BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн зүүн бүсийн В хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2026.05.05/ Улаанбаатар хотноо эхэлсэн. Талбайн эзэн Чингисийн Хүлэгүүд баг эх орондоо гурван тоглолтыг хийх хуваарьтай.
Тэд эхний тоглолтоо Саут Чайна Атлетик багтай хийж, 84-86 гэсэн харьцаатай хожигдов. Хоёр багийн өмнөх тоглолтод Хүлэгүүд баг хожиж байсан бол энэ удаад Хонг Конгийн баг хариугаа авчээ.
Чингисийн Хүлэгүүд гэх нэртэй Азид өрсөлдөж буй Монголын баг энэхүү тоглолтод 17 оноогоор илүү байсан ч дөрөвдүгээр үед онооны тэргүүллээ алдаж, тоглолт дуусахад 34 секунд үлдээд байхад нэг оноогоор хожигдож эхэлсэн юм.
Хонг Конгийн баг туршлагатай тамирчин Глен Янгийн дараалсан холын зайн шидэлтүүд, багаараа хийсэн хамгаалалт онооны зөрүүг арилгажээ. Нөгөө талд Хүлэгүүд тоглолтын эхнээс өрсөлдөгчөө бүхий л талаараа илүүрхэж байсан ч эгзэгтэй мөчүүдэд олон удаа бөмбөг алдаж, хэмнэлээ хадгалж чадсангүй. Шийдвэрлэх үеүдэд довтолгооны сонголтууд нь ч оновчтой байсангүй. Ерөнхийдөө "залхуу" тоглож, амархан хожил авахыг хүссэн.
Тоглолтын дараа Саут Чайна Атлетик багийн дасгалжуулагч Ло И Тин ярихдаа "Сагсан бөмбөгт юу ч тохиолдож болно. 17 эсвэл 20 оноогоор хожигдож байсан ч бүү бууж өг. Үргэлжлүүлээд тоглоод л бай. Хэрэв эрт буугаад өгвөл тоглолт дууссан л гэсэн үг. Бид сайн хамгаалж, бууж өгсөнгүй" гэв.
Тус багаас Кивон Давенпорт 27 оноо, 14 самбар авч багаа манлайлжээ. Мөн залуу од Келвин Цан 14 оноо, таван оновчтой дамжуулалт, Никсон 12 оноо, Родриге Андела хоёр аравт гэсэн тус тусын үүргээ гүйцэтгэжээ.
Дөрөвдүгээр үед багаа сэргээсэн Ян ярихдаа "Гайхалтай байна. Бид одоо ч өрсөлдөөнөөс гараагүй байна. Бүх зүйл үлдсэн тоглолтуудаас шалтгаалахаар боллоо. Одоохондоо бид амьд байна. Өнөөдөр том хожил байгууллаа. Аялан тоглолтод ялангуяа энд хожил байгуулах хэзээ ч амар байдаггүй" гэв.
Хүлэгүүдээс Жорди Чиманга 18 оноо, 14 самбар гэх айхтар үзүүлэлтийг толилуулсан ч баг нь гурав дараалан хожигдлоо. Ингэснээр тэд В хэсгийн сүүл мушгисан хэвээр үлдэв. Одоо хэсгээ тэргүүлж буй хоёр багийг заавал хожих хүнд даалгавартай үлдсэн.
Тоглолтын дараа Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболд "Бөмбөг алдалтууд маань биднийг шийтгэчихлээ" гэсэн нь тоглолтыг бүрэн дүгнэсэн үгс байлаа. Өнгөрсөн жилийн аваргууд нийт 16 удаа бөмбөг алдсан.
Хүлэгүүд дараагийн тоглолтоо маргааш/2026.05.06/ 19:00 цагаас Таоюань Пауян Пайлотс багийн эсрэг хийнэ. Тайванийн баг одоогоор нэг ч хожигдоогүй явна.
3,576.26






















































Нэргүй 2026-05-06 202.126.93.228
Хэтэрхий эрт тайвшралт….
Нэргүй 2026-05-06 43.242.242.59
Даанч дээ, хэлэх үг алга даа