Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Жүдо бөхийн өлгий Японы Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Харин манай улсаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй долоон жүдоч өнөөдөр дэлхийн аваргын татамид зодоглоно. Тодруулбал, Д.Төмөрхүлэг /60 кг/, Д.Амартүвшин /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/, М.Бундмаа /52/ нар өрсөлдөх юм.

Барилдаан Монголын цагаар өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 66 кг-ын жинд дэлхийн номер нэг жүдоч Х.Цагаанбаатар эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар хоёрдугаар тойрогт Пакистаны бөх Айатуллаг цэвэр ялснаар дэлхийн аваргын эхний ялалтаа авчээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Гүржийн жүдоч Шалва Кардава байх юм. Мөн тус жинд өрсөлдөж буй С.Мияарагчаа эхний тойрогт мөн хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Унгарын бөх Жолт Горянашийг цэвэр ялсан байна. Тэрбээр дараагийн тойрогт Австрийн бөхтэй барилдах юм. Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 74 жүдоч өрсөлдөж байна.

Харин 60 кг-ын жинд 72 жүдоч зодоглож байгаагаас манай тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Молдавын бөх Октавиан Накуг вазари үнэлгээгээр ялснаар дараагийн барилдаанаа Францын бөх Софиане Милоутай хийхээр болсон байна. Мөн тус жинд өрсөлдөж буй залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг вазари үнэлгээгээр Голландын бөх Ероен Мууренд ялагдсан байна.

Манай эмэгтэй жүдочдын тухайд 48 кг-д Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн барилдаанаа АНУ-ын жүдоч Анн Шираишитэй хийж, цэвэр ялсан бол М.Уранцэцэг мөн эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Японы бөх Томоко Фукумитэй барилдаж, цаг дуусах мөчид цэвэр ялагджээ. Одоо Б.Бат-Эрдэнэ зооны аваргын төлөө Румыны тамирчин Алина Думитрутай барилдах юм.

Түүнчлэн 52 кг-д хүч сорин өрсөлдөж буй М.Бундмаа эхний тойргийн барилдаанд хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Испанийн бөх Ана Карраскосатай барилдан цэвэр яллаа. Ингэснээр манай тамирчин зооны аваргын төлөө Италийн жүдоч Росальба Форчинитэй барилдах болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж