Мексик улс энэ зун хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж, ийм амжилтад хүрсэн анхны улс болно. Тус улс өмнө нь 1970 болон 1986 онд ДАШТ-ийг зохион байгуулж байсан юм. Гэвч тус улсын хөлбөмбөгийн фанатууд тасалбарын үнэ хэт өндөр байгаад болон Мексикт цөөн тоглолт л болох гэж буйд сэтгэл дундуур байна. Тодруулбал, 2026 оны ДАШТ нийт 104 тоглолттой байх бөгөөд үүнээс Мексикт 13 тоглолт нь болох юм. Үүний тав нь Мехико хотод, дөрөв нь Монтеррейд, дөрөв нь Гвадалахарад болно.
Нээлтийн тоглолт болох Мексик–Өмнөд Африкийн тоглолт Мехико хотын Банорте цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хэдийгээр хөлбөмбөгийн фанатууд бүх тоглолтыг тасралтгүй үзэх хүсэлтэй байгаа ч тасалбарын үнэ нь жирийн иргэдийн хувьд хэт өндөр байна гэж үзэж байна. "FIFA" дөрөвдүгээр сард гаргасан тасалбарын хоёр дахь шатны худалдаагаар Мексик дэх нээлтийн тоглолтын үнэ 3,000–10,000 ам.долларын хооронд байжээ. Мексикчүүдийн ихэнх нь ийм өндөр үнэ төлөх боломжгүй гэдгийг хөгжөөн дэмжигч Франсиско Хавьер Феррейра хэлжээ. Мөн тэмцээний ихэнх тоглолт АНУ-д болох тул энэ удаагийн ДАШТ АНУ-ынх мэт санагдаж байна гэж зарим фанатууд ярьжээ.
Тасалбарын өндөр үнэ бусад оронд ч шүүмжлэл дагуулж байна. Нью Жерсид болох шигшээ тоглолтын тасалбар ойролцоогоор 11,000 ам.доллараар худалдаалагдсан бол дахин худалдах зах зээл дээр зарим тасалбар илүү өндөр үнэтэй байжээ. Гэсэн хэдий ч "FIFA" тасалбарын систем нь олон улсын томоохон спортын арга хэмжээний нийтлэг жишгийг дагаж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн зарим тасалбарыг 60 ам.доллараас эхэлсэн үнээр нь санал болгосон гэж тайлбарлажээ.
Мехико хотын Банорте цэнгэлдэх хүрээлэн саяхан томоохон шинэчлэлийн дараа дахин нээгдсэн. Үүнд шинэ суудал, хяналтын камер, багтаамжийн өргөтгөл зэрэг багтжээ. Гэвч Мексик–Португалын нөхөрсөг тоглолтын үеэр цэнгэлдэх бүрэн бэлэн болоогүй байсан гэж зарим фанат гомдол гаргасан байна. Зогсоол хязгаарлагдмал байсан тул хүмүүс хол алхах шаардлагатай болж, хэт их бөөгнөрөл үүссэн байна. Мөн 26 настай хөгжөөн дэмжигч ложийн хэсгээс унаж амиа алдсан байна. Энэ мэт аюулгүй байдлын асуудал ДАШТ-ий өмнөхөн гарч байгаа нь зохион байгуулагчдын санааг ч зовоож байгаа аж. Мексикт сүүлийн үед хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотой хэрэг гарах болсон. Тухайлбал, гэмт хэргийн бүлгийн удирдагчдыг баривчилсны дараа автомашин шатаах, зам хаах зэрэг хэрэг гарсан билээ.
Цэнгэлдэхийн нээлтийн үеэр мөн эсэргүүцлийн жагсаалууд болсон. Зарим жагсагч Мексик дэх сураггүй алга болсон хүмүүсийн асуудлыг орхигдуулж байгааг шүүмжилсэн бол залуучууд түрээсийн үнийн хөөргөдөл, ус болон орон сууцны хомсдолыг эсэргүүцжээ. Тэд энэ удаагийн ДАШТ-ийг "хэт чинээлэг хүмүүсийн тэмцээн” гэж шүүмжилж байна. Мексикийн эрх баригчид ДАШТ-ийг томоохон баяр наадам болно гэж найдаж байгаа ч иргэд зардал, аюулгүй байдал болон нийгмийн асуудлуудад санаа зовсоор байна.
3,576.03






















































Холбоотой мэдээ