"АНУ, Хятадын харилцаа тогтвортой байх нь дэлхийд чухал"

"АНУ, Хятадын харилцаа тогтвортой байх нь дэлхийд чухал"

"АНУ, Хятадын харилцаа тогтвортой байх нь дэлхийд чухал"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэлсэн. Хоёр орны удирагч нар олон улсын худалдаа, дэлхийн мөргөлдөөн, Тайвань болон хиймэл оюуны асуудлыг хэлэлцсэн чухал дээд хэмжээний уулзалт хийсэн байна. Тодруулбал, Пүрэв гаригт (2026.05.13) Тяньаньмэнь талбайд байрлах Ардын их танхимд Ши Жиньпин Трамп болон түүний төлөөлөгчдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан. Эл үеэр хүүхдүүд  АНУ болон Хятадын төрийн далбааг намируулж, Хятадын цэргийн үлээвэр найрал хөгжим тоглолт үзүүлсэн байна. Ёслолын дараа Трамп болон Ши Жиньпин нар Хятадын парламентын ордонд нүүр тулсан анхны хэлэлцээ хийжээ.

Нээлтийн үеэр Ши Жиньпин АНУ, Хятадын харилцаа тогтвортой байх нь дэлхийд чухал гэж онцолсон байна.

Мөн 2026 онд АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой тохиож байгаад мэнд хүргэсэн байна. Трамп Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн магтаж, тэд олон жилийн турш бие биенээ мэддэг байсан гэж хэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд Ойрхи Дорнодын мөргөлдөөн, АНУ болон Хятадын худалдааны дайн, Тайванийн асуудал, "AI"-ийн өрсөлдөөн зэрэг сэдвээр хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Дональд Трамп Иранд цохилт өгч, тус улсын удирдагчдыг устгах тушаал буулгасан нь АНУ болон Хятадын харилцаанд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлсөн билээ. Тиймээс энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Ираны асуудал байх болно. Иран нь Хятадтай ойр харилцаатай орон бөгөөд Ойрхи Дорнодын мөргөлдөөн нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд эрсдэл үүсгэсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Air Force One" онгоцоор Бээжин руу нисч байхдаа сэтгүүлчдэд "АНУ Хятадаас Ираны асуудалд илүү идэвхтэй оролцохыг хүсэх болно" гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн "Хятад бол АНУ-ын хамгийн том геополитикийн сорилт бөгөөд хамгийн чухал харилцаа” гэж онцолсон байна.

Харин Хятад энэ уулзалтыг ашиглан АНУ-тай дипломат харилцаагаа тогтворжуулж, урт хугацааны худалдааны тогтвортой харилцаа бий болгохыг хүсэж байна. Хятадын АНУ дахь элчин сайд Шиэ Фенг хоёр улсын харилцаа дэлхийн тогтворгүй нөхцөлд улам чухал болсон гэж мэдэгджээ. Одоогоор энэ уулзалтаас ямар үр дүн гарах нь тодорхойгүй байна. АНУ худалдааны маргааныг шийдвэрлэх зорилгоор Хятадтай хамтарсан худалдааны зөвлөл байгуулах санал гаргажээ. Мөн Хятад АНУ-ыг Тайванийг дэмжих байр сууриа зөөлрүүлэхийг хүсэж байгаа ч ийм өөрчлөлт гарах магадлал бага гэж үзэж байна.

Хоёр өдрийн айлчлалын үеэр Трамп, Ши Жиньпин нар олон арга хэмжээнд хамт оролцоно. Тэд Бээжингийн Тэнгэрийн сүмд зочлох төлөвтэй байна.

Энэхүү айлчлалд АНУ-ын томоохон технологийн компаниудын захирлууд оролцож байгаа бөгөөд тэд эхний уулзалт амжилттай болсон гэж мэдэгджээ. Элон Маск уулзалтуудын талаар “Гайхалтай байсан” гэж хэлээд “Олон сайн зүйл болсон” гэж мэдэгджээ. Тим Кук сэтгүүлчдэд эрхий хуруугаа гозойлгон “Уулзалтууд сайн болсон” гэсэн дохио үзүүлсэн байна. Женсен Хуанг мөн уулзалт амжилттай болж байна гэж хэлээд, Ши Жиньпин болон Трамп нарыг “гайхалтай” байсан гэж магтжээ. Тэрбээр хоёр орны харилцаа сайжирна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ эдгээр бизнес удирдагчид яг ямар уулзалтад оролцсон, хэнтэй уулзсан нь тодорхойгүй хэвээр байна. Тэд Пүрэв гаригт Ардын их танхимын гадна улаан хивсний ёслолд оролцож байгаа нь харагдсан ч Трамп, Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээнд оролцож буй нь харагдаагүй байна.

Үүнээс гадна Трамп айлчлалынхаа өмнө Хонконгийн хоригдсон хэвлэлийн магнат Жимми Лайгийн асуудлыг Ши Жиньпинтэй хэлэлцэх болно гэж мэдэгдэж байсан. Жимми Лай энэ оны хоёрдугаар сард 20 жилийн хорих ял сонссон байна. Түүнийг Хятадын үндэсний аюулгүй байдлын хууль зөрчиж, гадаадын хүчтэй хамтран ажилласан болон төрийн эсрэг материал нийтэлсэн хэрэгт буруутгасан юм. Тэрбээр Хонконгийн ардчиллыг дэмжигч, Хятадын Коммунист намын шүүмжлэгчдийн нэг байсан. Трамп Жимми Лайг “зөв зүйл хийхийг оролдсон” гэж хэлээд, түүнийг суллагдаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Мөн Хятадад 10 гаруй жил хоригдож буй хоёр Америк иргэний гэр бүлүүд Трампыг Бээжинд хийх айлчлалынхаа үеэр тэдний хэргийг хөндөхийг уриалж байна. Тодруулбал, 54 настай Доун Мишель Хант болон 52 настай Нельсон Уэллс Жуниор нь 2014 оноос хойш Хятадад хоригдож байгаа бөгөөд хар тамхины хэрэгт холбогдсон гэж үзэн ял шийтгэл авсан байна. Гэр бүлийнхэн нь тэднийг мэдэлгүйгээр хар тамхи агуулсан зүйлс зөөвөрлөхөд хууртагдсан гэж тайлбарлаж байна. Хантад цаазаар авах ял оноосон бол Уэллсэд анх бүх насаар нь хорих ял оноож, давж заалдсаны дараа 22 жил болгон бууруулжээ.

Гэр бүлийнхэн нь тэдний эрүүл мэнд шоронд байх хугацаанд ноцтой дордсон гэж мэдэгдэж байна. Хант сэтгэл зүй болон биеийн хувьд хүнд байдалд байгаа бол Уэллс таталт өгч, шүд нь муудаж байгаа аж. Улмаар тэдний гэр бүлүүд Трампыг энэ асуудлыг Ши Жиньпинтэй шууд хөндөн ярилцаж, хүмүүнлэгийн үндэслэлээр суллуулахыг хүсэж байна. АНУ-ын Төрийн департмент хоёр иргэнийхээ хэргийг мэдэж байгаа бөгөөд Хятадад хоригдож буй Америк иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Трамп мөн Бээжинд хийх уулзалтынхаа үеэр бусад хоригдсон хүмүүсийн асуудлыг хөндөхөө мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

China 🇨🇳 has defeated America 🇺🇸 in terms of economy and technology. 2026-05-14 84.225.161.114

China 🇨🇳 has defeated America 🇺🇸 in terms of economy and technology. Now China 🇨🇳 is the number 1 most influential country in the world.

Avatar

This year 2026 and in the future, the most powerful countries in the world will be 🇨🇳 🇺🇸 🇷🇺 🇮🇳 🇮🇹 🇮🇷 🇪🇸 🇨🇦 ever. 2026-05-14 84.225.161.114

This year 2026 and in the future, the most powerful countries in the world will be 🇨🇳 🇺🇸 🇷🇺 🇮🇳 🇮🇹 🇮🇷 🇪🇸 🇨🇦 ever.

Avatar

Зочин 2026-05-14 103.212.119.151

ккомпютерийн програм шиг юмаар монгол залуусийн ооооо бичлэгийг хадналж аваад өөрсдөд нь мэдэгдэлгүй гадаадын баячуудад зардаг болжээ

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.40.138

АНУ болон БНХАУ хоорондоо эвтэй найрсаг байх нь могол улсад ашигтай тусна.

Avatar

zochin 2026-05-14 103.79.157.191

amerik turemgilegch terroriazm

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж