"Эрүүл мэнддээ зохистойгоор, аажмаар жингээ хасах нь чухал"

"Эрүүл мэнддээ зохистойгоор, аажмаар жингээ хасах нь чухал"

"Эрүүл мэнддээ зохистойгоор, аажмаар жингээ хасах нь чухал"

Урин цаг ирж, хүмүүс өвлийн хөшүүн байдлаас ангижран эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч эхэлдэг энэ үед "Anytime Fitness 24/7" клубийн багш Б.Энхсаруултай фитнессийн ач холбогдлын талаар ярилцлаа.


-Хавар болохоор фитнесс клубийн ачаалал эрс нэмэгддэг шүү дээ. Хүмүүс ихэвчлэн ямар зорилготой ирж байна вэ?

-Тийм ээ, хавар бол фитнессийн салбарын оргил үеийн нэг. Хүмүүс зун болохоос өмнө жингээ хасах, биеийн галбираа засах, өвлийн турш хуримтлагдсан ядаргаагаа тайлж, эрч хүч авах гэсэн ерөнхий зорилготой ирдэг.

Гэхдээ хамгийн гол нь зүгээр нэг турах биш, эрүүл аргаар эрч хүчтэй болох хандлага давамгайлах болсон нь сайшаалтай.

Ерөнхийдөө фитнессийг бүх спортын товчлол буюу цөм нь гэж хэлж болно. Ямар ч хүн, ямар ч түвшинд хичээллэх боломжтой байдгаараа онцлог спорт. Фитнессээр хичээллэсний ач тус их. Нэгдүгээрт, хүн эрүүл мэндээ урт хугацаанд тогтвортой байлгаж, залуу насаа хадгалах боломжийг олгодог. Цаашлаад дааврын үйл ажиллагааг дэмжихээс эхлээд хоолны тэнцвэртэй байдлыг хадгалах гээд олон талын ашиг тустай. Бусад спортоос ялгарах гол онцлог нь гэвэл, фитнессийг нийтийн биеийн тамир болгон ашиглах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ бол хүн бүхэнд нээлттэй, эрүүл амьдралын хамгийн дөхөм бөгөөд үр дүнтэй сонголт юм.

-Хүмүүс фитнест яваад л хурдан турах хүсэлтэй боловч биеийн онцлог гэж бий. Ер нь эрүүлээр жингээ хасна гэвэл сарын хугацаанд хэдэн килограмм жин хасах боломжтой вэ?

-Хүн бүрийн өөх шатаах чадвар харилцан адилгүй. Тооны хувьд аваад үзвэл, нэг килограмм өөх нь ойролцоогоор 7700 ккал-тай тэнцдэг. Хүний өдөрт шатааж буй калорийн хэмжээнээс хамаараад хоногт дунджаар 200-300 грамм цэвэр өөх шатаах боломж бий. Үүнийг сарын хугацаанд тооцож үзвэл онолын хувьд 10 орчим килограмм жин хасах боломжтой байдаг.
Нэг талаараа богино хугацаанд ийм их жин хасах нь дотор эрхтний үйл ажиллагаа болон бодисын солилцоонд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тийм учраас фитнессийн салбарт нэг сарын дотор хэт их хэмжээгээр өөх шатаахыг зөвлөдөггүй бөгөөд эрүүл мэнддээ зохистойгоор, аажмаар жингээ хасахыг чухалчилдаг.
Монголчуудын баярын хоол маш өндөр илчлэг, нүүрс ус ихтэй хоол хэрэглэдэг. Түүнээсээ хамаарч аливаа зүйлийг тулгаж дасгал хөдөлгөөн хийх талтай байдаг. Тухайлбал, 12 сар бол фитнесийн салбарын хамгийн өндөр ачаалалтай үе байдаг. Учир нь шинэ жил дөхөөд ирэхээр эр, эмгүй "Шинэ оноос өмнө туръя", эсвэл "Шинэ жилийн гоёлын даашинздаа багтъя" гэсэн богино хугацааны зорилго тавьдаг. Хүмүүс энэ зорилгодоо ч хүрдэг. Эсвэл зун болохоос өмнө туръя гэж өөрийгөө хүчилснээс болоод хүний бие нөөцлөх горимд орчихдог. Ингээд баяруудын үеэр ирдэг тэр их илчлэгийн ачааллыг бие махбодь нь дааж чадахгүй, шууд өөх болгон хуримтлуулж эхэлдэг. Энэ нь эргээд нийтээрээ өндөр таргалалтын циклд орох гол шалтгаан болдог юм. Товчхондоо, богино хугацааны хүчлэл нь урт хугацааны таргалалтыг л бий болгож байна.
-Фитнессээр хичээллэж буй хүнд хооллолт маш чухал. Тэгвэл анх фитнессээр хичээллэж байгаа хүмүүс шууд хатуу хоолны дэглэм барих нь хэр зохимжтой вэ?

-Шууд хатуу дэглэм барих нь анхлан суралцагчдад төдийлөн тохиромжтой биш байдаг. Учир нь бие махбодь ачаалалд дасах, бодисын солилцоо жигдрэх хугацаа шаардлагатай. Хүн бүрийн барих ёстой хоолны дэглэм харилцан адилгүй байдаг.

Учир нь хүн бүрийн нас, хүйс, өндөр, жин зэрэг биологийн үзүүлэлтүүд өөр өөр байдагт хамаг учир байгаа юм. Эдгээр харьцаанд нь тулгуурлаж тухайн хүн өдөрт хэдэн грамм уураг, өөх тос, нүүрс ус авах ёстойг нарийн тооцож, хоолны дэглэмийг боловсруулдаг.

Ерөнхий хооллолтын тухайд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хүмүүс өөх тосыг шууд хасах гэж оролддог, гэвч энэ нь буруу юм. Харин ч биеийн жиндээ тохирсон зохих тунгийн тосыг заавал авч байх ёстой. Үүний зэрэгцээ уургаа жиндээ тааруулж хэрэглэн, нүүрс усны хэмжээг хэтрүүлэхгүй тогтвортой барихад л таргалалт үүсэхгүй. Ингэснээр эрүүл мэндэд тустай, цэвэрхэн, тогтвортой хооллолтын хэвшлийг өөртөө бий болгох бүрэн боломжтой. Фитнесс гэдэг нь зөвхөн төмөр өргөх биш юм. Үүнд спиннинг, өндөр эрчимтэй кардио (High Integration) гээд маш олон төрөл багтана. Бид үйлчлүүлэгчийнхээ зүрх судас, дотор эрхтний үйл ажиллагаанд тулгуурлаж бэлтгэлийн системийг нь зохиодог. Жишээ нь, зүрх судас нь ачаалал даахгүй хүнд өндөр хурдны кардио өгөхгүйгээр удаан хугацааны тогтвортой бэлтгэл хийлгэх гэх мэтээр хувь хүнд нь тохирсон төлөвлөгөөг гаргах ёстой. 

-Улаанбаатар хотод илүүдэл жинтэй хүмүүсийн тоо өндөр байгаа ч фитнессээр тогтмол хичээллэдэг хүмүүс цөөн байгааг юутай холбож тайлбарлах вэ?

-Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая хүний 700 мянга орчим нь жингийн асуудалтай байдаг ч тэдний ердөө 5-10-хан хувь нь л фитнессээр хичээллэж байна. Дийлэнх хүмүүс фитнест яваад үзчихсэн байдаг ч тууштай байж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь залуучууд анх орж ирэхдээ зорилгоо зөв тодорхойлж чаддаггүйд байгаа юм. Орж ирээд биеийнхээ аль хэсэгт түлхүү ажиллах, ямар системээр, ямар дасгалыг хэдий хугацааны амралттайгаар хийх, үүнийгээ зөв хооллолттой яаж уялдуулах вэ гэдгээ ойлгодоггүй.

Олонх нь "YouTube" дээрээс бичлэг үзээд дуурайж хийдэг ч, өөрийн биеийн онцлогт тохироогүй учраас ямар ч үр дүн гардаггүй. Үүнээсээ болоод шантрах, уйдах асуудал үүсдэг.

Шийдэл нь ерөөсөө л мэргэжлийн багштай зорилгоо хуваалцаж, үр дүнгээ зөв тодорхойлоход оршдог. Багшийн зааварчилгаагаар өөрийн сул тал дээрээ чиглэж, тусгайлсан систем гаргах хэрэгтэй. Жишээ нь, "Би зөвхөн мөрөө томруулмаар байна" эсвэл "Зөвхөн хөлний булчингаа хөгжүүлэх шаардлагатай байна" гэх мэтээр өөртөө тохирсон төлөвлөгөөтэй хичээллэвэл хүн фитнессээс нэгдүгээрт уйдахгүй, хоёрдугаарт бодит үр дүнг маш хурдан мэдрэх болно. Товчхондоо, системтэй бэлтгэл бол амжилтын гол түлхүүр юм.

-Шинээр хичээллэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэхийг хүсдэг шүү дээ. Гэхдээ ийм хурдан үр дүнд хүрэх боломжтой юу?

-Тийм ээ, шинэ үйлчлүүлэгчид ихэвчлэн зураг барьж орж ирээд яг ийм болмоор байна, 1-2 сарын дотор тантай адилхан булчинлаг болох уу гэж асуудаг. Гэтэл бодит байдал дээр миний болон бусад дасгалжуулагчд хамгийн багадаа 3-4 жилийн тогтвортой хөдөлмөр, сахилга бат, амьдралын зөв хэв маягийн үр дүн байдаг. Энэ хугацаанд бид маш их алдаж онож, туршлага хуримтлуулсан байдаг. Хэрэв энэхүү урт замыг товчилж, хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол туршлагатай дасгалжуулагч авах нь ухаалаг алхам юм. Багшийн гурван жил зарцуулж олж авсан тэр туршлагыг өөр дээрээ нэг жилийн дотор товчлон хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Миний хувьд хүн бүр хувийн дасгалжуулагч авах санхүүгийн боломжгүй байдгийг ойлгодог. Тийм ч учраас энэ сард манай зааланд ирж байгаа хүн бүрд үнэ төлбөргүйгээр хувийн дасгалжуулалт өгч байгаа. Би ирсэн хүн бүрийн зорилгыг нь тодорхойлж, түүнд нь тохирсон хоолны дэглэм, бэлтгэлийн системийг нь гаргаад шууд бэлтгэлд нь оруулдаг. Хамгийн гол нь тухайн хүнийг фитнессээс хашрааж, зовоохгүйн тулд долоо хоногт 3-аас 4 өдрийн бэлтгэлийн төлөвлөгөө бичиж өгдөг. Энэ хугацаанд би өөрөө заал дээрээ байж, тэднийг чиглүүлэн, техникийн зөв гүйцэтгэл дээр нь анхаардаг. Энэхүү хөтөлбөр маань хүмүүст урт хугацааны үр дүнгээ зөв барьж, цаг хугацаагаа хэмнэн, зорилгодоо дөхөхөд нь маш том дэмжлэг болж байгаа юм.

-Хүмүүс багштай хичээллэхийг үнэтэй, илүү зардал гэж харах нь бий. Багштай хичээллэх, зааланд хичээллэх яалгаатай байх?

-Үнэндээ багштай хичээллэх нь мөнгө үрэх биш, харин ч санхүү болон цаг хугацаагаа асар ихээр хэмнэж буй хэрэг юм. Би нэг л зүйлийг маш итгэлтэй хэлж чадна. Ганцаараа нэг жилийн турш олон зүйл туршиж, төөрч байж хүрэх үр дүнг багштайгаа ердөө хоёрхон сарын дотор товчлох боломжтой. Дасгалжуулагч хүн өөрийн бие дээр болон олон жилийн турш хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо тэр чигт нь үйлчлүүлэгчдээ бэлэн жор болгоод өгчихдөгт хамаг учир байгаа юм. Багшгүй яваа хүн өөрийн бие дээр олон туршилт хийж, магадгүй буруу техникээр хичээллэж цаг алдах бол багштай хүн ямар ч туршлага шаардахгүйгээр шууд ногоон гэрлээр маш хурдан үр дүн рүү давхиад орчихдог. Тиймээс багшийн төлбөрийг зардал гэж харахаас илүүтэйгээр, өөртөө оруулж буй хамгийн ухаалаг, хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Хүмүүс фитнест орж ирэнгүүтээ маш том зорилго тавиад, өөрийгөө зодож байгаа мэт өдөр болгон өндөр ачаалалтай бэлтгэл хийж эхэлдэг. Хоол унднаас авч буй шим тэжээл нь тэр их ачаалалд нь хүрэлцэхгүй болохоор бие махбодь ядралтад ордог. Яг энэ мөчид хүний бие өөрийгөө кодлож эхэлдэг. Өдөр бүр асар их илчлэг шатаагаад ирэхээр тархи өдөрт ийм их ачаалал авч байгаа юм байна, тиймээс ирэх ачаалалд бэлдэж, авсан хоол болгоноосоо өөх нөөцлөх ёстой гээд өөрийгөө програмчилчихдаг. Хүн сарын хугацаанд хичээллээд орхихоор ачаалал авч байсан  бие нь нөөцлөх горимдоо буюу өөхлөх циклд хэдийн орчихсон байдаг. Ингээд бэлтгэл хийхээ больсон ч бие нь өөхөө хуримтлуулсаар байдаг тул өмнөхөөсөө илүү хурдан таргалдаг. Хамгийн гол нь хугацаа болон ачааллаа зөв тодорхойлох хэрэгтэй.

Фитнест заавал өдөр болгон ирэх шаардлагагүй, долоо хоногт 3-4 өдөр хичээллээд, амралтын хугацаагаа зөв тооцоход л хангалттай.

Шатааж байгаа болон авч байгаа илчлэгийнхээ балансыг тооцоод, шатааж буйг нь бага зэрэг илүү байлгах маягаар урт хугацаанд, тогтвортой явах нь чухал.

-Жин хасах гэж буй хүмүүсээс гадна жингийн дутагдалтай, масс авах зорилготой хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жингийн дутагдалтай хүмүүс фитнест орж ирээд хамгийн түрүүнд яг ямар биеийн галбиртай болох вэ гэдэг зорилгоо маш тодорхой гаргах хэрэгтэй. Тэрхүү хүсэж буй галбир руугаа чиглэсэн бэлтгэлийг системтэй хийх нь чухал юм. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Булчингийн масс нэмэх нь өөх шатаах үйл явц шиг хурдан байдаггүй. Өөх бол богино хугацаанд их хэмжээгээр хасагдаж болдог бол булчин маш удаан, алгуурхан ахидаг. Тийм учраас жин нэмэх зорилготой хүмүүс жин хасах гэж байгаа хүмүүсээс илүү тэвчээртэй байж, хугацаагаа зөв, урт хугацаагаар тодорхойлох ёстой. Масс авна гэдэг бол тууштай хөдөлмөр, урт хугацааны хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг ойлгож хичээллэх нь зөв юм.

-Залуус чөлөөт цагаа фитнес клубт өнгөрөөх хандлага нэмэгдэж байна. Үүний эерэг өөрчлөлтийг та юу гэж харж байна вэ?

-Хүмүүс фитнесээс шантардаг гол шалтгаан нь ердөө л ганцаардал байдаг. Тэр олон төмөр, танихгүй хүмүүсийн дунд ороод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй ганцаардах үед хүн амархан буцдаг. Харин хувийн багштай болсноор зөвлөгөө авч, тууштай хичээллэх боломж бүрддэг бол багшгүй тохиолдолд найз нөхөд, хамт олноороо ирэх нь фитнесийг зөвхөн бэлтгэлийн газар биш, нийгмийн харилцааны халуун дулаан орчин болгон хувиргадаг. Өнөөдөр залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байгаагаас хамаарч шөнийн цэнгээний газар, архи согтууруулах ундааг сонгох нь их. Гэвч сүүлийн үед нэгэн сонирхолтой хандлага ажиглагдах болсон нь 24 цагийн фитнес клубууд юм. Шөнийн цагаар залуус баар, паб хэсэхийн оронд жимд цугларч, нэг нэгнийгээ хурцлан бэлтгэл хийж байна. Мэдээж шөнийн нойроо хугаслах нь сул талтай ч, архи тамхи хэрэглэж эрүүл мэндээ хохироосноос нойроо бага зэрэг алдаад ч болов бие махбоддоо хөрөнгө оруулалт хийх нь харьцангуй дээр сонголт юм. Фитнес бол зөвхөн булчин хөгжүүлэх газар биш, залуусыг буруу зуршлаас ангид байлгаж, найз нөхөдтэйгөө цагийг үр дүнтэй өнгөрөөх эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлж буй нэг хэсэг гэж ойлгож болно.

-Фитнесээр хичээллэж байгаа хүмүүсийг ажиглахад ихэвчлэн 18–25 насныхан байдаг. Гэтэл сүүлийн үед 50-аас дээш насныхан ч энэ спортыг зорих нь ихэссэн байна. Тэдний зорилго залуучуудаас юугаараа ялгаатай вэ?

-Фитнесийн зааланд 18-25 насны залуус дийлэнх хувийг эзэлж байгаа нь үнэн. Харин 50-иас дээш насныхан буюу тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хувьд фитнест ирэх шалтгаан нь огт өөр байдаг. Тэдэнд одоо л өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарах боломж нь бүрдэж байгаа юм. Энэ насныхны хувьд залуучууд шиг аймаар булчин масс нэмэх гэж дайрах огт шаардлагагүй. Тэдний гол зорилго бол ердөө л хурдан хөгшрөхгүйн тулд бодисын солилцоогоо дэмжих юм. Нас ахих тусам хүний биеийн амин үзүүлэлтүүд өөрчлөгддөг учраас тэдгээрийг тогтвортой байлгаж, урт наслах, амьдралын чанараа залуу хэвээр хадгалахын тулд фитнесийг сонгож байгаа юм. Ер нь фитнес гэдэг спорт бусад спортоос маш том онцлогтой. Энэ бол зөвхөн гадна харагдах булчин, өөх шатаах тухай асуудал биш юм. Фитнесээр дамжуулан бодисын солилцоог идэвхжүүлэх, дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих, Залуу насаа урт удаан хадгалах гэх мэт маш олон үр дүн рүү чиглэж хичээллэх бүрэн боломжтой.

-Таны шавь нарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн. Эрэгтэй багш эмэгтэй шавь нартай ажиллахад арга барилын хувьд ямар онцлог байдаг вэ?

-Фитнесийн салбарт эрэгтэй багш нар харьцангуй давамгай байдаг нь үнэн. Миний ажигласнаар эмэгтэйчүүд эрэгтэй багшаас зөвлөгөө авч, дасгалжуулахад илүү сонирхолтой байдаг. Энэ эрэлтийг дагаад эрэгтэй багш нарын эмэгтэй хүний биеийн онцлогт тохируулан ажиллах ур чадвар нь ч маш сайн хөгжсөн байдаг. Тухайлбал, миний шавь нарын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэ хэрээр миний мэргэжлийн туршлага ч тэдэнд чиглэгдэж байна. Биеийн хөгжлийн тухайд эрэгтэй, эмэгтэй хүний биеийн бүтэц маш өөр. Биеийг хөгжүүлж, булчингийн масс нэмэхэд эр даавар буюу тестостерон шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Эмэгтэй хүн байгалиасаа эрэгтэй хүн шиг их хэмжээний эр даавар ялгаруулж чадахгүй учраас эрэгтэй хүний бие хамаагүй хурдтай хөгждөг.

Олон эмэгтэйчүүд фитнест яваад л эхэлбэл мэргэжлийн тамирчид шиг болно гэж ойлгох нь их. Жишээ нь, Г.Угалзцэцэг, НАнухай нар шиг баки буюу хэт их булчинтай болчихно гэж эндүүрч, эмэгтэйлэг гоо зүйгээ алдахаас эмээдэг. Гэвч энэ нь огт боломжгүй зүйл юм. Мэргэжлийн тамирчдын тэрхүү биеийн хэмжээнд хүрэхэд маш нарийн бэлтгэлийн систем, маш өндөр хатуу дэглэм бүхий хооллолт, бодибилдингийн тусгай нэмэлт бүтээгдэхүүнүүдийн үр дүнд бий болдог. Тиймээс жирийн эмэгтэй хүн фитнест хичээллээд тийм том булчинтай болох вий гэж айх хэрэггүй. Харин ч фитнес нь таны эмэгтэйлэг гоо зүй, мөн чанарыг хадгалан, биеийг илүү зөв галбиртай, эрүүл болгох бүрэн боломжийг олгодог газар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-22 85.118.165.26

;))))) Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж