Итгэл үнэмшлийн саарал бүсийн дайн

Итгэл үнэмшлийн саарал бүсийн дайн

Итгэл үнэмшлийн саарал бүсийн дайн

Хэрэв та Ромын пап XIV Лео болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын зөрчилдөөнийг ердөө л мэдээллийн урсгал дунд үзэгдээд өнгөрөх дайралцаан гэж бодож байвал үгүй. Тэд ийнхүү дэлхий нийтийн өмнө ил тод түнжин хагарч буй нь олон жилийн турш хөшигний ард өрнөсөн томоохон тулааны нэг хэсэг юм. Ираны дайн сунжирвал энэ тулаан улам даамжрах ч эрсдэлтэй.

Энэ бол Христийн шашны хоёр өөр урсгал, хоёр өөр дүр төрх хоорондын зөрчил буюу Түүхэн Есүс, "MAGA" Есүс (Америкийг агуу болгогч Есүс) хоёрын зөрчил.

Эргэн сануулахад, Ромын пап XIV Лео Ираны дайныг буруушаасан мэдэгдэл хийхдээ "Христэд итгэгч хүн хэзээ ч бөмбөг хаях ёсгүй" гэсэн билээ. Трамп хариуд нь түүний гэмт хэрэгтэй дорвитой тэмцдэггүй, гадаад бодлого нь тааруу, Ираныг цөмийн зэвсэгтэй байхыг дэмждэг гэж шүүмжилсэн юм. Үүний зэрэгцээ пап XIV Леог улс төрд оролцохгүй байхыг хүсээд, түүнийг шашны байгууллагын сөрөг хүчин гэж харж байгаагаа илэрхийлжээ.

Ромын пап XIV Леогийн хувьд сүүлийн жилүүдэд Трампыг дэмжигчдийн хувьд идэвхтэй яригдах болсон "MAGA" Есүс урсгалыг шүүмжилж байна. "MAGA" Есүсийн үзэл баримтлал Ням гаригийн цуглааны үеэр номлодог үзэл баримтлал, номхон дөлгөөн байх тухай сургаалиас тэс өөр. "MAGA" Есүс бол Иоханы илчлэлд дүрслэгдсэн гал мэт дүрэлзсэн нүдтэй, цусанд будагдсан нөмрөгтэй, тулаант киноны баатар уу гэмээр дайчин Христ.

Трамп саяхны нэгэн мэдэгдэлдээ "Бурхан Америкийн Ирантай хийж буй дайныг дэмжиж байгаа" гэсэн билээ. Харин Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ираны дайснуудын эсрэг цэргийн ялалт байгуулахын төлөө өдөр бүр сөхөрч суугаад, Есүс Христийн нэрээр залбирахыг америкчуудад уриалсан. Эд бол "MAGA" Есүсийн хувилбарууд.

Эндээс үзвэл "MAGA" нь зөвхөн улс төрийн хөдөлгөөн биш бололтой. Энэ бол шашны ч хөдөлгөөн мөн.

Сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн зүйл гэвэл америкчууд жинхэнэ Есүсээс илүү "MAGA" Есүсийг тахин шүтэх болж.

Гэвч "MAGA" Есүс бол жинхэнэ Есүс биш гэдгийг ерөнхийлөгч асан Жорж Бушийн хэлэх үгийг бичдэг байсан Питер Венер гэх хүн энэ оны эхээр нэгэн нийтлэлдээ онцолжээ. Тэрбээр "Баруун жигүүрийн хөдөлгөөнүүд Христийн шашныг Есүсийн ёс зүй, сургаалаас улам бүр холдуулж байна. Трампын засаг захиргаа Есүсийн нэрээр харгислал болон эрх мэдлийн төлөөх хүсэл тачаалыг худалдаж, Христэд итгэх итгэлийг орвонгоор нь эргүүллээ. Тэд Христэд итгэгчдийг итгэл үнэмшлийн саарал бүс рүү хөтлөн оруулж, авторитари хандлагатай улс төрийн хөдөлгөөний нэрийн өмнөөс сургаалиудыг уншиж байна" гэсэн юм.

Шашин тал руу хэлбийсэн "MAGA" хөдөлгөөний дагуу Трампыг сонгогдсон нэгэн, Израилийг сонгогдсон үндэстэн гэж нэрлэж буй. Энэ "MAGA" хөдөлгөөн нь өөрийн гэсэн зөн билэгтнүүд, шашны дүрслэл, гайхамшгийн тухай яриа болон өвөрмөц итгэл үнэмшилтэй.

Түүхч, зохиолч Диана Батлер өнгөрсөн жилийн ярилцлагадаа "Зарим хүн АНУ, Ираны мөргөлдөөнөөс болж дайчин Христийг эргэж ирнэ гэж итгэж байгаа" гэжээ. Түүний хэлснээр "MAGA" Есүст итгэгчдийн зарим нь Ираны дайныг дэлхийн төгсгөл, гамшигт үйл явдлуудын эхлэл гэж бодож байна.

Шүүмжлэгчид "MAGA" Есүсийг төөрөгдөл, хуурамч Христийн шашин гэж нэрлэдэг. Тэд үүнийг эсэргүүцсэн олон нийтлэл, баримтат кино цацсан ч гэсэн үнэнч дэмжигчдийнх нь итгэл үнэмшилд нөлөөлж чадаагүй гэдэг.

Өдгөө "MAGA" Христийн шашны хамгийн хүчирхэг өрсөлдөгч нь пап Лео болоод байна. Түүний хувьд Америкт төрсөн анхны пап гэдгээрээ онцгойрдог бөгөөд дэлхийн 1.4 тэрбум Католик шашинтнуудын хувьд Христийн төлөөлөгч гэсэн өндөр эрх мэдэлтэй.

Жинхэнэ Христэд итгэгчид ядуу, эмзэг бүлгийнхнийг халамжлах үүрэгтэй, цаазын ял болон үр хөндөлтийг эсэргүүцэх ёстой, дайны үед энгийн иргэдийг бай болгох нь буруу, улс орнууд дайнаас зайлсхийхийг эрмэлзэх ёстой гэж пап Лео үздэг.

Пап Леогийн үзэл баримтлалд ач холбогдолгүй өгдөггүй хүмүүс ч мэдээж бий. Оросын дарангуйлагч Иосиф Сталин дэлхийн хоёрдугаар дайны үед "Пап лам гэж хэн юм бэ, түүнд хэдэн цэргийн дивиз байгаа юм?" гэж егөөдөн асууж байсан гэдэг.

Пап Леогийн шүүмжлэл Трампыг дэмжигчдийг ерөнхийлөгчөөсөө нүүр буруулахад хүргэх үү? Үгүй л болов уу.

Гэхдээ пап ламын ёс суртахууны нөлөө улс төрийн хөдөлгөөнийг өөрчилж байсан түүхэн жишээ бий. Пап II Иохан Павел Орос дахь коммунизмын нуран унахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Түүний 1979 онд Польш улсад хийсэн айлчлал нь коммунист ертөнцөд "газар хөдлөлт" үүсгэж, ЗХУ задрахад нөлөөлсөн гэдэг.

Дэлхий дахин одоохондоо Трамп, пап Лео нарын зөрчлийг харуулсан Есүс Христийн дүртэй зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээж "хөгжилдөж" байна. Энэ төрлийн зураг, бичвэр бусад чухал мэдээлэлд өдөр өдөртөө дарагдан алга болж байна. Гэвч Ираны дайн даамжирсаар байвал улс орнууд улам бүр хуваагдсаар, талууд өөр өөрсдийн Есүсийн хувилбарыг сурталчилсаар, эцэстээ тоглоом нь шоглоом болох вий.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж