Сурвалжлага: Эрч хүчээр амьсгалсан "Power Expo Festival"

Сурвалжлага: Эрч хүчээр амьсгалсан "Power Expo Festival"

Сурвалжлага: Эрч хүчээр амьсгалсан "Power Expo Festival"

Нийслэлийн баруун хаяанд орших "Авто худалдааны цогцолбор" гурван өдрийн турш хөдөлгүүрийн нүргээн, залуусын эрч хүчээр амьсгаллаа. Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo Festival" ийнхүү 14 дэх жилдээ амжилттай зохиогдож шилдгүүд тодорсон өдрүүд байв. Нээлтийн ёслол эхлэхэд Монголд бүртгэлтэй мото клубүүд өөрсдийн тугийн доор нэгдэн, талбайд цуваагаар орж ирэв. Энэхүү мөчийг хамгийн ойроос харах гэсэн үзэгчид суудлаасаа өндөлзөн, хашлага руу түрэн тэмүүлэх нь тэр. Өдрийн турш үзэсгэлэн болон байрласан мото хэрэгслүүд парадын үеэр амь орж, "Power Land" талбайн гол эзэд нь болон залагдлаа.

Парадад оролцож буй автомашин бүр яндангаа буудуулан хүчээ гайхуулахад үзэгчид чанга хашхиран дэмжиж, талбай тэр чигтээ эрч хүчээр дүүрэв. Мөн энэ үеэр мото спорт сонирхогчид, дэмждэг клуб, баг тамирчидтайгаа дурсгалын зураг татуулах боломж тохиож хэсэг л төв талбай хөл хөдөлгөөний гол цэг байв.

Энэ жилийн хувьд "Power Expo Festival" өнгө төрхөө бүрэн шинэчилж, авто спортын соёл болон экстрим энтертайнментыг дэлхийн жишигт нийцүүлснээрээ онцлог бөгөөд "Power Land" талбайд цугларсан олон мянган үзэгчид зөвхөн хурд хүчийг үзээд зогсохгүй, техникийн дэвшил болон экстрим аяллын гайхамшгийг нэг дороос мэдрэх боломж бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Мөн хөдөлгүүрийн нүргээн, дрифтийн дугуйн утаа, хурдны зам дээрх өрсөлдөөн нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байв.

Нэг талаараа энд ирсэн үзэгчид уйдах завгүй, догдлол дүүрэн байлаа. Өнгөрсөн жил гурван өдрийн турш 20 гаруй мянган үзэгч цугларч байсан бол энэ жил хөл хөдөлгөөн хавь илүү байлаа.

"Power Expo Festival" төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж хэлэхдээ "Манай наадам 14 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлогийг дурдахаас өмнө өнгөрсөн 2025 оныг эргэн санах ёстой. Учир нь бид өмнөх жил Ази, Америк тэргүүтэй найман орныг хамруулан олон улсын түвшинд наадмаа зохион байгуулснаар Монгол Улсаас анх удаа "Азийн авто спортын шилдэг эвент" шагналыг хүртсэн юм. Энэ жилийн хувьд уг шагналын дагалдах олон улсын эвент менежментийн стандартын дагуу наадмаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн жилийнхээс цар хүрээгээ үлэмж тэлсэн. Жишээлбэл, өмнө нь экстрим энтертайнмент төрөлд цөөн хэдэн үзүүлбэр ордог байсан бол энэ жил 10 гаруй төрөл болж нэмэгдсэн. Мөн үйл ажиллагааны тайзыг хоёр байсныг дөрөв болгон өргөжүүллээ.

Оролцогч орнуудын тоо ч нэмэгдэж, энэ жил 9-10 улсын төлөөлөл ирээд байна. "Racing Model" тэмцээн маань олон улсын зэрэглэлтэй болж, гадаадын загвар өмсөгчид Монголыг зорин ирлээ. Түүнчлэн машин, мотоциклын төрөлд 4-5 орны баг тамирчид өрсөлдөж байгаа. Бид клубын залуусдаа зориулж "Нөхөрлөл" тайз, олон улсын тамирчдадаа зориулж "Эв нэгдэл" тайз талбайг засаж, үйл ажиллагаагаа улам баялаг болголоо.

Энэхүү арга хэмжээ нь ерөнхийдөө нийгэмд, тэр дундаа залуучуудад чиглэсэн хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Наадмыг зорин ирж буй үзэгчид маань бүгд техник хэрэгсэлд сонирхолтой, хүлэгтээ хайртай жолооч нар байдаг. Тиймээс бид залуустаа техник сонирхохоос гадна хотын соёл, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах хариуцлагатай хандлагыг сурталчилж байна. Өөрөөр хэлбэл, шинэ үеийн залуусын хобби, сонирхол ямар түвшинд хөгжиж байгааг харуулахын зэрэгцээ зөвхөн сошиал орчинд бус, бодит амьдрал дээр бие биенээ хүндэтгэдэг соёлч нийгмийг төлөвшүүлэх нь бидний гол чиглэл юм" гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан доор аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж буй. Энэхүү бодлогын хүрээнд эх орноо олон улсад сурталчлах, гадаадын жуулчдыг татах зорилготой соёл, спорт, энтертайнментын томоохон арга хэмжээнүүдийг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг тод илрэл нь энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдсан "Power Expo & Festival" юм. Тус наадам нь зөвхөн дотоодын авто спорт сонирхогчдын цугларалт байхаас хальж, бүс нутгийн хэмжээний томоохон эвент болон өргөжсөнөөрөө онцлогтой.

"Монголд ганцхан байдаг машин гэнэ ээ, зургаа даруулъя!" хэмээн хэсэг өсвөр насныхан ам уралдан ярилцах нь сонсогдоно. Сониуч зандаа хөтлөгдөн очвол, авто ертөнцийн домогт хүлгүүдийн нэг Toyota Supra MK3 A70 үзэгчдийг соронзон мэт татаж байлаа.

Тэрхүү ховор хөлгийг тойрон цугларсан машин сонирхогчид "Ямар үнээр авсан бэ?", "Гүйлт нь хэдтэй байгаа бол?", "Хэзээ улсын хилээр орж ирсэн бэ?" гэх мэт асуултаар эзнийг нь байцааж, техникийн үзүүлэлт бүрийг нь нэг бүрчлэн сонирхож байв.

Авто спортын үнэ цэнийг мэддэг хүмүүсийн хувьд энэ загвар нь зөвхөн тээврийн хэрэгсэл бус, JDM соёлын алтан үеийн үнэт өв гэдгийг тэдний сонирхсон харцнаас бэлхнээ харж болохоор байлаа.

Эзэмшигч Бат-Од хэлэхдээ "Наадмын зохион байгуулалт жилээс жилд сайжирч, ялангуяа JDM соёл сонирхогчид энэ жил маш идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдлаа. Би энэ жилийн наадамд өөрийнхөө хамгийн хайртай хүлэг болох Toyota Supra MK3/A70 загварын автомашинтайгаа оролцож байна. Энэхүү машин маань 2026 оны хоёрдугаар сарын сүүлээр Монголд орж ирсэн. Хотын гудамжаар хөдөлгөөнд оролцож байхад замын цагдаа нар хүртэл сонирхон дохиж, "Ямар загварын, хэдэн оны машин бэ?" хэмээн асуух тохиолдол цөөнгүй. Бидний хувьд замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргахгүйг хичээдэг.

Одоогоор яг энэ загварын Supra Монголд ганцхан байгаа учраас илүү үнэ цэнтэй санагддаг юм.

Эр хүн болгоны дотор нэгэн гоё мөрөөдлийн машин байдаг даа. "Санаж явбал бүтнэ" гэдэг шиг мөрөөдөж явсаар энэхүү хөлгөө авсан маань үнэхээр сайхан. Миний хөлгийн хувьд хүн бүрийн сайн мэддэг, домогт 2JZ хөдөлгүүртэй Supra MK4-ийн өмнөх загвар буюу JDM-ийн алтан үеийн төлөөлөл юм. Мөрөөдлөө биелүүлж, түүнийгээ бусадтайгаа хуваалцана гэдэг авто спорт сонирхогч хүний хувьд хамгийн том таашаал билээ" гэлээ.

Наадмын бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь нөлөөлөгч залуусын дрифт байсан бол VIP хэсэгт өрнөсөн холимог тулаан MMA үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байлаа. Зөвхөн тусгай тасалбартай үзэгчдэд зориулсан энэхүү хэсэгт олон төрлийн нууцлаг бөгөөд гэнэтийн үзүүлбэрүүдийг бэлдсэн нь наадмын чансааг илтгэв. Ийнхүү авто спортын эрч хүч, тулааны урлагийн халуун уур амьсгал, тусгай хөтөлбөрүүдийг нэг доор цогцлоосон нь мото спорт сонирхогчдын хувьд хүсэн хүлээсэн, мартагдашгүй өдрүүд болж байв.

"Power Expo & Festival"-ийн талбайд авто спортыг анх удаа зорин ирж, шинээр сонирхож буй залуусаас эхлээд таван жил тасралтгүй оролцож буй туршлагатай тамирчид хүртэл нэг доор цугларчээ. Тэдний нэг болох туршлагатай оролцогч маань энэ удаагийн нээлтийн ёслолд өөрийн клубын залуустайгаа нэгдэн, жагсаалд оролцохоор зорин ирсэн нь энэ аж.

Тэрбээр "Би "Power Expo"-д сүүлийн таван жил тасралтгүй оролцож байна. Жил ирэх тусам тус наадмын зохион байгуулалт, менежмент боловсронгуй болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Монгол Улсад өнөөдөр автомашин, мотоцикл сонирхогчдын хүрээлэл тэлж, энэ соёл ямар хүчтэй хөгжиж байгааг эндээс харж болно. Монголчууд техник сонирхлоороо хэдийнэ дээд түвшинд очжээ. Мөн Японоос өөрсдөө техникээ авчран, олон улсын оролцогчидтой эн зэрэгцэн өрсөлдөж байна гэдэг нь залуусын ур чадвар, туршлага ямар өндөр байгааг батлан харуулж буй хэрэг. "Power Expo" буюу хурд хүчний энэхүү наадам залуусын анхаарлыг жилээс жилд соронзон мэт татаж байна.

Тэр дундаа Gen Z буюу шинэ үеийн залуус маань бүх зүйлд маш идэвхтэй, хамгийн гол нь өндөр ёс суртахуунтай оролцож байгаад баяртай байна.

Тэд тэмцээн уралдааныг соёлтойгоор үзэж, тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжин, зохион байгуулалтын дүрмийг чанд баримталдаг болжээ. Ийм соёлтой, эрч хүчтэй залуус авто спортын ирээдүйг тодорхойлж байгаа нь энэ наадмын хамгийн гол ололт юм.

2026 оны "Power Expo & Festival"-д бартаат замын мотоцикл сонирхогч охидын "Power Ladies" клуб бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Ялангуяа 2024 оноос хойш Монгол Улсад бартаат замын буюу Enduro төрлийг эмэгтэйчүүдийн дунд хөгжүүлж, баг бүрэлдэхүүнээрээ энэ төрлийг шинэ шатанд гаргаж байгаа шинэ клуб юм. Тус клубын нарийн бичиг хэлэхдээ "Бид 2024 оноос албан ёсны бичиг баримттай, эмэгтэйчүүдийн холбоо болон өргөжсөн бөгөөд энэ хугацаанд олон төрлийн тэмцээн уралдаан, аялал зугаалгыг зохион байгуулж, хамгийн гол нь шинэ залуу эмэгтэй тамирчдыг дэмжин гаргаж ирэхийг зорьж ирлээ. Манай баг тамирчид мотокроссын тэмцээнээс гадна Баха буюу алсын зайн уралдаан, Мото Турали зэрэгт идэвхтэй өрсөлддөг. Бид энэ спортыг цэвэр өөрсдийн сонирхол, хоббидоо хөтлөгдөн, хувийн санхүүгээрээ хөгжүүлж байгаа.

Иргэд, олон нийтийн зүгээс биднийг маш их дэмжиж, сайшаалтайгаар хүлээн авдагт бид баяртай байдаг. Тухайлбал, Богд ууланд түймэр гарах үед бид кросс мотоциклынхоо тусламжтайгаар ус зөөж, хэцүү газар руу тусламж хүргэх зэргээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцдог.

Мотоциклын тусламжтайгаар жирийн хүний хөл хүрэх боломжгүй алслагдсан газруудад очиж, хэр баргийн хүний хийж үзээгүй адал явдлуудыг туулдаг болохоор хүмүүс манай клубийнхэнд маш их дуртай байдаг" гэсэн юм.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

budka 2026-05-13 59.153.112.198

mongol 63 hamaagv goy

Avatar

ylcuun xamgaalal 2026-05-13 66.181.177.89

deepdby – # ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж