Украины ерөнхийлөгч Зеленский гуравдугаар сард Саудын Арабт айлчилсан нь Ойрхи дорнод үймж буй үед нэн онцгой бөгөөд санаанд оромгүй мөч болсон юм. Тэрбээр уг айлчлалаа "Хүмүүсийн амийг хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой" гэж тодорхойлсон. Дайны хүнд ачааг үүрч яваа Зеленский энэ мөчийг ашиглан тулааны талбарт хуримтлуулсан Украины туршлага ямар үнэ цэнтэй, зах зээлтэй болохыг харуулахыг зорьжээ.
Украин сүүлийн үед Ираны пуужин, дроны цохилтод өртсөн Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар улсуудтай дроны технологи, туршлага хуваалцах гэрээ байгуулсан. Ингэснээр АНУ-ын холбоотон чинээлэг улсуудтай харилцаагаа бэхжүүлж, бизнесийн ашиг хүртэхээс гадна батлан хамгаалахын салбарын хэлэлцээрүүд байгуулах найдлага тээж байна. Ийм түншлэлийг цаашид өөр улстай ч үргэлжлүүлэн байгуулна гэж Зеленский мэдэгдсэн билээ.
Ираны дайн эхэндээ Украинд сөрөг нөлөөтэй мэт харагдаж байв. Трампын анхаарал Орос, Украины энхийн хэлэлцээнд төвлөрөхөө больж, Иран руу чиглэж эхэллээ гэж олон нийт харж байсан.
Нөгөөтэйгүүр, Ираны газрын тос хоригт орсноор Оросын бүтээгдэхүүн "од" болж, Путины дайны машины санхүүжилт сайжирч эхэлсэн. Ойрхи дорнодын газрын тосыг тээвэрлэсэн танкерууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрч чадахгүй болсон тул ОХУ газрын тосоо илүү олон улсад, өндөр үнээр зарах боломжтой болсон.
Тэгвэл Украин ч бас Ираны дайны нөлөөг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Украин ирээдүйн энхийн хэлэлцээний өмнө аль болох хүчтэй байр сууринд очсон байхыг хүсч буй нь ч аргагүй юм. Зеленский боломжит бүх талбарт Украины байр суурийг бэхжүүлэхийг хичээж байна. Боломжийг ашиглах чадвар нь түүний хамгийн хүчтэй зэвсэг.
Саудын Араб Ираны дрон, пуужингийн аюулыг өөрсдөө мэдэрсэн учраас Украины дайны туршлага тэдэнд хэрэгтэй гэж Зеленский үзэж байгаа юм.
Москвагийн хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг бол Ираны загвараар бүтээгдсэн, хямд өртөгтэй, алсын тусгалтай Шахед-136 довтолгооны дрон болон түүний Орос хувилбар болох Геран юм. Нэг Шахед дрон 80-130 мянган ам.долларын үнэтэй. Тэгвэл түүнийг устгахад ердөө 10 мянган ам.долларын өртөгтэй хамгаалалтын систем хангалттай гэж Зеленский хэлсэн. Энэ нь хэдэн сая ам.долларын үнэтэй уламжлалт агаарын довтолгооноос хамгаалах системтэй харьцуулбал хамаагүй хямд юм.
Европын хэд хэдэн хотод Оросын дрон харагдсанаас хойш НАТО-ийн орнууд Украины туршлагад анхаарч эхэлсэн. Украин өнгөрсөн сард Европын холбоотнуудтай батлан хамгаалахын хоёр ч том гэрээ байгуулжээ. Үүний нэг нь Норвегитой байгуулсан 8.6 тэрбум ам.долларын гэрээ бөгөөд 2030 он хүртэлх 28 тэрбум долларын дэмжлэгийн багцын нэг хэсэг аж. Нөгөө нь Германтай байгуулсан гэрээ бөгөөд төрөл бүрийн дрон, пуужин, программ хангамж, орчин үеийн хамгаалалтын системийг хамарсан 4.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэх гэрээ юм.
АНУ Ойрхи дорнодод нөөцөө шавхаж байгаа тул Украины хувьд Персийн булангийн орнуудын дэмжлэг хамгийн чухал. Ойрхи дорнодод зэвсэг нийлүүлж буй талаар Трампаас асуухад тэрбээр "Бид байнга л тэгдэг шүү дээ. Заримдаа нэг талаас аваад нөгөөд нь ашигладаг" гэж хариулжээ.
Украин Ираны дайнаас өөр нэг чухал сургамж авсан нь дайсны газрын тосны экспортын байгууламж руу цохилт өгөхийн давуу тал байв. Өдгөө Оросын эрчим хүчний дэд бүтэц Украины үйлдвэрлэсэн алсын тусгалтай дронуудын гол бай болжээ.
Дэлхий дахинд газрын тосны үнэ өсч байгаа ч гэлээ Оросын эрчим хүчний салбар тийм амар өндийхөөргүй хэмжээнд олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгааг Зеленский онцолсон юм.
Түүхий газрын тосны экспортын мэдээллээс харахад, Ираны дайны гурав дахь долоо хоногт Оросын орлого 2.3 дахин өсчээ. Энэ нь газрын тосны үнийн өсөлт болон Трампын чөлөөлөлттэй холбоотой. Гэвч дөрөв дэх долоо хоногт Украины дронууд эрчим хүчний байгууламжуудад цохилт өгснөөр Оросын орлого нэг тэрбум ам.доллараар буурч, өмнөх долоо хоногийн өсөлтийн бараг гуравны хоёрыг үгүй хийжээ.
Ираны дайны өөр нэг ашиг нь Украинд нэн яаралтай хэрэгтэй байсан Европын холбооны 90 тэрбум еврогийн зээл батлагдсан явдал байлаа. Энэ мөнгөөр ирэх нэг жилийн хугацаанд зэвсэг худалдан авч, үйлдвэрлэх учиртай юм. 90 тэрбумын зээлийг Кремльд элэгтэй Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбан гацааж байсан билээ. Гэвч өнгөрсөн сарын сонгуулиар Орбан ялагдсанаар Орост ээлгүй шинэ удирдагч Унгарын засгийн эрхэнд гарсан юм. Орбан хэдийгээр Трампын ойрын хүн боловч энэ нэр хүнд нь сонгуульд тус болоогүй. Унгарын сонгогчид эрчим хүчний үнийн өсөлтөөс болж бухимдуу байсан нь түүний ялагдалд нөлөөлсөн нэг хүчин зүйл юм.
Эдгээр амжилтын дараа Зеленский Украин одоо өмнөхөөсөө илүү хүчтэй байрлалд орсон, тиймээс Оростой хэлэлцээ хийхдээ ч илүү давуу нөхцөлтэй байж магадгүй гэж итгэх болжээ.
3,576.03





















































ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-05-08 103.212.117.154
Украйн. сайн.тэмцэж байна.Тусгаар тогтнол хамгаалж тэмцэх шударга.!
XAVTGAI 2026-05-08 66.181.177.89
E komisrn Urgun ardtai ijilk
Нэргүй 2026-05-08 67.168.92.100
Салбадай ногоо онигоо шаасан шүү нөгөө хэдэн хохолууд нь хөөгдөөд буцсан шүү дээ. Ха ха