K-бьюти салбарын дотоод зах зээлд гадаад брэнд, тэр дундаа Хятадын гоо сайхны компаниуд салхи татуулан орж иржээ. Сүүлийн үед тус улсын гоо сайхны бүтээгдэхүүний импорт Өмнөд Солонгост огцом өссөн. Солонгосын Гаалийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадаас орж ирсэн гоо сайхны бүтээгдэхүүний импорт 71.76 сая ам.долларт хүрч, өмнөх жилээс 84 хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар "FASHION" буландаа онцолж байна.
Хятадын гоо сайхны брэнд Өмнөд Солонгост дэлгэрэх болсны нэг жишээ нь өнгөрсөн аравдугаар сард болсон үйл явдал юм. Хятадын нүүр будгийн брэнд "Flower Knows" Сөүл хотын Сондүдонд хоёр долоо хоногийн турш түр дэлгүүр ажиллуулж, 27 мянга орчим худалдан авагчийг татаж чаджээ. Мөн тус брэндийн зарим бүтээгдэхүүн богино хугацаанд бүрэн зарагдаж дууссан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь одоогийн түвшинд Өмнөд Солонгосын зах зээлд шууд аюул биш ч Хятадын гоо сайхны салбарын өсөлт хөрш орнуудын зах зээлд нөлөөлж эхэлж байгааг харуулсан дохио гэж үзэж байна.
Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь "драматик", анхаарал татам загвартай. Солонгосын бүтээгдэхүүнүүд ихэвчлэн энгийн, даруухан хэв маягийг илүүд үздэг бол Хятад брэндүүд илүү тод өнгө, хүчтэй эффекттэй, цахим сүлжээнд анхаарал татахуйц загваруудыг ашигладаг. Тухайлбал, “wanghong makeup” гэж нэрлэгдэх нүүр будалтын чиг хандлага нь цахим сүлжээнд ихэд түгээмэл болж, Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж байна.
К-бьюти салбарын нэгэн мэргэжилтний хэлснээр, Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнүүд (C-бьюти) нь Өмнөд Солонгосын хэрэглэгчдийг илүү тод, анхаарал татам дизайн, сувдан гялалзсан өнгөлгөө зэрэг шинжээрээ сонирхлыг нь татаж эхэлсэн.
Энэ нь Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний илүү даруухан, зөөлөн хэв маягаас ялгарч байна. Энэхүү чиг хандлагыг дагаж Солонгосын худалдааны платформууд ч Хятадын брэндүүдийг нэвтрүүлж эхэлжээ. "Flower Knows" брэнд хоёрдугаар сараас хойш Өмнөд Солонгост поп-ап дэлгүүр нээсэн амжилтаа үргэлжлүүлж, тус улсын томоохон загварын платформ "Musinsa" дээр бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн байна.

Улмаар бүтээгдэхүүнээ зарж эхэлсэн эхний өдрөөсөө нүдний тенийн борлуулалтаараа тэргүүлжээ. "Musinsa"-ийн шинжээч хэлэхдээ, “Бид анх удаа Хятадын гоо сайхны брэндийг авч байгаа. Цаашид ‘Flower Knows’-оос гадна хэрэглэгчдийн дунд алдартай болсон С-бьюти брэндүүдийг оруулж ирнэ” гэжээ. Мөн "Shinsegae"-ийн ажиллуулдаг “Chicor” дэлгүүрт Хятадын гоо сайхны брэнд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд залуу хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байна.
Хятадын алдартай брэндүүд болох "Judydoll", "Florasis", "Perfect Diary" зэрэг ч Солонгосын зах зээл рүү идэвхтэй нэвтэрч байна.
Тухайлбал "Judydoll" нь Солонгост тусдаа инста хаяг нээж, мөн "Coupang" дээр албан ёсоор худалдаалагдах боломжийг судалж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын гоо сайхны бүтээгдэхүүний чанар сайжирсан нь тэдний өсөлтийн бас нэг шалтгаан юм. Учир нь тус улсын гоо сайхны брэндүүд ихэвчлэн Солонгосын үйлдвэрлэгчдэд захиалга өгдөг тул чанарын зөрүү бага байгаа аж. Жишээ нь "Flower Knows" нь "Kolmar Korea" болон "Cosmax" зэрэг Солонгос, Хятадын үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг. Санхүүгийн шинжээчдийн таамгаар "Cosmax"-ийн Хятад дахь салбарууд энэ жил 13–15 хувийн орлогын өсөлттэй байх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч Хятадын гоо сайхны брэнд Өмнөд Солонгост өргөжин тэлж байгаа ч К-бьюти олон улсын зах зээлд "хүчирхэг" хэвээр байна. Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2025 оны эхний улиралд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 3.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 19 хувиар өссөн байна. АНУ руу хийх экспорт 40.9 хувиар өсөж 620 сая ам.долларт хүрсэн бол Хятад руу хийх экспорт 9.6 хувиар буурч 470 сая ам.доллар болсон байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр Солонгосын гоо сайхны брэндүүдийн давуу тал нь зөвхөн зах зээлийн эзлэх хувь биш, харин соёлын нөлөө юм. Үүнийг бусад улс шууд хуулбарлахад амаргүй гэж тэд үзэж байна. Хятадын гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэвчлэн нүүр будалтын бүтээгдэхүүн дээр төвлөрдөг бол Солонгосын зах зээлд арьс арчилгааны бүтээгдэхүүн давамгайлдаг. Арьс арчилгааны салбар нь 2.43 тэрбум ам.долларын орлого бүрдүүлж байгаа бол нүүр будалтын бүтээгдэхүүн нь 330 сая ам.доллар орчим болж байна.
3,576.26



















































Холбоотой мэдээ