ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд Кремль түүний аюулгүй байдлыг эрс чангатгасан бололтой. Учир нь сүүлийн саруудад тус улсын цэргийн өндөр албан тушаалтнуудын эсрэг хэд хэдэн халдлага гарч, Кремльд дотоод тогтворгүй байдлын айдас нэмэгдсэн байна.
"CNN"-ийн олж авсан Европын тагнуулын байгууллагын тайланд дурдсанаар, Путины хамгийн ойрын ажилтнууд болох тогооч, бие хамгаалагч, гэрэл зурагчдыг нийтийн тээврээр зорчихыг хоригложээ. Түүнтэй уулзах хүмүүс хоёр удаа шалган нэвтрүүлэхээр орох ёстой төдийгүй ойрын хүрээллийн ажилтнууд нь интернэт сүлжээ орох боломжгүй гар утас, зөөврийн компьютер ашиглах болжээ.
Мөн Кремль итгэл даахуйц ажилтнуудынхаа гэрт хяналтын систем суурилуулсан гэж тайланд дурдсан байв.
Эдгээр арга хэмжээг өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын нэгэн өндөр албан тушаалтай генерал алагдсаны дараа хэрэгжүүлж, улам чангатгасан аж. Путины олон нийтийн арга хэмжээнд оролцох, айлчлал хийх зэргийг нь мөн багасгасан аж. Тэрбээр энэ жил цэргийн байгууламжуудад очоогүй бөгөөд Москва болон Валдай дахь гэртээ тогтмол суурьшихаа больсон байна. Харин Хар тэнгисийн ойролцоох шинэчлэгдсэн газар доорх хоргодох байранд удаан хугацаагаар байрлаж байгаа гэж тагнуулын тайланд дурдсан байв.
Кремль урьдчилан бичсэн Путины дүрс бичлэгүүдийг олон нийтэд цацаж, хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа мэт харагдуулахыг оролддог гэж тайланд бичсэн байна.
Орос улс Украин дахь дайнаас болж улам их дарамтад орж байгаа бөгөөд барууны орнуудын тооцоолсноор сар бүр ойролцоогоор 30 мянга орчим цэрэг нь амь үрэгдэж эсвэл шархдаж байгаа аж. Үүний зэрэгцээ Оросын нутаг дэвсгэр дэх дроны халдлага, эдийн засгийн хүндрэлүүд иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Улмаар Европын тагнуулын байгууллагын тайлан нь дайн үргэлжлэх тусам Кремлийн дотоод аюулгүй байдал болон иргэдийн тогтворгүй байдал эрх баригчдын санааг зовоож байгааг харуулж байна.
Бослого гарах эрсдэл
Кремль болон Путин 2026 оны гуравдугаар сараас хойш дотоод аюулгүй байдлын асуудалд улам их санаа зовж эхэлсэн гэж тагнуулын тайланд дурдсан байв. Тухайлбал, Путины эсрэг хуйвалдаан, төрийн эргэлт гарах эрсдэл болон нууц мэдээлэл алдагдах аюул нэмэгдсэн гэжээ.
Мөн Путин Оросын улс төрийн элитүүд дрон ашиглаж өөрийнх нь эсрэг халдлага үйлдэхээс болгоомжилж байгаа гэж мэдээлжээ.
Тайлангийн хамгийн анхаарал татсан хэсэг нь Оросын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгутай холбоотой байв. Одоогоор Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Шойгу армийн удирдлагад нөлөөтэй хэвээр байгаа тул “төрийн эргэлт хийх эрсдэлтэй хүн” гэж тайланд тодорхойлсон байжээ. Мөн түүний ойрын хүн, дэд сайд асан Руслан Цаликов гуравдугаар сарын 5-нд авлига, мөнгө угаалт, хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Энэ нь Оросын дээд удирдлагуудын хоорондох зөрчилдөөн, үл итгэх байдал нэмэгдэж байгааг харуулж магадгүй гэж тайланд дурдсан байв.
Гэсэн хэдий ч Шойгугийн эсрэг тодорхой нотлох баримт байгаагүй. Мөн Кремль дотоод нөхцөл байдлаа тогтворгүй харагдуулах зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Кремлийн маргаан
Москва хотод 2025 оны арванхоёрдугаар сард Оросын өндөр албан тушаалтай генерал алагдсаны дараа Кремлийн дотор ноцтой маргаан үүсжээ. Фанил Сарваров гэх дэслэгч генерал арванхоёрдугаар сарын 22-нд халдлагад өртөн амиа алдсан бөгөөд Оросын тал үүнд Украиныг буруутгасан юм. Уг хэргээс гурав хоногийн дараа Путин цэрэг болон аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудыг яаралтай хуралд дууджээ. Хурлын үеэр Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Оросын аюулгүй байдлын байгууллага болох ФСБ-г цэргийн удирдлагуудыг хамгаалж чадаагүй гэж буруутгасан байна.
Харин ФСБ-ийн дарга Александр Бортников байгууллагад нь хангалттай ажилтан болон нөөц боломж байхгүй байсан гэж хариулжээ.
Тайланд дурдсанаар уг уулзалт нэлээд хурц уур амьсгалтай болсон бөгөөд генерал алагдсаны дараа цэргийн алба хаагчид сэтгэл санааны дарамтад орсон гэжээ. Эцэст нь Путин бүх хүнийг тайван байхыг уриалж, аюулгүй байдлыг сайжруулах тодорхой шийдлүүдийг богино хугацаанд гаргахыг үүрэг болгосон байна. Удалгүй Путины хувийн хамгаалалтын байгууллага болох Холбооны хамгаалалтын албын эрх мэдлийг өргөжүүлжээ. Өмнө нь энэ байгууллага голчлон Путин болон цөөн тооны өндөр албан тушаалтныг хамгаалдаг байсан бол одоо нэмэлтээр 10 ахлах цэргийн командлагчийг хамгаалдаг болсон байна.
Мөн уг явдлын дараа Путин өөрийн хувийн хамгаалалтыг ч илүү чангатгасан гэж тайланд дурджээ. Европын тагнуулын байгууллагууд энэхүү мэдээллийг нийтэд дэлгэсэн нь Украин дахь дайны үеэр Оросын удирдлагын хүрээнд айдас, дотоод зөрчил нэмэгдэж байгааг харуулах зорилготой байж магадгүй.
3,576.26






















































Холбоотой мэдээ