Япон болон Австрали улс эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар болон стратегийн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Японы ерөнхий сайд Такаичи Санаэ Австралийн ерөнхий сайд Энтони Албанезтай өнөөдөр (2026.05.04) уулзсан. Энэ нь Такаичигийн тус улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.
Талууд Хятад, Зүүн өмнөд Ази, Номхон далайн арлын орнууд, цөмийн асуудал болон Хойд Солонгосын хүн хулгайлсан хэрэг зэрэг өргөн хүрээний сэдвээр стратегийн хэлэлцээ хийсэн байна. Мөн тэрбээр Ормузын хоолойн үйл ажиллагаа доголдож байгаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ноцтой нөлөө үзүүлж байгааг анхааруулжээ. Хоёр улс энэ нөхцөл байдалд яаралтай хариу үзүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь эрчим хүчний хамтын ажиллагаа байв. Австрали улс Японы шингэрүүлсэн байгалийн хийн бараг тал хувийг нь нийлүүлдэг. Харин Япон улс Австралийн бензин, дизель зэрэг боловсруулсан түлшний гол нийлүүлэгчдийн нэг юм. Албанезе сүүлийн саруудад Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж, Иранд болсон халдлагын улмаас үүссэн түлшний нийлүүлэлтийн саатлыг нөхөхөөр ажиллажээ. Удирдагч нар шинэ тохиролцоонууд нь дэлхийн хямралын нөлөөллөөс хамгаалахад тусална гэж мэдэгдсэн байна. Тэд чухал эрчим хүчний бүтээгдэхүүний чөлөөт худалдааг хадгалах, геополитикийн хурцадмал байдал болон зах зээлийн тасалдал гарсан үед хамтран ажиллах амлалт өгчээ.
Австрали улс Японтой хамтарч стратегийн чухал ашигт малтмалын төслүүдийг дэмжих зорилгоор 1.3 тэрбум австрали доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.
Батлан хамгаалахын салбарт хоёр улс аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр болсон. Үүнээс өмнө Япон улс Австралитай орчин үеийн байлдааны хөлөг онгоц нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ хүрээнд "Mitsubishi Heavy Industries" эхний гурван хөлгийг Японд барьж, үлдсэн хэсгийг Австралид үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр уур амьсгал таатай байсан бөгөөд Албанезе Такаичигийн хүнд металл хөгжмийн сонирхлыг хошигнон дурдсан байна. Тэрбээр “Бид төрийн чухал асуудлуудаас гадна хүнд металл хөгжмийн талаар ч үргэлжлүүлэн ярилцана” хэмээжээ.
3,576.03





















































Холбоотой мэдээ