Б.Наранбаатар тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар тавдугаар байрт шалгарлаа

ОХУ-ын нийслэл Москва хотноо чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр дэлхийн аваргын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг, эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, манай гурван тамирчин зодоглосон юм.

Манай эмэгтэйчүүдийн тухайд О.Бурмаа /72 кг/ эхний тойрогт хийлж, дараа нь Казахстаны бөхийг ялсан боловч Японы тамирчин Кёоко Хамагучид ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхисон. Харин 67 кг-д хүч сорьсон Б.Одончимэг эхний тойрогтоо мөн хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Азербайжаны бөх Надья Семенцоватай барилдаж, 2:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Харин эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 55 кг-д хүч сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Киргизстаны бөх Михаиль Захаровыг 5:0 харьцаатай ялсан боловч дараагийн барилдаандаа Азербайжаны тамирчин Тохрул Асгаровт ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан Азербайжаны тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир Б.Наранбаатар дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Улмаар манай тамирчин Камеруны бөх Ндиве Молуа Хенри Моки, Беларусийн Ризван Гаджиев нарыг илт давуу буулган авснаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Японы бөх Ясухихо Инабатай хүч үзсэн. Харамсалтай нь, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд манай тамирчин Японы бөхөд 7:0 харьцаатай ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байрт шалгарлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж