Korean Air компани Asiana Airlines компанитай нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, 2026 оны 12 сарын 17-ноос Кореан Эйр нэгдсэн агаарын тээврийн компаний үйл ажиллагаа эхлэнэ
- Талуудын төлөөлөн удирдах зөвлөл 13-нд нэгдэх асуудлыг баталж; 14-нд хоёр компани нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа.
- Энэ жилийн 12 сарын 17-ны өдрөөс ‘Нэгдсэн Кореан Эйр’ нэрийн дор онгоцоо хөөргөнө
Korean Air болон Asiana Airlines компаниуд тус бүр тавдугаар сарын 13-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаа хийж, нэгдэх гэрээнд гарын үсэг зурахыг баталсан байна. Хоёр компани 14-нд нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, нэгдсэн агаарын тээврийн компанийн үйл ажиллагааг эхлүүлэх огноог албан ёсоор зарлаж байна.
Хоёр компанийн нэгдэх үйл явц нь, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр компаниудын хооронд шинэ хувьцаа худалдан авах гэрээ байгуулснаас хойш, 5 жил 6 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна.
Өмнө нь COVID-19 цар тахлын улмаас дэлхий дахинд агаарын тээврийн зорчигчдын эрэлт огцом буурснаас болж Asiana Airlines компанийн санхүүгийн бүтэц, өрсөлдөх чадвар суларсан тул БНСУ-ын засгийн газар болон зээлдүүлэгчид агаарын тээврийн салбарыг тогтворжуулахын тулд нийт 3.6 их наяд воны бодлогын хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Korean Air компани нь энэхүү худалдан авах, нэгтгэх үйл явцын хүрээнд Asiana Airlines-ийн санхүүгийн бүтцийг сайжруулах, менежментийг хэвийн болгохын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж, Засгийн газраас олгосон санхүүгийн дэмжлэгийг бүрэн төлж барагдуулжээ. Үүний үр дүнд дотоодын агаарын тээврийн салбарын бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийж гүйцэтгэсэн Korean Air компани нь нэгдсэн агаарын тээврийн компани болсноороо дэлхийн агаарын тээврийн зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлж, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Нэгдэх харьцаа 1 : 0.2736432
- Энэхүү нэгдэх гэрээгээр Korean Air нь Asiana Airlines-ийн хөрөнгө, өр төлбөр, эрх үүрэг, нийт ажилчдыг бүрэн хүлээн авах юм.
- Нэгдэх харьцааг Хөрөнгийн зах зээлийн хууль тогтоомжийн дагуу суурь хувьцааны үнэд үндэслэн Korean Air 1 : Asiana Airlines 0.2736432 байхаар тооцсон байна. Үүний дагуу Korean Air-ийн дүрмийн сан ойролцоогоор 101.7 тэрбум воноор нэмэгдэх төлөвтэй байна.
Суурь хувьцааны үнэ: (Сүүлийн 1 сарын жигнэсэн дундаж хаалтын үнэ + Сүүлийн 1 долоо хоногийн жигнэсэн дундаж хаалтын үнэ + Сүүлийн өдрийн буюу ТУЗ-ийн хурлын өмнөх өдрийн хаалтын үнэ)
Korean Air компани нэгдэх гэрээ байгуулсны дараа агаарын тээврийн компанийн аюулгүй ажиллагааны тогтолцоог тогтвортой нэгтгэхэд шаардлагатай “үйл ажиллагааны техникийн нөхцөл” (OpsSpecs·Operations Specifications)-ийг өөрчлөх зөвшөөрөл авах зэрэг холбогдох бүх үйл явцыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь нэгдэж дууссаны дараа үлдэх Korean Air-ийн одоогийн нислэгийн үйл ажиллагааны гэрчилгээ (AOC·Air Operator Certificate)-г хэвээр хадгалахын зэрэгцээ Asiana Airlines-ийн эзэмшиж буй агаарын хөлөг болон аюулгүй ажиллагааны системийг бүхэлд нь Korean Air-ийн үйл ажиллагааны тогтолцоонд нэгтгэх хууль зүйн болон захиргааны үйл явцууд байх юм.
Korean Air компани энэ сарын 14-ний өдөр нэгдэх гэрээ байгуулсныхаа дараа даруй Зам, тээврийн яаманд нэгдэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргажээ. Ирэх зургадугаар сард багтаан нэгдэхтэй холбоотойгоор өөрчлөгдөх нисэхийн аюулгүй байдлын дагаж мөрдөх нөхцөл, хязгаарлалтуудыг тусгасан “үйл ажиллагааны техникийн нөхцлийг” өөрчлөх зөвшөөрлийн хүсэлтийг гаргахаар төлөвлөж байна. Дотоод дахь зөвшөөрөл авах үйл ажиллагаа дуусмагц гадаад улсуудын нисэхийн эрх бүхий байгууллагуудад хандан үйл ажиллагааны техникийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг шат дараатай авхаар төлөвлөж байна.
Asiana Airlines нь ирэх наймдугаар сарын үед хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, нэгдэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Korean Air компаний хувьд энэ удаагийн нэгдэл нь жижиг хэмжээний нэгдлийн шаардлагыг хангаж байгаа тул Asiana Airlines-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдөр ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг орлуулан хийх төлөвлөгөөтэй байна.
Нөгөөтэйгүүр, энэхүү нэгдэл нь Korean Air-ийн хувьцаа эзэмшигчдийн анхаарлыг ихээхэн татаж буй асуудал тул хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шинэчлэгдсэн Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Хууль зүйн яамнаас саяхан зарласан "Компанийн зохион байгуулалтыг өөрчлөх үеийн ТУЗ-ийн үйл ажиллагааны удирдамж"-д зөвлөсөн шударга байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлсэн болно.
Тодруулбал, Korean Air компани нь өөрийн ESG хороонд тусгай хорооны чиг үүргийг даалгаж, энэ удаагийн нэгдлийн хэлцлийн нөхцөл, шударга байдал зэргийг тусад нь нарийвчлан хэлэлцсэн байна. Мөн хараат бус хөндлөнгийн шинжээчдээр дамжуулан нэгдэх үнэ (харьцаа)-ний зохистой байдал болон тооцоолох аргачлалыг шударга байхаар хянуулж, нийт үйл явцын зүй зохистой байдал, хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог үнэлж дүгнэсэн байна. Хувьцаа эзэмшигчдэд мэдээллийг бүрэн дүүрэн хүргэхийн тулд үнэт цаасны мэдүүлэгт шударга байдлыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тусгахаар төлөвлөж байна.
Korean Air нь нэгдсэн агаарын тээврийн компани байгуулагдахад бэлтгэж, аюулгүй ажиллагаа болон зорчигч үйлчилгээг сайжруулахад хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ.
Korean Air нь нэгдсэн агаарын тээврийн компани болохыг угтуулан дэлхийн хэмжээний томоохон авиа компаниудтай өрсөлдөхүйц суурь нөхцөл болох аюулгүй ажиллагаа болон зорчигч үйлчилгээг сайжруулахад анхаарч байна. Тэр дундаа давхардсан чиглэлүүдийг дахин хуваарилах, шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх зэргээр үйлчлүүлэгчдийн сонголтыг өргөжүүлж, нисэх онгоцны буудлын лоунжийг шинэчлэх, онгоцны хоолыг сайжруулах, нисэх буудлын терминалыг шилжүүлэх зэргээр зорчигчдод шууд мэдрэгдэх үйлчилгээний чанарыг эрс дээшлүүлсээр ирсэн. Хоёр компанийн майл (mileage) оноог нэгтгэх төлөвлөгөөг Шударга өрсөлдөөнийг зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудтай нягт зөвшилцөж байгаа бөгөөд эцэслэн батлагдмагц зорчигчдод мэдээлэх болно.
Аюулгүй ажиллагааг хангах үүднээс урьдчилсан бэлтгэл ажил болон хөрөнгө оруулалтыг ч нэлээдгүй хийж гүйцэтгэсэн байна. Хоёр компани нэгдэсний дараа нэмэгдэх агаарын хөлгийн парк, нислэгийн чиглэл болон боловсон хүчинг бэлтгэж, Сөүл хотын Гангсо дүүрэгт байрлах төв байрны Нэгдсэн удирдлагын төв (OCC), үйлчилгээний ажилчдын сургалтын төв, Нисэхийн эмнэлгийн төвийг шинэчлэн засварлаж, илүү үр ашигтай ажлын системийг бүрдүүлсэн байна. Нэгэх үйл ажиллагаа дууссаны дараа шууд үүсэж болох нислэгийн үйл ажиллагааны төөрөгдлийг бууруулж, аюулгүй аяллыг хангахын тулд хоёр компанийн нисэх багийн сургалтын хөтөлбөрийг стандартчилсан байна. Мөн хөдөлгүүрийн туршилтын ангар (ETC), шинэ хөдөлгүүрийн засварын үйлдвэр, Инчон олон улсын нисэх буудлын орчим дахь засвар үйлчилгээний ангар зэрэг томоохон хэмжээний агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламжуудыг өргөтгөх буюу шинээр барьж байна.
Korean Air компани нь нэгдсэн агаарын тээврийн компанийг байгуулснаар,
- БНСУ-ын нисэхийн салбарын өрсөлдөх чадварыг хамгаалах,
- Инчон олон улсын нисэх буудлын хаб (Hub) чиг үүргийг бэхжүүлэх,
- Глобал нислэгийн сүлжээг өргөжүүлэх зэрэг нөлөөг үзүүлж,
- БНСУ-ын нисэхийн салбарыг нэг шатаар ахиулах үндсэн зорилгодоо хүрч чадна гэж найдаж байна.
3,576.03






















































Холбоотой мэдээ