Сурвалжлага: Инженерийн чиглэлээр суралцах хүүхдийн тоо цөөрч байна

Сурвалжлага: Инженерийн чиглэлээр суралцах хүүхдийн тоо цөөрч байна

Сурвалжлага: Инженерийн чиглэлээр суралцах хүүхдийн тоо цөөрч байна

“Манай ангийнхан бүгдээрээ монгол хэл бичгийн шалгалтандаа тэнцсэн. Одоо бидэнд Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуулиа авах л үлдсэн. Тэгэхийн тулд бид унтахаас бусад үед хичээлээ хийж байгаа” гэж ам уралдан ярих сурагчид бол Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн 12а ангийнхан. Тэд биеийн тамирын хичээлээсээ гарч ирээд хувцсаа сольж, дараагийн хичээлдээ орохоор бэлдэж байх зуур хоорондоо элдвийг ярин инээлдэж, биенээ цаашлуулж ирээдүйнхээ тухай, шалгалтынхаа тухай ам уралдан ярилцах ажээ. Тэдний нэг Б.Тэгш-Амгалан. Түүнийг ангийнхан нь “манай Тэгшээ сайн ярьдаг. Ичнэ гэж байхгүй. Хичээлдээ сайн, илтгэлийн уралдаанд хүртэл ордог. Тийм болохоор Тэгшээгээс ярилцлага ав, дараа нь тэрнээс аваарай” гэж арай нүүр хагарсан нэгийгээ заах мөртлөө, юм ярих бүрт нь шоолж, амаа даран жуумалзах нь арван жилд байхад нээрээ л ийм байдаг байсан даа гэж эрхгүй бодогдоно.

“ААВ, ЭЭЖИЙГЭЭ ЭМЧИЛНЭ” ГЭХ БОДОЛ НЬ ХҮНИЙ ИХ ЭМЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХОД НӨЛӨӨЛСӨН

Дараагийн хичээл нь математикийн хичээл байсан тул хүүхдүүд биеийн тамирын хувцсаа сольж дүрэмт хувцсаа өмсөөд, дэвтэр номоо гарган бэлдэцгээнэ. Багшийг орж ирэхэд бүгд босож “Та сайн байна уу” гэж бага ангийн сурагчид шиг мэндлэх ажээ. Тэгшээ шавилхан биетэй тул нэгдүгээр эгнээний хамгийн урд ширээнд ангийнхаа хөвгүүнтэй тохой нийлүүлэн сууна. Түүний хувьд Архангай аймгийн Цахир суманд есдүгээр ангиа төгсөөд Улаанбаатар хотод шилжиж иржээ. Учир нь тэрбээр хүний их эмч болох мөрөөдөлтэй. Ийнхүү хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн ижий, ааваасаа хол их хөлийн газрыг зорин ирсэн нь энэ. Тэрбээр “12 дугаар ангидаа ороод удахгүй төгсөөд оюутан болно гэж бодохоор эхлээд их баяртай байсан.

Харин одоо төгсөх дөхөөд ирэхээр ангийнхантайгаа дараа жил хамт байхгүй, удахгүй бүр мөсөн сургуулиа төгсөнө гэж бодохоор жаахан муухай санагдаж байгаа.

Хонхны баяр маань зургадугаар сарын 12-нд болно. Одоо бол хонхны баяраа бодохоор догдлоод л, Элсэлтийн шалгалтаа бодож нэг сандраад байж байна. Ангийнхантайгаа хамт байх хэдхэн долоо хоног үлдлээ дээ гээд төгсөх өдөр ойртох тусам гунигтай санагдаж байна. Өвлийн амралтаар амраад ирэхэд л нэгнийгээ маш их санасан байдаг. Тийм учраас төгсөөд найзуудаа маш их санах байх” гэж ярихдаа түүний нүүрэнд гуниг тодорч, нүдэнд нь нулимс бүрхэх нь Элсэлтийн шалгалтаас гадна ижил дасал болсон найзуудаасаа удахгүй салах гэж байгаа нь тэдний сэтгэлийг түгшээж буй нь илт. Б.Тэгш-Амгалангийн хувьд мэргэжлээ хэдийн сонгочихсон учир түүний дагуу Элсэлтийн шалгалт өгөх хичээлээ сонгоод шалгалтдаа бэлдэж байгаа аж.

“Би Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуульд /АШУҮИС/ хүний их эмч мэргэжлээр суралцах зорилготой. Тийм учраас хими, биологи, математикийн хичээлээр Элсэлтийн шалгалтдаа бэлдэж байгаа” гэв.

Б.Тэгш-Амгалан цэцэрлэгт байхаасаа эхлээд л эмч болно гэж мөрөөдөж “би эмч байна, одоо та нарыг тарина” гэж тоглодог байжээ. Үүнээс гадна “Аав, ээжийгээ эмчилнэ” гэх бодол нь түүнийг хүний их эмч мэргэжлийг сонгоход илүү нөлөөлжээ. Учир нь Б.Тэгшээгийн аав, ээж хөдөө амьдардаг. Түүнийг бага байхад хөдөө аав, ээжийнх нь бие өвдөх үед тэрбээр “би эмч болж аав ээжийгээ эмчилнэ” гэж боддог байсан. Гэхдээ ахлах ангид орсон хойноо өөр мэргэжил сонгох уу, би эмч болж чадах болов уу. Надад эмч болох зориг бий юу гэж эргэлзсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцаж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, мэргэжил сонголтын тест өгснөөр аравдугаар ангид ордог жилээ эмч болно гэж бүрмөсөн шийдсэн. Бакалавраа Монголдоо хамгаалаад, магистр, докторын зэргээ гадаад улсад хамгаална гэж зорилго тавьсан байгаа” гэдгээ хэлсэн юм.

Түүний хувьд мэргэжлээ эрт сонгосон тул Элсэлтийн шалгалтдаа хоёр жил гаруй хугацаанд бэлдэж буй. Тийм учраас айдас харьцангуй бага байгаа аж. Гэсэн ч олон жил бэлдчихээд сургуульгүй эсвэл хүссэн сургуульдаа орж чадахгүй бол яана аа гэх бодол төрдөг гэнэ. Энэ үед сургуулийнхаа сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцаж, зөвлөгөө авдаг байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургууль нь Байгалийн ухааны төрөлжсөн сургууль нэртэйгээр 2023 онд ашиглалтад орсон байна. Зөвхөн ахлах ангийн сурагчид хичээллэдэг учир үдийн хойно сургууль дээрээ хичээлээ хийх боломжтой нь илүү давуу талтай гэдгийг хүүхдүүд хэлж байв.

МОНГОЛ УЛСАД ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАХ ХҮҮХДҮҮДИЙН ТОО ЦӨӨРЧ БАЙНА

Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн математикийн багш Ц.Сарантуяа боловсролын салбарт 30 орчим жил ажиллаж буй. Дээрх 12а анги түүний тав дахь бие даасан анги. Ангийнх нь 20 гаруй хүүхдийн дийлэнх нь монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцэж Элсэлтийн шалгалт өгөх эхний босгоо давсан байна. Тэрбээр "Хүүхдүүд маань Элсэлтийн шалгалтын бүртгэлээ хийлгээд дууссан. Ихэнх хүүхдүүд байгалийн ухааны чиглэлээр шалгалтаа өгнө. Өнгөрсөн жилээс эхлэн математикийн 1000 бодлогын гаргаж өгсөн. Энэ хүрээнд манай хүүхдүүд 1000 бодлогоо сэдэвчлээд хамтарч болон бие дааж бэлдэж байна.

Ерөнхийдөө шалгалт өгч байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь математик, байгалийн ухааны чиглэлээр Элсэлтийн шалгалт өгдөг байсан.

Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр шалгалт өгдөг хүүхдүүдийн тоо буурч байгаа ажиглагдсан. Тэгэхээр Монгол Улсад инженерийн чиглэлээр сурах хүүхдүүдийн тоо цөөрч байна гэсэн үг. Энэ нь маш харамсалтай. Үүний зэрэгцээ сүүлийн үеийн хүүхдүүд гадаад хэл, олон улсын шалгалтууд өгч англи хэл, математикийн хичээлээ дүйцүүлдэг болсон нь давуу талтай байна” гэдгийг хэлэв.

"ОДОО ҮЕД ХҮҮХДҮҮД ЭРТНЭЭС МЭРГЭЖЛЭЭ СОНГООД ТҮҮНИЙХЭЭ ДАГУУ ХИЧЭЭЛЭЭ БЭЛДДЭГ БОЛСОН"

Одоо үед хүүхдүүд харьцангуй нээлттэй болсон. Юунд сонирхолтой, юунд дургүй гэдгээ чөлөөтэй илэрхийлж чаддаг. Тийм учраас эртнээс мэргэжлээ сонгоод түүнийхээ дагуу хичээлээ бэлддэг болсон байгаа. Мөн хүүхдийн зан чанар, давуу талд тохирсон мэргэжил сонгоход туслах мэргэжил сонголтын зөвлөгөө өгдөг газрууд олон болсон тул хүүхдүүд ямар мэргэжил сонгох вэ гэж эргэлзэх нь харьцангуй бага болсон гэдгийг Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах 157 дугаар сургуулийн Сэтгэл зүйч М.Очир хэлэв. Харин 10,11 дүгээр ангийн хүүхдүүд мэргэжил сонголтын асуудлаар нэлээд ханддаг байна. Ерөнхийдөө хүүхдүүд дээр хэлсэн тулгаж биш 1-2 жилийн өмнөөс мэргэжлээ сонгоод түүнийхээ дагуу бэлддэг болсон ажээ.

Тэрбээр “Одоогоос арваад жилийн өмнө мэргэжил сонголтын талаар мэдлэг, мэдээлэл харьцангуй бага байсан. Одоо бол техник, технологи хөгжөөд хүүхдүүд олон эх сурвалжаас мэдээллээ авчхаж байна. Дээр үеийнх шиг ээж, аав нь нөлөөлдөг нь бага болсон. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож ярилцаж, зөвлөдөг болсон. Өөрсдөө шийдэж чадахгүй бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад шийдэж байна. Гэхдээ шалгалт дөхөхөөр их бага хэмжээгээр шалгалтын стресс гэдэг зүйл үүсдэг. Учир нь 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд маань яг өсвөр насан дээрээ буюу бие хүн болж төлөвших насан дээрээ явж байгаа учраас амархан уурлаж, баярлаж, гомддог сэтгэл хөдлөл өндөр байдаг. Тэгэхээр шалгалтын үед би ирээдүйд хэн байх юм. Энэ мэргэжлээрээ цаашид амьдарч чадах уу гэх мэтчилэн давхар хариуцлагын асуудал үүсдэг. Тиймээс энэ бүхэн шалгалт ойртох тусам хүүхдийг илүү их стресстүүлдэг. Их бухимдаж олон юм бодох тусам нойргүйдэж улмаар анхаарал төвлөрөл муудна. Мөн шалгалтын үед хүүхэд мэддэг зүйлээ мэдэхээ болих, сандрах зэрэг асуудал үүсэх магадлалтай. Тийм учраас одоо хийсэн зүйлийн чинь үр дүн ирээдүйд гарна. Тэгэхээр ирээдүй цаг биш одоо цаг дээрээ байх ёстой гэж хэлмээр байна” гэсэн юм.

Зарим хүүхдүүд заавал сургууль ёстой гээд өөрийгөө илүү стрессдүүлээд оноо хүрвэл ямар ч хамаагүй сургуульд орчихдог тал бий. Хэрвээ одоо мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байвал заавал сургууль авна гээд өөрийн хүссэн мэргэжлээ сонгож чадахгүй бол нэг жил өнжөөд өөрийгөө таньж мэдэж болно. Ер нь дунд ангиа төгсөж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд, ахлах ангид орохдоо юунд дуртай, сонирхолтой гэдгээ мэдээд мэргэжлээ сонгочихсон байвал илүү давуу талтай гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.46.8

монгол төгсөгчид ямар ч мэдлэггүй төгсдөг

Avatar

Хахаха 2026-05-11 202.9.46.230

Юун инженер техник, физик математик. Зүгээр л МАН-д орж цүнх баригч болж хулгайч болох аргаар л явна.

Avatar

Нэргүй 2026-05-11 59.153.112.67

Зөвхөн аав ээжийгээ бодож эмч болно гэдэг бол буруу бодол. Ард иргэдээ эмчилнэ гэж асрагч, сувилагч болсоны дараа л сайн эмч болно доо хөө.

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.46.8

тийм шүү.Одоо цагт ингэж л боддог болж дээ. Бас ч гэж аав ээж гэж бодож байгаа нь их юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж