Хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байсан Польшийн Хууль зүйн сайд асан Збигнев Зиобро Унгараас АНУ руу дүрвэжээ. Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбан түүнд өнгөрсөн жил орогнол олгоод байсан ч өдгөө Унгарт засаг солигдсон тул Зиобро АНУ-ыг сонгосон бололтой. Збигнев Зиобро тавдугаар сарын 10-ны өдөр Польшийн "Republika" хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Би АНУ-д байна. Өчигдөр ирлээ. Би гурав дахь удаагаа энд ирж байна" гэжээ.
Хэрвээ Польш улсад түүнд тулгасан бүх хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Зиобро 25 жилийн ял авах юм. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагааг удирдсан, Израилийн "Pegasus" тагнуулын програм хангамжийг худалдаж авахын тулд гэмт хэргийн хохирогчдод зориулсан хөрөнгийг ашигласан зэрэг хэрэгт буруутгажээ.
Зиобро өөрт нь тулгасан бүх хэргийг няцааж, Польшийн засгийн газар консервативуудын эсрэг шулмын ан хийж байна гэсэн юм.
Орбаны нам дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялагдсаны дараа шинэ ерөнхий сайд Петер Мадьяр "Унгар улс олон улсад эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг дахин хамгаалахгүй" гэж мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр жишээ болгон Збигнев Зиобро болон Польшийн Хууль зүйн дэд сайд асан Марчин Романовски нарыг дурдсан юм.
Збигнев Зиобро АНУ-д байгаагаа өөрөө баталгаажуулснаас гадна "Newark Liberty" олон улсын нисэх буудал дээр яваа нь папарацийн дуранд өртжээ. Польш улс түүний паспортыг хүчингүй болгосон гэж өмнө нь мэдэгдэж байсан учир АНУ руу хэрхэн гарсан нь тодорхойгүй байна. Түүнийг "Republika" хэвлэлийн нэрээр АНУ-д сэтгүүлчийн визээр нэвтэрсэн гэж "Onet" хэвлэлд мэдээлжээ. "Republika" хэвлэл сүүлд нь түүнийг АНУ дахь улс төрийн тоймчоор ажилд авсан гэж мэдээлсэн байна.
3,576.03





















































Нэргүй 2026-05-11 66.181.190.171
Америк барууныг муулагсад дандаа тийшээ зугатацгаана