Сурвалжлага: Авто оношилгооны төвүүдэд ачаалал нэмэгдэж, урт дараалал үүсч байна

Сурвалжлага: Авто оношилгооны төвүүдэд ачаалал нэмэгдэж, урт дараалал үүсч байна

Сурвалжлага: Авто оношилгооны төвүүдэд ачаалал нэмэгдэж, урт дараалал үүсч байна

Улаанбаатар хотод автомашины тоо жилээс жилд нэмэгдэх болсноор техникийн үзлэг, оношилгооны төвүүдийн ачаалал ч эрс өсөөд байна. Ялангуяа хавар, намрын улиралд жолооч нар холын замд гарахын өмнө автомашинаа оношилгоонд хамруулах нь олширдог тул төвүүдэд урт дараалал үүсэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Бид өчигдөр /2026.05.05/ 11:00 цагийн орчимд Тасганы овоонд байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвд очлоо. Тус төвийн гадна ирэхэд 30 орчим автомашин дугаарлан зогсож байв. Зарим жолооч нар машиндаа чимээгүйхэн сууж ээлжээ хүлээх бол, нөгөө хэсэг нь гадаа хоорондоо ярилцана. Хаврын сэрүүн өдөр байсан хэдий ч үзлэгт хамрагдах жолооч нарын цуваа тасрах шинжгүй үргэлжилж байлаа. Тэнд байсан жолооч нарын хэлснээр нэг автомашин дунджаар 30–40 минут хүлээсний дараа үзлэгт ордог бөгөөд ачаалал ихтэй өдрүүдэд энэ хугацаа улам сунжрах тохиолдол ч гардаг аж.

Харин техникийн үзлэгийн үйл явц өөрөө харьцангуй богино хугацаанд явагддаг байна. Нэг автомашинд дунджаар 5–10 минут зарцуулж, үндсэн шалгалтуудыг хийдэг. Оношилгооны төвд нэг ээлжинд хоёр техникийн инженер ажиллаж, автомашинуудыг дарааллын дагуу хүлээн авч үзлэгт хамруулж байлаа. Техникийн инженерийн хэлснээр үзлэгээр автомашины замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлыг хангах үндсэн үзүүлэлтүүдийг шалгадаг байна.

Тус төвийн техникийн инженер “Манай төвөөр өдөрт дунджаар 200-300 автомашин үйлчлүүлдэг. Сүүлийн үед ачаалал эрс нэмэгдсэн. Ялангуяа улирал солигдох үеэр хүмүүс олноороо ирдэг учраас дараалал үүсдэг” хэмээн ярьсан юм. Тэрбээр "техникийн үзлэгээр автомашины тоормосны систем, гэрэл дохио, утааны хэмжээ, жолооны механизм, дугуй, явах эд анги зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой үндсэн үзүүлэлтүүдийг шалгадаг. Мөн автомашин стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв доголдол илэрвэл засвар үйлчилгээ хийлгэсний дараа дахин үзлэгт орох шаардлагатай болдог” гэлээ. Инженерүүд богино хугацаанд олон автомашинд үнэлгээ хийх шаардлагатай тул ачаалал өндөр үед завсарлагагүй ажиллах нь түгээмэл аж.

Техникийн үзлэгийн үеэр автомашиныг зөвхөн гаднаас нь хараад өнгөрөх бус, олон үе шаттай нарийн шалгалтад хамруулдаг байна. Эхний шатанд автомашины ерөнхий байдал, иж бүрдлийг шалгана. Үүнд улсын дугаар, арал болон хөдөлгүүрийн дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээллийг тулгаж нягтлахын зэрэгцээ гаднах өнгө үзэмж, иж бүрдэл бүрэн эсэхийг нарийвчлан үздэг байна.

Мөн хаалга, тэвшний түгжээ, шил, толь, хамгаалах бүс, суудлын бэхэлгээ зэрэг өдөр тутмын ашиглалтад шууд нөлөөлөх эд ангиудыг шалгадаг. Ослын үед шаардлагатай анхны тусламжийн иж бүрдэл, галын хор, нөөц дугуй зэрэг нэмэлт хэрэгслүүд бүрэн байгаа эсэхийг ч мөн энэ шатанд шалгана.

Харин дараагийн шатанд хөдөлгүүр болон хүч дамжуулах ангийн техникийн байдлыг оношилдог бөгөөд тос, шингэний алдагдал байгаа эсэх, хөдөлгүүрийн ажиллагааны хэвийн байдал, дамжуулгын эд ангийн элэгдэл, гэмтлийг тусгай суваг болон өргүүр дээр шалгадаг байна.

Тоормосны системийг хамгийн чухал шалгалтын нэг гэж үздэг. Тусгай стенд дээр дугуй бүрийн тоормосны хүч, жигд ажиллагаа, зогсоолын тоормосны барилт зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлно. Тоормосны системд хий, шингэн алдагдах, хүч жигд бус байх зэрэг доголдол илэрвэл тэнцэхгүй гэж үздэг байна. Жолооны механизмын хувьд хүрдний сул явалт, дугуйн хийн даралт, хээний элэгдэл, тэнхлэгийн тохиргоо зэрэг үзүүлэлтүүдийг нарийн хэмжилтээр шалгадаг. Мөн явах анги, амортизатор, пүрш, булны бэхэлгээний байдал ч энэ шатанд багтана.

Автомашины их бие, арал, кузовын бүрэн бүтэн байдал ч мөн чухал шалгуурт орно. Арлын дугаар зөрөх, кузов гажих, зэврэлт, ан цав үүсэх зэрэг нь шууд тэнцэхгүй нөхцөлд хамаардаг.

Үүнээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлын иж бүрдэл болох гэрэл, дохио, шил арчигч, галын хор, эмийн сан зэрэг тоноглолууд бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Мөн экологийн үзүүлэлт буюу автомашины утааны ялгаруулалт, дуу чимээний түвшинг тусгай багаж ашиглан хэмжиж, стандартын шаардлагатай харьцуулан дүгнэдэг байна. Эцэст нь цахилгаан систем, гэрэлтүүлэг, дуут дохио, хянах самбар зэрэг өдөр тутмын ажиллагаанд чухал нөлөөтэй бүх системийг нэг бүрчлэн шалгаснаар техникийн үзлэгийн бүрэн үнэлгээ гардаг байна.

Тэнд анх удаа автомашинаа оношлуулж буй нэгэн жолоочтой ярилцлаа. Тэрбээр“Анх удаа машинаа оншлуулж байна. Суудлын машиныг 22 мянган төгрөгөөр оношилж байна гэсэн. Би өөрөө сайн мэдэхгүй болохоор ойр хавийн жолооч найзуудаасаа асууж байж ирсэн. Ер нь техникийн үзлэгийн төвүүд олон байдаг юм байна лээ. Гэхдээ хүмүүс тэр бүр мэддэггүй болохоор олны мэддэг газрууд нь их ачаалалтай байдаг байх” гэлээ. Тэрбээр мөн өөрийн бодож байснаас илүү хурдан үйлчилгээ авч байгаагаа хэлсэн юм.

“Оншилгоонд ороход их удна гэж бодсон. Гэхдээ харьцангуй хурдан юм байна. Ер нь автомашин замын хөдөлгөөнд саад болохгүй, бусад жолоочид эрсдэл учруулахгүй байх талаас нь шалгадаг юм байна. Жишээ нь гэрэл, тоормос, суудлын бүс гээд аюулгүй байдалтай холбоотой зүйлсийг сайн үздэг юм байна” гэв.

Мөн өөр нэг жолооч техникийн үзлэгийн ач холбогдлыг онцолж байлаа. Тэрбээр,“жолооч хүн бүр техникийн үзлэгтээ тогтмол хамрагдах ёстой. Замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хариуцаж байна гэсэн үг. Зарим хүмүүс жижиг эвдрэлээ тоохгүй явсаар байгаад том осол гаргах эрсдэлтэй. Тоормос муу, гэрэл асахгүй, явах эд анги асуудалтай машин зам дээр явах нь маш аюултай. Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй автомашин осол аваар гаргах шалтгааны нэг болдог. Ялангуяа өвлийн улиралд халтиргаа гулгаа нэмэгдэх үед дугуй, тоормос, гэрлийн бүрэн бүтэн байдал хамгийн чухал" гэдгийг онцолж байв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулснаар нийслэл хотод өдөрт дунджаар 730 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Мөн хоногт 800 гаруй оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийн зөрчил бүртгэгддэг аж.

Үүний дараа бид Дэнжийн мянгад байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвөөр очлоо. Энд Тасганы овооны салбартай харьцуулахад ачаалал харьцангуй бага байв. Цөөн автомашин дугаарласан байх бөгөөд жолооч нар удаан хүлээлгүйгээр үйлчлүүлж байлаа.

Тус төвийн ажилтнуудын хэлж буйгаар иргэд ихэвчлэн олон жил мэддэг болсон төвд очдог тул зарим салбар хэт ачаалалтай, харин зарим нь харьцангуй бага байдаг аж. Тиймээс жолооч нар ойрхон, ачаалал багатай салбаруудаар үйлчлүүлбэл цаг хугацаагаа хэмнэх боломжтой гэдгийг зөвлөж байлаа.

Үнийн хувьд суудлын автомашины техникийн үзлэг ойролцоогоор 22,000 төгрөг, харин ачааны автомашины үзлэг 33,000 төгрөгийн үнэтэй байна.

Улаанбаатар хотод ажиллаж буй Техникийн хяналтын үзлэгийн төвүүд  Даваа–Баасан гаригт 08:30–20:30 цагийн хооронд ажиллаж, өдрийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг байна. Ялангуяа улирал солигдох үеэр ачаалал нэмэгддэг тул жолооч нар урьдчилан мэдээлэл авч, цахимаар болон утсаар цаг захиалж үйлчлүүлэх нь цаг хугацаа хэмнэх хамгийн зөв шийдэл болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Жолооч нар 1800-1937 утсаар цагаа урьдчилан захиалж, Smartcar.mn-ээр дамжуулан үзлэг, оношилгооны байршил болон үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-05-06 202.126.89.68

нүүрсэн яндангүй машиныг хэдээр тэнцүүлж байна?

Avatar

Тээвэрчин 2026-05-06 180.149.93.62

Оношилсон нэртэй хэлбэрдсэн үйл ажиллагаа, үнэхээр нарийн үзээд эрсдэлийн гаргаад ирдэг бол жилд хэд орсон ч яахав дээ

Avatar

Нэргүй 2026-05-06 124.158.120.198

Манайх энэ тогтолцоогоо өөрчлөх ёстой. 22, 33 мянган төгрөг авч бүртгэл хийж байна.

Avatar

далай 2026-05-06 45.117.34.202

off raod машинтай хүмүүс машин даа метал гупертэй бол оношилгоонд о руулахгүй гэсэн ЗТЯАМНЫ ГАЗРЫН ДАРГЫН тушаал байдаг юм байна Энэ тушаал аа эргэж хараач гэж гуйж байна

Avatar

Нэргүй 2026-05-06 202.126.89.72

би 12 сард ордог. ямар ч оочир байдаггүй

Avatar

Нэргүй 2026-05-06 59.153.113.195

Нүд сохлом хурц гэрэлтэй машинууд тэнцээд байхын!!!!! Хүний амь настай холбоотой шдээ

Avatar

зочин 2026-05-06 66.181.189.225

Жилийн жилд энэ балай юмаа болиочээ АНУ -д зөвхөн машины яндагийн утаа хэмжээнд байгаа эсэхийг шалгаад 2-3 жилийн хүчинтэй бичиг өгнө,бензин колонк болгонд үнэгүй шалгаад өгнө.

Avatar

Бадарч тахар 2026-05-06 66.181.189.251

5 минутанд багтаж үзнэ гэхээр эд нар зүгээр хараад л өнгөрч байгаа юм ! их сайндаа л суудлын бүс эмийн сан хоёр чинь байгаа юу гэж асууна балайгууд чинь ! Нэг машиныг үнэнээр нь бүрэн үзэхэд 2 цаг шаардагддаг юм !ямар ч газар ямар ч улс оронд ! Сурвалчлагч нь гэж шаал усан тэнэг амьтан байна !

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.160.124

Хөх утаа хаясан машинууд гудамжинд яваад л байх юм, хаагуур нь яаж тэнцүүлдэг юм бэ???

Avatar

Нэргүй 2026-05-06 202.126.93.206

амархаан хө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж