Тэд юу хэлэлцэв?

АНУ болон БНХАУ Пүрэв гаригт (2026.05.14) Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Энэ нь оюуны өмч, хүний эрхээс эхлээд технологи, худалдаа хүртэл олон жилийн турш тэмцэлдэж ирсэн хоёр орны хооронд өндөр ач холбогдолтой уулзалт юм. Тэгвэл Хятадын болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлсэн таван гол санаа юу байв?

1. Шинэ байр суурь

Дээд хэмжээний уулзалтын албан ёсны англи хэл дээрх мэдэгдэлд дурдсанаар Хятадын дарга Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар "стратегийн тогтвортой байдлын бүтээлч Хятад-АНУ-ын харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон". Бээжин үүнийг дараагийн гурван жил болон түүнээс хойшхи хугацаанд удирдамж болгон авч үзэх болно гэж Ши хэлсэн байна.

Стратегийн байр суурийг хамтын ажиллагаа, "хязгаартай өрсөлдөөн"-өөр удирдан чиглүүлэх бөгөөд зохицуулалттай ялгааг бий болгоно гэж Ши мэдэгджээ. "Энэ нь хэсэг хугацаанд үргэлжлэх ‘удирдлагатай тогтвортой байдал’-ын үеийг илтгэж байна" гэж "Economist Intelligence Unit"-ийн ахлах эдийн засагч Тианчен Сюй тайлбарлаж байна. Зөрчилдөөн үргэлжилсээр байх боловч "хамгаалалт бий болж, 2025 оных шиг хяналтаас гарахгүй" гэж мөн онцолжээ.

2. Дээд хэмжээний уулзалтын өмнөх уулзалт

Ши Жиньпиний хэлснээр, хоёр улсын худалдааны элч нар Лхагва гаригт Өмнөд Солонгост болсон бэлтгэл дээд хэмжээний уулзалтаар "тэнцвэртэй, эерэг үр дүнд" хүрсэн байна. Тус төлөөлөгчдийг АНУ-ын сангийн сайд Скотт Бессент, Хятадын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нар ахалсан. "Энэхүү хэцүүхэн олдсон эерэг эрч хүчийг хадгалахын тулд хоёр тал хамтран ажиллах ёстой" гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн Бээжин АНУ-ын худалдааны оролцоог сайшааж байгаа бөгөөд "Хятадын нээлттэй хаалга улам бүр нээгдэх болно" гэж тэрбээр онцолсон байна.

АНУ-ын бизнесийн салбарын 12 магнат энэхүү уулзалтад оролцож буй. Тэдний дунд "Tesla"-ийн Элон Маск, "Nvidia"-гийн Женсен Хуан нар багтаж байна.

3. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх

Хоёр тал дипломат болон цэргийн харилцаа холбооны сувгуудыг илүү сайн ашиглах ёстой гэж Ши Жиньпин хэлжээ. Тэрбээр мөн эдийн засаг, худалдааны асуудал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр илүү гүнзгий хамтын ажиллагааг уриалсан байна. Цагаан ордны албан тушаалтны хэлснээр Трамп, Ши Жиньпин болон тэдний баг эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцсэн. Үүнд АНУ-ын бизнес Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, Америкийн аж үйлдвэрт Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг орно.

АНУ-ын албан тушаалтны хэлснээр, Трамп мөн АНУ руу фентанилын урсгалыг хязгаарлах, Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Бээжингийн зүгээс үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахыг уриалав.

4. Ормузын хоолой, газрын тос худалдан авах

Хоёр тал мөн Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Украин, Солонгосын хойгийн хямралын талаар хэлэлцсэн гэж Хятадын мэдэгдэлд дурдсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Цагаан ордны албан тушаалтны хэлснээр Трамп, Ши Жиньпин нар чухал усан замаар дамжин өнгөрөх эрчим хүчний урсгалыг сэргээхийн тулд Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэгтэй санал нэгдсэн байна.

Бээжин эрчим хүчний артерийг "цэрэгжүүлэх" болон "түүнийг ашигласны төлөө төлбөр авах аливаа оролдлогыг" эсэргүүцэж байгаагаа дахин нотолсон гэж албаны хүн хэлж байна. Хятад улс мөн Ойрхи Дорнодын түүхий нефтээс хамааралтай байдлаа арилгахын тулд АНУ-ын газрын тосыг илүү их худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр улс Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэгтэй санал нэгдсэн гэж албаны хүн мөн хэлжээ.

5. Хамгийн чухал асуудал нь Тайвань байв

Хятад улс Тайванийн асуудлаар АНУ-д хатуу анхааруулга өгч, энэ асуудлыг зөв зохицуулахгүй бол хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй гэж мэдэгдлээ. Трамптай уулзах үеэр Ши Жиньпин Тайванийн асуудал нь Хятад, АНУ-ын харилцааны хамгийн чухал асуудал гэж онцолсон байна. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Тайванийн тусгаар тогтнолын аливаа үйлдлийг эсэргүүцдэг. Ши Жиньпин Тайванийн тусгаар тогтнол болон хоёр эргийн энх тайван “гал ус шиг эвлэршгүй” хэмээн хэлж, энэ асуудлыг буруу зохицуулбал Бээжин, Вашингтоны харилцаанд ноцтой хохирол учруулж, бүр мөргөлдөөнд хүргэж болзошгүйг анхааруулжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Тайваньд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж, арлын ойролцоо цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэх болсон. Мөн Тайванийг дэмждэг зарим орныг Бээжинг дэмжихэд уриалах болсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америкийн Тайванийн талаарх бодлого өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэн ч Хятад улс хүч хэрэглэвэл “аймшигтай алдаа” болно гэж анхаарууллаа. АНУ “стратегийн тодорхой бус байдал” гэх бодлого баримталдаг бөгөөд Хятад Тайваньд хүч хэрэглэвэл цэргийн оролцоо үзүүлэх эсэхээ албан ёсоор тодорхой илэрхийлдэггүй юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-15 118.221.147.99

АНУ д хүмүүс polymarket сайтад мөрий тавьж их мөнгө олж байна. угаасаа мөрийний сайт. голдуу дэлхийн эдийн засаг улс төрийн асуудлаар мөрий тавьдаг. Венесуеллагийн ерөнхийлөгчийг барьж ирнэ гэсэн мөрий тавьж их мөнгө хожсон хүмүүс байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж