үетэй харьцуулахад АНУ дахь бараа, үйлчилгээний нийт үнэ дунджаар 27 хувиар өссөн байна. Харин цар тахлаас өмнөх зургаан жилийн хугацаанд үнэ ердөө 10 хувиар өсөж байжээ. Тухайн үед хүнсний бүтээгдэхүүний үнэ ч мөн мэдэгдэхүйц нэмэгдсэн. Хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүний үнэ зургаан жилийн өмнөхөөсөө ойролцоогоор 30 хувиар өссөн байв. Харин цар тахлын өмнөх зургаан жилд ердөө 3.6 хувиар нэмэгдэж байсан юм.

Эхэндээ Пауэлл, Холбооны нөөцийн сангийн бусад албан тушаалтнууд болон олон эдийн засагч инфляцын өсөлтийг түр зуурын үзэгдэл гэж үзэж байв. Тэдний үзэж байснаар цар тахлын улмаас үүссэн нийлүүлэлтийн сүлжээний доголдол үнийн өсөлтийг өдөөсөн аж. Эл үед "Covid-19"-ийн хөл хорио дэлхийн олон орны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, боомтуудын ажлыг удаашруулсан нь нийлүүлэлтийн асуудал үүсгэсэн юм.

Инфляц 2021 онд Холбооны нөөцийн сангийн зорилтот хоёр хувийн түвшнээс хамаагүй давсан ч төв банк 2022 оны гуравдугаар сар хүртэл бодлогын хүүгээ бараг тэг түвшинд хадгалжээ. Тухайн үед инфляц Холбооны нөөцийн сангийн ашигладаг гол үзүүлэлтээр 6.9 хувьд хүрсэн байв. Холбооны нөөцийн сан хүүгээ нэмэхийг хойшлуулсан нь нийлүүлэлтийн хүндрэл арилмагц инфляц өөрөө буурна гэсэн олон бодлого боловсруулагчдын итгэлтэй холбоотой байлаа. Мөн хүүг хэт эрт өсгөвөл эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байсан юм. Гэвч инфляц хүлээлтээс удаан хугацаанд өндөр хэвээр үлдсэн тул Холбооны нөөцийн сан дараа нь хүүгээ эрчимтэй нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон байна.

ИНФЛЯЦЫГ ДУТУУ ҮНЭЛСЭН ГЭЖ ШҮҮМЖЛҮҮЛСЭН Ч ДАРАА НЬ БУУРУУЛЖ ЧАДЖЭЭ

"Covid-19"-ийн үеэр болон түүнээс хойш Дональд Трамп, Жо Байдены засаг захиргаанууд эдийн засгийг дэмжих зорилгоор нийтдээ ойролцоогоор таван их наяд ам.долларын төсвийн зарцуулалт хийсэн байна. Үүнд иргэдэд олгосон мөнгөн дэмжлэг, жижиг бизнесүүдэд үзүүлсэн тусламж болон бусад хөтөлбөрүүд багтжээ. Ийнхүү эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлэгдсэнээр хэрэглэгчдийн эрэлт эрс өссөн боловч дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ энэ эрэлтийг хангаж чадахгүй байсан. Улмаар бараа, үйлчилгээний үнэ огцом нэмэгдсэн байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэт удаан хугацаанд бараг тэг түвшинд хадгалснаар нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тэд төв банк инфляцын өсөлт хэр хүчтэй, хэр удаан үргэлжлэхийг буруу үнэлсэн гэж шүүмжилж байв.

Инфляц орон сууцны түрээс зэрэг эдийн засгийн бусад салбарт тархаж, америкчууд үнийн өсөлт удаан үргэлжилнэ гэж санаа зовж эхлэх үед Холбооны нөөцийн сангийн тэргүүн Пауэлл бодлогоо өөрчилсөн байна. Тэрбээр инфляцыг тогтворжуулахын тулд 1980-аад оны эхэн үеэс хойших хамгийн эрчимтэй хүүгийн өсөлтийг удирдан хэрэгжүүлжээ. Олон эдийн засагч инфляцыг бууруулахын тулд эдийн засаг заавал уналтад орж, ажилгүйдэл огцом нэмэгдэх шаардлагатай гэж болгоомжилж байсан. Гэвч тийм зүйл болсонгүй. Холбооны нөөцийн сангийн ашигладаг гол үзүүлэлтээр инфляц 2024 оны есдүгээр сар гэхэд 2.3 хувьд хүрч буурсан нь зорилтот хоёр хувийн түвшинд тун ойртсон үзүүлэлт байв.

Инфляцыг эдийн засгийн томоохон уналтгүйгээр бууруулж чадсан нь эдийн засагчдын хэлдэг “зөөлөн газардуулалт” (soft landing)-ыг хэрэгжүүлж чадсан амжилт гэж олон шинжээч үздэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг харьцангуй тогтвортой хадгалсан хэвээр инфляцыг намжааж чадсан гэсэн үг юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн хүрээний шинэ тарифууд нэвтрүүлсний дараа инфляц дахин өссөн нь харамсалтай.

ПАУЭЛЛ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙВ

Пауэлл Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн үедээ инфляцтай тэмцэхээс илүүтэйгээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, илүү олон америк хүнийг ажилтай болгоход анхаарч байв. "Covid-19"-өөс өмнө Пауэлл ажилгүйдэл бага байх нь ялангуяа бага орлоготой болон эмзэг бүлгийн иргэдэд ямар ач холбогдолтой болохыг байнга онцолдог байсан. Энэхүү байр суурь нь олон эдийн засагчийг дэмжлэгийг авахад туслажээ. Гэсэн хэдий ч зарим шүүмжлэгчид Холбооны нөөцийн сан ажил эрхлэлтийг хэт чухалчилсны улмаас цар тахлын дараах инфляцын өсөлтөд оройтож хариу арга хэмжээ авсан гэж үздэг. Тухайлбал, 2021 оны наймдугаар сард Пауэлл ажилгүйдлийн түвшин 5.4 хувь байгаа нь бодлогын хүүг эрт нэмэхгүй байх шалтгаан гэж мэдэгдэж байсан юм.

Харин олон эдийн засагч түүний энэ бодлогыг хамгаалдаг. Тэдний үзэж байгаагаар цар тахлаас өмнө ажилгүйдэл тогтмол буурч байсан. Гэвч инфляц өсөх шинж тэмдэг ажиглагдаагүй тул хүүг нэмэх шаардлага байгаагүй аж. Холбооны нөөцийн сангийн эдийн засагчаар ажиллаж байсан Жулиа Коронадо тухайн үед инфляц ноцтой асуудал болж хувирах шинж тэмдэг байгаагүй учраас Пауэлл зээлийн өртгийг бага түвшинд хадгалсан нь зөв шийдвэр байсан гэж үздэг. Пауэллыг дэмжигчид түүний энэхүү бодлого хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлж, цар тахлаас өмнө илүү олон хүнд ажил олох боломжийг бүрдүүлсэн гэж үнэлдэг билээ.

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАМГААЛСАН НЬ

Пауэлл Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлийг олон удаа хүртэж байв. Хамгийн тод мөчүүдийн нэг нь өнгөрсөн долдугаар сард болсон үйл явдал юм. Тэр үед Трамптай хамт Пауэлл Холбооны нөөцийн сангийн байранд хийгдэж буй 2.5 тэрбум ам.долларын өртөгтэй засварын талбай дээр каск өмссөн байдалтай камерын өмнө зогсож байжээ.

Трамп уг төслийн өртөг 3.1 тэрбум ам.доллар болно гэж мэдэгдэн зардлын жагсаалт бүхий бичиг Пауэллд үзүүлсэн байна. Харин Пауэлл нүдний шилээ зүүж, тайван байдлаар тухайн тооцоонд аль хэдийн засварлагдсан гурав дахь барилгын зардлыг оруулсан байгааг тайлбарлан ерөнхийлөгчийг камерын өмнө алдаа гаргасан байсныг илчилсэн юм. Энэ үйл явдал Пауэллын улс төрийн дарамтад бууж өгөлгүй, эсэргүүцэн зогсож чаддаг байдлыг харуулсан гэж олон нийт үздэг.

Эдийн засагчдын үзэж байгаагаар Холбооны нөөцийн сан бие даасан байх нь маш чухал. Учир нь төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх зэрэг улс төрчдөд таалагдахгүй, хүнд шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болдог. Пауэлл мөн Конгрессын гишүүдтэй сайн харилцаа тогтоохыг хичээж ирсэн. Судалгаанд дурдснаар, тэрбээр өмнөх хоёр тэргүүнээсээ хоёр дахин илүү удаа сенатчидтай уулздаг байсан. Пауэллын зарим бодлогын шийдвэрийг шүүмжилдэг хүмүүс ч хүртэл түүнийг төв банкны хараат бус байдлыг хамгаалж байсныг сайшаадаг. Холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн асан Дон Кон хэлэхдээ, энэ нь Пауэллын хамгийн чухал амжилтуудын нэг бөгөөд хараат бус төв банк нь улсын эдийн засгийн тогтвортой байдалд зайлшгүй хэрэгтэй зүйл гэж онцолжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж