Улаан хивснээ амилсан уран зургууд

FASHION

Улаан хивснээ амилсан уран зургууд

Улаан хивснээ амилсан уран зургууд

Загварын ертөнцийн хамгийн том үдэш гэгддэг "Met Gala 2026" ёслол амжилттай болж өнгөрлөө. Энэ жил "Costume Art" буюу "Хувцас загварын урлаг" сэдвийн хүрээнд алдартнууд тансаг, этгээд содон төрхүүдийг бүрдүүлэн иржээ. Метрополитен урлагийн музейн Хувцас загварын хүрээлэнд хандив цуглуулах зорилготой уг арга хэмжээ нь одод болон загварын ордонуудын хувьд жинхэнэ утгаараа шоу үзүүлэх боломж болдог. Тэдний шоу мэдээж жил бүхэн л өвөрмөц, содон өнгө аястай байдаг ч энэ жил урьд өмнөхөөсөө ч илүү сонирхолтой шийдлүүд, ховрын зочид олон байсныг хэвлэлүүд онцолсоор байна.

Тухайлбал, сүүлийн 10 жил "Met Gala"-г алгассан дуучин Бейонсе энэ удаад алдсан цаг хугацаагаа нөхөх гэсэн мэт гэр бүлийн хамтаар сүрлэг дэгжин хүрэлцэн иржээ. Францын дизайнер Оливье Рустейнгийн урласан, араг ясны чимэглэл бүхий гоёмсог даашинз, асар том өдөн нөмрөгөөрөө тэр олныг алмайрууллаа. Харин аав ээжээсээ дутахгүй алдаршаад буй Блю Айви охины хувьд 18-аас дээш насныхан оролцдог энэхүү үдэшлэгийн хамгийн залуу зочин болов. Блю Айви энэ жил 14 настай.

Ёслолын төгсгөлд бараг бүх зочид орж дууссаны дараа уламжлал ёсоор Рианна, "A$AP Rocky" нар ирэв. Рианна Гленн Мартенсын загвар бүхий, мянга мянган эрдэнийн чулуу, сувдаар чимэглэсэн "Maison Margiela" даашинзаар гангарчээ. Харин "A$AP Rocky" ягаан пальто, "Chanel"-ийн хослолоор гоёсон байв.

"Vogue"-ийн ерөнхий редактор асан Анна Винтур ажлаа хүлээлгэн өгснөөсөө хойших анхны "Met Gala"-даа оролцлоо. Тэрбээр "Chanel"-ийн өдөн чимэглэлтэй тансаг даашинзаар гангарчээ.

Энэ жилийн зоримог шийдлүүдийн нэг бол яах аргагүй нууцлаг нүүрний хаалтууд байлаа.

Тухайлбал, дуучин Кети Перри энэ жил хамгийн танигдахын аргагүй зочдын нэг болов. Түүний нүүрний урдуурх нарийн хийцтэй торон болон металл хаалт нь Кетиг яг л музейн үзмэр шиг харагдуулж байсан юм.

Дараагийн танигдахын аргагүй зочин бол ахимаг насны эрийн дүрд хувирч ирсэн Бэд Банни байлаа. Түүний нүүр хувиргалтыг нүүр будгийн мэргэжилтэн Майк Марино хийжээ.

"Хувиралтын хатан хаан" гэгддэг Хайди Клум ч энэ жил амар танигдсангүй. "Costume Art" сэдвийн хүрээнд тэрбээр яг л "амьд уран баримал" мэт харагдах маш нарийн хийцтэй загварыг сонгосон байна. Энэ хувцсаа өмссөний дараа хөдлөхөд хэцүү байсан ч урлаг золиос шаарддаг гэсэн үгийг Хайди Клум ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Жүжигчин Сара Полсон ч бас нууцлаг нүүрний хаалт трэндийг дагаж, нүдээ нэг ам.долларын дэвсгэртээр хаасан байсан юм.

Үүний зэрэгцээ энэ жил уран зурагнаас санаа авсан хувцаслалтууд цөөнгүй байснаараа онцлог байлаа. Энэ нь загвар, дүрслэх урлаг гэсэн хоёр ойлголтын зааг ялгааг бүдэгрүүлэх зорилготой байсан болов уу. Мөн алдартнууд улаан хивснээ аливаа нэгэн түүхийг өгүүлдэг тренд хүчийг аваад буй билээ.

Тухайлбал, попын хатан Мадоннагийн хувьд 1997 оноос "Met Gala"-г бараг алгасаж үзээгүй. Тэрбээр жилийн жилд өвөрмөц, зоримог шийдлээрээ олныг алмайруулдаг. Энэ жилийн хувьд Леонара Каррингтоны "The Temptation of St. Anthony. Fragment II" гэх уран зургаас санаа авч, дүр төрхөө бүрдүүлжээ. Түүний нөмрөгийг яг л "The Temptation of St. Anthony. Fragment II" зураг дээрх шиг өнгө өнгийн даашинзтай бүсгүйчүүд тал талаас нь барилцсан байв.

Энд дурдагдаагүй өөр гайхамшигтай, сонирхолтой шийдэл дэндүү олон байсныг уншигч танд гэрэл зургаар танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж