"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт цаг үеийн болон асуудал хөндсөн ярилцлага өгсөн зочдынхоо ярилцлагыг дахин тоймлон хүргэж байна.

АН-ын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн З.Нарантуяатай Татварын хуулиудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.
-Эрх баригч нам, Ерөнхий сайдын зүгээс “Чөлөөлье” гэдэг шошготой Татварын багц хуулийн төсөл санаачиллаа. Хуулийн төсөлд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа вэ?
-Эрх баригч намаас бизнесийн орчныг сайжруулах, жинхэнэ бизнес эрхлэгчдээ төрийн дарамтаас чөлөөлье гэдэг яриа, зорилго ярьдаг. Энэ нь бодит байдал дээр эсэргээрээ хэрэгждэг. МАН өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барьж байна. Татвар нэмэхгүй, бизнесийн дарамтаас чөлөөлнө гэсэн. Гэтэл 10 жилийн дараа, өнөөдөр дахиад л чөлөөлье гэдэг зүйл яриад сууж байна. Анх 2016 онд Засгийн газар байгуулахдаа, бүх төрлийн татварыг нэмэхгүй гэсэн. Одоо бүх төрлийн татвар нэмэгдсэн. Ярьсан, амласан зүйлс нь бүгд эсрэгээрээ хэрэгжсэн. Өнөөдөр гэнэт бүх зүйлийг чөлөөлье гэхээр логикийн хувьд авцалдахгүй байна. Эхлээд татварын нөхцөл байдал хэр байгааг ярих хэрэгтэй. Үнэхээр хүнд байгаа. Аж ахуйн нэгжүүд орлогын албан татвар, ажилчид нь Хувь хүний орлогын албан татвар төлдөг. Аж ахуйн нэгж, ажилтан аль аль нь НӨАТ төлж байгаа. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл гэж татвар шиг том дарамт бий болсон. Нийгмийн даатгалын шимтгэл өнөөдөр үндсэн татварын хэлбэртэй болсон. Татварын орчныг шинэчилье, бизнесийн орчноо сайруулъя гэж байгаа бол цогцоор авч үзэх ёстой. Засгийн газрын санаачилсан Татварын багц хуулийн төсөлд цогцоор нь чөлөөлье, өөрчилт хийе гэсэн зохицуулалт байхгүй. Жижиг сажиг өнгө засал төдий өөрчлөлт агуулсан байгаа. Уг нь эдийн засгийн гадаад орчин шокийн байдалтай, дотоодын бодит эдийн засагт хамгийн өндөр дарамт үзүүлдэг эрчим хүч, шатахууны түлш гэсэн суурь үнэ өсөх хандлагатай байгаа энэ цаг үед татвараа бууруулж бизнесийн орчноо дэмжих боломж бий.
-Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтийг санаачлагчдын зүгээс Хувь хүний орлогын албан татварыг бууруулна, жижиг болон дунд бизнесийн дарамтыг чөлөөлнө гэх мэтчилэн сурталчилж байна. Тэдгээр нь ямар үр дүн авчрах бол?
-Жижиг, дунд бизнесийг дэмжинэ гэж байгаа. Жижиг, дунд бизнес өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрчээр хөл дээрээ босох, цаашлаад экспортлогч, өрсөлдөх чадвартай болно гэдэг олон хүчин зүйлсээс шалтгаадаг. Хамгийн гол нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг авч явдаг том бизнес, том төслүүдийн нийлүүлэлтийн сүлжээ байх ёстой. Монгол шиг тээвэр ложистикийн өртөг өндөртэй бизнесийн орчинд бие даан хөгжинө гэдэг маш хэцүү. Манай орны нөхцөл өөрөө том бизнесийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх онцлогтой. Өнөөдөр уул уурхайн салбарт л том төсөл хэрэгжиж байгаа. Жижиг, дунд бэлтгэн нийлүүлэлчид уул уурхайн салбарыг түшиглэн ажиллаж байна. Тиймээс зөвхөн жижиг гэж онцлоод, том бизнесүүдээ хаяж болохгүй. Татварын бодлого өөрөө аж ахуйн нэгжүүдээ томрох бус жижиглэх шахаанд оруулдаг байж болохгүй. Аль болох бизнесүүдийг томруулах чиглэлд дэмждэг байх ёстой. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг авч үзэхэд, энэ мэтээр бодлогын шинжтэй, зарчмын өөрчлөлт оруулсан заалт их ховор. Татварын ерөнхий хууль дээр хоёр зүйл оруулсан. Нэгдүгээрт, хувь хүн, аж ажуйн нэгжийн татварын өр төлбөрийг дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд шууд суутгал 100 хувь байсныг өөрчилж, орлогын 80 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт орсон. Дансны орлогоос 20 хувийг нь үлдээгээд, 80 хувийг нь өрөнд суутгаж авсаар байна гэсэн үг. Хоёрдугаарт, Татварын ерөнхий хууль дээр татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшин гэдэг тодорхой үзүүлэлтүүдээр үнэлдэг шинэ шалгуур оруулж ирсэн. Энэ шалгуураар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татварыг төлөх хугацааг сайнаас дээш үзүүлэлтээр хангавал, татвар төлөх хугацааг нь сунгах тухай асуудал байгаа. Татвар төлөлтийн хугацааг 1-2 сар сунгахын тулд дахин нэг хүнд суртлын шат дамжлага нээж өгч байгаа нь хэрэггүй санагдаж байгаа. Хувь хүний орлогын албан татвар дээр 1 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол хүсэлт гаргаж, албан татвар ногдох орлогоо тодорхойлуулах боломжтой болж байгаа. Мөн хувь хүнийг жилийн цалингийн орлого нь 9,504,000 хүртэлх төгрөг бол Хувь хүний орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх өөрчлөлт багтсан. Энэ хоёр заалт татвар төлөгчид нааштай, хөнгөлөлт үзүүлэх дэвшил болохоор харагдаж байгаа.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2868900/ линкээр нэвтэрч унших боломжтой.
“Цаас зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Орон сууцны залилангийн асуудал газар авч, хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар яригдаж байна. Энэ асуудалд УИХ-аас анхаарч, Өргөдлийн байнгын хорооноос хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ажлын хэсэг байгууллаа. Хэдийгээр Ажлын хэсэг байгуулсан ч хохирсон иргэдийн асуудлыг шийдэж чадах болов уу?
-Бид орон сууцны залилангийн асуудлыг хоёр хувааж, харж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин хийдэлтэй байгаа учраас барилгын салбарт хүний итгэл дээр тулгуурласан залилан маш их гаарлаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарна. Ингэхийн тулд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард иргэдээс саналуудаа авч, хэлэлцүүлэг хийж, хууль санаачлагчид ийм саналууд тусгах шаардлагатай гэдэг хүсэлтээ хүргүүлсэн.
Хоёрт, одоо хохирсон иргэдэд төр юу хийж чадах вэ. Улсын бүртгэл нь, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон сууцны асуудал нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яаман дээрээ байдаг учраас хариуцах эзэнгүй үлдсэнээс иргэд олноор хохирч байна. Ийм нөхцөл байдалд хүргэсэн юм чинь одоо иргэдийнхээ асуудлыг чадах чинээгээрээ шийдэх ёстой. Мэдээж бүх асуудлыг 100 хувь шийдэж чадах эсэх дээр итгэлгүй байна. Яагаад гэвэл бидэнд хандсан өргөдлийн зарим нь анхнаасаа залилан хийх зорилгоор иргэдэд цаас үзүүлж, их хэмжээний мөнгө авч, гадаад руу зугтсан хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайгаад, гадаад руу явсан бол яах вэ. Эсвэл төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд нь байгаа мөртлөө санхүүгийн хүндрэлд орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айлуудын газрыг чөлөөлж, барилга барьчихаад олон жил гацаж, царцсан гэдэг тайлбарыг өгдөг. Тиймээс хохирсон иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлж, орон байртай болгох нөхцөлийг бүрдүүлэх шийдлийг гаргаж болно.
Төрөөс энэ асуудалд анхаарч, нэгэнт ийм болсон нөхцөл байдлыг хамгийн бага хохиролтой байлгах үүднээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарахаар хянан шалгах үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа.
Өргөдлийн байнгын хороо иргэдийн санал гомдолд тулгуурлаж, мэдээж хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч, ажиллана. Мөн орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газарт шахалт үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцүүлэгт цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын төлөөлөл ирж, оролцлоо. Иргэдийн зүгээс цагдаа, шүүхийн байгууллагаар олон жил явж, байцаагч нь байнга өөрчлөгддөг гээд хүнд суртал их байгааг хэлж байсан. Тиймээс иргэдийн асуудлыг ямар нэгэн хүнд сурталгүйгээр хурдан шуурхай шийдэж өгөхийг иргэдийн төлөөлөл болж байгаа УИХ-ын гишүүдийн хувьд шахаж, шаардаж ажиллана.
-Салбар яамнаас барилгын компаниуд орон сууцны захиалга авах тал дээр хуулийн зохицуулалтгүй, албан ёсны тоон статистик байхгүй гэдгийг хэлж байна. Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байдаг юм билээ. Тус холбооноос байртай болохоор залилуулсан иргэдийн тоо улсын хэмжээнд албан бусаар 70 мянгад хүрсэн гэж мэдээлж байсан. Хэдий албан бус тоо ч энэ бага тоо биш шүү дээ?
-Манай Өргөдлийн байнгын хороонд 12 багц төсөлтэй холбоотой 600 гаруй иргэний өргөдөл ирсэн. Бид энэ бүх гомдлыг судалж байна. Барилгын ажлаа хийх явцдаа санхүүжилтгүй зогссон юм уу эсвэл ухсан нүх, зураг үзүүлээд иргэдээс их хэмжээний мөнгө аваад, алга болсон асуудал ч байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллага дээр залилангийн гэмт хэргийн олон кейс бүртгэгдсэн.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоонд 55 төсөл хөтөлбөртэй холбоотой хохирсон иргэдийн гомдол санал ирүүлсэн байна.
Тэдний ар гэрийнхнийг нь нэмж тооцвол олон мянган иргэн орон гэргүй болж, амь амьдралаараа хохирсон. Бидний судалсан 12 төслийн 600 гаруй иргэд өөр өөр нөхцөл байдалтай хохирсон байна. Бид төсөл болгон дээр нь ямар дэмжлэг, шахалт үзүүлснээр иргэдийн эрх ашгийг илүү хамгаалах вэ гэдэг дээр санал дүгнэлт гаргаж ажиллана. Цаашид ийм нөхцөл байдал гаргахгүйн төлөө хууль эрх зүйн орчноо хурдан сайжруулахгүй бол өдийг хүртэл ярьсаар байгаад 10 гаруй жил болж, иргэд нэмж хохирсоор байна.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2868255/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Бамбарууш кафе" дэлгүүр болж, кино театр нь Хөрөнгийн бирж болсон"

Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяртай хүүхдийн гэх тодотголтой барилга байгууламж, хотын гудамж талбайн талаар ярилцлаа.
-Орчин цагийн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт барилга байгууламж тэр дундаа хүүхдийн гэх тодотголтой орон зай устаж, үгүй болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдэд зориулсан хэдэн барилга байгууламж үлдсэн бэ?
-Ер нь социализмын нийгэмд Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан барилга байгууламж, ялангуяа соёл урлагийн үйлчилгээг идэвхтэй явуулж байсан. Үүний нэг томоохон жишээ нь Хүүхдийн ба баримтат кино театр гэх барилга. Одоо энэ нь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн урд талд байрладаг христийн сүм болсон. Анх 1914, 1915 онд баригдаж, 1921 онд Улсын их дэлгүүр болж байсан бол 1934 онд Ард кино театр, 1966 онд Хүүхдийн ба баримтат кино театр байгуулагдсан. Мөн 1948 онд Монгол Улсад анх удаагаа хүүхдийн "Элдэв-Очир" кино театртай болж байлаа. Энэ барилга нь одоогийн Хөрөнгийн бирж юм. Монгол Улсад кино театрын зориулалттай баригдсан неоклассик, орчин цагийн анхны барилга гэдгээрээ онцлог. Үүний дараагаар бидний маш сайн мэдэх "Бамбарууш кафе"-г байгуулсан.
Энэ кафены барилгыг 1968 онд Монголын хамгийн анхны архитектор Б.Чимид гэдэг хүний зураг төслөөр барьсан.
Анхны зориулалт нь "Хоршоолол" гэдэг нэртэй уушийн газар байсан бөгөөд хотын иргэд "Дугуй цагаан", "Босоо цагаан" гэж нэрлэдэг байсан. Үүний дараа "Хоршоолол" нэрийг нь "Сааль" болгон өөрчилсөн. Ингэснээр нийслэлчүүдэд малын цагаан идээгээр үйлчилдэг газар болсон. Ингээд 1984 онд олон улсын хүүхдийн жил болж, энд зориулаад Хүүхдийн төв комиссын шийдвэрээр хүүхдэд зориулсан "Бамбарууш кафе" болгосон юм. Яагаад "Бамбарууш" гэж нэрлэсэн бэ гэхээр 1980 онд ОХУ-ын нийслэл Москвад олимп болж, олимпийн бэлгэдэл "Миша" баавгайнаас санаа авч нэрлэсэн. Хоёрт, тухайн үеийн Пионерын удирдагч Ч.Цэрэндулам гэж хүн энэ кафед зориулан маш том бамбарууш бэлэглэснийг дотор нь байршуулснаар хүүхдүүдийн очих дуртай газрын үзмэр болсон байдаг.
Ингээд энэ кафе нь хүүхдэд зориулсан 200 орчим төрлийн хоол, хөнгөн зуушаар үйлчилдэг болсон. Тэнд хүүхдүүд төрсөн өдөр, баяраа тэмдэглэдэг байсан. Өөрөөр хэлбэл, 1984 оноос эхлэн 1990-ээд оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад "Эвсэг" кашмер компанид хувьчлагдсан түүхтэй. Энэ барилга нь хүүхдүүдийн бага насны дурсамжтай холбоотой нэгэн чухал газар байсан юм. Улаанбаатар хотод төрж, өссөн 1980-иад оны хүүхдүүд тэр кафег сайн мэддэг, үйлчлүүлдэг байжээ. Ингээд харахаар өнөөдөр Улаанбаатарт хүүхдийн гэж тодотгох барилга байгууламж цөөрсөн. Хүмүүсийн сайн мэддэгээр Хүүхдийн парк буюу Соёл амралтын хүрээлэн, "Найрамдал" олон улсын зуслан зэрэг тун цөөн үлдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл 1990-ээд онд ардчилсан нийгэм рүү шилжихдээ ялангуяа хүүхдэд зориулсан барилга байгууламжуудаа хувьчилж, зориулалтыг нь өөрчилж, устгасан.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2869522/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
3,576.03





















































Холбоотой мэдээ