Тос даасан мөнгөн дэвсгэрттэй хамт үнэгүйдсэн тусгаар тогтнол

Тос даасан мөнгөн дэвсгэрттэй хамт үнэгүйдсэн тусгаар тогтнол

Тос даасан мөнгөн дэвсгэрттэй хамт үнэгүйдсэн тусгаар тогтнол

АНУ-ын цэргүүд 1994 оны хавар Сомалиас гарсан байдаг. Тухайн үед өсвөр насны хүү байсан Мусе Омар Жама валют арилжаалагчаар Могадишу хотын Бакара зах дээр ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрсөн ч Жама валют арилжаалагчийн ажлаа орхисонгүй, цаашид хэр удаан ажиллахаа ч мэдэхгүй байна.

Арилжаачид нэг өрөөнд хамт сууна. Гадаа гурван дугуйт тээврийн хэрэгслүүд давхилдан бужигнах ч тэдний албан тасалгаа нам гүм. Үйлчлүүлэгч ч байхгүй, арилжаачид хоорондоо үг солих нь ч ховордож. Олон сая сомали шиллингээр дүүрсэн хуучин сейфүүд бүгд түгжээтэй. “Бид нэг шөнийн дотор дампуурсан юм шиг л санагдаж байна” гэж Жама ярих аж.

Төмөр сейфүүд доторх тэр их цаасан баялаг гэнэт үнэгүйдсэнтэй энэ нам гүм холбоотой.

Арилжаачид тос дааж, бохирдсон, уранхай навсархай, хуучин мөнгөн дэвсгэртүүдээс залхсан учир өнгөрсөн сараас тэдгээрийг хүлээж авахаа больжээ. Удалгүй бизнес эрхлэгчид, дэлгүүрүүд, бүр автобусны жолооч нар хүртэл тэднийг дагаж, улмаар энэ шийдвэр нийслэлээс гаднах бүс нутгуудад ч нөлөөлсөн байна. Арилжаачид хуучин мөнгөн дэвсгэртийг хүлээж авахаа больсон нь барааны үнэд шууд нөлөөлж, хүнс, эм тариа, нийтийн тээвэр зэрэг өдөр тутмын зардал огцом өсчээ. Жишээлбэл, жижиг ууттай хуурай сүүний үнэ хоёр дахин өссөн байна.

Дэлхий даяарх хүнсний үнийн өсөлт, Сомалид үргэлжилж буй ган гачиг, бүрэн "долларжиж" буй эдийн засаг гэсэн хүчин зүйлс ядууст хамгийн хүндээр тусч байна.

Сомали бол гадаад мөнгөн гуйвуулгаас хамгийн их хамааралтай орнуудын нэг. Хилийн чанадад амьдарч буй иргэд нь эх орон руугаа жил бүр олон тэрбум ам.доллар илгээдэг. Энэ мөнгө хавала гэж нэрлэгддэг албан бус мөнгөн шилжүүлгийн операторуудаар дамжин эдийн засагт ордог. Мөн НҮБ, хүмүүнлэгийн байгууллагууд, гадаадын цэргийн хүчин, аюулгүй байдлын компаниуд зэрэг олон улсын байгууллага Сомалид олноор үйл ажиллагаагаа явуулдаг нь ам.долларын хэрэглээг улам бэхжүүлжээ.

Тус улс 1991 оноос хойш шинэ мөнгөн дэвсгэрт хэвлээгүй.

Тухайн үеийн ерөнхийлөгч Сиад Баррегийн засаглал унахад Төв банк үйл ажиллагаагаа зогсоож, Сомали улс бүтэлгүйтлийн тод жишээ хэмээн нэрлэгдэх болсон юм. Тэр үеэс хойш хамгийн өндөр дүнтэй 1000 сомали шиллингийн дэвсгэрт л албан ёсоор гүйлгээнд үлджээ.

Улс төрийн хуваагдал, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, улс орон даяар хэрэглэх нэгдсэн валютын тогтолцоо бүрдэж чадаагүй нөхцөл дор Сомалиас тусгаар тогтнолоо зарласан Сомалиланд бүс нутаг хүртэл өөрийн гэсэн шиллингийг гаргасан байна. Үүний улмаас сомали шиллингэд итгэх итгэл суларч, хүмүүсийн дунд ам.доллар болон гар утасны мөнгөн шилжүүлэг улам түгээмэл хэрэглэгдэх болжээ. Удалгүй Могадишу болон өмнөд нутгийн зарим хот, дүүргүүдэд л сомали шиллинг хүлээн авдаг цөөн газар үлдсэн байна.

Бизнесүүд сомали шиллингээс татгалзах хүртэл нийгмийн бүх давхаргын хүмүүс Жамагийн арилжааны цэгт ирж мөнгө солиулдаг байжээ. Гэтэл одоо банкаар дамжуулан ам.доллараар цалинждаггүй Жамагийн адил олон зуун мянган хүний адил амьдрал орвонгоороо эргээд байна.

“Сомали шиллингээс татгалзахаас өмнө би байрны түрээс, цахилгаан, ус зэрэг наад захын хэрэгцээгээ хангах хэмжээний орлого олдог байсан. Одоо автобусаар ч явах аргагүй болсон тул ажил руугаа таван км алхаж очиж байгаа. Сомали шиллингээс татгалзсан нь хамгийн ихээр ядуу хүмүүсийг хохироосон. Үгээгүй ядуу гуйлгачид хүртэл хохирсон" гэж Жама ярив.

Валютын арилжаачид энэ сарын 4-нд хуучин мөнгөн дэвсгэртүүдийг багцлан барьсаар Могадишугийн гудамжаар тайван жагсаал хийжээ. Тэд “Сомали бол өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй цорын ганц улс” хэмээн хашхиралдаж байв.

Могадишу хотод хүнсний ногоо зардаг 39 настай Аша Али Ахмед "Манай гэр бүл ногооны худалдаагаар л өсч өндийсөн. Би сомали шиллингээ аваад тариалангийн хот Афгойе руу явж хүнсний ногоо худалдаж аваад, дараа нь Могадишуд авчирч зардаг байсан. Харин одоо тариаланчид шиллинг хүлээж авахаас татгалзах болсон тул хүнсний ногооны үнэ улам нэмэгдсэн. Ган гачгийн улмаас хүнсний ногоо угаасаа үнэтэй болсон байсан. Шиллингээс татгалзсан нь нөхцөл байдлыг улам дордууллаа" гэж ярьжээ.

Сомали улсад ургацын алдагдал, үнийн өсөлт, ган гачиг гээд олон хүнд асуудал нүүрлэсэн. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр тус улсын хүн амын бараг гуравны нэг буюу 6.5 сая хүн хүнд хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдэж, тав хүртэлх насны хоёр сая хүүхэд цочмог тэжээлийн дутагдалд оржээ.

Холбооны засгийн газар сомали шиллингээс татгалзахыг гэмт хэрэг гэж үзнэ хэмээн мэдэгдэж, худалдаачид, бизнесүүдийг мөнгөн тэмдэгтийг үргэлжлүүлэн хүлээн авахыг тушаасан байна. Гэвч нэгэнт хүч чадал нь доройтсон төр энэ шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж чадахгүй гэж ард иргэд үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 67.168.92.100

Монгол шиг л юм болж. Монголчууд ардчилал гэж хулгайч нарын засаглал тогтсоноос хойш яг л ингэж дампуурсан. Цагтаа $1-3 төгрөг байсан одоо хэд болсныг харах ч өрөвдөлтэй бна даа

Avatar

Ergu gulug 2026-05-12 103.57.92.45

Iim malnuudiig hoid solongosru zailulval taarna

Avatar

SS 2026-05-12 66.181.168.8

Мөнгөн тэмдэгт тос даана ч гэж юу байхав, утгагүй зүйрлэл үү guys?

Avatar

Цэцэг 2026-05-12 103.57.93.222

Сомали улс хүчихэг удирдагчтай болж өарийн мөнгө дэвгэртээ хурдан хэлэж улс орон нь өөдлөх болтугай

Avatar

Нэргүй 2026-05-12 203.55.81.1

Америк Европын ардчилал гэсэн масктай мөнгө хүүлэлт колонийн систем Сомалид үүргээ гүйцэтгэжээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж