Чуулган: "Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоно гэж худлаа хэлэхгүй"

LiveЧуулган: "Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоно гэж худлаа хэлэхгүй"

Чуулган: "Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоно гэж худлаа хэлэхгүй"

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2026.05.08/ 10 цагт эхэллээ.


 

16 : 46
2026-5-8

"Банкуудад 47.4 мянган зээлдэгчийн 6.7 их наядын ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Авлига яаж буурах юм гэж Ерөнхий сайдаас асуух гэсэн алга байна. Эмх замбараагүй төрийн өмчит компаниудаа хэзээ цэгцлэх юм бэ. Энэ асуултад хэн хариулах юм бэ. Эрчим хүчний сайдаа, цахилгаан болон дулааны хэрхэн нэмэх юм бэ. Монгол төгрөгийн ханш хэзээ чангарч, ипотекийн зээлийн хүртээмж хэзээ нэмэгдэх вэ?

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-ЗГХЭГ-ын дарга сайд нараа дуудъя. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-"Алт-3" аяны бэлтгэл ажлыг хангаж, УИХ-аас гаргасан тогтоолыг баталсан Засгийн газрын тогтоол саяхан гарсан. Сүүлд Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, янз бүрийн хориглолт, хязгаарлалтад орсон талбайнуудад БОУАӨ-ийн сайдтай хамтран нэмэлт талбайнуудын хүрээ хязгаарыг нарийвчлан дахин тогтоох ажлыг хийсэн. Нийт 51 ААН-ийн 72 талбайд ажиллаж, ойрын 3 жилдээ алт олборлолтыг 13 тонноор нэмэх боломжийг гаргаж ирсэн. Ирэх 7 хоногт тогтоол нь гарч, ААН-үүд эрчимтэй ажлаа хийнэ. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар шийдсэн. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхийн тулд УДШ, УЕПГ, ХҮЭК-оос Зөрчлийн хуультай холбоотой дүгнэлт ирүүлснээр УИХ-аар хэлэлцээд явна. 

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Энэ жил яах аргагүй цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг тооцоод тооцоод чадлын дутагдал гарахаар байгаа нь үнэн. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн төлөө ажиллаж байна. Сая Засгийн газраас 5 аймагт нарны станц баттерей хураагуур барихаар төлөвлөж байна. Айл өрхүүд нарны зайн хураагуур тавьж, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Дулааны хувьд үнэхээр ноцтой буюу одоо байгаа хүчин чадлаасаа 47 хувиар илүү хэрэглээтэй байна. Бодлогоо шинэчилж, бие даасан жижиг, тархмал эх үүсвэрийг дэмжихээс өөр аргагүй. Байдрагийн УЦС-ын ажил нэн тэргүүний төсөл бөгөөд 53 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Тойргийн гишүүдтэй хамтрахаар ажиллаж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Хөгжлийн гол томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Үүний нэг нь Байдрагийн УЦС-ын төсөл. Ирэх 7 хоногт Засгийн хуралдаанд оруулахаар бэлэн болгож, олон нийтэд нээлттэй зарлаж, хэрэгжүүлнэ. 

БХБОС-ын сайд Э.Бат-Амгалан:

-2026 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкуудад 47.4 мянган зээлдэгчийн 6.7 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна. Ер нь ипотекийн зээлийн гол асуудал нь санхүүжилтын эх үүсвэрийг шийдэх байна. Ерөнхий сайд бас ярьж байгаа. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хүү багатай гадаадын банк оруулж ирээд, энэ банкаараа дамжуулан олон улсын зах зээлээс эх үүсвэр татах асуудлыг шийдэх шаардлагатай. Тэгэхгүйгээр эрэлт нийлүүлэлтийнхээ харьцааг харахгүйгээр энэ зээлийг гаргаснаар Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрээр гэхээр дутагдалтай байна. Аль аль талаас нь харах хэрэгтэй. Бид Орон сууцжуулалтын банк, мөн хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Төрийн өмч 30 их наяд байсан бол 60 их наяд гэж байгаа. Бид өмчөө зөв бүртгэсэн үү гэдэг асуудал байна. Нягтлан бодох бүртгэлийн балансын үнэлгээгээр үнэлэх нь дутагдалтай. Тийм учраас Нийтийн өмчийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Би бус ард түмэнд үнэн зөв мэдээлэх хэрэгтэй шүү дээ. Асуултыг нь асуулгахгүй, хариултыг нь бүтэн өгөхгүй юм. Бичгээр хэзээ ч хариу өгдөггүй шүү дээ. УИХ-ын дарга буруу орчуулж, асуугаад байх юм. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Төлөвлөгөө гэдэг бол хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хариуцлагын гэрээ байх ёстой. 2027 онд 15.3 их наяд төгрөг зарцуулна гэжээ. Харин 2025 оны төлөвлөгөөний биелэлт чинь тал хувьдаа ч хүрэхгүй байгаа шүү дээ. Бүх хөтөлбөрийн үр дүн чинь 57.1 хувьтай байна гэж дүгнэн, гол шалтгааныг нь судалгаа тооцоололгүй төлөвлөлт гэж өөрсдөө дүгнэсэн байна. Өнөөдөр яг энэ алдаагаа давтаад орж ирж байна. Муу дүн тавихаар байна. 2027 оны төлөвлөгөөний биелэлт нь ямар үндэслэлээр 100 хувь биелнэ гэж тооцоолсон юм бэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль цаг үеэ олсон хууль. Таван жилийн хугацаанд салбар хоорондын уялдааг хангаж, шаардлагатай зорилтот түвшинг эрэмбэлж байна. Энийгээ хэрэгжүүлэхийн тулд жилийн төсвийн хүрээгээ хатуу гаргаж, бодлого, төсөв, хэрэгжилт нь сайн гарна. УИХ-ын гишүүд хуулийнхаа зарчмыг дутуу ойлгож маш их хэмжээний санал гаргаж, зарим нь хуулийн зөрчилтэй хүртэл санал гаргаж байсан. Бүгдээрээ эндээ дасч болохгүй. Энэ нь улс төрөөс ангид тогтвортой урт хугацаанд хэрэгждэг ажил болох юм. Үр дүнгүүд тасралтгүй гарч, хариуцлагын асуудлыг дүгнэдэг, шалгадаг байх ёстой. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

-Нярайн эндэгдэл өссөн харамсалтай статистик гарсан байна лээ. ЭХЭМҮТ-ийг засч шинэчлээд, эмнэлэг бариад нэмэргүй. Тийм учраас анхан шатны эмнэлэгтээ ачааллыг үүрүүлэх нь зөв. Тэр утгаараа анхан шатны эмнэлгүүдийн санхүүжилтыг 30 хувиар нэмсэн. Манай дундаж наслалт 71.8 байна. Эрчүүд нь 61.9 нас, эмэгтэй хүн 77 насалж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Б.Энхбаяр сайд яагаад асуултад хариулахгүй байгааг ойлгохгүй байна. Уг нь өөрөө манлайлж явсан хүн шүү дээ. Тэр асуудлыг нь асуухаар би сайд нь биш гээд байх юм. Танай Засгийн газар дээр нэгтгэгдээд явах ёстой шүү дээ. Тодорхой зорилт тавихгүйгээр төсөв баталж болохгүй ээ. Зардлаа хасч, салбарын сайд нарт нь хариуцлага тооцдог систем рүү орохгүй бол хөгжил гэж ярихад хэцүү боллоо. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Зөв шүү. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүдийн асуултад үнэн зөв хариулт өгөх ёстой. УИХ-д хүндэтгэлтэй хандаж, чуулгандаа ирэх үүрэгтэй. Хууль зөрчвөл хариуцлага тооцно гэдгийг эхэнд сануулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдаа дууд л даа. Гишүүний асуултад хариулахгүй байж болохгүй ээ. Улсын хөгжлийн төлөвлөгөө бол чухал асуудал учраас цагаа сунгаад хэлэлцээд дуусгая. Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ-ны хурал болно гэсэн учраас Пүрэв гаригийн чуулганы хуралдаанд оруулаагүй. Санал хураалт явуулах учраас гишүүд хуралдаа хариуцлагатай оролцоорой. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна. Ерөнхий сайдын зүгээс хамгийн түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч, үүссэн асуудлыг шийдэхэд анхаарсан. Цалингийн нэмэгдлээ хуучин цалин дээр нь олгодог болж, УИХ дээр 618 тэрбум төгрөг батлуулсан. Маш их мөнгө. Энэ мөнгөөр багш нарын цалинг 50 хувь нэмэх байсан боловч салбарын яамнаас Үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулахдаа алдаа гаргасан байна. Би өмнөх сайдаа буруутгахыг хүсэхгүй байна. Яамны ТНБД гурван талт хэлэлцээрийг ахалж ажиллаж, хоёр Засгийн газрын тогтоол, Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн учраас энэ хүнтэй хариуцлага тооцсон. Ингээд үндсэндээ 2026 оны тавдугаар сарын 1-нээс нэг цалинтай болж байгаа. Хоёр цалингийн тогтолцоотой болсноор НДС-д 70 орчим сая төгрөгийн өр үүссэн байна. Өнөөдөр гэхэд 33 мянган багш ажилтнууд байгууллага нь нийгмийн даатгалын өр үүссэнээс 1600 багш жирэмсний тэтгэмжээ, листний мөнгөө авч чадахгүй, цалингийн зээл авч чадахгүй, тэтгэвэртээ гарч чадахгүй байна. Эхний аваанз мөнгө буусан ч нэмэгдэл нь ороогүй байна. Мэдээж эх үүсвэрийн хувьд хүндрэл байгаа ч төсөвт тодорхой зохицуулалтыг хийж, энэ жилийн гүйцэтгэл муутай байгаа хөрөнгө оруулалтаас 100 тэрбум төгрөг, цэцэрлэгийн хоолны зардлыг эцэг эхчүүдтэй хуваалцсанаар 30 тэрбумын хэмнэлт гарсан. Энэ мэт тодорхой зардал хэмнэж, төсөв тодотгохоос аар аргагүй болж байна. 

16 : 18
2026-5-8

"2027 онд эдийн засгийн өсөлтийг 5.8 хувьд хадгалж, үндэсний өрсөлдөх чадварын индексийг ахиулна"

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хийлээ. Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын чөлөөлье санаачлагыг дэмжиж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй болон дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлт гэсэн дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно" гэв. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, …Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална.” гэж заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг  боловсруулж, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 1 дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Уг төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1,  6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсрууллаа.

Мөн түүнчлэн бид үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно.

Нэг. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд:

Бизнесийн орчныг тогтвортой, эрх чөлөөтэй болгож, татвар ба төсвийн шинэчлэл хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгож, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарт: Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай УЦС барина.

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Тээвэр, логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.

Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 2027 онд 5.8 хувьд хадгалж, үндэсний өрсөлдөх чадварын индексийг 65 дугаар байрт эрэмбэлэгдэж байгааг 7 байраар ахиулна.

Хоёр. Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд:

Суралцагчийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, ил тод болгоно. Хүнд суртлыг бууруулж, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчилж, төрийн үйлчилгээг цахимжуулж, үр ашигтай болгоно. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Боловсролын салбарт “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна.

Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны чадавхыг бэхжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлнэ.

Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781 хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ. Мөн Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ.

Гурав. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд:

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата тав байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Мандалговьд 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ.

Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хэрлэн-Тооно“, "Онги-Цагаан бургастай" төслийн бэлэн байдлыг хангана. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 10.0 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээж, Цөлжилт, газрын доройтлыг бууруулах суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтад өртөмтгий  ургамал,  амьтны тархац нөөцийг тогтооно.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 онд 37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноонд хүргэж, орон нутгийн хөгжлийн индекс 0.506 байгааг 0.553-д хүргэнэ.

Дөрөв. Авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд:

Авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, цахим засаглал, ил тод байдлыг бодитойгоор нэмэгдүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, шийдвэр гаргалтыг идэвхжүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр авлигатай тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөнийг дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих мэдээллийн суваг, хамгаалалтыг сурталчлах, авлигын эсрэг соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийн үнэлгээг хэрэгжүүлнэ.

Төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюун нэвтрүүлж, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна.

Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг өрсөлдөөнт хэлбэрээр нээлттэй хэрэгжүүлж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулж, технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгааг 2027 онд 7 байраар ахиулж, дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50 оноонд хүргэнэ.   

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн" гэв. 

14 : 33
-

"Хэрвээ төсөв тодотгосон тохиолдолд цалин хөлсний асуудлыг дагалдуулаад өргөн барина"

Үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлж, үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:

-Гадаад зээллэгийн ашиглалттай холбоотой хуулийн төсөл маш чухал байсан. Ингээд орхиж болохгүй байх. Тийм  учраас Ерөнхий сайдаас асуулт асууя. Шуурхай горимоор байдаг юм уу, Засгийн газраас тодорхой санал оруулж ирээд гишүүдийн дэмжихгүй байгаа асуудлуудыг хасаад явах хувилбар байж болох уу гэдгийг асууя. Хоёрт, ДНБ-ийхээ өсөлтийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувь гэж тооцжээ. Энэ жилийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нөлөө их байсан. Гэхдээ энэ нь бидний бүтээмж гэхээс илүү уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан савлагаа явж байна. Өнгөрсөн 2021 онд хөдөө аж ахуйн салбарын ДНБ-нд үзүүлсэн хэмжээ -5.5 хувьтай байж байгаад 2022 онд 12 хувь, 2023 онд -8.9 хувь, 2024 онд -28.7 хувь, 2025 онд 33.2 хувь болж өссөн. Энэ салбарын савалгааны гол шалтгаан зудын эрсдэл, ургац алдалт нөлөөлж байна. Ирэх жилүүдэд энэ салбарын өсөлтийг тогтвортой хадгалах чиглэлд ямар тооцооллыг хийсэн бэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Үүний дараа улсын жилийн  төлөвлөгөө хэлэлцэж, салбар бүрээр нь хийх ажлаа ярилцана. Бид эдийн засгийн өсөлтийн хамгийн боломжит хэмжээнд тооцоолж байгаа. Энэ жил 6.8 хувийн өсөлттэй байгаагийн 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. Энэ салбар нь цаг уураас шалтгаалан хэлбэлзэж байдаг ч гэсэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Цалин хөлс, тэтгэвэртэй холбоотой 30 гаруй хууль байна. Төрийн албан хаагчдын цалин харилцан адилгүй байдлаас болж, төсөв дээр ачаалал нэмж байна. Эдгээр хуулийг өөрчлөх шаардлага байна. Хэрвээ төсөв тодотгосон тохиолдолд цалин хөлсний асуудлыг дагалдуулаад өргөн барина. Тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлж нэмэх хууль эрх зүйн орчноо тодорхой болгоно. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Евроазийн зах зээл рүү гаргах чөлөөт худалдааны хэлэлцээрийг баталж, хөдөө аж  ахуйн салбарыг том бодлогын дэмжлэг үзүүлж, шинэ зах зээлээр тэлнэ. Хөдөөгийн иргэдийн орлогыг бодитоор дэмжинэ. Малчдын орлого сүүлийн хоёр жил өндөр өсч, төрийн албан хаагчдын цалин 20-40 хувийн нэмэгдэл авч байна. Хүнсний хувьсгал, Атрын 4 дүгээр аянг үргэлжлүүлнэ. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын өр зээлийн асуудлыг яаж тусгасан бэ. Он дамжсан олон тэрбумын өр байна. Аймгууд 3-4 тэрбумын өртэй байна. Эмч нарын цалинг 30 хувь нэмлээ гэсэн чинь илүү цагийн хөлсийг нь хуучин цалингаар нь бодож, татвар авахдаа нэмэгдсэн цалингаар нь тооцож аваад байх юм. Мөн 33 хувийн хувийн эмнэлэг улсын эмнэлэгтэй адилхан НДС-гаас санхүүждэг. Өөрөөр хэлбэл 3-30 сая төгрөгийн төлбөр авдаг учраас бүх ажилтнууд хувийн салбарт ажиллаж байна. Улсын эмнэлгүүдийн өр зээлийг хаах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Энэ асуудлын дараа улсын жилийн төлөвлөгөө хэлэлцэх учраас салбар бүрт хийх ажлаа ярилцана. Цалин хөлсийн асуудлаар УИХ төсвөө нэмэгдүүлж баталж, Засгийн газрын тогтоолоор эмч нарын цалинг хоёр янзаар тогтоосон байсан. Ингээд хоёр цалинтай болсон гэж яриад байгаа юм билээ. ГБХНХЯ-наас Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар оруулж ирж, тогтоол гарч эмч багш нарыг нэг цалинтай болгож, 2026 оны тавдугаар сарын 13-наас нэмэгдээд явна. Үүнийг зөвхөн тусгасан төсвөөс шийдэх боломжгүй. Хангалттай хүрэлцээтэй биш байгаа учраас эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг хийх ёстой гээд ЭМД-ын санхүүжилтын тогтолцоог бүрэн эргэн харж байна. Даатгалаас фитнессүүдэд мөнгө өгдөг зэрэг асуудлыг хасч, 150 орчим тэрбум төгрөгөөр төсөв ачаалал үүсгэж, цалин нэмэх боломж бүрдэж байна. Мөн эмийн жагсаалтыг шинэчилж 260 гаруй жагсаалтыг хасч, ард түмний хэрэглэдэг эмийг оруулна. 

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Баян-Өлгий аймгийн Алтай Таваг богд руу чиглэсэн 89 км автозамыг хоёр үе шаттай хийж байна. Эхнийх нь Өлгий-Сагсай-Цэнгэл сумын чиглэл дэх хатуу хучилттай авто замын 66 км зам тавихаар энэ жил 16 тэрбум, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь 21 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт өртөг нь 193 тэрбум төгрөг байгаа. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Махны үнэ дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Махны үнэ бол инфляцид нөлөөлж байна. Гэхдээ аймаг орон нутаг махаа нөөцөлдөг. Мэдээж бид ААН-үүдийг дэмжих арга хэмжээ авна. Хөдөө аж ахуйн биржийг дэмжих асуудлыг анхаарна. Захиргааны аргаар махны үнийг барих боломжгүй. Тийм учраас орон нутаг нөөцөөрөө шийдэх ёстой. 

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Монгол Улс ирэх жил 2.8 их наяд төгрөгийг халамжид зарцуулахаар харагдаж байна. Тийм учраас салбарын яамнаас гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн зардлуудаа Гэр бүлийн хөгжлийн тухай хууль руугаа авч, хүүхдийн мөнгөний 1.5 их наяд төгрөг, цалинтай ээжийн мөнгө гэх мэт. Тэгэхээр яг халамжид улсын төсөв дээр нэг жилд 600 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Гадаадын экспертүүд хэлэхдээ халамжийн зардал өндөр байна гэдэг. Дэлхийн аль ч улс иргэддээ халамж өгдөг. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Ахмадууд бүтэн жил жагсч байна. Тэтгэврийн мөнгийг нь нэмэх үү, үгүй юу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Тэтгэврийн доод хэмжээд хэдэд хүргэнэ гэвэл тогтолцоо нь буруу энэ үед шударга бус байдал л бий болно. Насаараа хөдөлмөрлөж, цалингаасаа шимтгэл төлсөн хүмүүсийн зарим нь халамжийн тэтгэвэр авч байна. Бүгдийг нь ижил тэгш нэмэх нь шударга бус. Эхлээд 900 гаруй тэрбум төгрөгийн итгэлцүүрээ шийдэх ёстой. Олон тулгууртай болгож, Хувийн  нэмэлт тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж, батлах ёстой. Одоо шууд нэмбэл бодлогогүй алхам болно. Тэтгэврийг индексжүүлж нэмэх үүрэгтэй. Хууль эрх зүйн хувьд тодорхой болох ёстой. Манай Засгийн газрын гол бодлого ахмадуудынхаа тэтгэврийн нэмэх асуудал. Гэхдээ би худлаа яриад яах вэ. Би 1.5 сая төгрөг болгоно гэж хэлэхгүй. Ид шидтэн ч тэгж чадахгүй байх. Эсвэл төсвөө баталж, зөвхөн тэтгэвэр олговол болох байх. Ажлын байр нэмэх төслүүд дээрээ анхаарна. Гадаад зээллэгийн ашиглалтын хууль бол өмнө жил төсвийн хүрээндээ багтаагаад шийдсэн төслүүд шүү. Зарим нь зээлээ гацаалаа гэж байна. Наад хуультай, хуульгүй зээлүүд үргэлжилнэ. 

Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээг авч байгаа. Монгол Улс нэг төсөвтэй. Бодит үнэнг хэлэх ёстой байх. Шаардлагатай бол төсвийн тодотголыг өргөн барьж, зардлыг бууруулж, хэмнэлт хийх, агентлагуудыг нэгтгэх дорвитой өөрчлөлтийг хийнэ. Үүнээс өөрөөр алдагдал 2 хувь байгаад ч дийлэхээргүй байгаа. Поп амлалтууд ийм байдалд хүргэсэн байна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Засгийн газрын сайд нарыг бүрэн бүрэлдэхүүнээрээ суухыг хүсч байна.

13 : 08
2026-5-8

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдлээ дөрвөн удаа өөрчилж байсан. Энэ болгондоо төлөвлөлтгүй байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн өдийд 2027 оны гадаад нийт өр 51 их наяд төгрөг байна гэсэн. Гэтэл 57 их наяд болж орж ирж байна. Бид өр тавиад тансаглаад бүх ажлаа хийнэ. Манай хойч үе бидний зээлсэн өрийг төлнө. Бид сайхан амьдарч байвал хойч үе маань ямар байх нь хамаагүй юм уу. Ингэж байж улс орон хөгжихгүй шүү. Өрөөр бүх юмаа санхүүжүүлдэг. Төсвийн зардал 2025 онд 34 их наядаар төлөвлөж байсан бол 2026 онд 36 их наяд төгрөг болж байна. Бас хоёр их наядаар нэмлээ. Та нар төрийн албан хаагчийг 9 хувиар цомхотгож, төсвийн зардлыг хэмнэсэн гэж ярьж байгаа ч энэ тоо Ерөнхийлөгчийн сонгуулиараа ард түмнийг худалдаж авах юмаа оруулж ирж байна. Нөгөө сахилга бат нь хаана байгаа юм бэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газрын өрийг 2027-2028 онд одоогийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьтай тэнцэх хязгаартайгаар оруулж ирж байна. Энэ хуулийн дээд хязгаар 60 хувь биз дээ. Ирэх оны төсвийн хүрээндээ багтааж оруулж ирж байгаа болохоос өр нэмэх гээгүй юм. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Энэ төсвийн хүрээний мэдэгдэл сонгуулийн цикл рүү орсон байх вий гэдэг болгоомжлол байна. Энэ тоонуудыг харлаа. Засгийн газар иргэдэд амласан НӨАТ-ын буцаан олголтоо цуцлахдаа ОУВС болон геополитикийн нөхцөл байдал, инфляци гээд тайлбарлажээ. Харин төсвөө өөрчлөх болохоор "уян хатан" байдал гэж нэрлэж байна. Иргэдийн халаасанд очих мөнгө нь эрсдэл, Засгийн газрын төсөв зарцуулах эрхийг боломж гэж үзэж болохгүй. Иргэдийн мөнгийг хэмнэх гэж байна уу, Засгийн газрын зарцуулах эрхийг хамгаалах гэж байна гэдгийг төсвийн хүрээний мэдэгдэл дээрээс асууя. Өр төлбөр нь өсөөд байдаг. ДНБ-нд эзэлж байгаа хувь гэдэг утгаараа бус 57.1 их наяд төгрөг гэдэг тоон дүнгээр энэ өрөө ямар хугацаанд бууруулах юм бэ?

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Бид хагас жилийн өмнө ирэх таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийг баталсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл дээр нийт 9 макро эдийн засгийн тоог батална. Үүний 5 нь таван жилийн үндсэн чиглэл дээр байгаа. Тодруулбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.3 хувь дээр барина гэсэн боловч төсвийн хүрээнд 5.8 хувь, инфляцийг 6 хувь гэсэн боловч 7 хувь, төсвийн алдагдлыг 30 хувь болгоно гэсэн боловч 31.9 хувь, төсвийн урсгал зардлыг 23 хувь гэсэн ч 28.4 хувь болгон нэмсэн байна. Засгийн газрын өрийг бууруулж, 45 хувь болгоно гэсэн бол 50 хувь болгосон байна. Хагас жилийн өмнө баталсан  зорилго, зорилтуудаа өөрчлөөд оруулж ирж байна. Өндөр зорилго тавьж хүрэхийн төлөө ажилладаг болохоос ухардаг байж болохгүй. Сүүлийн жилүүдэд урсгал зардал тасралтгүй өсч, 24 их наяд төгрөгт хүрсэн. Хүүхдийн мөнгө, багш болон эмч нарын цалин, тэтгэвэр нэмсэн нь сайн хэрэг ч төсвийн бодлогын орон зай муудаж, төсөв хумигдаж байна. Урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, төрийн албыг цомхотгоно гэж олон жил ярьдаг. Гэхдээ 3.5 сая хүн амд 16 яам, 25 сайдын хэрэг алга. Н.Учралын Засгийн газар дэд сайдуудыг цөөлсөн ч чиг үүргийн шинжилгээг хийж, удахгүй цомхотгоно гэж байгаа. Энэ ажлыг ЗГХЭГ-аас хийж байгаа байх. Энэ шинжилгээний үр дүнг хэзээ танилцуулах вэ? Төрийн албан хаагчид маш өндөр ачаалалтай ажиллаж байхад Засгийн газрын бодлого бүрэн хэрэгждэггүй. Энэ асуудлыг шийдэх чиглэлд ямар ажил төлөвлөж байна вэ. Сангийн яамнаас асууя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 заалтын хоёр зүйл заалт, өгүүлбэрийг хассан байна. Үлдсэн өгүүлбэр нь логикгүй харагдаж байна. Төсвийн хүрээгээ баталчихаад 3 сарын дотор төсөв хэлэлцэнэ гэж байхгүй шүү дээ. Төсвийн тогтворгүй байдлын зөвлөл болчихсон юм биш үү?

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш 14.00 цагаас нэр өгсөн УИХ-ын гишүүдийн асуулт хариулт үргэлжилнэ. 

11 : 06
2026-5-8

"Ерөнхий сайдаа төсвийн зарлагын тэнцлийг хувь хэмжээг нь өөрчлөх тал дээр санаачлага гарга"

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Хуралдаанд 97 гишүүн бүртгүүлж, оролцож байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Гадаад зээллэгийн ашиглалтын хууль эцэслэн батлах шатан дээрээ унасан. Үүнтэй холбоотойгоор төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хэлбэрээр нь хэлэлцэх нь утгагүй болж байна. Өнгөрсөн 2024 оны намар 2025 оны Төсвийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд самарсан, алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн улстөрчид яг одоо өнөөдрийн хуулийг унагах санал өглөө. Та нар яг яаж ашигла гээд байгаа юм бэ. Дандаа эсэргүүцсээр байна. Өөрсдөө ямар бодлого боловсруулж оруулж ирсэн юм бэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм уу. Авсан зээлүүдээ яаж ашиглах вэ. Газрын тосны үйлдвэр барьж байгаа ажлынх нь хөлсийг өгч чадахгүй нөхцөл байдал үүслээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв дээр бондоо босгох зөвшөөрлийг өгсөн. Бондоо босгоод өөр юун дээрч зарцуулах боломжгүй. Бид өдөр бүр авсан зээлийнхээ төлбөр, зээлийн хүүгээ төлж байгаа. Ерөнхий сайдаа төсвийн зарлагын тэнцлийг хувь хэмжээг нь өөрчлөх тал дээр санаачлага гарга. Сангийн сайдаа яаж албан ёсоор энэ төсөвтөө оруулж, гадаад зээлүүдээ ашиглах вэ. Төсвийн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна гэдэг таазыг тавьчихсан. Урсгал зардлаа багтааж чадахгүй танаж, хасаад бүр адаг сүүлдээ хөөрхий төрийн албан хаагчдын тэтгэврийг тогтоохдоо олгодог 36 сарын  тэтгэмжийг бууруулах оролдлого оруулж ирсэн. Хэвээр нь үлдээсэн ч төсвийнх нь 50 хувийг оруулж ирсэн. Тэгсэн хэрнээ яаж тэтгэвэр, цалин хөлсөө нэмэгдүүлэх юм бэ. Би огт ойлгохгүй байна. Ямар гарц шийдэл санал болгож байна вэ гэж Төсвийн тогтвортой байдлаас асууя. Нэгэнт авсан зээлээ яаж ашиглах вэ. Эсвэл Хөгжлийн банк руугаа шилжүүлэх юм уу. Яах уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Эдийн засаг хэрвээ агшиж байгаа бол илүү мөчлөгийг сөрж, тодорхой алдагдал үүсгэж, үүсгэхдээ санхүүжих эх үүсвэр нь тодорхой байсан цагт мэдээж эдийн засгийг халааж, идэвхжүүлнэ. Бид эдийн засаг тэлж байх үед хуримтлал хийж чадаагүй. Алдагдалгүй төсөв сайн, алдагдалгүй төсөв муу гэдэг ойлголтоор олон удаа төсөв баталж иржээ. Олсныхоо хэрээр үрдэг шиг өмнө нь 33.5 их наяд төгрөгийн орлоготой, 33.5 их наядын зарлагатай төсөв баталж, бид алдагдалгүй сайн төсөв баталлаа гээд байдаг. Энэ бол эдийн засгийн бодлого мөчлөг сөрнө гэвэл яг энэ цаг мөч гэж харж байна. Гэхдээ энэ цаг үед алдагдал үүсгэснээрээ биш хэрвээ эх үүсвэр нь тодорхой бол гадаад зээлийн ашиглалтаа нэмэх ёстой. Давхар Засгийн газраас явуулж буй "Чөлөөлье" бодлого эдийн засгийг идэвхжүүлэх гол бодлого. Тийм учраас Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг Н.Алтаншагай нарын гишүүд санаачлан эх үүсвэр нь бэлэн байгаа зээлээ ашиглая, хурдан хугацаанд төслүүдээ дуусгая гэдэг зорилгоор бүлэгтээ танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлсэн гэж ойлгосон.

Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чандлан барьж байгаа. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл бол хуулийн тусгай шаардлагыг хатуу барьж, оруулж ирсэн. Мэдээж төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхэд энэ хуулийн шаардлагыг барих нь маш чухал.

Гэхдээ гадаад зээл дээр ийм асуудал үүсч байна уу гэвэл байна. Бас огт орон зайгүй болоогүй. Ирэх 2027 онд 4  их наяд төгрөг, 2028 онд 3.8 их наяд, 2029 онд 3.5 хувь гээд нийт 11.3 их наяд төгрөгийн орон зай бий. Төсвийн энэ хүрээнийхээ дагуу Эрдэнэбүрэнгийнхээ усан цахилгаан станц болон бусад төслүүдээ үргэжлүүлэх гэж хичээнэ. Манай төсвийн 75 хувь нь урсгал зардал болчихоод байна. Найман их наядын хөрөнгө оруулалтын дөрөв нь нийслэлд, 1.3 хувь нь шинэ зээл, 1.3 хувь нь зээл, 1.3 хувь нь үргэлжлэл байна. Ийм л төсөв байна. Тэгэхээр энэ хууль чухал байлаа. Гэхдээ Засгийн газраас батлагдсан төсвийн хүрээндээ төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө танилцууллаа. Та бүхэн батлаад өгвөл энэ хязгаартаа багтааж, ирэх оны төсвөө оруулж ирээд явна. Саяны хууль унаснаар гадаад зээлээ огт ашиглахгүй гэсэн үг биш. Эрдэнэбүрэн УЦС, Газрын тосны үйлдвэр ч бай 2027 онд ашиглах гадаад зээлийн дүн нь 2.5 их наяд төгрөг байна. Үргэлжлүүлээд л явуулна. Мэдээж зарим  төслүүдээ хойшлуулж, эрэмбэлэхээс өөр арга зам байхгүй. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан:

-Манай зөвлөлөөс дүгнэлтээ өгөхдөө төсвийн бодлогын өмнөх хэрэгжилт болон Төсвийн тогтвортой байдлын хууль эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөлөл, гадаад нөлөөлөл гэдэг байдлаар хандаж дүгнэлтээ өгсөн. Өмнөх төсвийн бодлогын хэт тэлэлт, алдаатай байдлаас болоод бид төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын орон зайгаа хумисан гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн энэ хуулийн өөрчлөлтийг хийснээр хоёр төсөвтэй болох, Төсвийн тогтвортой байдлын хууль эрх зүйн орчинд сөрөг нөлөөлөх юм байна гэдэг агуулгыг харсны улмаас үүрэг бүхий УИХ-ын дэргэдэх байгууллагын зүгээс шууд дэмжсэн дүгнэлт өгөх ямар ч боломжгүй байсан гэдгийг хэлье. Шийдвэрийг УИХ гаргаж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас бидний буруу юм байна л даа. Газрын тосны үйлдвэрийн зээл ашиглалт энэ жил бараг хэдэн төгрөг юм бэ. Төсөв тавигдсан юм уу. Энэ хуулийг батална гэдэг найдлагаар юу ч тавиагүй биз дээ. Энэ жил яах юм бэ. Хийсэн ажлынхаа мөнгийг өгч чадахгүй байгаа шүү дээ. Үйлдвэр ашиглалтад орох хугацаа нь хойшлоод л байдаг. 

Ерөнхий сайд Н.Учрал:

-Энэ хууль батлагдаагүй учраас Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг төслийн төсвийг төсөвтөө оруулаад л явсан. Хууль батлагдаагүй байхад юу гэж хасах билээ. Хуулийн дагуу 2.5 их наяд төгрөгийн орон зай байгаа. Хэрвээ Сэлбэ дэд төв чинь нэмэгдвэл. Тэгэхээр та бүхэн өнөөдөр Гадаад зээллэгийн ашиглалтын хуулийг батлаагүй ч төсвийн хүрээний мэдэгдлээ баталбал багтаагаад л явна. "Питро Чайна" компанийн асуудлыг Ж.Энхбаяр сайд ахалж ажиллаж байна. Харин Оюутолгойн хэлэлцээрийг эхэлж байна. Удахгүй тавдугаар сарын 12-нд "Рио Тинто" группийн төлөөлөл ирэх гэж байна. Эдийн засгийн өсөлтөө нэгж хувиар тооцоод л оруулж ирж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Ерөнхий сайдаа, би Засгийн газрын үйл ажиллагааг муулж, шүүмжлээгүй. Энэ төсвийн хүрээ бол 2027 оных. Би 2026 онд яг одоо газрын тос боловсруулах үйлдвэрийн мөнгөө өгч чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ мөнгөө төсвийн тодотголоор оруулж ирэх юм уу. Хэрвээ орон зай байна гэж байгаа бол. Би ажил явуулах талаас хэлж байна. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Их чухал асуудал хөндөж байна. Гадаад зээлээ ашиглахдаа Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн зээлээ түлхүү ашиглаж, бусад төсөл буюу орлогод нийцсэн орон сууцны асуудал, эрүүл мэндийн 17 аймгийн төслүүд, шинээр баригдаж буй цэцэрлэг сургууль, 10 аймгийн дулааны станц, төвийн бүсийн дамжуулах сүлжээ, бүс нутгийн бүх автозамын төслүүд, хөдөөгийн ногоон хөгжлийн төслүүд хэрэгжих боломжгүй болж байна. Тэгэхээр энийг хуулийн гадна гаргаж байж хэрэгжүүлэх ёстой. Монгол Улс 18.3 тэрбум ам.долларын гадаад зээлийн гэрээ байгуулсан. Эндээ эх үүсвэрээ батлуулсны төлөө жилд 40, 50 тэрбум төгрөгийг төлдөг. Нэн хөнгөлөлттэй сайн зээлүүд байгаад байдаг. Ашиглалт их байга байна. Нөгөө талдаа улсын төсвийн урсгал зардлыг цалин тэтгэвэртэй холбоотойгоор УИХ өнгөрсөн жил огцом нэмсэн. Үүнтэй холбоотойгоор 2027 оноос улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж эхэлнэ. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Тэргүүлэх ээлжийн 2.2 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Уг нь энэ хуулийг баталсан бол 4 их наяд төгрөгөөр энэ олон салбарын ажлыг хийж, та бидний амласан мөрийн хөтөлбөр, нутаг орондоо ярих ажил чинь үүгээр хэмжигдэх байсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Өнөөдөр 126 гишүүнээс 100 хүн ирцэнд орсон байна. Гадаад зээллэгийн ашиглалттай холбоотой хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 90 хүн орсон. Нийт 61 хүн саналаа өгч, 29 хүн татгалзсан. Татгалзсан гишүүдээс 7 хүн нь танхим байгаа мөртлөө эсрэг санал өгсөн нь МАН болон хамтарсан Засгийн газарт байгаа гишүүд байна. Тэгэхээр би бол дэмжиж санал өгсөн. Энэ хуулийн төслийг сөрөг хүчин гацааж, барилаа гэдэг байдлаар битгий улстөхжүүлээрэй. Ерөнхий сайд Н.Учрал, Ж.Энхбаяр сайдаа энэ бодлогоо Засгийн газрын кабинет, УИХ-ын гишүүддээ  хангалттай ойлгуулж чадаагүйн улмаас энэ хуулийн төсөл чинь батлагдсангүй. Ашиглаагүй гадаад төслийн зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрсний 53 хувь нь Газрын тосны үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг мега төслүүд байсан. Одоо энэ батлагдахгүй байгаа нь дахиад алдагдсан боломж гэсэн үг. Гишүүдийн буруу биш. Гуя дагаж хүзүү гэдэг шиг юм болж байна. Гадаа баахан хүмүүс жагсч, зогсдог ч гал унтраах байдлаар хандаж ирлээ. Ерөнхий сайд Н.Учралд бас хэлж байсан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа төсвийн хүрээгээ нийцүүлээч гэж. Одоо бол ёс төдий, зарчмын хувьд нийцэж байна гэдэг дүгнэлтийг 16 жил хийж ирлээ. Мэдээлэл сонсохоор ҮАБЗ дээр бичиг баримтыг нь боловсруулж, Засгийн газар руу шилжүүлсэн гэх юм. Яагаад хэлж байна гэхээр, улсын хөгжил дэвшил, хүний аюулгүй байдалд нэн шаардлагатай зүйлийг төсөвтөө оруулахаар төсвийн хүрээний мэдэгдлээ чиглүүлэх ёстой. Тийм учраас Засгийн газар бодлогоо, үндэслэлээ ойлгуулах ажлыг маш сайн хийдэг байх ёстой. Өмнөх Засгийн газруудаас одоогийн Засгийн газрын хувьд зарчмын шинж чанартай, стратегийн ялгаатай зүйлс нь яг юу юм бэ. Энийг тодорхой хэлмээр байна. Жишээлбэл, Туулын хурдны замын асуудлыг шүүхээр эцэслэхээр болсон гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал:

-2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэ төслүүдийг эрэмбэлсэн. 14 мега төслийг Г.Занданшатар сайдын үед эрэмбэлсэн байсан. Бид энэ жил эдийн засаг агшиж байгаа энэ үед хувийн хэвшлээ дэмжиж, төрийн оролцоог хумих бодлогыг явуулж байна. Мөн зах зээл дээрх ажлын байрыг хадгалах бодлого барьж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахыг дэмжих, саад тээгийг арилгах бодлогыг барьж, ард түмэндээ итгэж ажиллана. Ган, зэс, хөнгөн цагааны үйлдвэрийг төсвөөс санхүүжүүлэхгүйгээр барьж байгуулна. Жишээ нь, гадаад зээлийн ашиглалт гэхэд 1.2 их наядаар өнгөрсөн жил батлагдсан. Газрын тосны үйлдвэр дээр 145 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр 82.3 тэрбум төгрөг гарсан байна. Тэгэхээр 2026 оны төгсгөл рүү буюу долдугаар сараас хойш гадаад зээлээ ашиглаж чадахгүй байдал руу орж байна. Сая энэ хуулийг батлагдах эцсийн хэлэлцүүлэг рүү шилжсэн байсан учраас гадаад зээлийн ашиглалтаасаа 300 тэрбумыг хумьж оруулж ирсэн. Одоо энэ орон зайд л урагшилна. Бид Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлэхээр эрэмбэлсэн. Ирэх жилийн төсөв бол нэлээд хумисан, урсгалыг нэмсэн байхаас өөр замгүй байна. Ажлын байрыг хадгалж үлдэх ёстой. Тийм учраас Татварын хуулийн өөрчлөлтийг өчигдөр өргөн барьж, хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалахад анхаарна. Ирэх долоо хоногт хөрөнгө оруулалт дагасан хуулиудыг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай өргөн барина. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд орж ирсэн тоонуудыг маш өөдрөг төсөөлжээ. Гэтэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал чинь ийм өөдрөгөөр төсөөлөх шалтгаан болох уу. Юунаас ийм өөдрөг төсөөлөлгараад ирэв?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Тэгж их өөдрөг төсөөлөөгүй. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл. Экспорт сайжирсан ч импорт сайжрахгүй байгаа. Эрэлтийн гэхээс илүү нийлүүлэлтийн гаралтай инфляц эрсдэл дагуулж байна. Гадаад валютын 7.3 тэрбумын өсөлтийг тогтвортой хадгалснаар эндээс шалтгаалах инфляцийг бууруулж чадна. Худалдааны эргэлтийг сайжруулна. Дэд бүтцүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Хил гааль, тээвэр, логистикийн асуудал дахиж гаргахгүй байхад анхаарна. Шатахууны асуудлаа шийдвэрлэж чадлаа. Хүнсний салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдээ үргэлжлүүлнэ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Хил дамнасан дэд бүтцийн холболтуудын ажил дуусаж, 2027 онд ашиглалтад орно. Нүүрсний экспорт тэр дундаа боловсруулсан нүүрсний экспорт нэмэгдлээ. Оюутолгойн цэвэр цэсийн агуулга нэмэгдэнэ. Төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ. Хүнсний хувьсгал, Цагаан алтын үр дүн хадгалагдана. Евроазийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Эрчим хүчний гол төслүүд хэсэгчлэн ашиглалтад орох, том төслүүд эхлэх гээд эдийн засаг өсөж байгаа. Тиймээс төсөөлөл ингэж гарсан. Олон улсын байгууллагууд 5.3-аас 6 хувь гэж дүгнэлтээ гаргасан байгаагаас нэг их зөрөөгүй.  

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Төсвийн зардал, урсгал зардал чинь өсөөд байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр дамжиж орж ирлээ. 1.7 их наядын алдагдал бол том тоо. Халамж хавтгайрлаа. Хэдэн хүнийг халамжаас гаргаж ажил хийдэг болгов. Торгууль бичдэг өвөө л ажлаа сайн хийж байна. Бусад бүх бизнес хүндэрчихлээ. Үүний эсрэг юу хийв?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Багш, эмч нарын цалинг нэмсэн нь урсгал зардлыг өсгөж байгаа хэрэг шүү. Гүйцэтгэл хангалттай биелээгүй. Өнгөрсөн жил Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирэхдээ алдагдлыг 1 их наядаар оруулж ирсэн юм. Ингэж байж эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлсэн. Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг зургаа гэж үзлээ. Бид 5.8-аар оруулж ирлээ. Энэ өсөлтөд хүрэхийн тулд тодорхой алдагдал үүсгэж, гадаад зээлээ санхүүжүүлж, хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалах ёстой. Эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэхийн тулд идэвхжүүлэлт явна. Г.Занданшатар сайдын үед хэрэгжсэн 2.3 их наядын хэмнэлт бол цаг үеэ олсон зөв хэмнэлт байсан. Гэхдээ дөрвөн сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.4 их наяд гарчихлаа. Бид батлахдаа алдагдлаа 1 их наядаар баталчихсан шүү дээ. Ийм цаг үед хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй.

ХНХ-ын сайд Т.Аубакир:

-Дэлхийн улс орнууд халамж шаардлагатай иргэдээ халамжлаад л явдаг. Таны хэлж байгаа зардал дотроос яг алийг нь хасах юм. Өнгөрсөн жил бид 2.3 их наядыг халамжид зарцуулсан. Тэр дотор хүүхдийн мөнгө ч явж байдаг. Тэр халамж юм уу. Монголын төр хүн амзүйн бодлогоо заавал аваад явна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Улсын эдийн засгийг урлах, удирдах ёстой юм. Сүүлийн жилүүдэд урсгалаараа л явж байна. Болохгүй болохоор бусад хуулиа нураадаг. Энэ байдал нь төлөвлөх шаардлагагүй болгочихож байгаа юм. Батлагдаагүй хуулийг хүртэл төслийн танилцуулгадаа үндэслээд асуудал оруулж ирж байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнгөрсөн хугацаанд олсныхоо хэрээр үрсэн гэдэгт тантай санал нэг. Төсвийн сахилга бат алдагдсан нь үнэн. Үүнийг зөв болгохын төлөө явна. Тавдугаар сарын 31-нээр тендер хаагдсаны дараа шаардлагатай бол тодотгол хийнэ. Тэр үеэр урсгалаа танах, зардлаа бууруулах, гадаад зээлүүдээ эрэмблэх, төрийн албан хаагчдын янз бүрийн цалингийн системийг цэгцлэх зэрэг ажлуудаа хийнэ. Гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдсан батлагдаагүйгээс үл хамаараад зайлшгүй явах ёстой төслүүдээ ирэх оны төсөвт тавиад л явна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Монгол Улсын нийт өрийн хэмжээ сүүлийн таван жилд 7 тэрбумаар өссөн. Нийт өр нэмэгдэх шалтгаан Оюутолгойтой холбоотой. Оюу толгойн хэлэлцээр дээр таныг амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа шүү?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Гадаадын хөрөнгө оруулалт 2025 онд 3.8 тэрбум ам.доллар, түүний 50 хувийг Оюу толгой бүрдүүлж байна. Эдийн засгийн өгөөжтэй төсөл мөн. Гэхдээ зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөр, арбитр дээр үүсээд байгаа маргааны асуудал, түр хорооны тогтоолоор чиглэл өгсөн Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээ гээд энэ бүхэн бүхэлдээ Монголын ард түмэн 50 хувийн өгөөжөө хүртэх асуудал руу чиглэж байгаа. Тиймээс Засгийн газраас ЗГХЭГ-ын даргаар ахлуулан Сангийн сайд, Хуульзүйн сайд, Аж үйлдвэрийн сайд багтсан ажлын хэсгийг ажиллуулж байна. Хэлэлцээр 12-ноос үргэлжилнэ. Хэлэлцээр хийхэд бид удирдамжтай байгаа. Тэр нь таны ахалсан Түр хорооны тогтоол юм. Түүнийг барьж хэлэлцээр хийнэ. Бид бүх боломжоо дайчилж, хичээж ажиллах болно. “Эрдэнэс Оюу толгой” дээр олон улсын хэлэлцээр орох мэргэжлийн багийг сонгон шалгаруулна. Мөн хэл устай, мэргэжлийн захиралтай болох сонгон шалгаруулалт зарласан байгаа. Стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Ирэх долоо хоногт ордуудын өгөөжийг тооцох хуулийн төслийг өргөн барина. Ингэвэл хэлэлцээр хийхэд амар болох юм билээ. Ажлын байр нэмэгдүүлж байгааг хүртэл өгөөж гэж үзэх ёстой гэж тэд ярьдаг учраас ойлгомжтой эрхзүйн орчин бий болгож өгөх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Эдийн засаг хумигдлаа гэвэл Засгийн газраас хэрэгжүүлэх хамгийн чухал гурван төсөл нь юу байх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Ажлын байр нэмэгдүүлэх долоон төслийг сая Гадаад явдлын яамны уулзалтын үеэр зарласан. Төсвөөс санхүүжихгүй. Боловсруулах үйлдвэр нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төслийг мөн явуулсан. Бага орлоготой иргэдээ дэмжих Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барилаа. Энэ хэцүү үед ажлын байраа хадгалах, шинэ ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо барина.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Эрчим хүчний төслүүдээ явуулна. Баян, Бөөрөлжүүлт, Шивээ, Эрдэнэбүрэн зэрэг төслүүд тэргүүн ээлжинд явна. Түүхий эдийн боловсруулалтад онцгой анхаарна. Ган хайлах, Нүүрс баяжуулах зэрэг төслүүд. Нефть боловсруулах үйлдвэрээ явуулна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Нүүрсний экспорт арай бага уу. Хил холболтын дэд бүтэц чинь ашиглалтад орчихвол экспорт өсөхгүй юм уу?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Хил холболтын ажил идэвхтэй санхүүжилт тасралтгүй явж байна. 2027 ондоо багтаж ашиглалтад оруулна. Монгол Улсын коксжих нүүрс урд зах зээлд идэвхтэй өрсөлдөж байгаа. Том орон зайг Монгол Улс эзэлдэг ч гэлээ зах зээл хязгаартай. Бусад орны нүүрс орж ирнэ. Том улсын бодлого явж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 сая тонн дээр л барих бодлого явна. Түүнийгээ чанаржуулах, үнэ өсгөх зэрэг бодлого бариад зохистой хэмжээнд сайн үнээр барих бодлого барина.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Гадаад зээл ашиглалтын хууль мэдээлэл дутуу байснаас унасан. Тэгэхээр дахин энэ хуулийг өргөн барих уу. Ирэх гурван жилд цалин, тэтгэврийн өсөлтөд хэчнээн төсөв тусгагдах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Энэ хуулийг дахин өргөн барих чиглэлээр ажиллана. Нэмээд гадаад зээлийг Хөгжлийн банкаар дамжуулах асуудлыг хуульд давхар оруулж ирэх ёстой юм билээ. Ингэснээр Хөгжлийн банк хариуцаад явна. Цалин хөлсийг тогтоож байгаа бараг 30 гаруй хууль байна. УИХ-ын Тамгын газар өөр. ЗГХЭГ-ынхан өөр гэх мэтээр ялгаатай. Багш, эмч нарын цалинг нэмснээр төсөвт ачаалал ирсэн нь үнэн. Тодотгол өргөн барихдаа цалингийн асуудлыг дагалдуулж өргөн барина. Тэтгэврийг индексжүүлж нэмэх ёстой. Хуулийн төслийг тодорхой болгоно.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, ЭМДС-ын асуудлыг 2027 оны төсвийн мэдэгдэлд яаж тусгасан бэ. Зарим эмнэлгүүдэд он дамжсан өр байсаар байгаа.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Эрүүл мэндийн салбарт тодорхой шинэчлэлүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн яам Даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцож хурлаа хийгээд санхүүжилтийн тогтолцоогоо эргэж харна гэдгээ надад мэдэгдсэн. Тухайлбал, фитнесс төвд санхүүжилт өгөх ёстой юу. Эсрэгээрээ нэн чухал эмнэлгүүдийн он дамжсан өрүүдийг төлүүлэх чиглэлд явна. Эмийн жагсаалтыг шинэчилж, 260 гаруй эмийг хасаад ард түмний өргөн хэрэглэдэг эмүүдийг жагсаалтад бичнэ. Нэг өвчтөнд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлснээр он дамжсан өрийн асуудал цэгцрэх байх. Өрхийн болон анхан шатны эмнэлгүүдийн хүртээмж нэмэгдэх юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэх вэ. Махны үнийн нэмэгдэлд ямар арга хэмжээ авах вэ?

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-2026 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” гэж зарлаад 106 тэрбумыг төсөвлөөд зарцуулаад явж байна. Хөдөлмөр эрхлэх бүх боломжтой чадвартай хүмүүст энэ төсөв зарцуулагдана гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхийн эцэг, эхийг хөдөлмөр эрхлэхийг дэмжих хүрээнд хоёр дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилах, асрах төв шинээр байгуулж байна. 2027 онд ашиглалтад орно. Ингэснээр ээж, аавууд ажил хийх боломж бүрдэх юм. Хүүхдийн асаргааг төр хариуцахаар ажил хийх хүмүүс нэмэгдэнэ шүү дээ. 21 аймаг, есөн дүүргээс гадна алслагдсан сум, аймагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2027 оны төсөвт тусгайлан мөнгө тусгах саналаа өгсөн.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Махны үнийг захиргааны аргаар барих нь буруу. Хөдөө аж ахуйн биржийг дэмжих чиглэлд ажиллана. Хөдөө орон нутагт нөөцийн мах бэлтгэх боломж бий. Ган зудны нөхцөл байдлаас шалтгаалж улирлын чанартай өсөлт байгаа нь үнэн.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Халамжийн нийт төсвийн 70 хувь нь халамжийн гэхээс илүү хүн амзүйн бодлогыг дэмжих буюу хүүхдийн мөнгө, жирэмсэн ээжүүдийн мөнгө гэх мэт чиглэлд явдаг. Үүнийгээ хэзээ салгах вэ. Халамж хавтгайрсан гэдэг гол ярианы сэдэв болоод байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмадууд л халамж хүртээд байгаа юм шиг яригдаад байна?

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Ирэх жил 2.8 их наядыг Монгол Улс халамжид зарцуулна. Бодлогын яамнаас хүн ам зүйн бодлого руу чиглэсэн мөнгөө гэр бүлийн хөгжлийн зардал руугаа авна. Хүүхдийн мөнгө гэх мэтийг салгана гэсэн үг. Ингэснээр халамж руу жилдээ 600 орчим тэрбум төгрөг л зарцуулагдана. Халамжийн зардал манайх өндөр байгаа юм шиг харагдаж буй нь хүн амзүйн бодлогоо дэмжих төсөв нэг байдгаас шалтгаалдаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Тэтгэврийг 1.5 сая болго гэж ахмадууд жил гаруйн хугацаанд жагсаж байна. Энд манай Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Тэтгэврийг 10 хувиар нэмэхэд 300 тэрбум, ирэх жил бүтэн нэмэхэд 600 тэрбум зарцуулагдана. Багш эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд л 2.2 их наядын зарлага гарна. Тэгэхээр ирэх жил хөрөнгө оруулалтуудаа танах байдлаар асуудлаа шийдээд явна. Худлаа яриад яах юм. Шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудаа хойшлуулах, агентлаг нэгтгэх гэх мэт өөрчлөлтүүд хийнэ. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая хүргэх боломжгүй. Шууд тэгж хавтгай нэмэхэд шударга бус байдал бий болгоно. Эхлээд итгэлцүүрээ шийдэх ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг УИХ батлах ёстой. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь Засгийн газрын бодлого мөн ч гэлээ ид шидтэн гарч ирээд ч доод хэмжээг 1.5 болгох боломж одоогоор алга. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг шиг хууль гаргаж ирээд том төсөл унагалаа гэж хэлж болохгүй. Наад хуультай, хуульгүй чинь төслүүд явна гэдгийг энэ дашрамд онцолъё.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа нэр бүхий гишүүд үг хэлснээр 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 20282029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

10 : 36
2026-5-8

"Инфляци 7.4 хувьд хүрч, махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна"

Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав. 

Тэрбээр "Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг танилцуулъя. Дэлхий дахинд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд эдгээр хуулийн төслийг боловсрууллаа. Дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляци гаарлаа. Тээвэр худалдаа, логистизкийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Монгол Улсад ч энэ сүүдэр туссан байна. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны гуравдугаар сард инфляци 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна. Гадаад ертөнцийг өөрчлөхгүй ч дотоодоосоо хамаарах бүх зүйлийг хийхийг та биднээс шаардаж байна. Үнэнг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа засч, дуусдаггүй яриаг дуусгах цаг ирсэн байна. Сүх далайтал үхэр амар гэгчээр олсныхоо хэрээр үрсэн төр төсвөө данхайлгаж, санхүүгийн сахилга бат мөрдөөгүй, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөхгүй байгаагийн үр дагаврыг бид амсч байна. Нүүрсний үнэ өндөр байхад  үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж төсвөө данхайлгасныг горыг амсч байна. Хүндрэлийн үед нэг хэсэг нь улам хумиж хязгаарладаг, нөгөө хэсэг нь эдийн засгаа шинэчилдэг. Монгол Улс иргэн, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн,  шинэчлэх замыг сонгож байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш юм. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол төр ямар хэмжээнд байх вэ, хувийн хэвшилдээ ямар орон зайг чөлөөлж, нээх вэ гэдэг асуултын хариулт юм. Монгол Улс ямар хамаарлыг яаж багасгах вэ, юунаас яагаад чөлөөлөх вэ гэдэг хөгжлийн шинэ бичиг баримт юм. Та бид эдийн засгаа өсгөхөөс гадна хувийн хэвшилдээ хэрхэн орон зай үлдээх вэ гэдгийг хэлэлцэж, иргэндээ хаягаар нь өрхүүддээ үүдээр нь хүртээмжтэй хүргэх тухай ухаан бодлоо уралдуулна. Эмзэг хамаарлаас эдийн засгаа чөлөөлж, түлш шатахууны үнийн савалгааны хүнд цохилтоос чөлөөлж, хөрөнгө оруулалтыг хөөж туудаг тодорхой шийдвэрүүдээс чөлөөлөх гэдэг дуусдаггүй яриаг дуусгах тооцоо төлөвлөгөө юм. Засгийн газраас чөлөөлөлтийн гарааны сардаа 12 чөлөөлөлтийг хийлээ. Олон зуун мянган хүний ажил, амьдралд шууд хамаатай чөлөөлөлт бүхэн жижиг асуудал биш юм. 

Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудын дансыг бүхэлд нь хаадаг системийг өөрчилж 12,153 татвар төлөгчийн битүүмжлэгдсэн дансыг нээж, 2021 компани 64.5 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөгдлөө. Хаах биш нээх тусам итгэлцэл үүсэн бэхждэг төлөвлөгөөт 7029 хяналт шалгалтыг цуцалж чөлөөллөө. Найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрөл биш зөвшөөрөл, хориглолтын цаасан хүнд суртлаас чөлөөлж, цахимаар мэдэгдээд шууд эхэлдэг, төр дараа нь иргэндээ хаягаар нь очиж үйлчилж эхэллээ. Үүний үр дүнг  Засгийн газар биш татвар, шимтгэлийн өрөөс чөлөөлөгдсөн, үйл ажиллагаагаа  сэргээсэн, шинээр эхлүүлсэн олон зуун мянган компани, иргэд өөрсдөө батална.  Эдийн засгийн судсыг хааж биш нээж, хардаж биш итгэж, цусны эргэлт эрчимжин идэвхжинэ. Эдийн засгийн цусны эргэлт бол монгол хүний хийх ажил, олох ашиг, төлөх татвар, хөдөлмөр бүтээл юм.

2026 оны төсвийг Та бид урт удаан хугацаанд хэлэлцэн баталсан. Гэтэл эмч, багш нар урам хугарч, бурам дутсан хоёр цалингийн ойлгомжгүй байдалд орсон. Засгийн газар чөлөөлөлтийн эхний сардаа 39,841 эмч, цагаан нөмрөгтөн, 91,499 багш, боловсролын салбарын ажилтнуудаа цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэгдсэн нэг системд орууллаа. Төрийн албан хаагчдаа жилд 10-20 удаа гаргадаг, бүтээмжийг бууруулсан,  давхар тайлангаас чөлөөлж, "ONCE ONLY" буюу нэг удаа тайлагнах зарчимд шилжлээ.

ОХУ-тай идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд түлш шатахууны үнэ огцом өсөх, тасалдал хомсдол нүүрлэх аюул эрсдэлээс чөлөөлөгдлөө. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хармаанд түлш шатахуунд энэ онд төлөх байсан 1,8 их наяд төгрөг хэмнэн үлдээж чадлаа. Дэлхийн олон оронд үнэ нугарч өсөж, хэмнэлтийн онцгой горимд орж, урт дараалал үүссэнийг Та бид гадаад мэдээнээс үзэж байна.

Эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийн хуримтлагдсан асуудлыг онилсон, шийдэл гаргасан, биелэлт болж эхэлсэн олон багц шийдвэрээс бүгдийг нь тоочилгүй онцлон дурьдлаа.    

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн  бодит хүчин чадлаасаа доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурчээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учир цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэлтэй байна. 2026 оны эхний улиралд нийт импорт 3 хувиар буурлаа. Эдийн засаг удааширч байгаа тул бид эдийн засгийн хүндрэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байна. УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлж буй энэхүү төсвийн бодлого ч  эдийн засгаа сэргээн идэвхжүүлэх, эдийн засгийн цусны эргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Бизнес, хөрөнгө оруулалтанд тулгамдсан саад тээг, хүний хийж бүтээх хүслийг хяссан чөдөр тушааг тайлж чөлөөлөх нь итгэлцэл дээр үндэслэн эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих бодлогын цөм нь юм.

Улсын Их Хуралд тулгуур гурван үндэслэлтэй төсвийн хүрээний мэдэгдэл танилцуулж байна.

Нэгдүгээрт, Энэ бол бодит нөхцөл байдалд суурилсан, хөөсгүй төсвийн хүрээ. Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцын шок бодитоор нүүрлэж буйг харгалзан тооцсон. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сөрсөн асуудал-шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгасан.

Хоёрдугаарт, Энэ бол өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулсан идэвхтэй төсвийн хүрээ. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон.

Гуравдугаарт, энэ бол сахилга баттай төсвийн хүрээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хувийн ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулна.

Эрхэм гишүүд ээ,

Засгийн Төсвийн зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан ажиллах болно. Саарын хажуугаар сайн гэдэг. Бидэнд сайн мэдээ ч байна. Экспорт өссөн сайн мэдээ байна. 5-р сарын 6-ны байдлаар экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 63 хувиар өслөө. Нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрээд байна.

Эрч дээр эрч нэмж, нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна.  Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлж, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Түүхий эд гаргадаг түүхийг өөрчлөх, түүнээс хэт хамаарлаа багасгах, байгалийн үүц нөөцдөө үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулах үйлдвэрүүдийн үүдийг зоригтойгоор нээнэ. Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. 15 мянган хүний хийх шинэ ажил, авах цалин, шууд ажлын байр, 63 мянган шууд бус ажлын байр бий болгоно. Энэ бол тоон биш чанарын үзүүлэлт юм.  Төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн, Засгийн газарт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр бүтээн босгоно. Үүний үр дүнд Эдийн засаг дахь Засгийн газрын өрийн хязгаарыг бид 2027 онд 50 хувиас, 2028 онд мөн 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байх хүрээгээ тогтоож байна.

Эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр та бүхний гар дээр очсон баримт бичигт бид үнэнийг баримталж, алдаагаа хүлээн зөвшөөрсөн, төсвийн сахилга батыг сахиулан чангатгаж, санхүүгийн шинэчлэлийг өрнүүлсэн, төрийн хүнд суртлын чөдөр тушаанаас бизнес, хөрөнгө оруулалтыг чөлөөлсөн, зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилготой төсвийн хүрээний мэдэгдлийг танилцууллаа. Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, бодлогын уян хатан байдлыг сайжруулах зорилготой "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг дагалдуулан хамтад нь өргөн мэдүүлж байна. Хоорондоо шууд харилцан уялдаатай, багц бодлогыг илүү өргөн хүрээнд, бүрэн зураглалаар нь харж хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, эдийн засгаа хамгаалах үүрэгтэй. Иргэндээ, хувийн хэвшилдээ, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлээс итгэл, итгэлцэл дээр эдийн засгаа идэвхжүүлэн, цусны эргэлтийг эрчимжүүлэх Засгийн газрын үндсэн жанжин шугам байх болно. Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнах нь Та бидний бүгдийн эрхэм дээд эрх ашиг билээ. Бид орлого, зарлагаас илүү итгэлцлийг төлөвлөж байна. Тодорхойгүй байдалтай дэлхийд тогтвортой байдал, харилцан итгэлцлээр бат бэх оршин тогтноно. Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Улс орныхоо хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралын төлөө бодлого шийдлээ уралдуулцгаая. Хүн бүрд илүү маргааш бүтээхийн төлөө хамтдаа тоо бодоцгооё. Эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж, иргэнийхээ хаягаар очиж, өндөр тооноос бодит чанар бүтээцгээе.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай. Анхаарал хандуулсанд баярлалаа" гэв.

Төсвийн тогтвортой байдлын Зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. 

10 : 33
2026-5-8

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг томилох юм. Хуулийн төслийг батлах санал хураалт явуулж, 77.2 хувиар дэмжлээ.

10 : 15
2026-5-8

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хурааж байна

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Мэргэжлийн нэгдсэн холбооны Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна. 

Нийт 126 УИХ-ын гишүүнээс 89 нь ирцээ бүртгүүлсэн бол танхимд 71 гишүүн сууж байна. 

1.Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 87.6 хувиар дэмжлээ. 

2.Мэргэжлийн нэгдсэн холбооны Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 85.4 хувиар дэмжлээ. 

3.Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг хоёр удаа хийж, эхний удаа 61.8 хувиар дэмжиж 64 гишүүний саналд хүрээгүй бол М.Ганхөлөг гишүүний зүгээс дэмжиж дарсан хэдий ч төхөөрөмж ажиллаагүй учраас дахин санал хураалт явуулж, 67.8 хувь буюу 61 гишүүн дэмжиж дэмжигдсэнгүй. Нийт гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцов.

4.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 91.2 хувиар баталлаа. 

5. Хамт өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 86.8 хувиар дэмжлээ. 

6. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 87.9 хувиар дэмжлээ.

7.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.8 хувиар дэмжлээ. 

 

10 : 01
2026-5-8

Хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэнэ. Нэгд, долоон хуулийн төслийг эцэслэн батална. Хоёрт, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Гуравт, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна. Дөрөвт, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ. Тавдугаарт, баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсоно. 

1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн 2026 оны тавдугаар сарын 7-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд, 

2.Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд,

3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны тавдугаар сарын 7-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд,

4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны тавдугаар сарын 7-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд,

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны тавдугаар сарын 7-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

09 : 44
2026-5-8

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг чөлөөлж, С.Лүндэгийг томилно

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг томилох асуудлыг Баасан гаригийн хуралдаан хүртэл хойшлуулсан юм. Үүнээс гадна Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батална. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.184.103

банк бодлогын хүүгээ бууруулах ёстой.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-05-08 103.212.117.254

Гадаад орнуудын ЗГ НЬ МӨНГӨ АХИУХАН ЗАРЦУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ГЭСЭН, ПАРЛАМЕНТ НЬ ТӨСВӨӨ ХЯМГАТАЙ БАТЛАХ ГЭСЭН ЕРӨНХИй ХАНДЛАГАТАЙ.МАНАЙД ЭСЭРГЭЭРЭЭ БАЙХ НЬ НИЙТЛЭГ.ЭНЭ НЬ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООТОЙ ХОЛБООТОЙ.ХАРИН ЕС УЧРАЛ ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ХУУЛИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, ТӨСӨӨЛӨЛ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ ЗӨВ ХАНДЛАГА БАЙНА.

Avatar

ИРГЭН 2026-05-08 59.153.115.62

Авилгал хулгай нүүрэлсэн,,,,,Гэмт хэрэгтэнгүүдын үүр уурхай болсон УИХ-аас Иргэд нааштай зүйл хүлээгээд хэрэггүй,,,,,энэ УИХ-ыг Тараах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.180.184

Тэтгэврийг инфляц өссөн хувиар жилд нэг удаа жилийн эхээр нэмээд явах нь зөв. Үүнийг хуульчилчих гүйцээ. Ингэвээс тэтгэврийн доод хэмжээг 1500 000 болго гэх мэт төсөв дийлэхгүй, улстөржсөн утгагүй шахалт гарах үндэслэлгүй болно.

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.41.3

ТЭТГЭВЭР НЭМЭХ БҮРЭН БОЛОМЖ БАЙЛГҮЙ ЯАДАГ ЮМ. НАЯД НАЯДЫН ХУЛГАЙД МӨНГӨ БАЙЖ Л БАЙДАГ БИЗ ДЭЭ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУЛГАЙГАА БОДООЧ…………

Avatar

Нэргүй 2026-05-08 59.153.114.83

хэ хэдхэн цөөхөн хөгшчүүд л байгаа ш дээ тэднийхээ тэтгэврийг нэмж чадахгүй ЗГ УИХ-р юугаа хийх вэ ухамсар соёл ёсзүй гаргаад татан буугдаж огцрох хэрэгтэй сайн дураар бууж өгдөө гэхээс

Avatar

Нэргүй 2026-05-08 192.82.65.73

жил бүр 1 сарчн 1 нээс эхлэн цалин,тэтгэвэрээ 10-15% өсгөж төсөвтөа суулгаж нэмээд явж байвал жигд өсөөд явна аэл ам хэрүүлгүй дундаас нь ялгаж салгаж төр,төсав гэж байхаар…..бусад улс орнууд тэгж явдаг юм бна лээ

Avatar

Зочин 2026-05-08 202.55.188.119

Eр нь томхон бүтээн байгуулалт нь яагаад хөдөлдөггүй юм бэ. Хэт улс төржилт, хувийн сонирхол яваад байдаг юм уу. Нефтийн үйлдвэрийн хувьд бол арай л нүсэр том юм төлөвлөчихсөн юмаа. Оростой хамтраад арай жижиг үйлдвэр бариад явцыг нь харж байгаад өргөтгөж болох байсан шүү дээ.

Avatar

Зочин 2026-05-08 202.55.188.119

За хэл ам болж болж нэг юм эхэлсэн одоо үргэлжлүүлээд дуусгасан дээр биз дээ. Эрх мэдэлтнүүд нь хэт олдоод шийддэг бүтээн байгуулдаг нь хэт хоцрогдоод байх шиг байх юм даа.

Avatar

Туяа 2026-05-08 202.55.188.81

ЯАРАЛТАЙ ЗОГСОО

Avatar

Иргэн 2026-05-08 202.55.186.137

Төрийн албаны цалиндотроо асар их зөрүүтэй байгаа нь үнэн шүү! ТЗ дотроо АА гэж дбаль стандарт ангилал үүсгэсэн. УИХТГ, ЗГХЭГ, ЕТГ, УИХ-ын харьяа байгууллагууд, ҮХЦ, Шүүх..г.м байгууллагын ажилтнуудын сарын үндсэн цалин 3-5 сая, нэмэгдэлтэйгээ 7-10 сая төгрөг байхад ТҮ, багш, эмч, төрийн мэргэжлийн бусад байгууллагуудын үндсэн цалин 1,5-1,8 , үсрээд 2,5 сая төгрөг. Энэ дабль стандарт мөн үү? Хэн нь илүү хүнд нөхцөлд нарийн мэргэжлийн ажил хийж бн? ТАХ-гчдын цалинг тэгшитгэж шударга тогтоо!

Avatar

DGG 2026-05-08 103.229.122.246

ЭРДЭНЭС БАЯЛАГАА ЗАРЖ ДУУСААД ОДОО ИРГЭДИЙНХЭЭ ЭД ЭС, ЭРХТЭН ЗАРАХ ТУХАЙ ЮМ ЯРЬДАГ БОЛЖ ДЭ ЭНЭ ИХ ХУРАЛ. УУЛ НЬ ТОЛГОЙГ НЬ СОЛЬЧИХМООР ГИШҮҮД Ч БИЙ Л ДЭ ЭНД.

Avatar

зочин 2026-05-08 103.57.94.175

Хэнийг ч солиод сонгоод одооныхоос сайжруулах боломж байгаа юм уу даа, АН дотор л лав сонгол байхгүй Бараг бүгд чононууд ,Ээлжилт хууран мэхлэлт болно, Сайхан ярьна, Худал амлана, Тэгээд эрх тушаалаа ашиглан нийгмийн хөрөнгөөс хумслахыг эн тэргүүний зорилтоо болгоно, Монголчууд хохирно

Avatar

Үнэн 2026-05-08 202.9.47.31

Тэгвэл хулгайчдаа дахин дахин сонгоод л сөнөөд л байя даа, монгол ямар сөнөж дуусах биш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж