Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал, ялангуяа хөдөө орон нутагт хүндрэлтэй байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр /2026.05.07/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсад жилд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны 98 хувьд нь шүүх шинжилгээний байгууллагын ямар нэгэн дүгнэлт гардаг. Энэ дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэх гол баримт болгодог практик тогтсон байна. Шүүх шинжилгээний байгууллага жилд дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэг, 75 мянга орчим шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт 200 гаруй шинжилгээ хийдэг. Эдгээр шинжилгээнүүд нь ихэвчлэн хүний бие, эд зүйл дээр хийгддэг учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх, хувийн нууцаа хамгаалуулах, цаашлаад хохирлоо төлүүлэх эрхүүдийг гол агуулга болдог хэмээн дүгнэж болно. Тэгэхээр энэ шинжилгээг нэгдүгээрт, маш өндөр түвшний алба хаагчид хийх ёстой. Хоёрдугаарт, шаардлага хангасан техник технологиор хийх гуравдугаарт, эрүүл ахуйн стандартын орчин нөхцөлд хийгдэж байж энэ шинжилгээ эргэлзээгүй, бодитой болно.
Энэ утгаараа ХЭҮК Шүүх шинжилгээний ерөнхий газрын нийслэлийн зургаан дүүрэг. 21 аймаг, дөрвөн сум, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 33 нэгжид хяналт, шалгалт хийсэн. Мөн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар энэ салбарын 1000 гаруй ажилтан, алба хаагчидтай ярилцлага хийж дүгнэлт гаргасан.
Гол дүгнэлтүүдийг аваал үзвэл орон нутагт буюу аймгийн төв, зарим суманд байгаа шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, барилга байгууламж, лабораториуд хүний эрхийг зөрчих эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бий болгосон байна гэж ХЭҮК дүгнэсэн.
Шүүх шинжилгээний газрууд хараат бие даасан байх ёстой гэтэл энэ байгууллагууд өөрийн гэсэн байргүй, эсвэл ашиглалтын хугацаа нь дуусаж, ашиглахыг хориглосон дүгнэлт гаргасан байруудад үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын аль нэг жигүүрт нь буюу нэг өрөөнд нь үйл ажиллагаа явуулдаг, мөн Засаг даргын Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь хохирогчийн эрхийг зөрчиж байна.
2025 оны байдлаар орон нутагт хүний биед хийсэн шинжилгээгээр дор хаяж 1024 хүнд хийсэн шинжилгээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй, орчны стандартад нийцээгүй нөхцөл байдалд шинжилгээ хийсэн байна. Үүн дотроо 160 орчим шинжилгээ нь бэлгийн маргаантай, үүнээс 79 насанд хүрээгүй хохирогч энэ орчинд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна. Энэ дүгнэлтэд үндэслээд үзэхээр хохирогчийг дахин хохироож байна гэж харж болохоор байна. Тиймээс үүнийг бодлогын түвшинд анхаарч, шийдвэрлэх шаардлагатай байна" гэлээ.
3,576.03






















































Нэргүй 2026-05-07 192.82.64.214
мөрдөгч нар хохирогч охидыг нүцгэлж зургийг нь дарж хэрэгт хавсаргадагт ХЭҮК анхаарах болсон