"News" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.
"ТӨСӨВ ТОДОТГОНО ГЭДЭГ МУУ ЗҮЙЛ БИШ”
УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Засгийн газраас дахин Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэж мэдэгдлээ. Улстөржүүлж Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг гацааж байна гэдгийг зарим гишүүд хэлж байна. Өмнө нь УИХ-ын гишүүдийн өргөн бариад унасан хуулийн төслөөс одоо дахин мэдүүлэх төсөл агуулга нэг байх уу, яах вэ?
-УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нь гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулах буюу Засгийн газрын гадаад зээл болон бондын эх үүсвэрээр барьж буй бүтээн байгуулалтыг хамтад нь оруулж ирсэн. Харин Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэр буюу гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах төсөл нэртэйгээр оруулж ирнэ. Төсвийн тухай хуулиараа зөвхөн гадаад зээл дээр ашиглах боломжтой хязгаар маань 1.2 их наяд төгрөг. Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэр дээр гэхэд энэ жил 1.8 их наяд төгрөг хэрэгтэй. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр дээр энэ жил 1.4 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр 272 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс энэ хоёр төслөө хугацаанд нь ашиглалтад оруулахаар хуулийн төслийг баталж чадвал нөгөө талдаа 1.2 их наядын хязгаар маань төсөвт үлдэнэ.
Энэ төсвөөрөө Монгол Улсын авсан нийт 72 гадаад зээлийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх юм. Нийслэлээс хэрэгжүүлж буй "Сэлбэ дэд төв" төсөл бол бондын санхүүжилттэй. Энэ хоёрыг ялгах хэрэгтэй.
Бас нэг зүйлийг хэлэхэд, улсын төсвөөс гадна төсөв батлахгүй. Гадаад зээлээр зөвхөн төсөл хөтөлбөрийг л санхүүжүүлдэг. УИХ-аар ямар төсөлд зарцуулах вэ гэдгийг нь баталж байгаа. Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн эрх авч, дахин нэмж зээл авах эрхгүй. Өрийн таазын хязгаар нь ДНБ-ий 60 хувь гэж байгаа бөгөөд одоогоор 40 хувьтай байна. Цаана нь 20 хувийн гадаад зээлийн орон зай байна. Өрийн удирдлагын хуулиараа бид ямар нэгэн хууль зөрчөөгүй. Зарлагыг нь бүртгээд явна. Ингэхээр хоёр төсөв үүсэхгүй. Гадаад зээлийг хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Зарим улстөрчид сонгуулийн мөнгө босгох гэж байна гэсэн байна лээ. Тийм асуудал огт байхгүй.
-МАН-ын бүлгээс өчигдөр Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийн зээл ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөгжлийн банкаар хэрэгжих боломжтой эсэхийг Засгийн газар судлахаар болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Би зөвхөн МАН-ын бүлгийн хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт буюу гадаад зээлийн ашиглалтын талаар болон Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцууллаа. Ардчилсан намын бүлэг дээр энэ талаар танилцуулах байсан боловч бүлгийн хурал хойшлогдсон учраас танилцуулгаа хойшлуулсан.
Та буруу мэдээлэлтэй байна. Бид цаашдаа Эрдэнэбүрэнгийн УЦС болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Хөгжлийн банкаар явуулна гэсэн ойлголт байхгүй.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“ИНФЛЯЦИ 10 ХУВЬД ХҮРСЭН НЬ АСУУДАЛ ХҮНДЭРЧ БАЙГААГИЙН ИЛРЭЛ”
УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
–Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг болсон тул ирэх зургадугаар сараас улсын төсөвт тодотгол хийнэ" гэж мэдэгдлээ. Үүнийгээ дагуулаад зарим агентлагуудыг нэгтгэж, гадаад зээлүүдээ эрэмбэлнэ гэж байна. Төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан уу?
-Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2026 оны гуравдугаар сард 1.36 их наяд, дөрөвдүгээр сарын гүйцэтгэлээр 1.42 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн тухайн хуульд зааснаар тодотгол гэдэг нь батлагдсан төсвийг өөрчлөх тухай л асуудал. Гэхдээ таны асууж байгаачлан Төсвийн хуульд тодотгол хийх тодорхой нөхцлүүдийг заасан байдаг. Ерөнхий сайдын хэлсэн төсвийн алдагдалтай холбоотой хамааралтай нөхцөл нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 дахь заалт юм.
Энд төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувьд хүрвэл төсвийг тодотгох зохицуулалт бий. 2026 оны ДНБ-ийг 102 их наяд төгрөгөөр төлөвлөсөн.
Тиймээс Ерөнхий сайдын хувьд төсвийн алдагдал цаашид нэмэгдсээр байвал тодотгол хийх тухай хэлсэн гэж би хувьдаа ойлгож байна. Бас тодотгол хийж зардлыг хэмнэх, эдийн засагт тустай төслүүдийг хөдөлгөх асуудлыг хурдасгах тухай ярьж байх боломжтой юм. Ер нь төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг хуульд заасан үндэслэлээр өргөн барих нь Засгийн газрын бүрэн эрх тул хуульд заасан бусад нөхцөлөөр төсвийн тодотгол өргөн барьж болох юм.
-Махны үнэ 10-25 хувиар өссөн нь иргэдийн амьжиргаанд дарамт болж байна. Үндэсний статистикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сард инфляци 10.1 хувь буюу хоёр оронтой тоонд орсон гэдгийг мэдээллээ. Өрхийн төсөвт ямар сөрөг үр дагавар авч ирэх вэ. Оны төгсгөлд инфляци хэд хүрэх төлөв ажиглагдаж байна?
-Инфляци өнөөдрийн манай эдийн засгийн хувьд томоохон асуудал болоод байна. Энэ нь зөвхөн өнөөдрийн асуудал ч биш. Covid-19 цар тахлын дараа 16 орчим хувьд хүрсэн инфляци харьцангуй буурч 2025 он, 2026 оны эхний сард 7.5, хоёрдугаар сард 6.5 хувь хүрч Монголбанкны зорилтот түвшинд орлоо гэж байсан. Гэтэл гуравдугаар сараас буцаж өсч өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ тал дээр дарамт гэдэгтэй бүрэн санал нэгдэнэ. Учир нь өнөөдөр иргэдийн 1/3 ядуу байна. Харин тавдугаар сарын 08-ны өдөр Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляци 10.1 хувь хүрч хоёр оронтой тоонд шилжлээ. Энэ бол бодит асуудал хүндэрч байгаагийн илрэл. Нэг сарын дотор 2.7 хувийн өсөлт гэдэг нь томоохон асуудал. Энд гол анхаарах хэсэг нь хүнсний бүлгийн үнэ 2025 онд 11.1 хувь өссөн бол 2026 оны гуравдугаар сард 13.9, дөрөвдүгээр сард 19.3 хувиар өссөнөөс гадна барааны бүлэг дээр өсөлт гарсан. Үүний шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ гуравдугаар сарын сүүлээр нэмэгдсэн болон бусад олон шалтгаантай байх.
Хамгийн гол нь энэ нь иргэдийн амьдралд нэлээд хүндээр тусах магадлалтай гэж би хувьдаа бодож байна.
Учир нь 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар иргэдийн дундаж нэрлэсэн цалин 2.9 сая, голч дундаж 2.5 сая төгрөг байгаа бол өрхийн орлого 3 орчим төгрөг байсан. Гэхдээ эдгээр нь дунджаар тооцсон хэмжүүр бөгөөд нийт өрхийн 42 орчим хувь нь 2.1 сая төгрөг хүртэл, 29 хувь нь 1.6 сая төгрөгийн орлоготой амьдарч байна. Эдгээр өрхүүдийн орлогын дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж хэрэглээний дийлэнх нь хүнс, дулаан цахилгаан, тээвэр гэх мэт суурь хэрэглээнд л зориулагдана. Хэдийгээр олон улсын түвшинд тооцдог хэрэглээний бүтцийн хувьд нийт өрхүүд дунджаар орлогын 17.3 хувийг хүнсэнд хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа боловч энэ нь орлого багатай өрхүүдийн хувьд маш өөр юм. Тодруулбал, эдгээр өрхүүд өнөөдөр мах худалдан авах боломжийн хувьд маш хомс байгаа. Учир нь дөрөвдүгээр сарын инфляцийн гол шалтгаан мах бөгөөд 40+ хувиар өссөн явдал. Энэ нөхцөл байдал иргэдэд ихээхэн дарамт болж байгаа.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ДЭЭШИЛСЭН Ч ИРГЭДИЙН ОРОЛЦОО ХАНГАЛТГҮЙ БАЙНА”
Нээлттэй нийгэм форумаас “Төсвийн нээлттэй байдал-2025” олон улсын судалгааны тайланг өнөөдөр /2026.05.13/ танилцуулав. Судалгаагаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн ил тод байдал дээшилсэн боловч иргэдийн оролцоог хангах чиглэлд хангалтгүй хэвээр байна гэдэг асуудал хөндөгдлөө. Иймд Нээлттэй нийгэм ТББ-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас дараах тодруулгыг хийлээ.
-Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилсэн байна гэж дүгнэсэн байна. Энэхүү судалгааг юун дээр тулгуурлаж гаргадаг вэ?
-Төсвийн нээлттэй байдлын судалгааг АНУ-д төвтэй олон улсын түншлэл байгууллагаас хоёр жил тутамд нэг удаа гаргадаг. Энэ удаагийн судалгаанд 83 орон оролцсон. Монгол Улс 2006 оноос хойш энэхүү судалгаанд оролцож байгаа. Судалгааг гаргахын тулд Засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг. Нээлттэй нийгэм форумын зүгээс энэхүү судалгааны түнш байгууллагаар ажиллаж өөрийн орны судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг.
2025 оны судалгаагаар Монгол Улсын төсвийн нээлттэй байдал 2023 оны судалгааны дүнтэй харьцуулахад дээшилсэн байгаа. Ерөнхийдөө Монгол Улсын төсвийн ил тод байдал 2019 оноос хойш тогтмол дээшилж байна. Тухайлбал, төсвийн ил тод байдлаар Монгол Улс 2021 онд 60 оноо, 2023 онд 62 оноо тус тус авч байсан бол 2025 оны үнэлгээгээр 64 оноо авсан.
-Төсвийн зарцуулалт, хуваарилалтын талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ. Төсөв батлахад иргэдийг оролцуулж тэдний санал, хүсэлтийг тусгах механизм хангалттай байж чадаж байна уу?
-Иргэдийн оролцоо хангалтгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад бол төсөвт оролцох иргэдийн оролцоо нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 2023 онд 100 онооноос 19 оноо авч байсан бол 2025 онд 35 оноо авсан. Гэхдээ засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй. Төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Цаашид Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатай. Энэхүү судалгааны хүрээнд УИХ, Засгийн газар болон төрийн аудитын байгууллагын зүгээс төсвийн үйл явцад иргэд оролцох албан ёсны боломжийг бий болгосон эсэхийг мөн үнэлдэг. Үүнд 74 оноо авсан. Ингэхдээ Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, УИХ-аар баталж байгаа Төсвийн тухай хууль, иргэдийн төсөв, жилийн эцсийн болон хагас жилийн тайлан зэрэг төсвийн гол найман баримт бичгийг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Монгол Улсын хувьд эдгээр баримт бичгийг бүгдийг нь ил болгосон боловч баримт бичиг дэх мэдээллийн агуулгыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрдлийн хувьд нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан 100 онооноос дөнгөж 26 авсан бол УИХ-аас баталсан Төсвийн тухай хууль 39 оноо авсан. Энэ нь эдгээр баримт бичгийн агуулгыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Харин төсвийн явцын болон гүйцэтгэлийн тайлангийн агуулга 80-аас дээш оноогоор үнэлэгдлээ.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ТӨВ АЗИ, МОНГОЛ ШИГ АЮУЛГҮЙ ОРОНД АЯЛАХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА”
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Дэлхийн геополитикийн нөхцөл байдал аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна. Энэ талаар хийсэн олон улсын болон дотооддоо хийсэн судалгаа байна уу. Салбар дахь мэргэжлийн холбоонд ямар тоон статистик байна вэ?
-Дэлхийн аялал жуулчлалын салбар 2026 оны эхний дөрвөн сард нэлээд сорилттой тулгарлаа. Уг нь 2025 онд бид цар тахлын өмнөх үеийн амжилтаа эвдэж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол 2026 оны эхний улирлаас эхлэн геополитикийн хурцадмал байдал шууд нөлөөлж эхэллээ. Энэхүү нөхцөл байдал дэлхийн нефтийн нийлүүлэлт болон үнийг хөөрөгдөж, улмаар тээвэр, аяллын зардлыг үлэмж нэмэгдүүлээд байна. Ялангуяа Дубай, Доха зэрэг дэлхийн томоохон транзит төвүүдийн хүчин чадал 40-50 хувиар буурсан нь Европ болон Азийг холбосон аяллын урсгалыг тасалдуулж, холын аялал /long-haul travel/ эрс буурах төлөвтэй байна.
Монгол Улсын хувьд энэ нь нислэгийн тоо цөөрөх, тийзийн үнэ нэмэгдэх зэрэг шууд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс шалтгаалж Австрали, АНУ, Европоос ирэх жуулчдын урсгал саарах эрсдэл бодитой бий.
Гэхдээ нөгөө талаас бидэнд боломж ч харагдаж байгаа юм. Олон улсын жуулчид Ойрхи Дорнод зэрэг тогтворгүй бүс нутгуудаас зайлсхийж байгаа тул Төв Ази болон Монгол шиг аюулгүй, тайван чиглэлийг сонирхох хандлага нэмэгдэж байна. Тоон статистик харахад, энэ оны эхний таван сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 17 хувийн өсөлттэй явж байна. Иран-АНУ-ын асуудал үүссэн гурав, дөрөвдүгээр сард ч энэ өсөлт хадгалагдсаар ирлээ. Гэсэн хэдий ч, хэрэв геополитикийн зөрчил удаан үргэлжилбэл оны хоёрдугаар хагаст энэ өсөлтийг хадгалж үлдэхэд хүндрэлтэй байх болов уу.
–Монгол Улс нэг сая гадаад жуулчин хүлээж авах тухай олон жил ярилаа. Хэзээ энэ зорилтдоо хүрэх бол. Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс хил орчмын аялал жуулчлал хөгжүүлснээр энэ тоонд хүрэх боломжтой гэдгийг хэлдэг. Салбар яамнаас энэ чиглэлд анхаарч байна уу?
-Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын тухайд бид маш ойрхон ирээд байна. Хэрэв дэлхий дахинд үүсээд буй дайн, инфляци, шатахууны үнийн өсөлт болон эдийн засгийн хямрал зэрэг геополитикийн саад бэрхшээл тулгараагүй бол бид яг энэ жил дээрх тоонд хүрэх бүрэн боломжтой, ийм төсөөлөлтэй ч байсан. Гэвч олон улсын нөхцөл байдал цаашид хэдэн сар үргэлжлэхээс хамаарч, энэ жилдээ нэг саяын босгыг давах эсэх нь эргэлзээтэй болж байна.
Харин хил орчмын аялал жуулчлал бол энэ тоонд хүрэх хамгийн бодит хөшүүрэг гэдэгтэй би санал нэг байдаг.
Саяхныг хүртэл бид үүнийг зөвхөн ярьдаг байсан бол одоо бодит ажил хэрэг болж эхэлж байна. Салбарын яам болон БНХАУ-ын талтай хийсэн уулзалтаар Хятадын жуулчдыг хил орчмын бүсэд 10 хүртэл хоногоор зорчуулах, Замын-Үүд–Эрээн чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, мөн "Цайны зам" түүх, соёлын маршрутыг хамтран хөгжүүлэх зэрэг маш тодорхой шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг зургаан чиглэлээр албан ёсоор баталж, хамтран ажиллахаар болоод байна. Энэ бол нэг сая жуулчны зорилтод хүрэхэд нөлөөтэй гэж үзэж байна.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МАШИНАА ТОНОГЛОХ НЬ ШИНЭ МАШИН БҮТЭЭЖ БАЙГАА МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ”
"Toyota Prius 30" загварыг эдийн засагт хэмнэлттэй, эгэл даруухан унаа гэж хардаг. Гэтэл энэ машиныг өөрийн гэсэн өнгө төрх, үнэ цэнтэй урлагийн бүтээл болгож болохыг Г. Бямбадорж өөрийн хүлгээрээ батлан харуулж байна. Ингээд "Crawling Gang auto club" клубын гишүүн, авто соёлыг түгээгч Г.Бямбадоржтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Энэ жилийн "Power Expo 2026"-д оролцож буй машинуудаас монголчуудын хамгийн их хэрэглэдэг приус машиныг тоноглосон нь содон харагдлаа. Машинаа хэдэн жил тоноглож байна?
–Миний хувьд "Power Expo 2026" бол маш том соёл бөгөөд том арга хэмжээ. Би өөрийн машинаа 2023 оноос хойш тоноглож, өөрийнхөө хүссэн дүр төрхөд оруулахаар ажиллаж байна. Энэ удаагийн 2026 оны экспод оролцохын тулд би бүр хоёрдугаар сараас эхлэн бэлтгэлээ базаасан. Нийтдээ гурван сарын хугацааг зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан тоноглолуудаа хийхэд зарцуулсан гэсэн үг. Автомашины тоноглол гэдэг маш өргөн ойлголт, дотор болон гадна талд нь хийх зүйл зөндөө байдаг. Мэдээж хүн бүх зүйлийг нэг доор бүгдийг нь хийчихэж чадахгүй шүү дээ.
Тодорхой цаг хугацаа, төсөв мөнгө, санхүүгийн төлөвлөгөө шаарддаг.
Миний хамгийн их ач холбогдол өгч, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хэсэг бол хойд талын тээшний хөгжим. Энэ хөгжмийн систем маань л гэхэд ойролцоогоор 6-7 сая төгрөг болсон. Үүнээс гадна хаалганууд маань дээшээ нээгддэг, хаалганы нугасны ажлыг 2025 онд хийж дуусгасан. Урд талын хамар, хойд хэсэг, хажуу тал гээд ер нь иж бүрэн тоноглол хийгдсэн.
-Тоноглолд санхүүгийн хувьд нийт хэдий хэмжээний зардал гарав?
-Энэ бол зүгээр нэг засвар биш, машин дотор машин бүтээх хэмжээний ажил болсон. Энэ машин дээр одоогоор хийгдсэн тоноглолыг бүгдийг нь нийлүүлээд тооцвол дахиад нэг шинэ "Prius 30" авах хэмжээний мөнгө орчихсон байгаа. Дэлхий даяар, тэр дундаа Япон болон Монголд энэ загвар маш их байдаг тул "aftermarket" буюу үйлдвэрээс гадуурх тоноглолууд маш элбэг.
"Prius"-ийн анхны хэлбэр нь маш өвөрмөц учраас бага зэргийн доод хормой болон гоёлын обуд хийхэд л төрх нь огцом өөрчлөгдөж, спортлог харагдаж чаддаг.
Мөн "Hybrid" системтэй учраас дотор салондоо төрөл бүрийн гэрэлтүүлэг, ухаалаг системүүд суурилуулахад тэжээлийн хувьд давуу талтай байдаг.
-Машинаа тоноглох нь хувь хүний хобби. Гэр бүлийнхэн нь санхүүгийн болоод бусад зүйлсээр хэр зэрэг дэмждэг вэ?
-Миний хувьд энэ бол зүгээр нэг төмөр хүлэг биш, миний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийн маань нэг хэсэг юм. Тийм ч учраас гэр бүлийнхэн маань миний сонирхлыг маш сайн ойлгож, үргэлж халуун дулаанаар дэмждэг. Би эхнэртэйгээ зөвлөлдөж, цалингаа бага багаар хуримтлуулж байгаад л машинаа тоноглодог. Энэ бол бидний хамтын хөдөлмөрийн үр шим шиг санагддаг юм. Мөн компанийн хамт олондоо маш их талархаж явдаг. Намайг энэ сонирхолдоо тууштай байхад тэд үргэлж урам өгч, заримдаа санхүүгийн хүндхэн шийдвэр гаргах үед байгууллага, хамт олон маань туслалцаа үзүүлж, ивээн тэтгэх тохиолдол ч гардаг. Энэ бол зөвхөн миний сонирхол биш, намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн итгэл сэтгэл шингэсэн хүлэг юм.
Эрэгтэй хүний хувьд машин гэдэг бол зүгээр нэг унаа биш, түүний нэр төр, эрч хүч, бас амжилтынх нь толь байдаг.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.
3,576.03


























































Холбоотой мэдээ