Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар дэлхийн 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад энэ хугацаанд экспорт импортын дүнгээс хавьгүй өндөр гарсан нь худалдааны тэнцлийг 3.1 тэрбум ам.долларын ашигтай байхад нөлөөлсөн байна. Тодруулбал, Монгол Улс оны эхний дөрвөн сард 6.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол 3.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь Монголын эдийн засаг одоогоор уул уурхай түшиглэсэн экспортын орлогоороо валютын урсгалаа бүрдүүлж буйг харуулж байгаа юм.
Экспортын бүтцийг задлаад харвал, БНХАУ Монголын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Нийт экспортын 92.7 хувь буюу 6.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг урд хөрш рүү нийлүүлжээ. Үүний дийлэнхийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Харин Швейцар руу 308.4 сая ам.долларын экспорт хийсэн нь нийт экспортын 4.5 хувийг бүрдүүлсэн байна. Швейцар руу голчлон алт нийлүүлдэг онцлогтой.
Мөн АНУ руу 78.9 сая, БНСУ руу 37.9 сая, ОХУ руу 14.6 сая ам.долларын экспорт хийжээ. Бусад улс руу нийлүүлсэн экспортын хэмжээ нийлээд 55 сая ам.доллар болсон байна. Энэ тооноос харахад Монголын экспортын зах зээл хэт төвлөрсөн хэвээр байгаа бөгөөд ганц зах зээлээс өндөр хамааралтай байгаа нь эрсдэл дагуулсаар байна.
Импортын хувьд ч хөрш орнууд давамгай байр суурь эзэлжээ. БНХАУ-аас 1.37 тэрбум ам.долларын бараа импортолсон нь нийт импортын 37.5 хувийг бүрдүүлсэн байна. Үүний араас ОХУ 1.08 тэрбум ам.доллараар бичигдэж, нийт импортын 29.6 хувийг эзэлжээ. ОХУ-аас голчлон шатахуун, эрчим хүчний бүтээгдэхүүн импортолдог хэвээр байна.
Мөн Японоос 343.1 сая ам.долларын импорт хийсэн нь 9.4 хувийг эзэлсэн бол БНСУ-аас 135 сая, АНУ-аас 126.2 сая, ХБНГУ-аас 82.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авсан байна. Бусад улсаас хийсэн импорт 519.2 сая ам.долларт хүрчээ.
Эдийн засагчдын хувьд худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлдэг ч экспортын бүтэц төрөлжөөгүй хэвээр байгааг анхааруулдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр буурах, эсвэл БНХАУ-ын эрэлт саарах үед Монголын экспорт шууд агших эрсдэлтэй хэвээр байна.
Нөгөө талдаа импортын өндөр хамаарал ч буураагүй байна. Ялангуяа шатахуун, өргөн хэрэглээний бараа, автомашин, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнээ гаднаас авч байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн сул байдлыг илтгэж байгаа юм. Тиймээс эдийн засгаа илүү тогтвортой байлгахын тулд экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байна.
3,576.26






















































Зочин 2026-05-12 150.228.177.66
Терийн харалган бодлогын ур дун!