“Инфляци 10 хувьд хүрсэн нь асуудал хүндэрч байгаагийн илрэл"

“Инфляци 10 хувьд хүрсэн нь асуудал хүндэрч байгаагийн илрэл"

“Инфляци 10 хувьд хүрсэн нь асуудал хүндэрч байгаагийн илрэл"

УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг болсон тул ирэх зургадугаар сараас улсын төсөвт тодотгол хийнэ" гэж мэдэгдлээ. Үүнийгээ дагуулаад зарим агентлагуудыг нэгтгэж, гадаад зээлүүдээ эрэмбэлнэ гэж байна. Төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан уу?

-Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 2026 оны гуравдугаар сард 1.36 их наяд, дөрөвдүгээр сарын гүйцэтгэлээр 1.42 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн тухайн хуульд зааснаар тодотгол гэдэг нь батлагдсан төсвийг өөрчлөх тухай л асуудал. Гэхдээ таны асууж байгаачлан Төсвийн хуульд тодотгол хийх тодорхой нөхцлүүдийг заасан байдаг. Ерөнхий сайдын хэлсэн төсвийн алдагдалтай холбоотой хамааралтай нөхцөл нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 дахь заалт юм.

Энд төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувьд хүрвэл төсвийг тодотгох зохицуулалт бий. 2026 оны ДНБ-ийг 102 их наяд төгрөгөөр төлөвлөсөн.

Тиймээс Ерөнхий сайдын хувьд төсвийн алдагдал цаашид нэмэгдсээр байвал тодотгол хийх тухай хэлсэн гэж би хувьдаа ойлгож байна. Бас тодотгол хийж зардлыг хэмнэх, эдийн засагт тустай төслүүдийг хөдөлгөх асуудлыг хурдасгах тухай ярьж байх боломжтой юм. Ер нь төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг хуульд заасан үндэслэлээр өргөн барих нь Засгийн газрын бүрэн эрх тул хуульд заасан бусад нөхцөлөөр төсвийн тодотгол өргөн барьж болох юм.  

-Махны үнэ 10-25 хувиар өссөн нь иргэдийн амьжиргаанд дарамт болж байна. Үндэсний статистикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сард инфляци 10.1 хувь буюу хоёр оронтой тоонд орсон гэдгийг мэдээллээ. Өрхийн төсөвт ямар сөрөг үр дагавар авч ирэх вэ. Оны төгсгөлд инфляци хэд хүрэх төлөв ажиглагдаж байна?

-Инфляци өнөөдрийн манай эдийн засгийн хувьд томоохон асуудал болоод байна. Энэ нь зөвхөн өнөөдрийн асуудал ч биш. Covid-19 цар тахлын дараа 16 орчим хувьд хүрсэн инфляци харьцангуй буурч 2025 он,  2026 оны эхний сард 7.5, хоёрдугаар сард 6.5 хувь хүрч Монголбанкны зорилтот түвшинд орлоо гэж байсан. Гэтэл гуравдугаар сараас буцаж өсч өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ тал дээр дарамт гэдэгтэй бүрэн санал нэгдэнэ. Учир нь өнөөдөр иргэдийн 1/3 ядуу байна. Харин тавдугаар сарын 08-ны өдөр Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляци 10.1 хувь хүрч хоёр оронтой тоонд шилжлээ. Энэ бол бодит асуудал хүндэрч байгаагийн илрэл. Нэг сарын дотор 2.7 хувийн өсөлт гэдэг нь томоохон асуудал. Энд гол анхаарах хэсэг нь хүнсний бүлгийн үнэ 2025 онд 11.1 хувь өссөн бол 2026 оны гуравдугаар сард 13.9, дөрөвдүгээр сард 19.3 хувиар өссөнөөс гадна барааны бүлэг дээр өсөлт гарсан. Үүний шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ гуравдугаар сарын сүүлээр нэмэгдсэн болон бусад олон шалтгаантай байх.

Хамгийн гол нь энэ нь иргэдийн амьдралд нэлээд хүндээр тусах магадлалтай гэж би хувьдаа бодож байна.

Учир нь 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар иргэдийн дундаж нэрлэсэн цалин 2.9 сая, голч дундаж 2.5 сая төгрөг байгаа бол өрхийн орлого 3 орчим төгрөг байсан. Гэхдээ эдгээр нь дунджаар тооцсон хэмжүүр бөгөөд нийт өрхийн 42 орчим хувь нь 2.1 сая төгрөг хүртэл, 29 хувь нь 1.6 сая төгрөгийн орлоготой амьдарч байна. Эдгээр өрхүүдийн орлогын дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж хэрэглээний дийлэнх нь хүнс, дулаан цахилгаан, тээвэр гэх мэт суурь хэрэглээнд л зориулагдана. Хэдийгээр олон улсын түвшинд тооцдог хэрэглээний бүтцийн хувьд нийт өрхүүд дунджаар орлогын 17.3 хувийг хүнсэнд хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа боловч энэ нь орлого багатай өрхүүдийн хувьд маш өөр юм. Тодруулбал, эдгээр өрхүүд өнөөдөр мах худалдан авах боломжийн хувьд маш хомс байгаа. Учир нь дөрөвдүгээр сарын инфляцийн гол шалтгаан мах бөгөөд 40+ хувиар өссөн явдал. Энэ нөхцөл байдал иргэдэд ихээхэн дарамт болж байгаа.

Монголчууд  хонины махыг нэг кг-ыг нь 28 мянган төгрөгөөр, үхрийн мах 35 мянган төгрөгөөр мах худалдан авч байхад гадаад руу дөрвөн ам.доллар буюу 14 мянган төгрөгөөр махаа /хонины мах/ экспортолж байна. Төрөөс ямар нэгэн зохицуулалт хийх шаардлагатай юу. Гол нь эдийн засагчид бодлого алдагдсанаас энэ гажуудал үүссэн гэж тайлбарлаж буй?

Аливаа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулна гэдэг уг нь буруу зүйл. Тэрнээс болоод л бид өнөөдөр олон бүтээгдэхүүний үнийг чөлөөлж чадаагүй өнөөг хүрсэн. Тэр нь зах зээлийн тогтолцооны гажуудлыг бий болгосон. Энэ нь эргээд өнөөдөр таны асуултыг бий болгож байгаа юм. Өнөөдөр бид эдийн засгийн хувьд сул, иргэдийн амьжиргаа дорой байгаагийн үндсэн шалтгаан нь магадгүй төрийн зүгээс бүх зүйлд оролцож байгаа явдал. Тиймээс шинэ Засгийн газрын зүгээс чөлөөлөлт бодлогыг дэвшүүлж байгааг би хувьдаа их зөв гэж харж байгаа. Ялангуяа, эдийн засагт хувийн хэвшил өсч өндийх боломжоор тэтгэж, авилгыг багасгаж чадвал эдийн засаг өөрөө босно.

Харин одоо бол дээр дурдсан бага орлоготой иргэдээ хэрхэн махаар хангах асуудал тулсан асуудал болоод байгаа энэ үед ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихоод байна. Монгол хүн махгүй байж чадахгүй, бага орлоготой өрхүүд 30 мянга давсан үнээр мах аваад байж чадахгүй.

Тиймээс зун болж мал таргалах, махны нийлүүлэлт нэмэгдэх үе хүртэл нөөцийн мах байгаа бол аль болох эмзэг, бага орлоготой хэсэгт худалдах гэх мэт болон бусад боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй. Ямар арга хэмжээ байхыг нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагууд мэдэх хэрэг.

-УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалттай холбоотой хуулийг төслийг эцэслэн батлахад гишүүдийн олонх дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаасан. Зарим УИХ-ын гишүүд ингэж улс орны бүтээн байгуулалтыг улстөржүүлж унагааж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байхад нөгөө хэсэг нь давхар төсөв батлах нь буруу гэж эсэргүүцсэн. Үүн дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг зарим гишүүд шүүмжилсэн. Энд тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Энэнд манай зөвлөл дүгнэлт гаргасан тул би зөвлөлийн дүгнэлтийн хүрээнд хариулах шаардлагатай. Гэхдээ эхлээд нөхцөл байдлын талаар бага зэрэг тайлбар хэлье. Энэ хууль яагаад маргаан дагуулсан асуудал болоод байна. Уг нь бол аль, аль талуудынх нь байр сууринд үндэслэл бий. Төсвийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин талаас нь харвал төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, тодорхой шалгууруудыг эвдэх, хоёр төсөвтэй болох, цаашид энэ буруу жишиг үргэлжлэх гэх мэт сөрөг талууд байгаа нь эсэргүүцээд байгаа гишүүдийн үндэслэл. Үүнийг манай зөвлөл дүгнэлтдээ дурдсан.

Нөгөө талд, гадаад зээлийн ашиглалт хязгаарлагдсанаас болж үүсч байгаа асуудлууд. Ялангуяа уг хуульд байгаа Алтанширээ дэх Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл нь БНХАУ, БНЭУ-тай байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа эдийн засгийн тулгамдсан суурь асуудлыг шийдэхэд чиглэсэн томоохон төслүүд. Мөн энэ зээл батлагдахгүйтэй холбоотой улс орнуудын хамтын ажиллагаа, зээлийн ашиглалтын үр ашиг буурах, төслүүдийн хугацаа сунжрах, нэмэлт зардал гарах мэт эдийн засгийн олон асуудал байгаа нь бас үнэн.

Харин "Сэлбэ дэд төв"-ийн хувьд яг эдгээр төсөлтэй адилтган үзэх ямар шалтгаан байгааг тодруулах шаардлагатай юм.

Иймд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа хэрэг. Зөвлөлийн зүгээс ч гэсэн яг эдгээр асуудлыг судалж дүгнэлт өгсөн. Тэгэхдээ бид манай зөвлөлийн үндсэн чиг үүрэг болох төсвийн тогтвортой байдлын асуудалд илүү ач холбогдол өгсөн. Тиймээс төсвийн тогтолцоо талаасаа дэмжих боломжгүй гэж үзсэн юм. Гэхдээ бид шууд зогсоох, хаах тухай огт дурдаагүй бөгөөд тэгэх ч эрх бидэнд байхгүй. Харин эдгээр төслийг эдийн засгийн ач холбогдолтой тул хөдөлгөх боломжит хувилбарыг эрэлхийлэх, хууль батлагдах тохиолдолд хугацааны хязгаартай дахин давтагдахгүй гэсэн байдлаар хийх талаар ч зөвлөсөн. Эцэст нь  өөрийн байр суурийг хэлбэл эдгээр төсөл өндөр ач холбогдолтой явах нь зүйтэй байж болно. Гэхдээ бид нэг сайн зүйл хийх гээд нөгөөгөө муутгахгүй байх хувилбарыг бэлтгэж цаашид гаргахгүй байх тал дээр нь анхаарах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 заалтын хоёр зүйл заалт, өгүүлбэрийг хассан байна. Үлдсэн өгүүлбэр нь логикгүй харагдаж байна. Төсвийн хүрээгээ баталчихаад гурван сарын дотор төсөв хэлэлцэнэ гэж байхгүй шүү дээ. Төсвийн тогтворгүй байдлын зөвлөл болчихсон юм биш үү” гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Г.Лувсанжамц гишүүн энд их зөв олж харсан байна лээ. Эдгээр хэсгийг хассанаар тухайн заалтын үйлчлэл ихээхэн өөрчлөгдөж, ач холбогдлын хувьд өөр болж байгаа юм. Энд би мөн л зөвлөлийн дүгнэлтийн хүрээнд тайлбар хэлье. Манай дүгнэлтэд “Тус заалтад өөрчлөлт оруулан "түүний нэмэлт, өөрчлөлтийг", "Төсвийн тодотголын" гэснийг хассанаар төсөвт тавигддаг “хүрээг баталснаас багадаа 3 сарын дараа төсөв батлагддаг” жишиг төсвийн тодотгол дээр мөрдөгдөхгүй нөхцөл үүснэ.

Улмаар өмнөx жилүүдийн жишгээр хүрээ нь төсвөө даган өөрчлөгдөх, төсвийн төлөвлөлтийг сайтар хийх замаар шаардлагагүй тодотголыг бууруулаx чиглэлд хийгдэж буй алхмаасаа ухралт хийхэд хүргэх болно.” гэж байгаа. Бидний гол зорилго төсвийн тогтвортой байдлыг хангуулах явдал.

Тийм учраас тэр талаас нь харвал бас л асуудалтай. Ер нь эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хууль эрх зүйн орчин, төсвийн хязгаарлалтууд нөлөөлж байж болох юм. Гэхдээ үүнийгээ эвдэхгүй, аль болох сайжруулаад явах нь зүйтэй байх. Харин үнэхээр болохгүй, өнөөдрийн нөхцөл байдалд тохирохгүй зохицуулалт нь буруу зүйлийг засаад явах тохиолдол байхыг үгүйсгэхгүй.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-11 138.252.29.45

Эдийн засгийн олон үзүүлэлтүүд ярьж маргахаас өмнө эдийн засгийн хөгжлийн суурь загвар, хандлагаа өөрчилмөөр байна. 1. Төрийн эдийн засгийн оролцоог эрс бууруулах 2. Үндсэн хуулиндаа эдийн засагт сөргөөр нөлөөлдөг улс төрийг эрс багасгах алхмуудыг суулгах, ж.нь: 9-11 яамтай ЗГ-ын бүтцийг хуульчилж, сонгууль бүрээр яам сэдэж тоглодог байдлыг халах 3. Дэд бүтэц, Эрчим хүч, уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой PPP загвараар хэрэгжүүлж төсөлт а

Avatar

хүннү 2026-05-11 124.158.120.198

Юун имфляц? юугаа тонгосоод байгаа юм? Саяхан дизел түлшийг 500₮-өөр нэмхэд яахаараа 1 ширхэг талх 300-1200₮-өөр нэмэгддэг юм? Ийнхүү дур зоргоороо үнээ нэмдэг нь та нарыхаар “имфляц” юм уу? Ард иргэдээ үнийн “түрэмгий” дайралтаас хамгаалж чадахгүй юм бол ийм төр засаг байгаад яах юм. Зохиомол үний өсөлт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Нөгөө “Алж идхэд мах нь бузар, Арилжиж наймаалхад үнэ хүрэхгүй” гэдэг шиг ийм арчаагүй төр засаг гэж байдаг юм уу?

Avatar

сонгогч 2026-05-11 202.9.46.27

Ажил үүргийн ямар ч зааг ялгаагүй, зэрэг зэрэг тайлан нэхэхээс өөр хийхажилгүй яам, агентлаг 2- ынхоо аль нэгийг татан буулгаж, дарга нараа цөөлж төсвийн мөнгөө хэмнэ. 100 гаруй хүнтэй яам өдөр бүр бодлого боловсруулаад суугаад байх уу? 30-40 хүнтэй агентлаг нь тэр бодлого гэгчийг нь хэрэгжүүлнэ гээд гүйгээд байдаг ийм утгагүй данхар тогтолцоог халах ёстой. Тэр 100 хүн гаргасан бодлогоо өөрсдөө хэрэгжүүлж, болох үгүй, зөв буруугаа өөрсдөө шалгадаг байх нь зөв . Монголд агентлагууд хэрэггүй.

Avatar

Иргэн 2026-05-11 202.21.111.170

Бодит инфляци 15% дээш байгаа. Зарим салбар:

Орон сууц, эрүүл мэнд, боловсрол, импортын бараа, автомашины сэлбэг, ресторан, кофе шоп эдгээр дээр бол сүүлийн жилүүдэд 20–50% өсөлт ч гарсан. Өнөөдөр хонины ястай махны үнэ 26,000–26,500 ₮, үхрийн ястай махны үнэ 29,000–32,000 ₮. Монголбанк хүртэл: “Цахилгаан 30%, дулаан 50% өсвөл инфляцад нөлөөлнө” гэж мэдэгдэж байсан. СӨХ-ийн тухайд: албан ёсны нэг тариф байхгүй ч УБ-д: хуучин байр → 15,000–40,000₮ шинэ хотхон → 80,000–250,000₮+ болсон.

Avatar

Ц 2026-05-11 66.181.189.217

томчууд их мөнгө идэх тусам л махны үнэ өсөөд бх шг…

Avatar

Батаа 2026-05-11 202.9.47.24

Эм болон хүнсний хангамж төрийн хяналтанд заавал байж, махны экспортыг тусгай татвартай болгох хэрэгтэй.

Avatar

49 хувь нь асуудалтай 2026-05-11 122.201.31.67

саруул Сэтгэц төв

Avatar

zochin 2026-05-11 66.181.187.248

Darga nar idej uuj yumnii une diildahee boliloo uniig barj chadahgui chadamjgui tor zasag hurdan ogtsorch chaddag humuust ni ogtsgoo

Avatar

Нэргүй 2026-05-11 202.55.188.109

монголд чадваргүй эдийн засагчдын хэрэг алга

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.177.83

Энэ зөвлөлийн үгийг СЯ-ныхан түй ч гэж тоодоггүй. Хэдэн том ярьсан соц үеийн эдийн засгийн суурьтай ч моод хөөж зах зээл гээ ярьдаг гишүүдтны зөвлөл шүү юм. Дайнтай, барууны орнуудын хоригт байгаа ОХУ-ын инфляц 6 хувь тэгэхэд манайх эдийн засгийн өндөр өсөлт, валютын нөөц 7 тэбум хүрсэн гэж рекламдах боловч иргэдэд ямарч падлийгүй томчуудын хулгайг тэтэгсэн үзүүлэлтүүдтэй

Avatar

Нэргүй 2026-05-11 59.153.87.54

МАН даа баярла

Avatar

Нэргүй 2026-05-11 122.201.23.83

Манай дарга нарын идсэн мөнгөний хэмжээгээр Инфляци өсдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж