
Швейцарийн Цюрих хотноо энэ сарын 5-нд эхэлсэн шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнөөдөр хаалтаа хийх гэж байна. Долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв, нийт найман шатарчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул саяхан сүүлийн буюу ес дэх өргийн тоглолтоо хийж, хожсоноор долоон оноотой болж, 2010 оны оюутны дэлхийн аварга боллоо.
Найман өргийн дараах байдлаар манай шатарчид багийн дүнгээр Гүржийн багтай адил 17 оноотой, хоёрдугаарт бичигдээд байсан юм. Харин ес дэх өргийн тоглолтууд өндөрлөсний дараа багийн дүнг дахин тооцох учиртай. Дашрамд сануулахад, манай шатарчид өмнө нь оюутны дэлхийн аваргаас багаараа хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан юм.
С.Цэлмэг