“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор мотоциклийн тойрог замын уралдааны ноён оргил болсон "MotoGP" ангилалд уралддаг Г.Булганхангайг онцолж байна. Монголдоо "MotoGP"-ийн анхдагч гэх тодотголтой түүний хувьд мотоциклийн уралдааны энэ ангиллыг эх орондоо хөгжүүлэх, олон улсад цойлох зорилготой нэгэн. Ингээд түүнтэй танилцъя.
ГАНБААТАРЫН БУЛГАНХАНГАЙ
2000.12.08
Төгссөн сургууль
Батлан хамгаалахын их сургууль
Мэргэжил
Цэргийн химийн инженер
Сошиал хуудас
Г.Хангай /Facebook/ , ken0tucky /Instagram/
ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ
-Багадаа хөдөө өвөө эмээ дээрээ өссөн. Зургаан нас хүртлээ хөдөө морь унаж, мал маллаж, хөдөөний амьдралаар амьдарсан. Арван настай байхдаа хөдөө байдаг хятад мотоцикл унаж үзсэн юм. Тэр үеэс л хобби болж, дурласан даа. Би ер нь экстрем зүйлд их дурлаж өссөн. 300 км/цаг хурдлахад тэндээс авах мэдрэмж нь гоё.
Бага ангиа Архангай аймгийн Өлзийт суманд сурч, улмаар Улаанбаатар хотод орж ирээд, 11 дүгээр сургуулийг төгссөн.
АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ
-Багадаа зурагтаар яг энэ "MotoGP" ангиллын уралдаан үзэж байлаа. Яг миний үзэж байх үед Марк Маркез гээд дэлхийн шилдэг тамирчныг хараад л "Ийм тамирчин болох юм сан" гэдэг мөрөөдөлтэй болсон. Тэгээд өөрөө анх "Youtube"-ээс бичлэг үзэж, бэлтгэл, сургуулилалтыг харсан.
АНХНЫ АМЖИЛТ
-2024 онд "Power Expo" дээр мини "GP" тэмцээн зохион байгуулсан юм. Тэнд түрүүлж, анхныхаа амжилтыг гаргасан.
ЧУХАЛ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?
-Чухал тэмцээн, уралдааныхаа өмнө ирээдүйгээ төсөөлдөг. Уралдаан бол миний бэлтгэл, бэлтгэл бол миний уралдаан гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Ерөнхийдөө тэмцээний сэтгэл зүйг бэлтгэл дээрээ аль хэдийнэ төрүүлдэг. Бэлтгэл дээрээ хэдий чинээ сэтгэл зүйтэй байна, тэмцээн дээр төдий чинээ уралдана л гэж боддог.
"MotoGP" бол дэлхийн хамгийн хүнд спортын нэг. Тамирчид уралдааны үеэр эндэх тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс анхнаасаа сэтгэл зүйтэй сайтай байх хэрэгтэй. Марк Маркез л гэхэд хугараагүй яс үгүй. Тиймээс тэр хүний замналаар дэлхийн хэмжээний тамирчин болохын тулд хугарал, бэртэл, гэмтлийг туулах л ёстой. Яг ийм сэтгэл зүйг өөртөө суулгасан.
Одоо "MotoGP"-ийн тамирчин болоод гурав дахь жилээ үзэж байна. Нийт 8-9 яс хугарсан. Иймэрхүү гэмтэл авна гэдгээ анхнаасаа мэдэж байсан учир сэтгэлээр унаагүй. Харин ч өөрийгөө тамирчин болж байна даа гэж бодсон.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Марк Маркез л байна даа. Тэр хүнийг л үзэж, харж өссөн болохоор үлгэр жишээ болсон тамирчин минь. Гэхдээ өөр мундаг тамирчид зөндөө бий. Зүгээр л Маркез хэцүү замналын туулж, өдийг хүрсэн учир түүнийг нь биширдэг.
АНХНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН
-Анх 2024 онд Монгол Улсаа төлөөлөн Хятадыг зорьж байсан юм. Гэхдээ түүх нь их сонин. Би өөрөө навчин тамхины бизнес эрхэлдэг юм. Нэг өдөр манай дэлгүүрээр нэг хятад хүн үйлчлүүллээ. Бид хоёр танилцаад ярилцаж байхад тэр хүнийг Хятад улсаа төлөөөлөн олон улсын тэмцээнд оролцдог "MotoGP"-ийн тамирчин гэдгийг нь олж мэдсэн. Тэгээд дагаад Хятад явж, тэнд уралдсан түүхтэй.
Хятдад очоод л бүх зүйл төсөөлснөөс тэс өөр байсан. Бэлтгэл дээрээ л 16 настай хүүхдэд тойрогдуулж, тамирчин болох болоогүй гэдгээ ойлгосон. Гэхдээ багийн минь мөрөөдөл байсан учир түүндээ хөтлөгдөөд шантраагүй.
Анхны олон улсын тэмцээндээ амжилт гаргаагүй ч өөрийгөө сайжирч, дэвжиж байгааг анзаарсан.
СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?
-Би мото спортоос өөр спорт нэг их сонирхдоггүй байсан. Түгээмэл, нийтийн спортууд уйтгартай санагддаг. Тиймээс өөр спортоор, чиглэлээр явъя гэж бодоогүй. Экстрем зүйлд л дуртай. Өмнө нь тулааны спортоор хичээллэдэг тулааны тамирчин байсан. Тэгээд "MotoGP" рүү орсон юм. Магадгүй мото гээгүй бол тулаанаараа л явах байсан биз.
МОТОGP ГЭДГИЙГ ТОВЧХОН ТАНИЛЦУУЛБАЛ?
-Энэ спорт нь Испаниас гаралтай. Мэргэжлийн ангиллын тамирчид 5.4 км тойрог замд уралддаг. Уралдааны хурд нь 300-380 км/цаг. Тойрог зам дээр уралдааны үеэр өвдөг, тохой тавьж уралддаг. Төрөл нь гэвэл "Moto3", "Moto2", "MotoGP" гэж бий. Хөдөлгүүрийн багтаамжаасаа шалтгаалдаг.
МОНГОЛЧУУДАД ХЭР ТОХИРСОН СПОРТ ВЭ?
-Монгол хүний сэтгэхүйд таарсан гэх юм уу. Монголчууд дайчин сэтгэхүйтэй байдаг. Түүнтэй өндөр зохицолтой. Би нэг дүүгээ дагуулаад Хятад явж байсан юм. Асар хурдан сайжирсан. Хятадууд хүртэл гайхсан. "Яаж ийм богино хугацаанд тийм өндөр түвшинд хүрэв" л гэдэг.
Цаг уурын тухайд Монголд хүндрэлтэй. Зуны гурван сар, намар аравдугаар сар хүртэл л бэлтгэл хийж, уралдах боломж бий. Бусад үед нь ямар ч боломжгүй. "MotoGP"-ийн мотоциклын дугуй маш өндөр халдаг. Зам, асфальт дээр халж, налуу явах боломж нь бүрддэг. Ер нь хүйтэн нөхцөлд уралдах боломж байхгүй дээ.
Одоогоор 22-ын товчоон дээр бэлтгэлээ хийдэг. Гэхдээ зориулалтын зам биш шүү дээ. Зүгээр л асфальт учир бэлддэг.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Тэмцээн дөхвөл тэмцээнээ л боддог. Бэлтгэлээ сайн хийж байж, сайн уралдах учир түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Байнгын л бэлтгэлтэй байдаг даа.
Би их шартай. Хүнд хожигдох, тэмцээнд ялагдах дургүй. Тиймээс бэлтгэлээ өдөр, шөнөгүй л хийдэг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?
-Би өвөө, эмээтэй, эгчтэйгээ өссөн. Өвөөгөөрөө овоглодог. Өвөөг минь н.Ганбаатар, ээжийг минь н.Эрдэнэцэцэг гэдэг. Харин эгчийг минь н.Ганжигүүр гэдэг. Өвөөгийнхөө анхны ач нь учир намайг өөр дээрээ авсан юм.
Намайг "MotoGP"-ийн тамирчин боллоо гэхэд гэр бүл минь эхэндээ их эсэргүүцсэн. Анхны тэмцээндээ оролцохдоо гэр бүлдээ хэлээгүй орсон учир юм хэлээгүй. Харин хоёр дахь тэмцээн дээр эгч маань ирж үзэх үед бороотой зам дээр миний дугуй хагарч, хүзүүнийхээ савхан ясыг хугалаад эмнэлэг рүү ухаангүй хүргэгдэж байлаа. Тэрнээс болж их эсэргүүцсэн. Дараагийн тэмцээнүүдээс нь би амжилт гаргаж, гэр бүлийнхэн минь дэмждэг болсон.
МОТО СПОРТЫГ ТЭР ДУНДАА "MOTOGP"-ИЙГ СОНИРХОЖ БУЙ ХҮҮХЭД ЗАЛУУСТАА ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
-Монголын анхны "MotoGP" тэмцээнд 8-9 тамирчин л өрсөлдөж байсан байх. Одоо хүүхэд, залуус энэ спортыг, энэ ангиллыг сонирхдог болжээ. Миний хувьд тэдэнд мэддэг, чаддаг бүхнээ л зааж, туслахыг хүсдэг. Өрсөлдөгчид, ижил түвшний тамирчид олон байж л сайжирна шүү дээ. Бэлтгэлээ хамт хийж, тэмцээн дээр хоорондоо өрсөлдөнө гэхээр гоё.
Монголд хамгийн нэн тэргүүнд хэрэгтэй байгаа зүйл гэвэл зам. Зам нь байвал энэ спорт асар хурдацтай хөгжинө. Дэлхийн холбоонд элсэж, Монгол Улс гишүүнчлэлтэй болвол сайн. Мэдээж ивээн тэтгэгч, хамтран ажиллах байгууллагууд чухал.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?
-Дэлхийн хэмжээний тамирчин л болох. Сүүлийн гурван жил "MotoGP"-ийн төлөө амьдралаа зориулж байна. Өмнө нь энэ төрлөөр Монголд тамирчин байгаагүй. Анхдагч нь гэдэг утгаараа дэлхийн тавцанд гарахыг зорьж байна.
Мөрөөдөл минь гэвэл амар тайван амьдрал. Эхнэр, хүүхэдтэйгээ жаргалтай, хоббигоороо амьдармаар байна.
ҮЕИЙН ЗАЛУУСТАА, ДҮҮ НАРТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Дүү нартаа хэлэхэд хамгаалалтын хувцас, хэрэглэлээ бүрэн өмсөөд замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Хотын хөдөлгөөн аюултай. Хэрэв бэлтгэл хийхийг хүсвэл надтай холбогдоорой. Хамт хийж болно шүү.
Үеийн залуустаа хэлэхэд мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудтай байгаарай. Мөн гоё тууштай байгаарай. Хэт мөнгө, ашгийн төлөө бус хобби, өөрийнхөө төлөө яваарай л гэж хүсэж байна.
3,600.44

























































Нэргүй 2026-04-24 202.9.41.10
Амжилт хүсье. Үр дүнгийн нь үзтэл яваарай. олон залуучуудыг араасаа дагуулаарай