Хууль төрөхийн өмнө: Хүн гүтгэвэл торгож, албадан хөдөлмөр хийлгэнэ

Хууль төрөхийн өмнө: Хүн гүтгэвэл торгож, албадан хөдөлмөр хийлгэнэ

Хууль төрөхийн өмнө: Хүн гүтгэвэл торгож, албадан хөдөлмөр хийлгэнэ

Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14.1 буюу “Худал мэдээлэл тараах” заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэх дүгнэлтийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 14.10 гэх шинэ заалтаар гүтгэх гэмт хэргийг тусгаж, хуулийн төсөл боловсруулсан нь шүүмжлэл дагуулж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн төсөлдөө таван асуудлыг хөндсөн талаараа өмнө нь танилцуулж байв. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах зохицуулалттай байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээгээд Х.Тэмүүжин гишүүн “Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх ангилалд хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй” гэв. Үндсэн хуульт ёсны орчин цагийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй гээд онцлон тайлбарласан. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байгаа бөгөөд ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн хууль санаачлагч үзжээ.

Эрүүгийн хуулийн зарчим нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг. Энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж эрүүгийн ял, албадлага хэрэглэх дур зоргыг хязгаарладаг. Гэтэл Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, нийгэмд аюулгүй” гэсэн субьектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж үнэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Эрүүгийн хууль дахь “нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар” гэсэн ойлголтыг хасчээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/14.10 дугаар зүйл:
“14.10 дугаар зүйл.Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал, хуурамч мэдээллийг мэдсээр байж, эсхүл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин
цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.өөртөө, эсхүл бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.2.хиймэл оюун ухаанд суурилсан технологийн аргаар хүний дүр төрх, дуу хоолойны өнгө, үйл хөдлөл, эсхүл бодит нөхцөл байдлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн дуурайлгах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар хуурамч зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж;
2.3.захиалгаар гүйцэтгэж;
2.4.бүлэглэж;
2.5.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар
нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.

Тайлбар нь:

  • Энэ зүйлд заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдаж” гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор түүний талаар бусдад сөрөг ойлголт төрүүлэх, улмаар тухайн хүний нэр төр, алдар хүндийн талаарх нийтийн үнэлэмжийг бууруулахад чиглэсэн үйлдлийг ойлгоно.
  • Энэ зүйлд заасан “Худал мэдээлэл” гэж худал болох нь нотлох баримтаар тогтоогдсон мэдээллийг ойлгоно.
  • Энэ зүйлд заасан “Хуурамч мэдээлэл” гэж бодит байдал дээр болоогүй үйл явдал, үйлдэл, нөхцөл байдлыг болсон мэт ойлгогдохуйц байдлаар зохиож бичсэн, эсхүл хиймэл оюун ухаанд суурилсан болон бусад программ, техник хэрэгсэл, зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж зохион бүтээсэн мэдээллийг ойлгоно.
  • Энэ зүйлд заасан “олон нийтэд тараасан” гэж худал, хуурамч мэдээллийг олон нийтэд нээлттэй, эсхүл олон нийт хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой, эсхүл олон нийтэд хүргэх боломжийг санаатайгаар бүрдүүлэх байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, хурал, цуглаан, зар сурталчилгаа болон
    түүнтэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр түгээсэн, байршуулсан үйлдлийг ойлгоно.
  • Энэ зүйлд заасан “ноцтой хохирол, хор уршиг”гэж хүний амь нас хохирсон, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан, гэрлэлт цуцлагдсан, хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд нь мөрдөн шалгагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэн, хохирогчийн амьдарлын эх үүсвэр болсон эд хөрөнгийн болон эдийн бус эрхэд хохирол, хор уршиг учирсан шалтгаант холбоо бүхий үр дагаврыг ойлгоно.

Хуулийн төсөлд дараах тохиолдлыг энэ зүйлд заасан гэмт хэрэгт тооцохгүй гэжээ. Тодруулбал,

  • Нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг хөндөж үзэл бодлоо илэрхийлсэн, эсхүл хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа бол
  • Нийтийн албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүнийг албан тушаал, чиг үүрэг, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулж хууль бус үйлдэлд хардаж сэрдсэн, эсхүл шүүмжилсэн бол
  • Олон нийтэд илэрхий болсон эх сурвалжид үндэслэсэн, эсхүл үнэн бодит баримтад тулгуурласан, эсхүл тухайн үедээ үнэн гэж итгэх бодит үндэслэлтэй байсан бол
  • Үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэн илэрхийлсэн үнэн, худлыг тогтоох боломжгүй үнэлэлт, дүгнэлт, эсхүл уг мэдээллийн тоон утга нь бодит байдлаас зөрүүтэй боловч тухайн мэдээллийн үндсэн агуулга, утга санааг өөрчлөх хэмжээнд хүрээгүй бол
  • Нийгмийн сүлжээ, цахим хуудсанд бусдын нийтэлсэн мэдээллийн агуулгыг өөрчлөхгүйгээр дахин түгээсэн, эсхүл уг мэдээллийг тайлбартай нийтлэхдээ энэ зүйлд заасан зорилго, сэдлээр хувиргаж, баталж илэрхийлснээс бусад өөрийн хувийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж түгээсэн, уг мэдээллийн доор өөрийн санал, сэтгэгдлийг бичсэн бол
  • Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан этгээд нь тухайн гэмт хэргийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн гэрч болсон бол
  • Энэ зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаал эрхэлж байгаа, эсхүл эрхэлж байсан хүн нь өөрийн албан тушаал, чиг үүрэг, шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан олон нийтэд тараасан сөрөг мэдээлэлд тайлбар хийх үүрэгтэй бөгөөд уг мэдээллийг худал, хуурамч болох талаар үндэслэл бүхий тайлбарыг хийсээр байтал мэдээлэл тараасан этгээд нь энэ зүйлд заасан зорилго сэдэл, арга хэлбэрээр удаа дараа олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

2/13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт:
“2.2.хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор;”
2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтын дугаарыг “2.3” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл .Энэ хуулийг 2026 оны … дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-13 103.57.94.14

Тэмүүжингмйн боловсруулсан хуулийн төслүүдийн логик үндэслэл нь их гүнзгий, өөр хоорондоо уялдаа холбоо сайтөй, ер нь онцгой л ялгарч харагддаг юм даа !

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.123.175

сэтгүүлч нэртэй жжингэрүүдыг явуул

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.179.139

Дэмжиж байна

Avatar

Зочин 2026-05-13 192.82.92.42

Боловсролын сайд гэж ундэслэлгуй худал ярьдаг, хун гутгэжэг нехер бнаа!

Avatar

зочин 2026-05-13 66.181.188.230

Гүтгэлэг хэтэрч байна, Хэмжээ хязгаараа алдаж байна,Ямаа шиг өчүүхэн зүйлийг тэмээ шиг том болгож байгаад нийгмийг хуурч, иргэдийн толгойг угаан,хорон ,үл бүтэх явуулгад ашиглаж байна, Бүр ямар ч үндэслэлгүй гүтгэлэг тарааж, ямар ч гэмгүй хүмүүсийг хилсдүүлэх хүнд ял үүрэх байдалд ч хүргэж байна Төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаанд ч өргөн ашиглах боллоо, Маш анхааралтай авч үзэж ямар нэг хэмжээгээр хойшлуулашгүй шийдэх шаардлагатай байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж