УБТЗ-ын ерөнхий хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын ерөнхий хороо хуралдана

Өнөөдөр “Чингис” зочид буудалд болж буй шинээр барих төмөр замын талаар хийж буй хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаас дараах асуултад хариулт авлаа.

-Шинээр тавих төмөр замын бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалтад аль хэлбэрийг сонгох нь зөв гэж та бодож байна вэ. ВТ, ВОТ гэсэн хоёр хэлбэрийг голчлон ярьж байна л даа?

-Концессийн хуулийн дагуу баригдах төмөр замуудыг барихдаа улс орны өнөөгийн потенциал, дараа дараагийн ашиглалтаа бодолцож  ВОТ, ВТ-ийн аль боломжит хэлбэрийг Засгийн газар сонгох байх гэж бодож байна. Гэхдээ одоогийн эдийн засгаа хүчлэхгүй, хүндрэл учруулахгүй байхаар хийж гүйцэтгэх байх аа.

-Шинэ төмөр замын оператор компанийн тухайд заавал Улаанбаатар төмөр замыг сонгох албагүй гэсэн байр суурьтай хүмүүс бас байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Оператор компанийн хувьд Улаанбаатар төмөр зам л байх ёстой  гэж бид зүтгэхгүй. Ер нь бол цаашдаа манай Улаанбаатар төмөр замын хувьд ч суурь бүтцийг эзэмшигч, тээвэрлэгч гэж хуваагдах ёстой юм.  Гэхдээ манайхыг төмөр замын ууган байгууллага гэдэг утгаар нь сонгох аваас бид хийж л таарна.

-Хөрш хоёр орон болоод бусад улс орноос алинаар нь төмөр замаа бариулбал бидэнд ашигтай вэ?

-Миний хувьд олон улсын консорциумыг сонгох нь зүйтэй гэж боддог. Ингэвээс аль нэг талыг барихгүйн  дээр  улс улсын давуу талыг нийлүүлэн чанар сайтай төмөр зам барих магадлалтай. Төмөр зам бол хөгжлийн гол судас шүү дээ.

-Тантай уулзсан боломжийг ашиглаад асуухгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо хэзээ хуралдах вэ. Та хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Даргын асуудлыг хэзээ шийдэх бол?

-Дүрэм ёсоор бол Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо улирал тутамд нэгээс доошгүй хуралдах ёстой. Ерөнхий хорооны сүүлийн  хурал долдугаар сарын 20-ны өдөр болсон. Тэгэхээр дараагийн хурал есдүгээр сарын сүүлээр болох товтой. Гэвч аравдугаар сарын эхэн хүртэл хуралдахгүй байх төлөвтэй байна. Уг хурлаар Улаанбаатар төмөр замын 2011 оны төлөвлөгөө, урт богино хугацааны хөгжлийн программыг хэлэлцэнэ. Түүнчлэн энэ оны ажил маань оны эхэнд төлөвлөж байснаас ихээхэн өөрчлөгдөх магадлалтай байгаа. Манай байгууллага алдагдалгүй ажиллах бүрэн боломжтой болоод байгаа. Улаанбаатар төмөр замын даргын тухайд бол гурван жил тутамд орос монгол хүмүүс солигдож байх учиртай. Ерөнхий хорооны даргын хувьд үүний эсрэгээр сонгогддогийг манайхан сайн мэднэ. Саяхан В.Отгондэмбэрэл  даргын гурван жилийн хугацаа дууссан. Гэхдээ Монголын  төмөр замыг монгол хүн удирдах ёстой гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа. Тиймээс Ерөнхий хорооны хуралдаанаас монгол хүнийг сонгохоор шийдсэн.  Харин намайг үргэлжлүүлж ажиллуулах эсэхийг ирэх сард болох Ерөнхий хорооны хурлаар шийдэх юм.

-Орос Монгол хоёр улсын байгуулсан 1949 оны төмөр замын гэрээг шинэчлэх гэнэ гэсэн яриа байгаа.  Оросууд төмөр замын талаар харьцангуй уян хатан бодлого барьж байна гэж ойлгоэ болох уу?

-Тэр талаар би хэлэх боломжгүй.  Төмөр замын талаар баримтлах 1949 оны гэрээг бол хоёр улсын Засгийн газар хооронд л шийдэх асуудал юм.


Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж