Далд тулааны талбар: Ирак

Далд тулааны талбар: Ирак

Далд тулааны талбар: Ирак

Ойрхи Дорнодын мөргөлдөөн эхлэхээс өмнөхөн Израиль улс Иракийн цөлд нууц цэргийн бааз байгуулсан байсан талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, "The Wall Street Journal" (WSJ) өнгөрөгч Бямба гаригт (2026.05.09) Ираны эсрэг дайн эхлэхээс өмнө АНУ-ын мэдэлтэйгээр Израиль цөлийн гүнд тусгай хүчин байрлуулж, агаарын хүчнийхээ логистикийн төв болж үйлчилсэн байгууламжийг барьсан гэж мэдээлжээ. Цэргийн баазад мөн Израилийн нисгэгчдэд туслах эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүн байсан бөгөөд эндээс Иракийн хүчний эсрэг агаарын дайралт хийсэн гэж онцолсон байна.

ИРАК ДАХЬ ИЗРАИЛИЙН ЦЭРГИЙН БААЗ ХЭРХЭН ИЛ БОЛСОН БЭ?

Иракийн Саудын Арабтай хиллэдэг хилийн ойролцоо сэжигтэй байршлыг нээлттэй эх сурвалжийн шинжээчид тодорхойлсон гэж "WSJ" мэдээлсэн. Мөн Иракийн хамтарсан ажиллагааны орлогч командлагч, дэслэгч генерал Кайс аль-Мухаммедави Карбала хотын ойролцоох Нажафын цөлд сэжигтэй хөдөлгөөн илэрсэн тухай мэдээлэл авсан гэж мэдэгдэж байжээ. Тус хот нь Багдад хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 100 км зайтай байрладаг.

Тэрбээр хэлэхдээ, Иракийн тал сэжигтэй байршлыг шалгуулахаар гурван хороо цэрэг илгээсэн бөгөөд тэд агаарын хүчтэй довтолгоонд өртсөн.

Үүний улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хоёр хүн шархадсан байна. Дараа нь терроризмын эсрэг хоёр хороо цэрэг нэмэлтээр илгээж, бүсийг нэгжсэн ч юу ч илрүүлээгүй байна. Мөн "WSJ" гуравдугаар сард Израилийн агаарын хүчний хуучин дарга Томер Барын хийсэн мэдэгдлийг иш татсан байна. Тэрбээр Ирантай холбоотой мөргөлдөөний үеэр Израилийн тусгай хүчин “онцгой” ажиллагаа явуулсан гэж мэдээлсэн. Гэхдээ хаанаас гэдгийг нь тодорхойлж чадаагүй байжээ.

Иракийн баруун цөл нь хүн ам сийрэг, өргөн уудам газар нутагтай тул нууц цэргийн бааз байгуулахад тохиромжтой газар гэж аюулгүй байдлын шинжээч Майкл Найтс тайлбарлажээ.

"Al Jazeera"-гийн Багдадаас хийсэн сурвалжилгад дурдсанаар, өнгөрсөн гуравдугаар сард нутгийн нэг хоньчин цөлд нисдэг тэрэг харснаа мэдээлснээр уг нууц бааз бараг илчлэгдэх шахсан байна. Харин дараа нь түүний унасан тээврийн хэрэгсэл Израилийн довтолгоонд өртсөн байж болзошгүй бөгөөд тэрээр амь үрэгджээ.

ИРАК ЯМАР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БЭ?

Ирак Израилийн нууц цэргийн бааз байгаа гэх мэдээлэлд эрх баригчид нүдэн будилсан тайлбар өгч байна. Кайс аль-Мухаммедави өнгөрөгч Пүрэв гаригт "Энэ бүсэд ямар нэгэн гадаад хүчин байрлах зөвшөөрөл, тохиролцоо байхгүй" гэж мэдэгдсэн. Гэвч "WSJ"-ийн нийтлэлд, Ирак гуравдугаар сарын сүүлээр АНУ-д албан ёсны гомдол гаргаж, нууц цэргийн ажиллагааг Иракийн бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзсэн талаар мэдээлсэн байв. Харин АНУ-ын албаныхан тус ажиллагаанд ямар ч оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Иракийн аюулгүй байдлын нэгэн өндөр албан тушаалтан Ням гаригт "Anadolu Agency"-д өгсөн ярилцлагадаа Израиль Иракийн цөлд нууц цэргийн бааз байгуулсан гэх мэдээллийг “худал” гэж няцаажээ. Энэ долоо хоногийн эхэнд Иракийн зэвсэгт хүчин мөн мэдэгдэл гаргаж, нутаг дэвсгэрт нь зөвшөөрөлгүйгээр ямар ч гадаадын хүчин үйл ажиллагаа явуулаагүй гэж онцолсон байна.

Гэсэн хэдий ч, мөн өдөр "Badr Organization"-ын нэгэн хууль тогтоогч Иракийн баруун хэсэгт АНУ болон Израилийн хамтарсан цэргийн бааз байдаг гэж "Shafaq News"-д ярьжээ.

Мөн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Суданигийн ажлын албаны нэгэн албан тушаалтан "The New Arab"-т өгсөн ярилцлагадаа "Нууц ажиллагаа АНУ-ын тусламж болон хамгаалалттайгаар явагдсан" гэж мэдэгдсэн байна. Иракийн Карбалагийн ажиллагааны командлагч "Al Jazeera"-д өгсөн ярилцлагадаа Израилийн цэргийн бүлгийг гуравдугаар сард Нажафын цөлд илрүүлсэн ч тэд 48 цагаас илүү хугацаанд байгаагүй гэжээ. Сүүлийн жилүүдэд Ирак нь АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдалд дунд "татагдан орсоор" байгаа бөгөөд нууц цэргийн баазын тухай мэдээлэл гарсан нь Багдад олон улсын харилцаанд эмзэг байр сууринд байгааг тодруулсан гэж шинжээчид үзэж байна.

ТЭДНИЙ ХАРИУ 

Иран улс Израилийг Иракийн нутаг дэсгэрт нууц цэргийн бааз байгуулсан гэх мэдээлэлд таатай хандахгүй нь ойлгомжтой. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багхай Даваа гаригт орон нутгийн хэвлэлд ярихдаа, Тегеран “Израилийн дэглэмтэй холбоотой ямар ч боломжийг үгүйсгэхгүй” бөгөөд энэ асуудлыг Иракийн засгийн газартай заавал хэлэлцэнэ гэжээ.

Тэрбээр Израиль бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэж, Иранд дарамт үзүүлэхийн тулд “улаан шугам”-ыг үл тоомсорлодог гэж буруутгасан байна.

Харин Израилийн Батлан хамгаалах хүчин одоогоор Иракийн цөлд нууц цэргийн баазтай гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Израилийн "Kan" радио өмнө нь Иракийн цөл дэх Израилийн цэргийн баазын талаар арабын талууд мэдэж байсан гэж мэдээлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр шинэ мэдээлэл нь Ирак улс АНУ, Израиль болон Ираны хоорондын мөргөлдөөний "далд тулааны талбар" болж байгаа гэх таамгийг улам өдөөж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-05-14 202.9.47.91

энэ мэдээ монголд хэрэгтэй юу ?өөрсдөө зөндөө асуудалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж