Дайны дарамт

АНУ-Израиль болон Ираны дайн дэлхийн олон компанид аль хэдийн 25 тэрбум ам.долларын хохирол учруулаад байна. Энэ тоо цаашид ч өссөөр байх төлөвтэй байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, АНУ, Европ болон Азийн олон компани эрчим хүчний үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, мөн Ормузын хоолойн хурцадмал байдлаас үүдсэн тээврийн саатлын улмаас асар том хүндрэлтэй тулгарчээ. Энэ талаар "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


Ойролцоогоор 279 компани дайны нөлөөнөөс болж алдагдлаа бууруулахын тулд яаралтай арга хэмжээ авсан байна. Зарим нь бараа бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ бууруулан, ногдол ашиг олгохоо зогсоож, ажилтнуудаа цомхотгожээ. Мөн түлшний нэмэлт хураамж авч эхэлсэн бол зарим нь засгийн газраас санхүүгийн тусламж хүссэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар эдийн засгийн энэхүү хохирол нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай дүйцэх хэмжээнд хүрч болзошгүй аж. Компаниуд ч ойрын саруудад ашиг орлого нь улам буурна гэж болгоомжилж байна. "Whirlpool" компанийн гүйцэтгэх захирал Марк Битцерийн хэлснээр, хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн худалдаж авахаас илүү хуучин зүйлээ засварлан ашиглахыг илүүд үзэх болжээ.

Нийлүүлэлтийн өртөг өсч байна

Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч "Whirlpool" компаниас гадна "Procter & Gamble", Малайзын бэлгэвч үйлдвэрлэгч "Karex" болон "Toyota" зэрэг компаниуд мөргөлдөөн гурав дахь сардаа орсонтой холбоотойгоор хохирол улам нэмэгдэж байгааг анхааруулжээ. Дэлхийн эрчим хүчний хамгийн чухал дамжин өнгөрөх цэг болох Ормузын хоолойг Иран хааснаар газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давсан. Энэ нь дайнаас өмнөх үеийнхээс 50 гаруй хувиар өссөн дүн юм.

Ормузын хоолой хаагдсан нь тээврийн зардлыг ч өсгөж, түүхий эдийн нийлүүлэлтийг хомсдуулан, бараа бүтээгдэхүүний урсгалд чухал ач холбогдолтой худалдааны замыг тасалдуулжээ. Бордоо, гелий, хөнгөн цагаан, полиэтилен зэрэг гол түүхий эдийн нийлүүлэлтэд ч мөн сөргөөр нөлөөлсөн байна.

Судалгаанд хамрагдсан компаниудын тавны нэг нь дайны улмаас санхүүгийн хохирол амссан гэдгээ мэдэгдсэн.

Эдгээрт гоо сайхны бүтээгдэхүүн, дугуй, угаалгын нунтаг үйлдвэрлэгчээс эхлээд аяллын хөлөг онгоц болон агаарын тээврийн компани хүртэл багтаж байна. Эдгээр компанийн дийлэнх нь угаасаа эрчим хүчний өртөг өндөр байсан Их Британи болон Европт байрладаг. Мөн бараг гуравны нэг нь Ойрхи Дорнодын газрын тос, түлшнээс ихээхэн хамааралтай Азийн бүс нутгийн компаниуд байжээ.

Татварын дарамттай бараг адил түвшинд хүрэв

Өнгөрсөн оны аравдугаар сар гэхэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны тарифын бодлогын улмаас компаниуд нийтдээ 35 тэрбум ам.доллараас давсан зардал гарна гэж анхааруулж байсан юм.

Дайнтай холбоотой хамгийн их хэмжээний хохирлыг агаарын тээврийн салбар амсаж байгаа бөгөөд нийтдээ 15 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээжээ.

Учир нь онгоцны түлшний үнэ бараг хоёр дахин өссөн. Хямрал үргэлжлэх тусам бусад салбарын компаниуд ч мөн түгшүүр зарлаж эхэлжээ. Японы "Toyota" компани 4.3 тэрбум ам.долларын хохирол амсана гэж мэдэгдсэн бол "Procter & Gamble" татварын дараах ашгаасаа нэг тэрбум ам.доллар алдана гэж тооцоолжээ.

Түргэн хоолны сүлжээ "McDonald’s" энэ сарын эхээр нийлүүлэлтийн сүлжээний тасалдлаас үүдэн урт хугацааны зардлын инфляц өснө гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Ийм төрлийн анхааруулгыг өмнө нь ихэвчлэн аж үйлдвэрийн компаниудын санхүүгийн тайлангийн үеэр л сонсдог байжээ. "McDonald’s"-ийн гүйцэтгэх захирал Крис Кемпчински “Түлшний үнийн өсөлт бага орлоготой хэрэглэгчдийн худалдан авалтад хүчтэй нөлөөлж байна. Одоогоор бидний харж буй хамгийн том асуудал бол өндөр шатахууны үнэ” гэж хэлсэн байна.

Газрын тосны үнийн өсөлт

Аж үйлдвэр, химийн болон түүхий эдийн салбарын бараг 40 компани Ойрхи Дорнодын нефть-химийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай тул бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээр болсноо мэдэгджээ.

"Newell Brands" компанийн санхүү хариуцсан захирал Марк Эрцег энэ сарын эхээр “Газрын тосны үнэ баррель тутамд таван ам.доллараар өсөх бүрт компанийн зардал ойролцоогоор таван сая ам.доллараар нэмэгддэг” гэж мэдэгдсэн байна.

Германы дугуй үйлдвэрлэгч "Continental" компани газрын тосны үнийн огцом өсөлтөөс шалтгаалан түүхий эдийн өртөг нэмэгдэж, хоёрдугаар улирлаас эхлэн дор хаяж 117 сая ам.доллар хохирол амсана гэж тооцоолжээ. Тус компанийн удирдах ажилтан Роланд Вельцбахер энэ сарын эхээр “Энэ нөлөө компанийн ашиг, алдагдлын тайланд тусгагдахад гурваас дөрвөн сар шаардлагатай. Магадгүй хоёрдугаар улирлын сүүл үеэр мэдрэгдэж эхлээд, оны хоёрдугаар хагаст бүрэн хэмжээгээр нөлөөлнө” гэж хэлсэн байна.

Ашгийн тайланд одоогоор хохирол бүрэн тусаагүй байна

Энэ оны эхний улиралд компаниудын ашиг орлого харьцангуй тогтвортой байсан ч нөхцөл байдал аажмаар муудаж эхэлж байна. Эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдэж байгаа хэдий ч “S&P 500” зэрэг АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд шинэ дээд түвшинд хүрсэн байна. Гэхдээ шинжээчид ойрын саруудад компаниудын ашиг буурна гэж анхааруулж байна. “FactSet”-ийн мэдээллээр гуравдугаар сарын сүүлээс хойш “S&P 500”-ийн аж үйлдвэрийн салбарын хоёрдугаар улирлын ашгийн төсөөлөл буурчээ. Мөн хэрэглээний болон өргөн хэрэглээний барааны салбаруудын ашиг ч мөн багасах төлөвтэй байна.

“Goldman Sachs”-ийн шинжээчдийн үзэж буйгаар Европын томоохон компаниуд хоёрдугаар улирлаас эхлэн илүү их санхүүгийн дарамт мэдэрнэ.

Учир нь өссөн зардлаа хэрэглэгчдэд бүрэн үүрүүлэхэд улам хэцүү болж байгаа аж. “UBS” банкны шинжээч Жерри Фаулер автомашин, харилцаа холбоо, гэр ахуйн бүтээгдэхүүний салбарын ирэх нэг жилийн ашгийн төсөөлөл 5 хувиас илүү хэмжээгээр буурч байгааг онцолжээ. Мөн “Cordoba Advisory Partners” компанийн захирал Рами Сарафа “Дайны бодит эдийн засгийн нөлөө ихэнх компанийн тайланд хараахан бүрэн тусгагдаагүй байна” гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-19 59.153.113.116

Америкийн нефтийн компаниудын экспортын орлого суга өссөн нь Трампын урдчилсан тооцоо. Өмнөд солонгос Ойрхи Дорнодоос хуванцар авч чадахаа байснаас хогийн уутны хомсдоод орсноо мэдээлэв. Манайх ч оросуудыг хараагаад л хямд бензин хийгээд түгжрээд явахдаа ичихгүй юм. Ядаж хараахгүй баймаар. Одоохондоо манайд АНУ-Израйлын түрэмгийллийн хор уршиг мэдэгдээгүй бна шүү

Avatar

зочин 2026-05-19 66.181.184.219

Энэ дайныг АНУ өдөөсөн, Персийн булангийн нефт хийн нөөцөнд дангаараа хяналт тогтоох зорилготой, Ираныг буулгаж авахад л энэ нь хэрэгжихээр байв, Харамсалтай нь Иран тийм хялбар бусадын хоол болох орон биш байжээ,АНУ, өөрийн түнш орнууд төдийгүй, цэргийн баазуудаа ч хамгаалах чадваргүй нь харагдлаа, Иран рүү дахин довтолбол байдал бүүр хүндрэнэ Ихэнх орны нөөцөлсөн нефт хий барагдаж байна ,6-сараас эхлэн байдал маш хүндрэнэ,Үнийн өсөлтөд хяналт тавих боломж алдагдана гэсэн мэдээ л гараад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж