Хүүхдээс хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг хуулиар нээнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсейн:
-Дэлхийн чиг хандлага амьгүй донор буюу аваар осолд ороод амьдрах чадваргүй болсон, аль эсвэл тархи үхэжсэн иргэнээс эд эрхтэн шилжүүлэн суулган авч байна.
Амьд донороос эд эрхтэн авахыг хойш тавьж байна. Эрхтнээ өгч байгаа иргэн эрүүл мэндээрээ хохирдог, дараа нь өндөр эмчилгээний төлбөр шаарддаг учраас.
Энэ асуудал дээр ямар бодлого барьж байна вэ. Хүүхдэд элэг бөөр шилжүүлэн суулгах, цусны өвчтэй хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах асуудалд онцгой анхаарах шаардлага байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-тэй хамтарч шийдэхгүй бол том хүний эд эрхтэн хүүхдэд анатоми физилогийн хувьд тохирохгүй асуудал байгаа. Үүнийг Урологийн алба, Цусны төвтэй хамтраад шийдэх талд ямар бодлого барьж байна вэ?
Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төв Б.Алтантулга:
-Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны 90 гаруй хувь нь амьгүй донороос, үлдсэн 10 гаруй хувь нь амьд донороос хийгддэг. Хэрвээ тухайн хүний амь нас ойрын нэг сарын хугацаанд эрсдэх гээд байгаа тохиолдолд гэр бүлийнх нь гишүүнээс буюу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Бусад бүх тохиолдол нь төлөвлөгөөт мэс засал буюу амьгүй тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг.
Монголд өнөөдрийг хүртэл эсрэгээрээ буюу 90 гаруй хувь нь амьд донороос, үлдсэн 10 гаруй хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг.
Шинэ хуулийн төсөлд холимог тогтолцоог оруулж өгснөөр олон улсын жишигтэйгээ нийцнэ гэж үзсэн. ЭХЭМҮТ дээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудлыг дэмжиж, зохицуулалт хийж ажиллаж байна. ЭХЭМҮТ дээр өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байна.
Бөөр шилжүүлэн суулгах багийг хамтран байгуулаад энэхүү мэс заслыг зохион байгуулаад явж байна.
Ясны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тогтолцоог Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгтэй хамтраад баг бэлдэх, чадавхижуулах, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, дэвшилтэт технологийг нь нэвтрүүлээд явж байна. Манай хуулийн төсөл дээр амьгүй донорт насны хязгаар заахгүй гэж орсон. Энэ нь хүүхдээс хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг нээж өгч байгаагаараа хуулийн төсөл онцлогтой.
УИХ: Ураг тээх боломжгүй тохиолдолд тээгч эх ашиглана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүн санаачлан мэдүүлсэн юм.
Төлсийг хэлэлцэх шатанд нэр бүхий гишүүд асуулт тавив.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Хуулийн төслийн 15.6-д холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрөх бөгөөд бусад тохиолдолд тээгч эх ашиглахыг хориглоно гэж заажээ. Энэ дээр яагаад хориглоод байна вэ. Олон улсын туршлага ямар байдаг юм?
Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн хөгжлийн төв Б.Алтантулга:
-Одоо мөрдөж байгаа Донорын тухай хуульд тээгч эх ашиглаж байгаа тохиолдолд тухайн эмэгтэй өөрөө жирэмсэн болох боломжгүй нь холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр нотологдсон тохиолдолд гэж заасан байдаг. Олон улсад хэд хэдэн туршлагууд байдаг.
Зарим улс оронд бүх нөхцөлд тээгч эх ашиглахыг зөвшөөрдөг. Зарим улсад эрүүл мэндийн шалтгаантай нь тогтоогдсон тохиолдолд тээгч эх ашиглахыг зөвшөөрдөг.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар үр шилжүүлэн суулгах таван эрүүл мэндийн байгууллага байдаг. Төлөөлөлтэй нь уулзаад тээгч эх ашиглах тохиолдол нь ямархуу нөхцөл байдалтай байгаа вэ гэдгийг тодруулж, ажлын хэсгээр ярилцсан. Тэр дагуу тухайн эмэгтэй ямар нэг эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхэд тээх боломжгүй болсон нь холбогдох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд тээгч эх ашиглаж болно гэдэг зохицуулалт оруулсан. Нэг ёсондоо тухайн эмэгтэй гоо сайхны ч юм уу, би хүүхэд тээхгүй гэдэг өөрийн хүслээрээ тээгч эх ашиглах боломжгүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Хуулийн төсөлд шууд ингэж заалт хүчээр тавих нь хүний эрхийн зөрчил дагуулах магадлал өндөр байна?

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Хуулийн төслийг хэлэлцүүлэх шатанд Хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан. Нийтдээ 22 санал ирсэн, 22 саналыг 100 хувь төсөлд тусгасан. Саяны зохицуулалттай холбоотой санал ирээгүй. Энэ зүйл заалтыг олон талаас нь ярьсан. Монгол Улс тээгч эхийг зөвшөөрсөн улс. Гоо сайхан юм уу, янз бүрийн шалтгаанаар тээгч эх ашиглах нь буруу юм. Ураг тээх боломжгүй, жирэмслэх боломжгүй үед тээгч эх ашиглах нь зөв гэдэг агуулгаар оруулж ирсэн.
Өнөөдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулийн хүрээнд энэ заалтыг оруулж ирсэн.
УИХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүн санаачлан мэдүүлсэн юм.
З.Мэндсайхан: 160 тэрбум хүртэл нэмэлт санхүүжилт шаардсан тул Засгийн газар дэмжээгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний санаачилсан Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийгшийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-аас хуулийн төслийг баталсан тохиолдолд төсвийн зардал нэмэгдэх аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүд байр суурь нэгдмэл биш өөр байгаа юм. Иймээс дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн эсэх талаар тайлбар хийхийг хуралдаан даргалагч мэдэгдэв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан:
-Засгийн газрын хуралдаанаар 2025 оны наймдугаар сарын 20-нд энэ хуулийн төслийг хэлэлцээд дэмжихгүй байхаар Хууль зүйн сайдад саналаа хүргүүлсэн юм билээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт нь 800 сая төгрөг болно, цаашдаа 95-160 тэрбум төгрөг төсвөөс шаардана. Нийгмийн ажилтны тоог 3188-аар нэмэгдүүлэхээр заасан нь төсөвт хүндрэл учруулна. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд зардлын нэмэлт суулгаагүй учраас дэмжих боломжгүй гэж үзсэн гэлээ.
Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Орон тоо нэмэгдүүлж байгаа асуудал байхгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Зулпхар “Тогтолцоо байгаа боловч нэгдмэл эрх зүйн орчин байхгүй байгаа. Шаардлагатай түвшинд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа учраас та бүхэн төслийг сайтар хэлэлцэж заавал дэмжих ёстой. Хууль батлагдсаны дараа мэргэжлийн удирдлага бий болно, төсөвт ямар нэгэн ачаалал өгөхгүй” гэлээ.
Улмаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж саналаа хэлсний дараа санал хураах байсан ч ирц хангалтгүйгээс үдээс хойш болгон хойшлуулав.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Халамжийн үйлчилгээнд жилд 480 орчим тэрбум төгрөг зарцуулж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний санаачилсан Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун хийв.
Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал, хууль зүйн салбарт нийтдээ 3000 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа аж. Тэдгээрийн 60 гаруй хувь нь өөр мэргэжлийн хүмүүс, 80 хувь нь төрийн албан хаагч юм байна. Ажиллаж буй салбараасаа шалтгаалан төрийн албан тушаалын ангилал өөр байдгаас цалин хөлс, нийгмийн баталгаа, үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн хувьд ахих, дэвших үйлчилгээний чанар, үр дүн, түүнийг үнэлэх үнэлэмж, үнэ цэн нь эрс ялгаатай байгаа гэдгийг танилцуулсан.
2025 оны нэгдүгээр сараас сум, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог Засгийн газраас тогтоон 770 албан хаагч ТҮМ 4 ангилал зэрэглэлээр ажиллаж, 1.3 сая төгрөгөөр цалинжиж байгаа аж.
Гэтэл нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлага байсаар байгаа. Энэ салбарт буюу хөдөлмөрийн хэлтэст ажиллах нийгмийн ажилтнуудын цалингийн зэрэглэл нь ТЗ 8, 9 гээд нөгөө цалингийн зэрэглэл нь бусад салбараас 60 хувь, тухайн салбарынхаа дунджаас 60 хувь бага байдаг гэв. Цалин бага, хийж байгаа ажил, гүйцэтгэлийн тайлан харилцан адилгүйгээс хамаараад энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын ажиллах дундаж хугацаа 3 жил байгаа гэх судалгааг дурдав. Хуулийн төсөлд Үндэсний хороо болон Нийгмийн ажлын мэргэжилтний холбоог байгуулаад, Засгийн газар, мэргэжлийн холбоо нь Үндэсний хороо гэдэг бүтцээр дамжуулан асуудлуудыг зөвшилцөх зохион байгуулалтыг зураглаж, тусгасан байна. Төслийн анхны хувилбарыг анх 2023 онд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд танилцуулж, сайжруулсаар ирснийг О.Саранчулуун гишүүн тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн тэрбээр нийгмийн ажлын үйлчилгээний талаарх тоо баримтыг танилцуулсан юм.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 13 хуулийн 162 заалт, 20 гаруй журмаар нийгмийн ажлын үйлчилгээг зохицуулдаг байна. Нийгмийн хамгаалал, халамжийн нийт үйлчилгээний 80 гаруй хувь нь мөнгөн хэлбэртэй тусламж, дэмжлэг байдаг аж. Эдгээр үйлчилгээг нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүргэдэг байна. Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, цэгцлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан.
Хуулийн төслийн 6-18 дугаар зүйлд нийгмийн ажлын талаарх ойлголт, нэр томьёог нэлээн сайн тодорхойлж өгсөн болохоо онцолсон. Ингэснээр бусад хууль дахь нийгмийн ажлын үйлчилгээний тодорхойлолт илүү тодорхой болох ач холбогдолтойг мөн дурдаж байв. Үүний зэрэгцээ нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг цэгцтэй болгох зохицуулалтуудыг тусгасан хэмээлээ.

Монгол Улс халамжийн үйлчилгээнд жилд 480 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогын хүрээнд хүний амьдралд тохиолдсон тодорхой хэмжээний өөрчлөлтөөс эргэж хэвийн амьдралын хэмнэлд шилжихийн тулд сэтгэл зүй болоод нийгмийн хувьд сэргээх дэмжлэг, туслалцааг мэргэжлийн хүнээс авах авах шаардлагатай байдаг. Харин өнөөдөр энэ бүх хэрэгцээ хангагдахгүй байгаа гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Төсөл дэх онцлох зохицуулалтын нэг нь салбар дундын уялдааг хангах мэдээллийн сан болохыг тайлбарлав. Үргэлжлүүлэн О.Саранчулуун гишүүн улсын төсөвт эзлэх ачааллын тооцооллыг танилцуулсан.
Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу шинэчилснээр улсын төсөвт эхний удаа 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгах шаардлагатай байгаа аж.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна” хэмээн заасан байдаг аж. Энэ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох дүгнэлтийг байнгын хороонд танилцуулсныг УИХ-ын гишүүн Х.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын хүн ам 2024 оны тооллогоор 3.544.800 хүрсэн бөгөөд хүн амын бүтэц нийгмийн хэрэглээний өөрчлөлт нь нийгмийн хамгааллын үйлчилгээний ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа аж. Хүн амын бүлгээр авч үзвэл нийт хүн амын 36.2 хувийг 0-17 насны хүүхэд, 11.5 хувийг ахмад настан, 3.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус эзэлж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд хотжилт, шилжин суурьшлын тоо эрс нэмэгдэж, нийслэл хотын хүн ам 1.8 сая, нийт өрхийн 69.3 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн, эдийн засаг, нийгмийн байдал идэвхжихийн хэрээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хамгаалал анхаарал онцгой шаардлагатай иргэдийн амьдралын чанарт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байгааг салбарын сайд Засгийн газрын дүгнэлтэд дурдсаныг танилцуулав.
Нийгмийн эдгээр өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулах, хамгаалал шаардлагатай хүүхэд, иргэдийн амьдралын сайн сайхан байдлыг дэмжих, хувь хүний чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, сэргээн засах болон дахин эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Хүүхэд, гэр бүлийн хамгааллын салбарын статистик мэдээллээс үзэхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, хамгаалал шаардлагатай хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа боловч үйлчилгээний хүрэлцээ хүртээмж сул байгаа аж.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага жил бүр 10.000 дээш бүртгэгддэг ч хохирогчид үзүүлэх урт хугацааны нийгмийн ажлын үйлчилгээ хангалтгүй байсаар байгаа юм байна.
Монгол Улсад нийгмийн ажлын чиглэлээр их, дээд сургуульд суралцан төгсөгчдийн тоо 6000 гаруй хэдий ч одоо ажиллаж байгаа 5000 орчим нийгмийн ажилтны ердөө 40 орчим хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтан байгаа гэдгийг тус дүгнэлтэд дурдсан байв. Олон улсын туршлагаас харахад нэг нийгмийн ажилтан ногдох хүн амын тоо 1000-1500 байхаар тогтоогдсон бол манай улсад 2-3 дахин өндөр буюу нэг нийгмийн ажилтанд 3000-5000 иргэн ногддог байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар нийгмийн ажлын үйлчилгээ сайн хөгжсөн улс орнуудад хүүхэд хамгааллын эрсдэл 20-40 хувиар буурдаг, Дэлхийн банкны тайланд дурдсанаар нийгмийн ажлын үйлчилгээ нь халамжийн зардлыг 10-20 хувиар бууруулах боломжтойг судлан тогтоосон. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсад анх удаа Нийгмийн ажлын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн нь нийгмийн хамгааллын салбарт шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж буй ажээ.
УИХ: Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг унагав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.30/ нэгдсэн хуралдаанд 89 гишүүн ирж, ирцээ бүртгүүлснээр эхлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Энхтүвшин нарын санаачлан өргөн мэдүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн агуулга, үзэл санааг харахад өрсөлдөөнийг хумьсан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хумьсан, Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллагад төрийн эрх мэдлийг хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэг ийм үзэл баримтлалтай төсөл болжээ гэдгийг гол оролцогч талууд хэлж, эсрэг байр суурьтай байгаа.
Энэ бүгдээс харахад төслийг хууль санаачлагчид буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор төслийг эргэн өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй юм болов уу гэдэг байр суурь давамгайлж байсныг мэдээлэл болгож хэллье” гэлээ.
Үүний дараа Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул буцаах тогтоол батлав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Г.ХОРОЛ
3,576.03






















































Нэргүй 2026-04-30 66.181.161.212
Хүүхдийг яагаад ч донор болгож болохгүй
Нэргүй 2026-04-30 202.126.91.207
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй шууд холбоотой болно
Нэргүй 2026-04-30 66.181.190.227
хэ хэ эд нар тархиа зад буруу угаалгаад маш буруу аюултай хууль баталж гай болно доо
Нэргүй 2026-04-30 202.179.18.129
орон тоо нэмэх шаардлагагүй
Нэргүй 2026-04-30 202.126.89.1
Орлого олох том төсөл юу ч хөдлөөгүй байхад энэ халамжууд нь тасрана.Том төслөө дэмжээд ганц үг хэлж чадахгүй новшнууд.Зарлага гаргах зам гүүрийн төслүүд нь ч санхүүжилт хэцүү болох байх даа.
Нэргүй 2026-04-30 66.181.186.189
Халамж яг эүэндээ хүрч байна уу гэдэг байна, түүнээс биш халамж авах иргэд байдаг,
Зочин 2026-04-30 59.153.114.249
Хүн амын 51 хувь гь ажил хийх чадваргүй хүмүүс байна
Зочин 2026-04-30 59.153.114.249
Ажилгүй залхуурч гэж дээ Дээрх тоог нэмээд үз Хүн амын 51 хувьд нь хүүхэд хөгшид хөгжлийн баэрхшээлтэй хүмүүс байна ш дээ яманай онцлог Дээр нь хэдэн хувь нь гадагшаа гарчихсан билээ Манай онцлог шүү
Халамж 2026-04-30 202.9.46.159
Сонгуулийн оноо авдаг арга бол энэ их хавтгайрсан халамж. Энийгээ одоо бүсийг нь чангалж журамлахгүй бол улсын төсөв ч дийлэхгүй нь. Бас үүнд дулдуйдан ажилгүй залхуурч бэлэнчлэх сэтгэлгээ ч хавтгайрч дууслаа.