Ирантай хийж буй дайн зургаан долоо хоногоос хэтрэхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп таамаглаж байв. Гэвч энэ нь гурав дахь сардаа үргэлжилж байна. Улмаар 1970-аад оны нефтийн хямралтай дүйцэхүйц хэмжээнд дэлхийн эрчим хүчний хомсдол үүсгэж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөв. Америкчуудын амьдралд ч мөн дарамт нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч тус улсын 2026 оны эхний гурван сарын эдийн засгийн үзүүлэлт харьцангуй эерэг гарсан байна.
АНУ-ын завсрын сонгууль л ч ойртож байна. Улмаар дайн дуусах шинжгүй байгаа энэ үед АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө. Энэ талаар "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Эдийн засгийн өсөлт
АНУ-д завсрын сонгууль ойртож буй энэ үед Дональд Трамп өөрийн бодлогоо Пүрэв гаригт гарагт танилцуулагдах эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийг ашиглан харуулах бололтой. Албан ёсны мэдээллээр, 2026 оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг жилийн дүнгээр хоёр хувиар өссөн нь 2025 оны сүүл үеийн бууралтаас хойш мэдэгдэхүйц сэргэлт болжээ.
Энэ өсөлт нь АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалан барааны үнэ өссөн болон Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний дарамт нэмэгдсэн үед гарсан байна.
Эдийн засагчдын үзэж байгаагаар, хэрэглэгчдийн зарцуулалт 1.6 хувиар өссөн нь хүлээлтээс дээр байсан. Гэвч нийт өсөлтийн гол шалтгаан нь технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаанд (AI) чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой аж. "ING" банкны ахлах эдийн засагч Жэймс Найтли хэлэхдээ, “Хэрэглээ саарах үед технологи, хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалт АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байна” гэж онцолжээ.
Амьжиргааны зардал
Ирэх арваннэгдүгээр сард болох сонгууль тун өрсөлдөөнтэй байх төлөвтэй байгаа. Тиймээс Трампын Бүгд Найрамдах нам тус сонгуульд амжилт гаргах нь эдийн засгаас ихээхэн хамаарах юм. Хэдийгээр эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд эерэг байгаа ч сонгогчид амьжиргааны өртөгт илүү анхаарч санал өгөх магадлалтай байна.
Иранд хийсэн цохилт болон Ормузын хоолой хаагдсаны дараа газрын тосны үнэ огцом өссөн. Брент марк газрын тосны үнэ баррель нь 126 ам.долларт хүрч, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд очсон. Дараа нь 111 ам.доллар хүртэл буурсан. Гэсэн ч дайн эхлэхээс өмнөх буюу хоёрдугаар сард ойролцоогоор 73 ам.доллар байсан юм. Үүний улмаас АНУ-д шатахууны үнэ өсөж, дөрөвдүгээр сарын сүүлээр нэг галлон бензин 4.30 ам.долларт хүрсэн нь хоёрдугаар сард 3 ам.доллараас бага байсан үнэтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдэл болжээ.
Шатахууны үнийн өсөлт нь инфляцыг нэмэгдүүлж, гуравдугаар сард жилийн инфляц 3.3 хувьд хүрсэн нь сүүлийн хоёр жилд байгаагүй хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Өмнө нь хоёрдугаар сард 2.4 хувь байжээ.

Хүүгийн түвшин
Ираны дайны нөлөө болон гуравдугаар сарын инфляцын өсөлт нь АНУ-д ойрын хугацаанд хүү буурах найдлагыг үгүй хийжээ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 3.5 хувиас 3.75 хувийн түвшинд хэвээр үлдээсэн байна. Дайн эхлэхээс өмнө эдийн засагчид хүүг бууруулна гэж хүлээж байв. Мөн орон сууцны зээлийн хүү өссөн бөгөөд 30 жилийн хугацаатай ипотекийн дундаж хүү 5.98 хувиас 6.3 хувь болж нэмэгдсэн байна.
Эдийн засагч Самуэл Томбсийн хэлснээр газрын тосны өндөр үнэ, АНУ Ираны боомтуудын хоригийг урт хугацаанд үргэлжлүүлэх төлөвтэй байгаа нь хүү бууруулах хугацааг 2027 он хүртэл хойшлуулж магадгүй байна.
Хөрөнгийн зах зээл
Дайны нөхцөл байдал үргэлжилж байгаа ч АНУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд байдал харьцангуй сайн байна. Гол индексүүд болох "S&P 500″, "Dow Jones Industrial Average" болон "Nasdaq Composite" нь дайны эхэн үеийн уналтаа нөхөөд зогсохгүй өсөлтөө үргэлжлүүлжээ. Тодруулбал, "Nasdaq" индекс ойролцоогоор 10 хувиар өссөн бол "S&P 500" таван хувь, "Dow Jones" нэг хувиас дээш өссөн байна.
Эдгээр өсөлт нь хөрөнгө оруулагчдад ашигтайгаас гадна хувьцаанд суурилсан тэтгэврийн хуримтлалтай америкчуудад ч эерэг нөлөө үзүүлж байна.
Гэсэн хэдий ч улс төрийн хувьд Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд олонхоо алдахаас гадна Сенатад ч эрсдэлтэй нөхцөлд байгаа тул ирэх арваннэгдүгээр сарын сонгууль эдийн засгийн байдлаас ихээхэн хамаарна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд эерэг байгаа ч амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь гол асуудал хэвээр байна.

Дональд Трампын цаашдын бодлого, боломж нь Ираны мөргөлдөөн хэрхэн өрнөх, Ормузын хоолой дахин нээгдэх эсэх, мөн шатахуун болон хүнсний үнэ буурах эсэхээс ихээхэн шалтгаална.
3,576.26






















































Холбоотой мэдээ