Бээжингийн Тяньаньмэн талбай орчмын хамгаалалтыг сүүлийн хэдэн өдөр эрс чангатгаж, тусгай цэргийн жагсаал эсвэл зохион байгуулалттай томоохон арга хэмжээнд бэлтгэв. Бэлтгэл ажил чимээгүйхэн эхэлсэн боловч Хятад улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг сүр дуулиантай хүлээн авах гэж буй нь ойлгомжтой болсон юм. Өнөөдрөөс эхлэн 15-ныг хүртэл үргэлжлэх айлчлалын хүрээнд талууд хэлэлцээ хийхийн зэрэгцээ төрийн хүндэтгэлийн зоог барьж, эзэн хааны сүмүүдийн цогцолборт зочилно.
Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалт сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр ач холбогдолтой уулзалт болох төлөвтэй байна.
Трампын анхаарал сүүлийн хэдэн сард АНУ, Хятадын харилцаанд бараг төвлөрөөгүй. Тэрбээр Ираны дайн, цэргийн ажиллагаа болон бусад дотоод асуудалд илүүтэй төвлөрсөн. Тэгвэл энэ долоо хоногт нөхцөл байдал өөрчлөгдөх төлөвтэй байна.
Дэлхийн худалдааны ирээдүй, Тайванийг тойрсон хурцадмал байдал, дэвшилтэт технологийн өрсөлдөөн тэдний уулзалтын гол сэдэв байх болно. Худалдааны дайн ч тэр, Ираны дайн ч тэр Ши Жиньпиний хувьд таагүй сэдэв. Гэхдээ улс төрийн агуулгаараа энэ айлчлал бол түүний хувьд том боломж. Энэ айлчлалаар дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс ирээдүйн харилцааныхаа үндэс суурийг тавина.
ИРАНЫ АСУУДЛЫГ НАМЖААГЧ
Ираны дайн гурав дахь сардаа ороод буй энэ цаг үед Хятад улс чимээгүйхэн энхийг зуучлагчийн дүрд тоглохыг оролдож байна. Хятад улс Пакистаны хамтаар зуучлагчийн байр сууринаас асуудалд хандаж байна. Энэ хүчин чармайлтын хүрээнд Хятад, Пакистан улсууд гал зогсоох, Ормузын хоолойг дахин нээх зорилготой таван зүйлт төлөвлөгөөг гуравдугаар сард танилцуулсан билээ. Үүний зэрэгцээ Хятадын албаныхан Ираныг хэлэлцээрийн ширээнд суухыг зөвлөсөөр байна.
Хятад хэдий тогтвортой хэвээр байгаа ч энэ дайныг хурдхан дуусгахыг хүсч буй нь дамжиггүй.
Тус улсын эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл асуудал болоод буй. Үүний зэрэгцээ газрын тосны үнэ өссөнөөс улбаалаад бүх төрлийн барааны үнэ нэмэгджээ. Хятад дахь зарим үйлдвэрлэгчдийн зардал даруй 20 хувиар өсөөд байна.
Хятад улс газрын тосны хангалттай нөөцтэй. Мөн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины салбарт тэргүүлж байгаа нь хямралыг хямралгүйгээр даван туулах нэг хөшүүрэг болж буй ч экспортод ихээхэн түшиглэдэг улсын хувьд дайны нөлөө мэдээж бий.
Ираны дайныг шийдвэрлэхэд Хятад их бага хэмжээгээр тусалж магадгүй ч үүнийхээ хариуд АНУ-аас ямар нэг зүйл хүсэх нь ойлгомжтой. Жишээлбэл, худалдааны тарифыг багасгах, технологийн хоригийг сулруулах, Тайванийн асуудал дээр илүү зөөлөн байр суурьтай байхыг хүсэх зэрэг байж болно. Эндээс харвал Хятад энхийн зуучлагч болно гэдэг нь зөвхөн энхийн төлөө гэхээсээ илүү геополитикийн ашиг сонирхолтой холбоотой юм.
ТАЙВАНИЙН ИРЭЭДҮЙ
Тайванийн асуудал дээр Трампын засаг захиргаа зөрчилтэй байр суурьтай байна. Тодруулбал, АНУ өнгөрсөн арванхоёрдугаар сард Тайваньтай 11 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийхээ зарлаж, Хятадын засгийн газрыг бухимдуулсан. Гэсэн хэрнээ "Ши Жиньпин Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг. Юу хийх нь түүний л асуудал" гэж хэлж байв. Мөн "Тайвань АНУ-ын аюулгүй байдлын баталгааны төлөө хангалттай төлбөр төлдөггүй, бидэнд ер нь юу ч өгдөггүй" гэж хэлж байв.
Тайванийн асуудал айлчлалын үеэр хэлэлцэх сэдвийн нэг байх нь тодорхой. Гэсэн ч үүнийг хоёр их гүрний хооронд хурцадмал байдал үүсгэх шалтгаан болгохгүй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдсэн билээ.
Харин Хятадын хувьд Тайвань энэ удаагийн хэлэлцээний тэргүүлэх асуудал гэдгийг илэрхийлжээ. Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Рубиотой утсаар ярихдаа АНУ-ыг зөв сонголт хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ одоохондоо Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэвч Бээжин үүнийг нь "АНУ Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцдэг" гэх илүү хатуу байр суурь болгож өөрчлөхийг хүсч байж магадгүй юм. "Asia Society"-ийн АНУ, Хятадын харилцааны төвийн ахлах судлаач Жон Делуригийн хэлснээр Трамп яаж ч буулт хийсэн хятадууд үүнд нь нэг их үнэмшихгүй. Яагаад гэвэл Трамп долоо хоногийн дараа гэхэд л цахим сүлжээндээ хэдэн үг бичээд л, байр сууриа 180 хэм өөрчилж мэдэх юм.
ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ
АНУ, Хятад хоёр өнгөрсөн жилийн турш дэлхийн эдийн засгийг үндэс сууриар нь ганхуулахуйц худалдааны дайны ирмэгт байсан. Трамп хамгийн том худалдааны түншдээ байн байн илүү өндөр тариф ногдуулж, зарим үед энэ нь 100 хувиас давж байв. Үүний хариуд Хятад улс газрын ховор элементүүдийн экспортоо хязгаарлаж, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа танасан. Энэ нь Трампыг дэмждэг мужуудын хөдөө аж ахуй эрхлэгчдэд хүндхэн цохилт болсон юм.
Аз болж өнгөрсөн аравдугаар сард Өмнөд Солонгост болсон уулзалтаас хойш уур амьсгал мэдэгдэхүйц зөөлөрчээ.
Үүний зэрэгцээ энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх тариф дангаар тогтоох ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан шийдвэр гаргасан нь Трампын тогтворгүй худалдааны бодлогыг тодорхой хэмжээнд хязгаарлажээ.
Гэсэн ч Трамп, Ши хоёрын хэлэлцэх гол сэдэв худалдаа байх нь ойлгомжтой. Трамп АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлэхийг Хятадаас хүсэх болно. Харин зөрүүлээд Ши Жиньпин саяхан зарласан худалдааны мөрдөн шалгалтаа зогсоохыг АНУ-аас шаардах нь болов уу.
Хятад улс Трампын эхний бүрэн эрхийн үеийнх шиг АНУ-аас худалдааны хувьд хамааралтай байхаа больсон ч дэлхийн эдийн засагт тогтвортой байдал хэрэгтэй учраас Ши Жиньпин энэ уулзалтыг амжилттай болохыг хүсэж байна. Айлчлал тайван, амжилттай болж, Трамп хүндэтгэл мэдэрвэл хоёр улсын харилцаа илүү сайжирна. Харин эсрэгээрээ Трамп үл хүндэтгэсэн, эсвэл тоглоом тохуутай хандлага мэдэрвэл бодол нь өөрчлөгдөнө.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ИРЭЭДҮЙ
Хятад улс хиймэл оюун ухаанаар ирээдүйг тодорхойлох өрсөлдөөнд оролцож байна. Тус улс хиймэл оюун ухаан болон хүн дүрст роботуудад асар их хөрөнгө оруулах болсон. Энэ бүх хүчин чармайлтыг Ши Жиньпин Хятадын эдийн засгийг урагшлуулах хөшүүрэг болно гэж найдаж байна.
Гэвч Хятад улс АНУ-ын технологийг өөриймшүүлэх, эсвэл шууд хулгайлах замаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлсэн гэж Америкийн бодлого боловсруулагчид хардах нь бий. Тийм ч учраас АНУ хамгийн сүүлийн үеийн микропроцессоруудынхаа экспортод хязгаарлалт тавьсан билээ. Хамгийн шилдэг системүүдийг бүтээхийн тулд Хятадын компаниудад өндөр хүчин чадалтай чип хэрэгтэй бөгөөд тэдгээр нь АНУ-аас ирдэг.
Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр шинэ төрлийн хүйтэн дайны эхлэл тавигдаж байгааг "Brookings Institution"-ийн мэргэжилтэн Иньи Ма мэдэгдсэн. Гэхдээ жинхэнэ өрсөлдөөн хэн нэгнийхээ загварыг хуулбарлахад бус, дараагийн үеийн хиймэл оюуныг бүтээх чадвартай авьяастнууд дээр өрнөж байна.
Хятад дэлхийн газрын ховор элементийн 90 орчим хувийг боловсруулдаг бөгөөд эдгээр нь ухаалаг утас, салхин цахилгаан станц, тийрэлтэт хөдөлгүүр зэрэг орчин үеийн бүх технологид зайлшгүй хэрэгтэй. Газрын ховор элементийн зах зээл бол Хятадын хувьд Ормузын хоолой л гэсэн үг. Тэд хүссэн үедээ нийлүүлэлтээ зогсоож чадна. Энэ удаагийн айлчлалаар АНУ өндөр хүчин чадалтай чип нийлүүлээд, оронд нь Хятадын газрын ховор элементүүдийг авах тохиролцоо хийж магадгүй.
3,576.26






















































Нэргүй 2026-05-13 103.229.122.40
Хятадын Jetour T2 цахилгаан машин оросын зах зээлд яагаад эрэлттэй байдгийг авч унаж үзсэн хүн л сайн мэднэ. Монголын шороон замд үнэн янзтай, жинхэнэ кайф мэдрүүлдэг машин. LX570 шиг хүчтэй хэрнээ Prius шиг иддэг гээд боддоо. Замын нөхцөлдөө тааруулж явдаг 7-н горимтой. Бас шатахууны хомсдлын үед цагаа барж оочирлох ч шаардлагагүй сайхан цахилгаанаар нь цэнэглээд л явчихдаг. Нэг бүтэн цэнэгээрээ 200 км явдаг.
Нэргүй 2026-05-13 103.57.94.26
BID GAZRIIN HOVRIIIIG DELHIIID NIIILUUULIIIILDEEEEEE
Бадарч тахар 2026-05-13 66.181.189.251
Путин Жимбээ дарга Дональд нугас гээд гурван том энэ зун Ялтад уулзаж дэлхийг хуваах хэлэлцээгээ хийх юм гэсэн ! урьдчилж зарим асуудлаа нууц тохирох гээд Дональд одоо очиж байна Жимбээ дээр !]