Монгол сумочийн бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Монгол сумочийн бие мууджээ

Японы мэргэжлийн сумо бөхийн рингэнд хөл тавиад удаагүй байсан, 18 настай, Монгол сумочийн биеийн байдал тун хүнд байгаа талаар Токио хотын цагдаагийн газар, мөн Японы сумогийн холбооноос пүрэв гаригт /09.09/ мэдэгджээ. Энэ талаар Японы Koydo News-т мэдээлжээ. Кенго гэх нэрээр “Нишоносеки” дэвжээнд харьяалагдаж байсан Б.Төртүвшин жонидан зиндаанд барилддаг байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж дууссаны дараа дэвжээний бөхчүүдийн биеэ угаадаг усны өрөөнд гэнэт унаж, хүнд бэртсэн гэнэ. Түүнийг Токио хотын Рёокогу эмнэлэгт яаралтай хүргэж, эмч нар нэн даруй мэс засал хийн, тархинд нь хурсан цусыг авсан боловч биеийн байдал одоог хүртэл  тааруу, ухаангүй хэвээр байгаа ажээ. Хагалгаа дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Гэхдээ эмч нар түүнийг зөвхөн унаснаас болоогүй, өөр ямар нэг өвчний шалтгаан байж магадгүй хэмээн үзэж буй талаар тус дэвжээний ояката Нишоносеки ярьсан байна.

Токио хотын цагдаагийн газрын мэдээлснээр Кенго Б.Төртүвшин хүзүү нь өвдөж байгаа талаар дэвжээнийхээ бусад бөхчүүдэд ярьж байсан бөгөөд маргааш нь буюу лхагва гаригт /09.08/  өөрийн хүсэлтээр бэлтгэлээс чөлөө авсан гэнэ. Харин Б.Төртүвшин пүрэв гаригийн өглөө бэлтгэлийн танхимд ирсэн боловч барилдааны дараа бие нь тавгүйтэж, угаалгын өрөөнд орохдоо бөөлжиж байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор Токио хотын цагдаа нар дэвжээний бөхчүүд болон албаны хүмүүсээс тодруулга, байцаалт авч эхлээд байгаа аж.

Кенго Б.Төртүвшингийн тухайд өнгөрсөн хавар тус дэвжээний рикиши болсон бөгөөд долдугаар сарын нагоя башёд анхныхаа тэмцээнд оролцжээ. Японы сумогийн холбооны вэбсайтад мэдээлснээр Нишоносеки дэвжээ нь  наймдугаар сарын 31-ний байдлаар ердөө таван сумочтой, төдий л олонд танигдаагүй, жижиг дэвжээ ажээ.

С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж