Хөлбөмбөгийн дэлхийн аварга нээлтээ хийхэд яг 30 хоногийн хугацаа үлдлээ. Монголын цагаар зургадугаар сарын 13-ны 03:00 цагаас Мексик болон Өмнөд Африкийн багууд салхийг хагалах учиртай. Ирэх дэлхийн аваргатай холбогдуулан таван чухал мэдээллийг хүргэе.
1. ТАСАЛБАРЫН ҮНЭ
Энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн шүүмжлэл дагуулж буй хэсэг нь тасалбарын үнэ. Өмнөх дэлхийн аваргуудтай харьцуулахад дэндүү өндөр үнэтэй байгаа аж. АНУ болон Парагвайн тоглолтын хамгийн хямд тасалбар нь 1,000 ам.доллараар эхэлж байна. Харин финалын тоглолтын тасалбар 32,970 ам.доллар хүрчээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл өөрийн мөнгөөр тасалбар худалдан авахгүй гэж егөөдөөд амжсан. Удахгүй хоёр дахь зах зээл нээгдэнэ. Ингэхээр одоогийн хөөрөгдсөн үнэ улам өсөх боломжтой.
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс тасалбарын энэ галзуурлыг зогсоохоор арга хэмжээ авч эхэлсэн. Тэд 60 ам.доллараас эхлэх тасалбарыг фанатуудад борлуулах гэнэ. Гэхдээ зөвхөн тухайн улсын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан хөлбөмбөгийн жинхэнэ хорхойтнуудад худалдаалахаар болжээ.
2.ИРАН
Иран дэлхийн аваргад оролцох эсэх нь эргэлзээ дагуулсан. Трамп тэднийг эх орондоо ирэхийг урьсан ч аюулгүй байдалд нь баталгаа өгч чадахгүй гэв. Харин Ираны зүгээс АНУ-д хийх хоёр тоглолтоо Мексик руу шилжүүлэхийг FIFA-аас хүссэн юм.
Өнөө нөхцөл байдлыг харахад Иран ирэх дэлхийн аваргад оролцоно. Тэд Лос Анжелес болон Сиатлл хотуудад тоглох хуваарьтай.
Хэрэв АНУ болон Ираны шигшээ багууд хэсэгтээ хоёрдугаар байрт орвол хасагдах шатанд хоорондоо учраа таарна. Энэхүү тоглолтыг дэлхий даяараа анзаарах нь дамжиггүй.
3.АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Тэмцээн дөхөх тусам аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Ирэх зун АНУ-ыг зорих жуулчдын тоо огцом өснө. Үүнд бэлтгэн АНУ-ын цагаачлалын алба виз олгох журам болон жуулчдын хувийн мэдээлэл, сошиал хаягуудад хяналт тавьж байгаа гэнэ.
Мөн Трампын зүгээс цагаан арьст бус, Африк, Муслимын 39 оронд аялалын хориг тавьсан билээ. Бидний мэдэх Гаити, Иран, Сенегал, Кот д’Ивуар улсын иргэд АНУ руу аялах боломжгүй.
Мексик улсын тухайд халдлага болохвий гэж эмээж байгаа. Учир нь тус улсын хамгийн хүчирхэг, хэрцгий мафийн удирдагч байсан Эль Мэнчо буюу Немесио Озэгуэра Червантес баривчилгааны үеэр алагдсан билээ. Түүний үхлийн дараа Гуадалахара хотод эмх, замбараагүй байдал үүссэн юм.
4.ДЕБЮТ
Энэ жилийн дэлхийн аваргад анх удаа 48 баг оролцоно. Өмнө нь 32 байсныг 48 болгосон учир олон шинэ улс, орнууд дэлхийн аваргын нэг хэсэг болох боломжтой болжээ.
Йордан, Кабо Верде, Курасао, Узбекистан зэрэг улсууд анх удаагаа дэлхийн аваргад оролцоно. Йордан л гэхэд Мессигийн Аргентинтай, Узбекистан Роналдогийн Португалтай тоглоно гэхээр гайхалтай санагдаж байгаа нь дамжиггүй.
Мөн Кариббын арал улс болох 156 мянган хүн амтай Курасао гэх улстай бид танилцана.
5.ОНЦЛОХ ТАМИРЧИД
Дэлхийн аварга бол хөлбөмбөгчдийн өөрсдийг харуулах, батлах, эргэлзээг арилгах талбар. Түүхийг харвал маш олон домгууд энэ тайзнаа гялалзаж, өөрсдийгөө цэнхэр гаригт тамгалсан байдаг.
Тэгвэл Ламине Ямаль тэргүүтэй залуу одод анхны дэлхийн аваргад оролцоно. Тэдний хэн нь хүлээлтэд хүрэх вэ гэдэг сонирхолтой. Нөгөө талаараа олон гайхалтай тамирчид бэртлийн улмаас тоглох боломжгүй болжээ.
Нидерландын найдвар байсан Шави Симонс, Францын довтлогч Уго Экитике, АНУ-ын шинэ од Патрик Агьеман нар тоглох боломжгүй.
Хамгийн чухал нь хөлбөмбөгийн спортын хоёр ноён оргилыг бид дахин нэг удаа харна. Месси, Роналдо хоёр баараггүй сүүлийн дэлхийн аваргад ирж байна. Роналдо Месситэй эн зэрэгцэхийн тулд энэ удаад сүүлийн сумаа тавина.
3,576.26



























































Холбоотой мэдээ