Шатахуун түгээх станцын стандартын хэрэгжилт-Монголд

Шатахуун түгээх станцын стандартын хэрэгжилт-Монголд

Шатахуун түгээх станцын стандартын хэрэгжилт-Монголд

2026 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 230-250 орчим шатахуун түгээх станц бүртгэлтэй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газар болон Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Энэ нь 1.6 сая хүн амтай нийслэлийн суурьшлын бүсэд байх ёстой зохистой хэмжээнээс даруй 2.4 дахин их үзүүлэлт аж. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн ахалсан Ажлын хэсэг болон Хотын стандарт, хяналтын газрын 2024-2025 оны судалгаагаар шатахуун түгээх станцын хэт нягтаршил нь галын аюулгүй байдлын эрсдэлийг стандартаас 2.4 дахин нэмэгдүүлсэн гэж гарсан байна. Хотын төв хэсэгт, зарим байршилд 500 метр хүрэхгүй зайд 3-4 станц зэрэгцэн байрлаж байгаа нь аюулгүй байдлын ноцтой зөрчил болсныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх шинжээчдийн ажлын хэсэг 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээрээ баталгаажуулсан байна. Нөхцөл байдал зөвхөн галын аюулаар хязгаарлагдахгүй бөгөөд иргэдийн эрүүл мэндэд учруулах хор уршиг нь шинжлэх ухааны түвшинд нотлогдоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон түүний харьяа Хавдар судлалын олон улсын агентлаг шатахууны үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох бензолыг нэгдүгээр зэргийн хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан байдаг.

Шатахуун түгээх станцын үйл ажиллагааны явцад агаарт байнга дэгддэг дэгдэмхий органик нэгдлүүд нь сургууль, орон сууцны орчимд амьдарч буй хүмүүсийн цусан дахь цагаан бөөмийн бүтцэд өөрчлөлт оруулж, цусны хорт хавдар тусах эрсдэлийг 35-40 хувиар нэмэгдүүлдэг болохыг ДЭМБ-ын 2025-2026 оны судалгааны тайланд дурджээ.

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн шинжээчдийн баг 2025 оны тавдугаар сарын 22-ны өдөр танилцуулсан судалгаандаа шатахуун түгээх станцаас ялгарах "Бензол" болон бусад дэгдэмхий органик нэгдлүүд нь хүүхдийн амьсгалын замын системд нөлөөлж, хорт хавдар үүсгэх нэгдүгээр зэргийн эрсдэл болдгийг танилцуулсан. Тус төвийн мэргэжилтэн А.Намууны тайлбарласнаар, "Хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү хурдан амьсгалдаг тул нэг нэгж хугацаанд авах хорт бодисын тун нь өндөр байдаг. Түүнчлэн хүүхдийн эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй тул хорт бодисыг гадагшлуулах чадвар сул, хордлогод илүү өртөмтгий. Энэ нь хичээл сурлагын чанарт нөлөөлөөд зогсохгүй, ирээдүйн уушгины багтаамж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” гэдгийг дурдсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар байгуулагдсан Улсын Онцгой Комиссын дэргэдэх Ажлын хэсэг 2024 оны сүүлээс 2026 он хүртэл хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтын хүрээнд, төрийн өмчийн 13 сургуулийн орчимд 16, төрийн бус 9 сургуулийн орчимд 9 шатахуун түгээх станц стандартын бус зайд байрлаж байгааг тогтоосон. Энэ хүрээнд нийт 25 шатахуун түгээх болон газ түгээх станц сургууль, цэцэрлэгийн 200 метрийн радиус дотор үйл ажиллагаа явуулж байгаагаас арвыг нь хаах шийдвэр гарсан ч ААН-үүдийн гомдол болон шүүхийн маргааны улмаас хэрэгжилт зогсонги байдалд оржээ.

Үүний бодит жишээ бол нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд "Тэс Петролиум" ХХК-ийн шатахуун түгээх станцтай залгаа газарт 300 хүүхдийн бага сургууль баригдсан тохиолдол юм. Оршин суугчдын төлөөлөл Б.Ганболд сургууль болон ШТС-ыг ердөө нэг хашаа зааглаж байгааг шүүмжилж, хүүхдүүдийн амь нас бизнесийн ашгийн золиос болох ёсгүйг онцолсон.

Нийслэлийн зүгээс 2025 оны долоодугаар сарын 10-ны өдөр тус шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 4628:2013 стандартаар шатахуун түгээх станцаас сургууль хүртэлх зайг ердөө 50 метр гэж заасан нь олон улсын жишгээс 3-6 дахин бага байна. Хотын стандарт, хяналтын газрын архитектур, хот төлөвлөлтийн шинжээчид 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан "Хотын шинэ стандарт" хэлэлцүүлгийн үеэр уг стандартыг бизнесийн бүлэглэлийн лоббид өртсөн хэмээн тодорхойлсон байдаг. Шинэ стандарт батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж буй станцуудын 30-40 хувь нь стандартын бус ангилалд орж, ашиг орлогоо алдах эрсдэлтэй тул газрын тосны импортлогч томоохон ААН-үүд өөрсдийн нөлөөгөөр шийдвэр гаргах түвшинд 10 гаруй жил саад учруулсаар иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн. 2026-05-11 43.228.129.139

Өмнө нь 80,90 онд байгуулагдсан ШТС-уудад шахаж газар олголт хийгдсэн, стандарт норм журмыг өөрсдөө зөрчиж барилга барих зөвшөөрөл олгосон одоо хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх гэдэг сэтгэлгээгээр хандаж байгаа нь маш харамсалтай бөгөөд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож сүүлд баригдсан обьектуудыг буулгах арга хэмжээ аваач тэгээд, юм л бол ШТС-уудыг ад үзээд байгаа нь ямарч учиртай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж