Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын БНХАУ-д хийсэн айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байлаа. Энэ удаагийн айлчлалыг олон улс судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 124 их наяд ам.долларт хүрчээ. Үүнээс АНУ-ын ДНБ 31.8 их наяд, БНХАУ-ын 20.7 их наяд ам. доллараар хэмжигдэж, АНУ дэлхийн нийт эдийн засгийн 4/1 хувь, Хятад 6/1 хувийг үйлдвэрлэж байна. Ийм асар том эдийн засагтай хоёр гүрний удирдагчид уулзаж, хоёр орны болон дэлхийн дахины асуудлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжит хувилбаруудын талаар санал бодлоо солилцож байгаа нь маш чухал билээ. Д.Трамп Бээжингээс явахдаа “Гайхалтай худалдааны хэлцлүүд хийлээ” гэж мэдэгдсэн. Сүүлийн үед АНУ-ын зүгээс Хятадын бараанд 10 хувийн цаашлаад 60 хувь хүртэл шинэ тариф ногдуулахаар сүрдүүлж, худалдааны сөргөлдөөн хурцдаад байсан. Энэ удаагийн уулзалтаар талууд тарифын дайныг түр зогсоох, сөргөлдөөнийг намжмал байдалд барих урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж хэлж болохоор байна. Эдгээр тохиролцоонууд нь одоогоор голдуу аман болон заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй /non-binding/ хэлбэртэй байгаа ч ирэх саруудад албан ёсны гэрээ болж баталгаажих эсэхийг харах үлдэж байна.
Д.Трампыг Бээжинд очихоос яг урьд өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-нд Өмнөд Солонгосын Сөүлийн Инчонь нисэх онгоцны буудалд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн нарын удирдах багууд худалдааны урьдчилсан хэлэлцээг хийсэн.
Энэхүү хэлэлцээ нь маш шуурхай буюу ердөө дөрөв хүрэхгүй цаг үргэлжилсэн нь хоёр улсын худалдааны түүхэн дэх хамгийн богино уулзалтуудын нэг болсон байх бөгөөд зохих үр дүнд хүрсэн байна. Хятадын тал тус уулзалтын үр дүнг “ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүнд хүрсэн” хэмээн сайшаасан боловч тодорхой тоон үзүүлэлт бүхий албан ёсны баримт бичиг байгуулаагүй. Хоёр улсын худалдаа, тариф, хөрөнгө оруулалтын маргааныг цаашид зохицуулах, хянах зорилготой “Худалдааны зөвлөл” болон “Хөрөнгө оруулалтын зөвлөл”-ийг Цагаан ордноос шинээр байгуулж ажиллуулахаар болсон нь чухал үр болов уу.
Хятад улс тарифын сүрдүүлгийг сааруулахын тулд Америкийн хөдөө аж ахуй, технологи, эрчим хүчний бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр худалдан авч, АНУ-тай хийдэг худалдааны алдагдлыг бууруулах амлалт өгсөн нь тарифын маргааныг намжаах гол хөшүүрэг болсон гэж ВВС тэмдэглэсэн байна лээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хятадын талыг Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа шар буурцаг болон Аляскаас эрчим хүчний түүхий эд, ялангуяа газрын тос худалдан авах санал тавьсан. Хятад АНУ-аас өөрийн экспортын бараа бүтээгдэхүүнд ногдуулаад буй гаалийн татварыг үе шаттай бууруулах, хөнгөлөх протоколыг бататгахыг эрмэлзсэн гэж хэлж болно. Хэдийгээр богино хугацааны уулзалт байсан ч хоёр тал технологийн аюулгүй байдал, тэр дундаа хиймэл оюуны загваруудыг төрийн бус этгээдүүдийн гарт оруулахгүй байх хяналтын протоколыг энэ үеэр анх удаа хэлэлцэж тохирсон байна.
Бээжингийн дээд түвшний уулзалт өндөрлөсний дараахан Хятадын худалдааны яам өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргасан мэдэгдэлд “Хятадын тал АНУ-аас арилжааны нисэх онгоц худалдан авах, харин АНУ-ын тал Хятадад нисэх онгоцны хөдөлгүүр болон эд ангиудыг тасралтгүй нийлүүлэх баталгаа гаргах тал дээр хоёр тал нэгдсэн зохицуулалт, тохиролцоонд /arrangements/ хүрсэн” гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Д.Трампыг дагалдан Бээжинд зочилсан "Boeing" компанийн СЕО Келли Ортберг Баасан гаригт албан ёсны мэдэгдэл гаргаж, Хятад улс эхний ээлжинд 17-19 тэрбумаар үнэлэгдэж буй 200 ширхэг онгоц худалдаж авах албан ёсны амлалт /initial commitment/ өгснийг баталгаажуулсан. Компани үүнийг “Хятадын зах зээл "Boeing"-ийн хувьд эргэн нээгдэж буй түүхэн үйл явдал” гэж тодорхойлсон байна.
АНУ-ын худалдааны төлөөлөгч (USTR) Жэмисон Грир уулзалтын дараа өгсөн ярилцлагадаа, Хятадын тал ирэх гурван жилийн хугацаанд АНУ-аас “Арваад тэрбумаар хэмжигдэх долларын” үнэ бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авахаар албан ёсоор тохиролцсон гэдгийг мэдэгдсэн. Д.Трамп “Air Force One” онгоцондоо сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Америкийн тариаланчид маш баяртай байх болно, Хятад улс тэрбум тэрбум долларын шар буурцаг худалдаж авна” гэдгийг баталсан. Энэ нь өмнөх худалдааны гэрээний дагуу Хятад улс жил бүр 25 сая тонн шар буурцаг худалдан авах үүргийг баталгаажуулж буй хэрэг юм. Хятад зөвхөн шар буурцаг биш, Америкийн үхрийн мах, гахайн мах зэрэг бусад хүнсний бүтээгдэхүүний импортыг өргөжүүлэхээ амласан байна.
Энэ удаагийн уулзалтын хамгийн гол гэнэтийн шийдвэр бол Хятад улс АНУ-аас газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий авахаар тохиролцсон явдал боллоо. Ойрх Дорнод дахь Ираны дайн болон Ормузын хоолойн тогтворгүй байдлаас шалтгаалж Хятад улс эрчим хүчний хараат байдлаа бууруулах зорилготой байгааг бид бүгд мэднэ. Д.Трамп "Fox News"-д өгсөн ярилцлагадаа “Хятад улс АНУ-аас газрын тос авахаар тохиролцсон. Тэд Хятадын ачааны хөлөг онгоцуудыг Техас, Луизиана, Аляска руу илгээж тос тээвэрлэж эхэлнэ” гэсэн байна лээ.
Харин Д.Трамптай хамт Tesla-гийн Илон Маск, Nvidia-гийн Женсен Хуанг, Apple-ийн Тим Күүк зэрэг бараг нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй эрхмүүдийн баг Бээжинд зочилсон ч Д.Трампын хэлснээр Хятад улс эдгээр компаниудад “хэдэн зуун тэрбум ам.доллар”-ын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэх зүйл болсонгүй. Гэхдээ ВВС-гийн мэдээлснээр АНУ-ын Худалдааны яам хятадын технологийн Alibaba, Tencent, ByteDance зэрэг 10 гаруй компаниудад "Nvidia" компанийн "H200" хиймэл оюуны бичил чипийг хязгаарлагдмал хүрээнд худалдан авах зөвшөөрөл олгохоор болсон байна. Д.Трампын өмнөх 2017 оны айлчлалын үеэр 250 тэрбум ам.долларын хэлцэл яригдаж байсан.
Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хоёр удирдагч ирэх гурван жил гаруйн хугацаанд хоёр улсын харилцааг удирдах “Стратегийн тогтвортой байдлын бүтээлч харилцаа” хэмээх дипломат хүрээг тохиролцов. Энэ нь цаашид бие биенээ өдөөн хатгахгүй, худалдааны дайныг даамжруулахгүй байх урьдчилсан суурь гэж хэлж болохоор байна. Д.Трамп Ши Жиньпинийг 2026 оны есдүгээр сард Цагаан ордонд айлчлахыг урьж, Хятадын тал урилгыг хүлээн авсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Бээжинд хийсэн айлчлалаар хоёр улс ямар нэгэн албан ёсны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зураагүй, хамтарсан тунхаглал гаргаагүй. Олон улсын шинжээчид энэхүү уулзалтыг “бодит үр дүнгээс илүү бэлгэдлийн чанартай зөрчлийг шийдвэрлэх биш харин харилцааг тогтвортой байлгах “гал зогсоох” уулзалт байлаа гэж дүгнэж байна.
-Тайвань болон Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд Д.Трамп, Ши Жиньпин нарын байр суурь ямар байсан бэ?
– Д.Трамп нисэх онгоцондоо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө: “АНУ болон Хятад улс Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгож болохгүй гэдэг дээр тохиролцсон” гэж мэдэгдсэн ч Хятадын талын албан ёсны байр суурь арай л өөр байсан болов уу. Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг 20 жилээр царцаах хугацаа шаардаж байгаа бөгөөд Ши Жиньпинийг Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэгтэй санал нэгдсэн гэж мэдэгдсэн. Харин Хятадын Гадаад хэргийн яам болон “Синьхуа” агентлагийн албан ёсны мэдээлэлд “Иранд цөмийн зэвсэг байж болохгүй” гэдэг өгүүлбэрийг “зориуд оруулаагүй” байна. Хятадын тал зөвхөн “Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах” тухай ерөнхий ярилцсан бөгөөд Ираныг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний (NPT) гишүүн тул олон улсын эрх зүйн хүрээнд асуудлыг дипломат аргаар шийдэх ёстой гэсэн уламжлалт байр сууриа давтжээ. Хоёр удирдагч Ормузын хоолойг олон улсын тээвэрт нээлттэй байлгах ёстой гэж тохиролцсон бөгөөд БНХАУ хоолойг цэргийн бүс болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Трамп Ираны дайныг дуусгахад Хятадын талын нөлөөг ашиглахыг зорьсон ч Хятадын зүгээс Иранд шахалт үзүүлэх албан ёсны амлалт өгөлгүй, асуудлыг дипломат аргаар шийдэх ёстой гэсэн байр сууриндаа үлдсэн байна.
Тайвань тусгаар тогтнохгүй гэдэг дээр хоёр улс шинээр тохиролцсон зүйл байхгүй бөгөөд харин ч уулзалтын үеэр хамгийн ширүүн маргаантай сэдэв байсан болов уу. Хятадын удирдагч Ши Жиньпин хаалттай хаалганы цаадах уулзалтын үеэр Д.Трампад “Тайванийн асуудал бол Хятадын улаан шугам бөгөөд энд алдаа гаргавал хоёр улс шууд зэвсэгт мөргөлдөөнд хүрнэ” гэдгийг хатуу анхааруулсан гэсэн мэдээлэл гарсан. Д.Трамп уулзалтын дараа АНУ-аас Тайваньд хийж буй зэвсгийн худалдааны асуудлыг Ши Жиньпинтэй хөндөж ярилцсанаа хүлээн зөвшөөрсөн. АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмждэг хэвээр боловч Тайванийг өөрийгөө хамгаалах зэвсгээр хангах хууль ёсны үүргээсээ татгалзах тохиролцоо хийгээгүй байна. Дүгнэхэд, Дональд Трампын айлчлалыг “түүхэн бөгөөд амжилттай боллоо” гэж өөрт ашигтайгаар тайлбарлаж байгаа ч Хятадын тал Иран болон Тайванийн асуудлаар өөрийн байр сууриасаа ухраагүй, ямар нэгэн стратегийн буулт, албан ёсны тохиролцоо хийгдээгүй байна.
–Худалдааны дайны нөхцөл байдал зөөлрөх хүлээлт байна. Ингэснээр дэлхийн бусад улс орон болоод Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол?
-Ямар ч байсан Хятад, Америкийн худалдаа-эдийн засгийн дайн намжих, цаашлаад зогсох нь Монгол Улс, цаашлаад дэлхий дахинд ач тустай гэдэг нь нэн тодорхой. Нөгөө нэг зүйл бол Хятадын эдийн засгийн хөгжил Монгол Улсын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлж буйг үгүйсгэж үл болно.
-Д.Трамп Хятадаас ирсний дараа Иранд шинэ анхаарулга өгсөн тухай болон Иракийг Ираны эсрэг хуурай замын дайнд оролцуулах боломжтой эсэх талаар мэдээлэл гарч байна шүү дээ?
-Дональд Трамп өөрийн “Truth Social” цахим хуусандаа “Цаг хугацаа явсаар байна. Иранчууд энхийн хэлэлцээр байгуулах алхмаа маш хурдан хийх хэрэгтэй. Эсвэл тэднээс юу ч үлдэхгүй” гэж бичсэн байна. Д.Трампын Засаг захиргаа Ираны талд дайныг зогсоох таван заалт бүхий шаардлага хүргүүлсэн бөгөөд үүнд Иран цөмийн зэвсгийн ганцхан обьектыг үлдээж, баяжуулсан ураны нөөцөө бүрэн АНУ-д шилжүүлэх зэрэг хатуу нөхцөлүүд багтжээ. Хэрэв Иран энэхүү хэлэлцээг хурдан зөвшөөрөхгүй бол АНУ болон Израиль Ираны эрчим хүчний суурь бүтэц рүү агаараас маш хүчтэй цохилт өгөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна.
Ираны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Реза Талаи-Ник АНУ болон Израилийн зүгээс ирж буй аливаа түрэмгийллийг сөрөн зогсоход Ираны арми “бүрнээ бэлэн” байгааг мэдэгджээ. Иран улс Пакистаны зуучлалаар дамжуулан АНУ-д өөрийн саналыг хүргүүлсэн бөгөөд үүнд Израилийн Ливан дахь цохилтыг зогсоохыг оролцуулаад бүх фронтод дайныг нэн даруй зогсоох, АНУ Ираны боомтуудыг бүслэлтээс гаргах, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, дайны хохирлыг нөхөн төлөхийг шаардсан ч Трамп үүнийг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж няцаасан.
АНУ, Израиль болон Ираны хооронд өрнөж буй дайн 80 дахь хоногтоо үргэлжилж байна. Ираны зүгээс дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамждаг Ормузын хоолойг хаагаад байгаа тул дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ эрс өсч, баррель нь 110 ам.долларт хүрээд байна.
1980-1988 онд найман жил үргэлжилсэн Иран-Иракийн дайнд Саддам Хусейн бараг л ялалт байгуулсан гэж үздэг. Гэхдээ өнөөгийн геополитикийн бодит байдалд Иракийг Ираны эсрэг хуурай замаар дайнд оруулах боломж хомс байгаа учир шалтгааныг хэвлэлүүд мэдээлж байна. Үүнд, нэгд, Иракийн төр засаг болон цэрэг армид Ираны нөлөө өндөр байгаа юм байна. 2003 онд Саддам Хусейн унаснаас хойш Иракт шийт шашинтнууд засаг барьж байгаа ажээ. Иран шийт шашинтай. Өнөөгийн Иракийн Засгийн газар болон тус улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг “Ардын дайчилгааны хүчин"”/PMF/ зэрэг зэвсэгт бүлэглэлүүд нь Ираны Исламын хувьсгалт гварди /IRGC/-аас шууд санхүүжиж, удирдуулдаг ажээ. Иймд Ирак Ираны эсрэг дайнд оролцох бүү хэл, Ираны холбоотон хэлбэрээр ажиллаж байгаа юм байна. Хоёрт, Иракийн дотоод байдал тогтворгүй байна. Иракийн эдийн засаг, улс төр гүн хямралтай, Ерөнхий сайдаа томилж чадахгүй мухардалд орсон байна. Тэдэнд Садам Хусейны үе шиг хуурай замын дайн хийх чадавх байхгүй байгаа ажээ. Гуравт, АНУ Иранд хуурай замаар цөмрөн орох төлөвлөгөө огт байхгүй. Учир нь энэ нь Вьетнам, Афганистанаас хэд дахин илүү өндөр өртөгтэй “намганд” унах эрсдэлтэйг тооцоолж байна. Үүний оронд АНУ ба Израиль агаарын цохилт, дээрээс нь тэнгисийн цэргийн эдийн засгийн бүслэлт хийх тактикийг сонгон ажиллаж байх шиг байна.
-Д.Трампын Хятадад хийсэн айлчлалын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал эхэлж байна. Энэ айлчлалын талаар байр сууриа хуваалцана уу?
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины БНХАУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 19-20-нд хоёр өдөр үргэлжилнэ гэж Кремлийн зүгээс мэдэгдсэн байна. Энэхүү айлчлал нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Бээжингээс буцсанаас хэдхэн хоногийн дараа болж буйгаараа олон улсын анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Энэхүү айлчлал нь Орос, Хятадын хооронд байгуулсан “Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 25 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний албан ёсны урилгаар хэрэгжиж байгаа юм байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр В.Путин Трамп-Ши Жиньпиний уулзалтын үр дүнг маш анхааралтай ажигласан бөгөөд Бээжинд дараах сэдвүүдийг хэлэлцэхээр байна.
Хятадын тал Америкчуудтай яг юу тохиролцсон, АНУ-аас тавьж буй тарифын дарамт, Иран болон Тайванийн асуудлаарх байр сууриа Оросын талтай хуваалцаж, геополитикийн нэгдсэн байр сууриа бататгана гэжээ.
В.Путин Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай тусдаа уулзалт хийж, Өрнөдийн хориг арга хэмжээг сөрөх банк санхүү, төлбөр тооцооны систем болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж мэдээлж байна. Хятад улс Америкаас газрын тос авахаар тохирсон энэ үед ОХУ өөрийн байгалийн хий, түүхий эдийг Хятад руу тасралтгүй нийлүүлэх баталгааг ярилцаж, Мөн Украин-Оросын дайны нөхцөл байдлыг хөндөх болов уу. Уулзалтын төгсгөлд хоёр улсын удирдагчид хэд хэдэн түвшний гэрээнд гарын үсэг зурах хүлээлттэй байна. Үүнд, Хоёр улсын “Иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх тухай дээд түвшний хамтарсан мэдэгдэлд Ши Жиньпин, В.Путин нар гарын үсэг зурах болов уу.
Хоёр улсын стратегийн төлөвлөгөөг бодит ажил болгох хүрээнд сансрын судалгаа, цөмийн эрчим хүч болон өндөр технологийн салбарт хамтран ажиллах багц хэлэлцээрүүдийг байгуулах хүлээлттэй байна.
Хоёр удирдагч Орос-Хятадын боловсролын салбарын хамтын ажиллагааны жилүүдийг /2026–2027 оныг дуустал/ албан ёсоор нээж, их дээд сургуулиудын түншлэлийн гэрээнүүдийг баталгаажуулна гэж байна лээ. Товчхондоо, В.Путины энэ удаагийн айлчлал нь Д.Трампын уулзалтын дараа Орос-Хятадын “хэлхээ холбоо, стратегийн түнш” хэвээр байгааг Өрнөдийн орнуудад харуулах, эдийн засгийн харилцаагаа цаасан дээр баталгаажуулах чухал зорилготой гэж хэлж болохоор байна.
Ярилцсанд баярлалаа.
3,576.03






















































Zochin 2026-05-19 103.229.123.61
Naad garchigaa boliochee.Medeej ertnees tuluvlusun Baigal Shuugee dee
За зайлаа 2026-05-19 202.9.46.11
Хүүкийн хүүхэлдэй өвгөн битгий худлаа аашаад бай!
Нэргүй 2026-05-19 49.0.139.171
энэ нэг солиотой юм байнга хуцаж байх юм, том гүрнүүдийн удирдагч нарыг энэ муу дүгнэх болоогүй дээ
Зочин 2026-05-19 66.181.185.202
Энэ нэг худалч гар.
хөлдүү 2026-05-19 103.168.34.61
Үгүй л дээ, аль эрт товлочихсон байсан юм, хөөрхий мояа олон улсын тоймч нэг иймэрхүү
Зочин 2026-05-19 66.181.178.50
Яаралтай айлчлахгүй бол байдал хэцүүджээ л гэсэн үг, АНУ, Хятад хоёрын алив тохироо оросод аюул л авчирна, том гүрнүүд өөр хоорондын болон олон улсын асуудлыг өөр өөрсдийн өнцгөөс хараад, харилцан тохиролцоод дундаа хийгээд шийдээд2 явчихвал оросын Хятадад дагаар орсоны хэрэг гарахгүй, кк
Зочин 2026-05-19 192.82.92.42
Мэдэхгуй байж дураар ярихаа болих хэрэгтэй! ШУА-ын эрдэмтэн !
Нэргүй 2026-05-19 59.153.115.49
ОЮУ ТОЛГОЙТОЙ ГЭРЭЭГ ШИНЭЧИЛЭН ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЭНЭ АМИН ЧУХАЛ ГЭРЭЭГ ХЭЛЭЦЭН ШИЙДВЭРЛЭХ ЭДИЙН ЗАСАГ ОЛОН ТАЛТ НЬЮАНС БҮХИЙ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ ӨДРӨӨС ӨДӨРТ ӨӨРЧИЛӨГДӨЖ БУЙ БАЙДЛЫГ БҮХЭЛД ХАРЖ ЧАДАХ ЧАДВАР БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙН УУ ХЭРЭВ УРЬДЫН ГЭРЭЭ ШИГ МЯНГАНЫ ЛУЙВРЫН ЖИШИГТ ХҮРГЭХГҮЙ БАЙХ НАЙДВАР БАЙН УУ САЙН Л БОДООРОЙ ӨӨР ӨӨРИЙГӨӨ ТЭНСЛЭЭРЭЙ МОНГОЛД ОЛОН ЗАЛУУ ЧАДВАРЛАГ ХҮМҮҮС АХМАД ТУРШИЛГАТЙ ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГЧИД БАЙНА ОЛОН УЛСЫН КОНСАЬТИНГОВОЙ ЗӨВЛӨХ
Зочин 2026-05-19 202.126.88.174
Хаха, Юу ахад муруйлчих вий гэсэн айдас байна даа, ер нь хятадууд мурих нь ч мурина, хэзээ л бол гэхээс, Хятад том гүрэн өөрийн эрх ашгийг л урьтал болгоно, Оростой оросгүй Хятад болно, харин Оросууд Хятадад хаягдвал хэцүүднэ дээ
Нэргүй 2026-05-19 103.215.14.4
Мурих гэдэг ойлголт бол Оросуудын цусанд байдаг өөдгүй зан. Сайхан Ялалтын 81 жилийн ой болсон Аугаа их эх орны дайн чинь Зөвлөлтүүд холбоотноо мурьж Хитлертэй хуйвалдаж Польшийг хувааж авсаныхаа төлөөсийг 30 хүний амиар төлсөн шившигт мурилтын үр дүн шүү дээ.
зочин 2026-05-19 66.181.184.219
Орос хятадыг үзэн ядагч, барууны хөлсний этгээдүүд манайд олон бий Тэднүүд ийм л зүйл ярьна, Бусдыг гөрдөж гүтгэнэ, Барууны 50 гаруй орон 4 жил бүлэглэж дайраад,,асар хүчтэй хориг тавиад, орос орныг сөгдүүлж дийлсэнгүй, Ардчилагч гэх бүлэг этгээдүүд зах зээлд шилжих нэрийдлээр орос орныг сүйрүүлж, ямар ч тэнхээгүй болгосон Гэвч В,Путин тэргүүтэй эх оронч хүч төрд гарч орос орныг богино хугацаанд сэргээн босгов Хэнд ч дийлдэшгүй агуу болгов, Өөрийгөө хамгаалах чадвараар дэлхийд тэргүүлж байна,