Онцлох ярилцлагууд: 8 сайд БЗС-гийн зээлээ, хүүгээ төлөөгүй

Онцлох ярилцлагууд: 8 сайд БЗС-гийн зээлээ, хүүгээ төлөөгүй

"News" агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.


"ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН БОСГО ДАВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Элсэлтийн шалгалтын бэлтгэл, үнэлгээний тогтолцоо болон Монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой сүүлийн үед өрнөсөн шүүмжийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Элсэлтийн шалгалт хүний амьдралын чухал үеийн нэг гэдэг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид их, дээд сургуульд элсэх боломжоо энэ шалгалтаар олж авдаг. Сурагчид энэ шалгалтад хэрхэн бэлтгэх ёстой вэ? Мөн юунд анхаарах шаардлагатай вэ?

-Элсэлтийн шалгалт болоход хоёр сар гаруйн хугацаа л үлдсэн байна. Энэ хугацаанд тухайн хүүхэд өөрт тохирсон аргаар багштайгаа болон ганцаарчлан өмнөх оны жишиг даалгавруудыг ажиллах зэргээр шалгалтад бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүдийн нийтлэг алддаг, анхаарах ёстой зүйл юу байдаг вэ гэхээр хариултын хуудсан дээр зөв хариултыг дугуйлах дээр ихэвчлэн алддаг. Шалгалтын хугацаа 80–100 минут байдаг. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд хариултын хуудасны загвар байгаа. Тэр загварыг хэвлэж аваад 80–100 минутад багтааж тест ажиллаж, хариултын хуудсыг бөглөж сурах хэрэгтэй.

Хүүхдүүд хариултын хуудастай зөв ажиллаж сураагүйгээс шалтгаалж дугаарлалтыг алгасаж бөглөх, нэг хариулт дээр хоёр хувилбар бөглөх гэх мэт алдаа гаргадаг. Үүнээс болж өөрийн авах ёстой оноог алддаг. Шалгалтын цаас биш, хариултын хуудас дээр хэрхэн, яаж хариулав гэдгийг нь хүн биш машин уншиж, зөв хариулсан хариултыг тоолж гаргадаг.

Тиймээс хариултын хуудсыг зөв бөглөж сурах, үүн дээр дадлагажих хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.

-Энэ жилийн элсэлтийн шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9–10-ны өдөр болж өнгөрлөө. Энэ шалгалтад 10–12 ангийн шалгуулагчид мөн өмнөх оны төгсөгчид хамрагдсан. Нийт 89331 хүүхэд шалгалтад бүртгүүлснээс 87117 хүүхэд шалгалт өгсөн. Шалгалтыг улсын хэмжээнд нийтдээ 52 шалгалтын төвд зохион байгуулсан. Аймаг болгонд нэг шалгалтын төв, Дорноговь болон Хөвсгөл аймагт хоёр, Улаанбаатар хотод 27 төвд шалгалтыг зохион байгуулж, нийтдээ 3600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид хамтран оролцож тус шалгалтыг зохион байгуулсан.

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд зохион байгуулна. Бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор мэргэжил сонголтоо хийсэн хүүхдүүд шалгалт өгөх хичээлээ сонгочихсон байна. Харин хараахан мэргэжлээ сонгоогүй хүүхдүүд хичээл сонголтоо хийгээгүй. Тавдугаар сарын 15-н гэхэд хэдэн хүүхэд бүртгүүлсэн гэдэг нь тодорхой болно.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

"ЗАСГИЙН ГАЗРЫН 8 САЙД БЗС-ГИЙН ЗЭЭЛЭЭ, ХҮҮГЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА"

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Төрийн аудитын байгууллагаас хийсэн тайланг харвал, Боловсролын зээлийн сангийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд нийт 10.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гэрээ байгуулахгүйгээр олгосон байна. Таны хувьд төрийн албан хаагчдыг дарамталж, буруу гэрээ байгуулснаар ийм асуудал үүссэн гэдгийг өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш буюу 2023, 2024, 2025 онуудад аудитын байгууллагаас хийсэн тайланд тус тэтгэлэгтэй холбоотой олон зөрчил тусгагдсан байдаг. 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гэрээ байгуулахгүйгээр олгох нөхцөл бүрдсэн нь үнэн. Учир нь өнгөрсөн 2025 оны зургадугаар сард Боловсролын сайд асан П.Наранбаярын илгээлт хөтөлбөрийн гадаадад суралцуулах тухай тушаал гарсан юм. Уг тушаалд, 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны Засгийн газрын 215 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт 2025-2026 хичээлийн жилээс эхлэн суралцуулсугай гэсэн. Гэтэл тэр журам дээр нь гадаадад суралцагчдад голч дүнгийн шаардлага нь 75 хувиас дээш байх ёстой гэсэн заалттай. Энэ журмын дагуу “Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар  2025 оны арванхоёрдугаар сард батлагдсан гэрээ“-г суралцагчидтай байгуулах ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард зохион байгуулан ажиллаж байхад Боловсролын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар энэ гэрээ байгуулах ажлыг зогсоосон. Ингэхдээ тэд "Манайд 100 орчим хүүхэд гэрээ байгуулахгүй гэж өргөдөл ирүүлсэн, та нар 2025 оны бус 2024 оны гэрээ байгуулах ёстой" гэж хууль бус шийдвэр гаргаж, сайдын нэрээр чиглэл ирүүлсэн. Тэгэхээр нь Боловсролын зээлийн сангаас "Сайдын тушаал Засгийн газрын 215 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Тийм учраас бид 2025 оны элсэгчидтэй 2025 оны гэрээ байгуулна" гэсэн хариуг цахим шуудангаар илгээж, биечлэн уулзаж тайлбарласан. Тухайн үед оны төгсгөл ч болж байсан есдүгээр сараас гадаад руу тэтгэлгээр явсан хүүхдүүдийн санхүүжилтийг урьдчилан гаргаж, гэрээг байгуулах бүх зохион байгуулалтын ажлыг хийж байсан учраас энэ дагуу шаардлагаа тавьсан.

Хоёр сайдын 2025 оны арванхоёрдугаар сарын 03-ны хамтарсан тушаалаар батлагдсан гэрээ 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд БЗС-нд ирж сангаа гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэж байтал Боловсролын яамны дээрх хоёр албан тушаалтан 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд "гэрээ байгуулах ажлаа зогсоо" гэж биечлэн болон утсаар сангийн албан хаагчдад үүрэг өгсөн. Иймээс бид нэгдүгээрт, хэн нэгний аман шийдвэрээр энэ гэрээг зогсоож болдоггүй юм хууль, дүрэм журмаа мөрдөж ажиллана гэсэн шаардлагыг яамны дарга нарт хүргүүлсэн.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

"ХЭРВЭЭ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРВАЛ ИРГЭД 3-6 САРЫН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ НЬ ЧУХАЛ"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор, профессор Г.Батхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Махны үнэ 30 мянга давж, бензин шатахууны үнэ нэмэгдсэн энэ үед инфляци нэг оронтой тоонд буюу 7.4 хувьтай байна гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэтэл ард иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй, халаасаа тэмтэрч байгааг хэлж байна. Тоон статистик, бодит амьдрал хоёр зөрүүтэй байгаа нь хэр бодитой тооцоолол вэ?

-Ерөнхийдөө, тийм бас үгүй гэх юм уу. 2026 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс Улаанбаатарт хэрэглээний үнийн индекс зургаан хувь өссөн гэсэн дүн гарсан байна лээ. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь цаанаа 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний дунджаар тооцогддог. Тэгэхээр бусад бүх бүтээгдэхүүний үнэ ташраараа жигд өсөөгүй л бол дундаж үнийн өсөлт буюу инфляци бага байж болно. Тиймээс албаныхан заавал худлаа ярьсан байх албатай биш гэсэн үг. Жишээлбэл, тэр өсөлтийг задлаад харахаар дотор нь мах, махан бүтээгдэхүүний үнэ 18.1 хувь өссөн гэж гарсан байна. Тэгэхээр бараг гурав дахин ялгаа гарч байгаа биз дээ. Нөгөө талаас, иргэдийн орлогын хэмжээнээс хамаараад  "өндөр давтамжтай" хэрэглэдэг мах, бензин гэх мэт бүтээгдэхүүний үнийн өсөлт ялгаатай дарамт үзүүлдэг. Бага орлоготой байвал эдгээр бүтээгдэхүүний эзлэх жин өсөөд илүү хүчтэйгээр үнийн өсөлтийг мэдэрнэ. Үүнийг мэдрэгдэж буй инфляци /perceived inflation/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гар утаснаасаа цаг агаарын мэдээ харахаар -10 гэснээ feels like -5 градус гэсэн байдагтай адил гэсэн үг.

Ер нь бол ард иргэд "халаасаа тэмтэрч" байгаагийн шалтгаан нь инфляцийн тоондоо бус харин цалин, тэтгэврийн өсөлт нь хэрэглээний чухал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа асуудал юм.

–Эдийн засаг хямарч эхэлбэл иргэд хувийн болон өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн хямрал одоогоор болоогүй байна. Болоогүй байхад бүгд хямралтай юм шиг үйл хөдлөл хийгээд эхлэх нь өөрөө хямралыг хурдан авчрах эрсдэлтэй. Дээр нь хямрал бол айдас биш, харин тооцоотой, хямагтай байх цаг үе юм. Хоёр улирал дарааллаад ДНБ-ний өсөлт сөрөг байхыг ерөнхийдөө хэлээд байгаа. Хэрвээ тийм үе ирвэл, иргэдийн хамгийн түрүүнд хийх зүйл бол өрхийн төсвөө дахин зохион байгуулах шаардлага гарна.

Зайлшгүй болон түр хойшлуулж болох зардлаа салгах шаардлагатай. Жишээлбэл, Тайландад очиж амрахаар төлөвлөж байгаа бол түр хойшлуулна гэсэн үг.

Мөн 3-6 сарын суурь хэрэглээг даах хуримтлал бүрдүүлэх нь зүгээр байх. Учир нь хямралын үед бизнесийн орлого дутсанаас болоод ажилчдаа цомхотгодог эсвэл бизнес нь зогсоод хүмүүс ажилгүй болдог, дээр нь өндөр хүүтэй өр авахгүй байх эсвэл нэмэхгүй байх, янз бүрийн хэрэглээний зээлийг түр азнах, орлогын ганц эх үүсвэрээс хэт хамаарахгүй байвал бүр сайн. Ерөнхийдөө хямралын үед өрхийн зөв санхүүгийн менежмент гэдэг нь “ашиг” хайхаас илүү амьжиргааны тогтвортой байдлаа хамгаалах тухай асуудал болж ирдэг.

–Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх Тусгай хуулийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Засгийн газраас дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эрсдэлийг хэрхэн тооцож, урьдчилан сэргийлж байна гэж харж байна вэ?

-Ердийн үед төсөв маш хатуу дүрэмд буюу төсвийн тогтвортой байдлын тухай хуульд захирагддаг. Гэвч геополитикийн огцом өөрчлөлт гарсан үед төр хурдан шийдвэр гаргах, санхүүжилтийг нэн шаардлагатай салбар руу буюу шатахууны нөөц бүрдүүлэх гэх мэт, шуурхай шилжүүлэх маневер хийх чадвартай байх ёстой.

Харамсалтай нь Монголд төсвийн сахилга бат сулрах, хяналтгүй зарцуулалт хийх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр надад бол далимдуулж баахан идэж уух байхдаа л гэдэг гутранги бодол байна яг үнэндээ бол.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Орос-Украины дайн үргэлжилж байгаа цагт газрын тосны үнэ өндөр хэвээр байна. Дээрээс нь монгол төгрөгийн ханш байнга унасаар байгаа. Тэгэхээр үнэ цаашдаа өсөх болно.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

“ОЙРХИ ДОРНОДЫН ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ МОНГОЛД ШУУД ТУСАХГҮЙ”

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкны ээлжит уулзалт болж байна. Энэ удаагийн хурлаас ямар хүлээлт байгаа вэ. Их онцлог цаг үед болж буй хурал гэдгээрээ анхаарал татаж байна?

-Монгол Улс 1991 онд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гишүүн орноор элссэн. Тухайн элссэн цаг үе бол Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн, анх удаа хөрөнгөтөн оронд байрлаж буй банк санхүүгийн байгууллагад элссэн онцлогтой. Түүнээс өмнө Москвад төвтэй социалист орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажилладаг байсан. Монгол Улсын Бага хурлаас Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гишүүнээр элсэх тогтоол гаргасан нь манай нийгэм, эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан. Ялангуяа зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд цаг үед том дэмжлэг болсон. Олон улсын валютын сан одоогоор 190 гаруй гишүүн оронтой. Дэлхийн банк мөн тооны гишүүнтэй. Энэ хоёр байгууллага байгуулагдсан түүх гэвэл дэлхийн II дайнтай холбоотой. Дайнд ялсан 40 гаруй орон 1944 оны намар АНУ-д хуралдаж, дэлхийн шинэ дэг журмын талаар хэлэлцсэн. Улс орнуудын хөгжилд тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ хоёр байгууллагыг нэгтгэн байгуулсан. Монгол Улс ч өнгөрсөн 35 жилийн хугацаанд маш олон удаа дэмжлэг туслалцаа авлаа. Жилд хоёр удаа болдог хурлуудад гишүүн орны хувиар оролцдог. Валютын сангийн ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд Монгол Улсад ирж ажилладаг. Яг эдгээр өрүүдэд дэлхийн банкны санхүүгийн байгууллагын өндөр түвшний төлөөллүүд цуглаад байна. Тэд жил бүрийн хавар, намар дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдааны нөхцөл байдлыг хэлэлцдэг.

Сүүлийн 2-3 жилд гол анхаарч байгаа асуудал бол дэлхийн гео улс төрийн нөхцөл байдал болсон. Үндсэндээ 2022 оноос олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гол анхаарах асуудал дэлхийд болж зөрчил мөргөлдөөн болж хувирсан. Олон улсын валютын сангаас 2023 оны нэгдүгээр нэгэн шинэ тайлан гаргасан нь бараг анх удаа Дэлхий дахинд өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, түүнээс эдийн засагт учирч болох үзүүлэх тухай тайлан гаргасан.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

"АХ НАРЫНХАА ДУТУУГ ГҮЙЦЭЭЖ, ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛНО"

Улаанбаатар хотноо болсон боксын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Х.Билгүүнсайхан-тай ярилцлаа. Гэр бүлээрээ энэ спорттой холбогдсон түүний хувьд ах нарынхаа амжилтын буухиаг дүүгийнхээ хамтаар үргэлжлүүлж байгаа Монголын өнөө цагийн шилдгүүдийн нэг юм.

-Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Эх орондоо ард түмэн, аав ээжийнхээ өмнө медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Эх орондоо болсон тэмцээний сэтгэгдэл өндөр байгаа. Ер нь бол түрүүлнэ гэсэн зорилго тавьсан байсан. Финалын тулаандаа харамсч байгаа ч дараагийн удаа хожиж, түрүүлнэ.

-Финалын тулаанд Японы тамирчинтай учраа таарсан. Тулааны өмнө түрүүлнэ гэсэн өөртөө хэр итгэлтэй байсан бэ? 

-Багш нар маань яг нэгдүгээр үед өөрийнхөөрөө ажиллаад үзээрэй гэсэн. Би ч яг тактикынхаа дагуу өөрийнхөөрөө тулалдсан. Их боломжийн тулалдсан шүү. Тулааны үеэр оноо сонссон чинь 1:4 гээд Японы тамирчин илүү байсан. Багш нар ч "За урагшаа, оноогоо нөхөөд явъя" гэж хэлсэн. Хоёр, гуравдугаар үе дээр хожчих юм байна гэж бодол төрсөн. Өөртөө итгэлтэй болчихсон байв. Харамсалтай нь, өрсөлдөгч тамирчны маань хөмсөг нь задраад оноо тоолоод ялагчийг тодруулах болсон. Оноо тоолоод л Японы тамирчинд ялалтыг өгсөн дөө.

-Угтаа хагас шигшээ шатанд жингийнхээ дэлхийн аварга Казахстаны Махмуд Сабырханыг хожсон шүү дээ. Олон ч хүн түрүүлэх замаа засчихлаа гэж ярьж байсан?

-Тэгсэн. Өөртөө итгэх итгэл их нэмэгдсэн. Казакстаны тамирчин бид хоёр өмнө нь "Elorda Cup" тэмцээн дээр учраа таарахад намайг болоогүй гэдгийг мэдрүүлсэн. "Чи болоогүй байгаа шүү, илүү сайн бэлтгэлээ хийх хэрэгтэй, өшөө хичээх ёстой" гэсэн мессежийг надад өгсөн тоглолт байсан. Тухайн үед би ч шигшээ багт ороод яг нэг сар болж байсан байх. Өрсөлдөгч тамирчин маань ч дэлхийн аварга болоод нэг сар л болж байсан байх.

"Elorda Cup"-аар дэлхийн аваргатай таарчихлаа гээд бүхнээ дайчилсан. Нэг жин учраас дахиад таарахаа мэдэж байсан. Тэгээд л бэлтгэл, сургуулилалтаа хийсээр сая Монголдоо таарлаа. Энэ удаад хожно гэж итгэлтэй байсан. Айх юмгүй өөрийнхөө тоглолтыг гаргаж хожсондоо сэтгэл хангалуун байгаа.

-Азийн аварга бэлтгэлээ хэзээнээсээ эхлүүлж, формондоо орсон бэ?

-Шигшээ багийн тамирчид бол байнгын л бэлтгэлтэй байдаг л даа. Яг формондоо орсон гэвэл гуравдугаар сард Болгарт болсон "Странжа" тэмцээний үеэр л юм байна. Манай боксчид энэ тэмцээнийг бага дэлхийн аварга ч гэж ярьдаг. Яг энэ тэмцээний үеэр бэлтгэл сургуулилалт жигдэрч, мэдрэмж авчихсан байлаа.

Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж, уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-18 85.118.165.197

😉 Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж