Шатарчид багаараа дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Шатарчид багаараа дэлхийн аварга боллоо

Швейцарийн Цюрих хотноо энэ сарын 5-12-ны хооронд үргэлжилсэн шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид багийн дүнгээр түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн таатай мэдээ ирлээ. Өмнө нь хоёр удаа багаараа хүрэл медаль хүртэж байсан Монголын шатарчид ийнхүү энэ жилийн оюутны дэлхийн аваргад тун амжилттай оролцож, багийн дүнгээр Гүржийн хүчирхэг багийг ардаа орхин, түрүүлсэн байна.

Б.Гүндаваа, Г.Эрдэнэ, Г.Мөнхгал, Г.Оргил нарын эрэгтэйчүүд, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Янжиндулам, У.Лхамсүрэн нарын эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцсон манай шатарчид нийт 19 оноотой болсноор 0,5 онооны зөрүүгээр Гүржийн багаас илүү байж, дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Харин гуравдугаар байрт ОХУ-ын шатарчид шалгарсан байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Б.Мөнгөнтуул долоон оноогоор түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон байгаа. Тэмцээн эхлэхэд чансаагаараа тэргүүнд бичигдээд байсан Б.Мөнгөнтуул сүүлийн буюу ес дэх өргийн өмнө 0,5 онооны давуу байсан юм. Улмаар сүүлийн тоглолтод Индонезийн шатарчинтай цагаанаар тоглож, хожсоноор алтан медалийн эзэн болсон.

Манай бусад шатарчдын амжилтын тухайд эмэгтэйчүүдээс Т.Батчимэг наймдугаарт, У.Лхамсүрэн 15-рт, Д.Янжиндулам 18-р байрт тус тус бичигдсэн бол эрэгтэйчүүдээс Б.Гүндаваа дөрөвдүгээр байрт, Г.Мөнхгал 23-рт, Г.Эрдэнэ 36-рт, Г.Оргил 55-рт тус тус бичигджээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж