Монгол Улсад бизнес эрхэлнэ гэдэг ёроолгүй саванд ус хийхтэй адил болоод удаж буй. Бизнесээ эхлүүлсэн хэд нь тартагтаа тулсны эцэст үйл ажиллагаагаа зогсоож байна. Угтаа иргэн бизнес хийгээд түүнээсээ ашиг хүртэж, улсад татвар төлж орлого бүрдүүлэх учиртай. Гэтэл иргэн бизнес эрхэлснээр эргээд өрөнд орж явсаар эцэстээ хаалгаа барьдаг жишиг тогтчихлоо.
Тухайлбал, энэ он гарсаар хүмүүст эчнээ танил болсон хүүхдийн модон тавилга хийдэг Buudai brand таван жил үйл ажиллагаа явуулаад өнгөрсөн гуравдугаар сард хаалгаа барилаа. Мөн монгол загварын хувцас үйлдвэрлэж худалдаалдаг “Ивээл” брэнд эдийн засгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн бүр мөсөн зогсоох болсноо зарлаад буй. Энэ мэт өдөрт 1-2 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоож байна.
2020 онд жилд 1200 орчим компани үйл ажиллагаагаа зогсоож байсан бол энэ тоо өссөөр 2024 онд 4008 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон.
Энэ бүхэн манай төрийн хүнд суртал, татварын дарамтаас болж буй. Монголд хэн нэгэн бизнесээ эхлүүлэхийн тулд зөвшөөрөл авах гэж 100 гаруй баримт бичиг цуглуулж хэдэн даргын өрөө сахиж хэчнээн сараар суудаг. Ингээд тэвчээрээ бардгийн даваан дээр арай гэж нэг үйл ажиллагаа эхлүүлтэл нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/, аж ахуй нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/ гээд хөлөө олох гэж дэнчигнэж яваа аж ахуй нэгжүүдийг төрөөс дарамтлаад эхэлнэ.
Нөгөө бизнес эрхлэгчид нь олсон хэдэн төгрөгөөрөө бараа үйлчилгээгээ эргүүлж, ажилчдын цалин, урсгал зардал зэргээ төлөх гээд татвараа хуримтлуулсаар нэг мэдэхэд өчнөөн тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байдаг нь гашуун үнэн.
Улмаар төрөөс нэг л өдөр хэл үггүй дансыг нь битүүмжлээд өрөө төлж байж дансаа нээлгээрэй гээд төмөр нүүрээ харуулаад гэдийчихнэ. Угтаа баялаг бүтээж татварыг бүрдүүлдэг эдийн засгийн гол хөшүүрэг нь аж ахуй нэгж эрхлэгчид. Гэтэл төр тэдэнд ямагт чөдөр тушаа болсоор ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал 12 мянган аж ахуй нэгжийн дансыг нээж нэг сарын хугацаанд татвараа төлж барагдуулах боломж олгосон. Аж ахуйн нэгжүүдийн дансыг нээснээр сар орчмын хугацаанд 38 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ нь төлөгдөх ёстой нийт өрийн ердөө 10 хувь гэж хэлж болно. Товчхондоо өөрийгөө ломбардад тавихаас наахнуур байж энэхүү татвар, НДШ-ийн өрөө төлж байгаа юм.
Энэ тохиолдолд аж ахуй нэгжүүд нэг дор их хэмжээний мөнгө төлснөөр эргээд үйл ажиллагаанд нь доголдол үүсэж дахиад өрөө хуримтлуулахгүй гэсэн баталгаа байхгүй.
"Хугацаандаа татвар, НДШ-ийн өрөө төлж барагдуулж амжаагүй аж ахуй нэгжүүдийн хувьд дээрх зохицуулалт боломж олгож байж болох ч хуримтлагдсан татварын өртэй аж ахуй нэгжид төдийлөн ач холбогдолтой байна гэж харахгүй байна. Ялангуяа их хэмжээний татварын өртэй, тухайн өр нь хуримтлагдсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжийн хувьд тухайн татварын өрийг барагдуулахад мөнгөн урсгал доголдох, улмаар үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй" гэдгийг Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам хэлж байгаа юм.
Татварын өрийн асуудал бол сүүлийн нэг жил, нэг сарын хугацаанд бий болчихсон асуудал биш төрийн буруу бодлогоос үүдэж арваад жилийн өмнөөс үүсээд одоо гор нь гарч байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс Засгийн газрын тэргүүний санаачилсан дээрх зохицуулалтын хүрээнд нэгхэн сарын дотор засаж сайжруулах боломжгүй. Ерөнхий сайдын энэ шийдвэр бол нүглийн нүдийг гурилаар хуурсан л асуудал болж байна. Үндсэндээ аж ахуй нэгж эрхлэгчдэдээ амь тариа л залгасан төдий. Амь тариагаар хэчнээн удаан амьд байлгах вэ? Бодит байдал дээр энэ асуудлыг бодлогоор шийдэх учиртай.
Өмнөх Засгийн газар Татварын багц хуулийн шинэчлэлийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлсэн ч эрх баригчид сандал суудлын хэрүүл хийж, дарга томилсоор байгаад энэ асуудал төрхөмдөө буцсан. Шинэ Засгийн газар дахин Татварын хууль УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Үүнд хэд хэдэн шинэчлэл оруулж өгснөө албаныхан онцолсон. Тэгвэл энэхүү хуулийн шинэчлэл аж ахуй нэгжүүдийг амь тарианаас нь салгаж, бизнес эрхлэх таатай боломжийг олгож чадах уу гэдэг асуудал тавигдаж буй.
Сангийн сайдын мэдээлснээр, Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулах аж. Тухайлбал, иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон аж.
- Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадгаа больж, орлогын 20 хувийг дансанд нь үлдээж, 80 хувийг нь татна
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгасан байна.
Энэ мэт өөрчлөлтүүдээ ажил хэрэг болгож, маш олон аж ахуй нэгж оршин тогтнох орчныг бүдүүлж өгөөд байвал хүссэн хүсээгүй аж ахуй нэгжүүд чинь томроод, үйл ажиллагаа нь өргөжөөд улмаар татвараа нуух шаардлагагүй болно.
3,600.44






















































Нэргүй 2026-05-05 202.55.188.40
мэдээж брэндүүд дампуурах хэрэгтэй хэт үнэтэй зах зээлийн ойлголтгүй зүгээр мөнгө шуудайлна гэсэн сэтгэхүйтэй орж ирдэг даанч монголчууд үнэтэй бүтээгдэхүүнд хууртхаа байсан 90ээд оны үед дэлхий 10шилдэг компаний 8нь Японых байсан одоо Тоёота л үлдсэн бусад нь халамжын унтаа компаниуд болсон шүү
Нэргүй 2026-05-05 119.40.98.25
Компаниас төлж байгаа нийгмийн даатгалын 13%-ийг болиулчихад гар дээр олгогдох мөнгө нь тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Компани ямар тэтгэвэрт гарах биш нийгмийн даатгал төлнө гэж ямар ч утгагүй, ажилчдынхаа цалингийн сангаас л тэрийг чинь тавьж байгаа
зочин 2026-05-05 66.181.179.190
Монгол маань зах зээл багатай л даа
Нэргүй 2026-05-05 66.181.189.71
ганцхан хүнд суртал ч биш хувийн хэвшлийн хийх ажлыг төр өөрөө булааж авч өрсөлдөөд байна шүү дээ, ТӨХК-иупыг нээлттэй болгож татан буулгахыг нь буулгаж төр бизнес хийдгээ бүрэн зогсоох хэрэгтэй
зочин 2026-05-05 66.181.188.212
Төр захих хэмжээний өмчтэй байх хэрэгтэй, Бүхнийг хувьд гэж туйлшрах нь тийм ч зөв зхм биш, Ялангуяа ядуу буурай манайх шиг оронд бол бүр таарахгүй,Дэлхийн бүх орон аль хэдийнээс зах зээлийн зарчмаар явж байна, Бүх баялагаа хувьд шилжүүлээд гэтэл ихэнх нь үгээгүй ядуу, Улс орон нь хөл дээрээ босч чаддаггүй, Толгойгүй мэт самуунд идэгдсэн,Чадалтай хөгжилтэй нэгэнд идүүлсээр,Орос хятад л гэхэд хэрэв төрийн өмчгүй байсан бол аль хэдийнээ бусадын хоол болох байсан биз,
зочин 2026-05-05 66.181.188.212
Тэгээд барууны том хөрөнгөтнүүдийн хувь,бусдын хөрөнгийг дээрэмдэх, луйвар хэлгайн юунд ч торохгүй өргөн дардан зам нээгдэнэ
З 2026-05-05 202.9.47.37
Үлгэр ярьсаар олон жил боллоо. чадамжгүй хулгайч их хурал яг баталж харагдаач
зочин 2026-05-05 66.181.188.212
Зах зээл бол угаасаа өрсөлдөөн, Ухаантай, овсгоо самбаатай, ажиллах чадвартай нь хөгжиж дэвшинэ, Олиггүй арчаагүй нь дампууна, Манайх хамгийн бага татвартай орны нэг,Төрөөс бүхнийг дэмжих боломж бага, Хувь хүн ч гэсэн, аж ахуйн нэгж ч улсаас бэлэн зүйл нэхдэг хандлагаа болих хэрэгтэй, Сайн тооцож байж, аж ахуй эрхэл ,Ажиллуулж сур,