76:1
126:1 Зүтгүүр

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг танилцуулж байна.


Засгийн газрынхаа тулах багана, туулах замынх нь зүтгүүр болж ажиллах сайд бол  Г.Дамдинням юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд экспортлох Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын бодлогыг ажил хэрэг болгох том амбиц тавьсан сайд ч гэж тодорхойлж болно. Зорилгынхоо төлөө ах нартайгаа ч ана мана үзэлцээд ад үзэгдэх тохиолдол бий.

Тэрбээр өнгөрсөн сард гангийн цогцолбор байгуулах олон улсын сонгон шалгаруулалт зарлах болсныг дуулгасан. Цогцолборыг барьж байгуулахад 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Уг цогцолбор ашиглалтад орсноор барилгын үндсэн түүхий эд болох арматур, ган бэлдэц зэргийнхээ 70 орчим хувийг дотоодоосоо хангах боломжтой болохын зэрэгцээ цементийн үнэ ч хоёр дахин буурах боломжтойг онцолсон юм.

Дээрх том төслийн араас зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг ч эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр Г.Занданшатарын танхим байгуулагдахад Уул уурхай, аж үйлдвэрийн сайдад нэр нь дэвшиж, тус салбарыг анх удирдсан бол Н.Учралын танхимд улиран ажиллах үүргийг хүлээсэн юм. Үндсэндээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албыг аваад жил болж байна. Энэ хугацаанд амжуулсан хоёр дахь чухал ажил нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Удахгүй УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Парламентаар дээрх хуулийн төслийг баталсан тохиолдолд эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэх хүлээлт үүсгээд байна.  Мөн энэ хаврын чуулганы галтай төслүүдийн нэг байх чимээ ч гарч буй.

Учир нь, УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр улсын бодлого, улс төр, олон талын ашиг сонирхол ялгарч харагдана гэдгийг сануулах гишүүн ч олон байна.

Иймээс Засгийн газрын хувьд бодлогоо хамгаалж, УИХ-аар батлуулахын тулд дан ганц салбарын сайдын эрхлэх асуудал гээд орхилгүй багийн тоглолт үзүүлэх нь чухал болж буй. Шалтгаан нь хэчнээн сайн бодлого боловсрууллаа ч улс төрөө даалгүй унаж ирсэн гашуун туршлага олон бий. Иймээс Монгол Улс хариуцлагатай уул уурхайг дэмжихээс эхлээд хайгуулын салбартаа хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, одоогийн хуулиар АМНАТ-ийн орлогын 10 хувийг Орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилж байгааг 15 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг олон чухал зохицуулалт туссан төсөл УИХ-аар батлагдах эсэхээс Монгол Улсын уул уурхайн салбарт баримтлах бодлого сайжрах эсэх шалтгаална гэсэн үг. Мөн салбар яамыг удирдаж байгаа түүний ажил ч дээрх хуулийн төслийг батлуулж чадах эсэхээс хамаарна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар ажиллах энэ хугацаанд чихнээс нь хонх уясан нэг асуудал нь нефтийн бүтээгдэхүүний хомсдол байв. Ямартай ч хойд хөрштэй олон талын уулзалт, хэлэлцээр хийж ажилласнаар нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэхээс сэргийлж чадсан.

Гэхдээ Монгол Улс гэнэтийн хүчин зүйлээс хамгаалахын тулд нефть нөөцлөх савтай болох шаардлага байна гэж үзсэнээр бодлогоо УИХ-аар батлуулж чадсан. Ингэснээр хувийн хэвшлүүд нефть хадгалах сав барьж байгуулах юм. Мөн Алтанширээтэд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь багтаан ашиглалтад оруулснаар гадаад улсаас хамааралтай байгаа газрын тосны нийлүүлэлтийг дотоодоосоо хангах боломжтой болно гэж үзэн, төслийг урагшлуулахын төлөө ажиллаж байна.

Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр их улс төрд үзэх “бие халаалт”-аа Байгаль орчны сайдын зөвлөхөөс эхлүүлсэн ч удалгүй ШУТИС-д Нийгмийн хөгжлийн проректор болж, ажлаа өөрчилжээ.

Цаашлаад эрдмийн хөр хөөн хилийн дээс алхсан байдаг.  Ингэснээр 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрт суралцжээ.  Дараа нь Канад Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Тус компани нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Хувийн хэвшлийн салбарт удсангүй, 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөхөд ялалт байгуулсан. УИХ-д анх сонгогдсон жилээ УИХ-ын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажилласан юм.  Мөн УИХ-аар 2023 онд Боловсролын тухай хуулийн төслийг шинэчлэн батлахад ажлын хэсэг ахалж ажиллаж байв. Уг хуулийн төсөлд Монгол Улсын хоёр дахь буюу үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Ингэхдээ гуравдугаар ангиас нь англи хэл заана гэх заалт оруулсан нь УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулсан. Харин дээрх зохицуулалтыг хуулийн төслөөс хасуулахгүй байхын тулд хамгаалж тууштай ажилласан гишүүн бол Г.Дамдинням. Тэрбээр “Монголын бүх хүүхэд хаана суралцаж байгаагаасаа үл хамаарч тэгш боломжоор хангагдах ёстой” гэх байр суурь илэрхийлж, хатуу зогссон гишүүдийн нэг юм. “Хэлтэй амтай, үзээтэй гишүүн” гэх тодотголыг нэг хэсэгтээ зүүсэн нь дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шатанд авсан гуншин нь юм.

УИХ-ын 2024 оны сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдахад тэрбээр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшин өрсөлдсөн.

Уг тойрог нь 204,357 сонгогчтой байсан ба 19 нам, эвслийн 119 нэр дэвшигч 10 мандатын төлөө өрсөлдөхөд 49,307 санал авснаар парламентад улиран сонгогджээ.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 163 сая төгрөг бол 975 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 299 сая төгрөгийн үнэтэй автомашинтай, 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 179 сая төгрөгтэй, 2.8 тэрбумын авлагатай, 263 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
  • 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
  • 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр
  • 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
  • 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
  • 2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
  • 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
  • 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021-2022 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд

ШАГНАЛ

  • 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 103.212.116.247

Зза даа энэ хүний гараас юм гарна гэж үгүйл болов уу? Хэзээний хөнгөн сагсуу Дамбий нэртэйг манай сургуулийхан цөөмөөрөө мэдэдэг бас хүүхэмсэн гэж жигтэйхэн эр байлаа.

Avatar

Нэргүй 2026-05-12 103.212.116.169

тар тар бас дахин тараа

Avatar

Нэргүй 2026-05-12 103.212.116.169

Удсын хөгжлөөс хойш татагч 126 авилгач бас хулгай гээд боддоо? Зүтгүүр биш чаргуулдагч чиргүүл ээ тарсан дээр дээ

Avatar

Хyцваа-Цуйван 2026-05-12 202.9.46.249

Хулгайч

Avatar

Нэргүй 2026-05-12 59.153.112.245

захиалгаар ингэж солиорохоо болиорой, зүтгүүр ч гэх шиг элийнүүд чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж