Ц.Мөнхбаяр: Логистикийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал

Ц.Мөнхбаяр: Логистикийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал

Ц.Мөнхбаяр: Логистикийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал

“Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК-ийн захирал, эдийн засагч Ц.Мөнхбаяртай инфляцын асуудлаар ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар инфляц 10.1 хувьд хүрч өсөөд байна. Инфляцын өсөлтийн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Инфляц дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрч өсөхөд нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Тодруулбал, мах болон шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлснийг Статистикийн байгууллага мэдээлсэн. Манай улсын хувьд импортын бараанаас өндөр хамааралтай учраас нийлүүлэлтийн сүлжээний доголдол дотоодын үнэд шууд нөлөөлдөг.

-Үнийн өсөлтийн дийлэнхийг нийлүүлэлтийн хүчин зүйлс тодорхойлж байгаа энэ үед бодлогын ямар зохицуулалт шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Энэ нөхцөлд нийлүүлэлтийг дэмжсэн бодлого хамгийн чухал байна. Мөнгөний хатуу бодлого төдийлөн үр дүнтэй биш, харин ч эсрэгээрээ бизнесийн орчныг муутгах эрсдэлтэй. Тиймээс нийлүүлэлтийн гаралтай инфляцыг өдөөж буй тээвэр, логистикийн сүлжээг сайжруулах, татварын зохицуулалт хэрэгжүүлэх, урт хугацааны гэрээ хэлцлүүд байгуулах зэрэг бодлогын арга хэмжээнүүд шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, энэ асуудалд мөнгөний эсвэл сангийн бодлогоос илүүтэй хөрөнгө оруулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлого чиглэх ёстой. Тухайлбал, боомтын хөгжил, автозам, логистик, олон улсын худалдаа, тариф болон татварын бодлогыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна.

-Төв банк хэдийгээр нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлэх боломж хязгаарлагдмал ч үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөөллийг анхаарч үзэх шаардлагатай. Тэгвэл мах, шатахууны үнийн өсөлт бусад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх эрсдэлийг та хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө нийлүүлэлтийн шок нэг удаагийн шинжтэй юу, эсвэл урт хугацаанд үргэлжлэх үү гэдгийг үнэлэх шаардлагатай. Хэрэв түр зуурын шинжтэй бол Төв банкнаас хүчтэй хариу арга хэмжээ авах шаардлагагүй. Харин урт хугацаанд үргэлжилж, бусад бараа, бүтээгдэхүүний үнэд өргөн хүрээтэй нөлөөлөх эрсдэлтэй бол тодорхой арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Гэхдээ энэ нь зөвхөн Төв банкны асуудал биш. Засгийн газрын түвшинд ч мөн адил шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг.

-Монголбанкны хувьд бодлогын хүүг 12 хувь буюу өндөр түвшинд хадгалж байна. Мөн өр, орлогын харьцаанд тохируулга хийсэн. Энэ нөхцөлд цаашид Төв банкны бодлогын орон зай хэрхэн хангагдаж байна вэ?

-Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад хувийн сектор хумигдаж эхэлсэн нь ажиглагдаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд импортын өсөлт өндөр байсан. Харин оны сүүл рүү мөнгөний болон макро тогтворжуулах бодлогын хүрээнд санхүүгийн нөхцөлүүдийг чангаруулсан нь импорт буурахад нөлөөлсөн.

Энэ онд үйлчилгээний салбаруудад, тухайлбал орон сууцны түрээс зэрэг олон сегментэд үнийн өсөлт саарч, зарим тохиолдолд буурч байна. Энэ нь хувийн хэвшлийн идэвхжил болон нийт эрэлт хумигдаж эхэлснийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, инфляцын эрэлт талын дарамт харьцангуй сул байна гэж хэлж болно.

Мэдээж Төв банк цаашид эрэлт талаас үүсэх инфляцын эрсдэлийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт зохицуулалт хийх байх. Гэхдээ мөнгөний бодлогыг цаашид улам чангаруулахад хүндрэлтэй. Учир нь энэ нь эдийн засгийн идэвхжилийг улам сааруулах эрсдэлтэй.

Нөгөө талаас, бодлогыг зөөлрүүлэх шаардлага гарвал төсвийн бодлогын хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч болно. Харин мөнгөний бодлогын хувьд одоогийн түвшнийг хадгалж үргэлжлүүлэх нь илүү оновчтой гэж харж байна.

-Цаашдын инфляцын төлөвийн талаар таны хүлээлт ямар байна вэ? Мөн хүлээлтэд эергээр болон сөргөөр нөлөөлөх дотоод, гадаад хүчин зүйлсийг хэрхэн үнэлж байна вэ?

-Одоогоор тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс шатахууны үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа махны үнийг тогтворжуулах чиглэлд тодорхой арга хэмжээ авч эхэлж байх шиг байна. Мөн цахилгааны үнийн асуудал дээр ч тодорхой зохицуулалт хийх байх. Намраас боловсролын үйлчилгээний төлбөр хэрхэн өөрчлөгдөх нь бас нэг анхаарах хүчин зүйл болно.

Хэрэв Засгийн газар нийлүүлэлтийн талын дарамтыг тодорхой хэмжээнд зохицуулж чадвал, эрэлт тал харьцангуй тогтвортой байгаа энэ нөхцөлд инфляц тогтворжих боломжтой. Түүнчлэн энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй таатай түвшинд байна. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардал хэт тэлэхгүй байж чадвал инфляц оны эцэс гэхэд зорилтот түвшинд тогтворжих боломжтой гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-05-18 66.181.184.219

Манай эдийн засаг хоёр хөршөөс маш их хамааралтай, Хоёр хөрш маань худалдааны гол түншүүд, Персийн булангийн хямралаас хамаарч саяхан Хятад шатахууны экспортыг бүрэн хориглосон гэнэ, Өөрөөр хэлбэл манайд шатахуун нийлүүлэх боломжтой орон оросоос өөр алга, Дэлхий дахинд шатахууны хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хадаж байна, Гэтэл манай бүх хэвлэл, зөвхөн хоёр хөршийн эсрэг мэдээлэл тараана,Орос хятадыг үзэн ядагсад монголоор дүүрэн, Ийм нөхцөлд эдийн засаг сайжирч имфляц буурах, г,м бүү мэд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж